Японы мэргэжлийн сумогийн Кюүшюү башё өчигдөр өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр ёкозүна Хакүхо, ёкозүна Какүрюү нар оноолт таарсан. Ингээд нэг даваагаар илүү байсан 69 дэх аварга Хакухо давж, 32 дахь түрүүгээ хүртлээ. Ийнхүү тэрээр Тайхо аваргын дээд амжилттай зэрэгцэж ирлээ. Мөн өчигдөр ёкозүна Харүмафүжи озэки Котошёогикүгээр 11 дэх, Монгол сүмочдын алтан хараацай, олон олон амжилтын эзэн Кёкүтэнхо Н.Цэвэгням Чиёомарүгээр 10 дахь даваагаа авсан юм. Мөн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Ичиножёо А.Ичинноровоор тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадлаа. Тамаваши Б.Мөнх-Оргил, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар бүгд найм давж арваннэгдүгээр сарын башёг өндөрлүүллээ.