Н.Болдсайхан эмч М.Тулгыг өдрийн 300 мянгаар эмчилчихээд “эрүүл” болсон гэж үзжээ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх хуурай өлсгөлөн зарлаж батлан даалтад гарч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд байгаа билээ. Тэгвэл түүнтэй хамт хоригдож буй М.Тулга нарын цагдан хорих хугацааг сунгасан. Өөрөөр хэлбэл, хоёр хөл нь мэдээгүй болж тэргэнцэртэй байгаа М.Тулгын цагдан хорих хугацааг сунгаад багагүй хугацаа өнгөрлөө. Залуу хүн хөгжлийн бэрхшээлтэй, тахир дутуу иргэдийн эгнээ рүү шилжих дээрээ тулчихсан байхад цагдан хорих хугацааг сунгасанд ар гэрийнхэн нь болоод өмгөөлөгч нь гомдолтой байгаа юм. Мөн М.Тулгыг яаралтай хэвтэн эмчлүүлэх ёстой гэсэн албан бичгийг “Сонгдо” эмнэлгийн захирал Н.Болдсайхан гаргаж өгч байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэвч “Сонгдо” эмнэлэгт нуруу, нугасны мэргэжлийн эмч, эмчилгээ байдаггүйгээс М.Тулга зөвхөн хоолойгоо эдгээгээд л гарсан гэдэг. Улмаар мэдээгүй болсон хөлөнд нь ямар ч өөрчлөлт ороогүй буюу дээрдсэн зүйл байхгүй байхад нь “Сонгдо” эмнэлгийн эмч Н.Болдсайхан энэ хүнийг үргэлжлүүлэн хорьж болно хэмээн бичиг гаргаж өгсөн нь батлан даалтад гарах хугацааг сунгах шалтгаан болсон гэдгийг ар гэрийнхэн нь хэлээд байгаа билээ.
Тэрбээр “Сонгдо” эмнэлэгт 18 хоног хэвтэхдээ нэг өдрийн 300 гаруй мянга, 14 хоногийн 4.2 сая төгрөг зарцуулсан байдаг. Мэдээж энгийн ард иргэдийн хувьд өдрийн 300 мянгын эмнэлэгт хэвтэнэ гэдэг хэцүү. Гэвч хүүхдээ эрүүл болж байвал эцэг, эх тэр мөнгийг яаж ийж байгаад л олох нь тодорхой. Харамсалтай нь бие нь сайжраагүйгээс гадна, эмчилж чадаагүй байж цаашид хориход болно гэх тайлбарыг өгсөнд ар гэрийнхэн нь гомдолтой байгаа юм.
М.Тулгын ар гэрийнхний зүгээс Н.Болдсайхан эмчийг хэн нэгний талд үйлчлээд байна гэж хардахад хүрээд байгаагаа онцолж байсан юм. Учир нь бие нь маш муу, яаралтай хэвтүүл гэж өөрөө бичиг сэлт гаргаж өгсөн хэрнээ эмнэлэгт багагүй мөнгө төгрөг зарцуулж эмчлүүлсэн ч дээрдсэн зүйлгүй байхад буцаад хоригдоход зүгээр гэсэн албан бичиг гаргасан нь Н.Болдсайхан эмчийг хэн нэгний ятгалганд орсон уу?. Эсвэл АТГ-ын тушаал заавраар хөдөлж байна уу гэх хардлагыг бий болгоод байгаа гэнэ.
М.Эрхэмхүү: Н.Болдсайхан эмч миний хүүд нурууны чинь мөгөөрс рүү хадаас хатгасан ч зүгээр гэж хэлсэн
Энэ талаар М.Мулгын ээж М.Эрхэмхүүтэй ярилцлаа.-Танай хүү “Сонгдо” эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн гэсэн. Ямар эмчилгээ хийсэн юм бэ?
-Тэнд хэвтээд ямар ч үр дүн өгөөгүй. Нуруу нугасны нарийн мэргэжлийн эмчгүй юм билээ. Хэрэв миний хүүгийн эрүүл мэнд зүгээр байсан бол яах гэж тэр хувийн эмнэлэг рүү авч явсан байж таарах вэ. Хоолой нь өвдсөн бол 461-р ангийн эмнэлэгт эмчилчихнэ биз дээ. Энэ нь надад сэжиг төрүүлээд байна. Миний хүүг ердөө л мөнгө гэж харж байна
-Гадаадын эмнэлгүүдээс яаралтай эмчилгээ хийлгэ гэсэн бичиг ирсэн гэсэн. Түүнийгээ АТГ-ынханд учирласан уу?
- Аргаа бараад гадаадын эмнэлгүүдэд зураг, шинжилгээг нь явуулахад бүгд л хагалгаа хийлгэх шаардлагатай, яаралтай арга хэмжээ авахгүй бол болохгүй гэдэг хариу ирж байна. Гэтэл миний хүүг мөрдөн байцаалтад саад учруулж болзошгүй гээд л хориод байдаг. Гэтэл миний хүү өнөөдөр тэргэнцэр дээр л сууж байна шүү дээ.
-“Сонгдо” эмнэлгийг шалгуулна гэл үү?
-Тэгсэн. Эмчлэгч эмч нь миний хүүг тавласан байна лээ. Нададч гэсэн гомдмоор үг хэлсэн. “Танай хүүхдийг амраах гээд аваад ирсэн. Залуу хүн байж яах гэж Ерөнхий сайдын зөвлөх хийж явсан юм. Энэ насан дээр ийм юм хийх ёсгүй. Хүүгийн чинь бие зүгээр байгаа. Бараг нурууны мөгөөрс рүү нь хадаас хатгасан ч зүгээр” гэх ухааны юм ярьсан. Эмч хүний амнаас ийм үг гарч байхад би яаж итгэх юм бэ. Хүү дээр маань ороод “Чи зүгээр байгаа. Бос. Битгий эмнэлгийн нэр хүнд гутаагаад бай” гэх зэргээр доромжилсоор байгаад л сүүлдээ өөрөө “гаръя” гээд гарсан. “Сонгдо”-гоос гаргая гэж хэлээгүй байхад л өөрөө гарая гэж бүр гуйж байсан. Тийм л хэцүү нөхцөлд байсан. “Сонгдо” эмнэлэг бол мөнгөний байгууллага юм билээ. Энэ эмнэлгийн талаар гомдолтой зүйл зөндөө байгаа ч бидэнд баримт нотолгоо гээд байх зүйл алга. Зөвхөн би өөрөө тэр баримт, нотолгоо нь болчихоод байна.
Юутай ч Н.Болдсайхан эмчийн М.Тулгыг эмнэлэгт хэвтэхээс өмнө гаргаж өгсөн алба бичгийг дор хавсаргаж байна.
/24tsag.mn/
Сэтгэгдэл (28)