Жил бүрийн шинэ жилийн өмнө уламжлал болон зохион байгуулагддаг “Гоёл” наадам 26 дахь жилдээ хөшгөө нээх гэж байна. Тус наадам нь сүүлийн жилүүдэд олон улсын жишгээр хүрээгээ тэлэн “Загварын долоо хоног”-оор эхэлдэг уламжлал тогтоод байгаа билээ. Тэгвэл өнөөдөр 14.00 цагт “Гоёл-2015” наадмын салхийг хагалан “Blue Sky”-ын “Crystal” танхимд “Монголын загварын долоо хоног” эхлэх аж.
Монголын Дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадамд энэ жил Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 22 хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг модель”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинациудад бүтээлээ өрсөлдүүлэх бөгөөд загварын агентлагуудын 50 шилдэг модель тэдний бүтээлийг тайзнаа амилуулах юм байна.
Мөн “Гоёл-2015” наадмын шилдгүүд ирэх арванхоёрдугаар сарын 3-нд Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.