2013 оны байдлаар манай улс боолчлолын индексээр дэлхийн 162 орноос
109-т бичигджээ. Түүхэндээ ч боолчлолын үе байгаагүй Монгол Улс юун
жагсаалтад орчихов хэмээн гайхах хүн байх биз. Хүний нийгэм хөгжиж
соёлжихын хэрээр хүний эрх, шударга ёсыг эрхэмлэхийг хичээх боловч
өнгөрсөн зуунуудын шударга бус ёсноос өнөө хүртэл байсаар байна.
Одоогоос харвал “тас харанхуй” үед хууль ёсны явдал байсан боолчлол
нүүрэндээ баг зүүгээд өнөөгийн нийгэмд ч оршин байгаа юм.
ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ ЗОРИУЛАВ.
МОНГОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ ЦУВРАЛ
МОНГОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ ЦУВРАЛ
Австралид төвтэй хүний эрхийн олон улсын байгууллага “Walk Free Foundation”-аас 2013 оны Дэлхийн боолчлолын индексийг гаргасан юм. Судалгааны тайланд дэлхий даяар ойролцоогоор 30 сая хүн ямар нэгэн байдлаар боолчлогдон амьдарч байна. Тэдний бараг тал нь буюу 14 сая нь Энэтхэгт байгаа бол манай улсад 4700 гаруй байгаа аж.
Уламжлалт нийгэмд “хүнийг эрх мэдлээр хязгаарлан мөлжих тэгш бус байдлын туйл болсон нийгэм, эдийн засаг, хууль зүйн хэлбэр” хэмээн тодорхойлж байсан бузар ёс өнөөгийн нийгэмд хууль бус гэрлэлт, хүний наймаа, хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөрлүүлэх, хөдөлмөрийн шударга бус үнэлэмж зэрэг мөлжлөг хэлбэрээр өрнөдөг.
Хууль бус гэрлэлт, хүүхдийн хөдөлмөр, хүний наймааны цаадах хөдөлмөрийн мөлжлөгийг хүн бүр өөрийн биеэр мэдэрдэггүй ч ямар их хор хөнөөлтэй, аймшигтай явдал гэдгийг ядаж л сонсч мэдсэн байдаг. Гэтэл эх орондоо ажиллаж буй бидний өдөр тутмын амьдралд илхэн харагддаг хөдөлмөрийн мөлжлөгийг хүний эрхийн хэдэн ТББ л анзаардаг нь харамсалтай. Ихэнх тохиолдолд хүмүүс хөдөлмөрөө мөлжүүлж буйгаа мэддэггүй, мэдсэн нь хэлээ хазаад л өнгөрдөг байдлыг өөрчлөх цаг болжээ.
Өвчүү түшсэн хүүхэд үнхэлцэг иддэг ёсыг мартсан өнөөгийн нийгэмд хөдөлмөрийн харилцаанд хүний хөдөлмөрийг шударга бусаар үнэлэх, цалин хөлсийг нь өгөхгүй байх, илүү цагаар ажиллуулах, хуулийг зөрчсөн гэрээ зэргээр мөлжиж, боолчилж байна.
Хүний хөдөлмөрийг шударга бусаар үнэлж ялгаварлан мөлжих үзэгдэл уул уурхайн салбарт хамгийн тодоор харагдана. Энэхүү жишээг “Оюутолгой” компани болон халагдсан ажилтан С.Гантуяа нарын хэрэг гэрчилнэ. Тус компанийн төслийн менежерээр ажиллаж байсан С.Гантуяа компанийнхаа удирдлагуудад адилхан ажил хийж буй монгол, гадаад ажилчдын цалинг тэнцүү болгох шаардлага тавьсныхаа төлөө ажлаасаа халагдсан билээ. Тэрээр “Оюутолгой” компанид гадаад ажилчин сард дунджаар 3000 ам.долларын цалин авдаг бол дээд боловсролтой монгол залуус нэг сая таван зуун мянган төгрөгийн цалин авч ялгаварлагддаг хэмээн мэдэгдсэн нь үнэн болж Дээд шүүхэд ялалт байгуулсан. Гэсэн хэдий ч ажлаас халагдах, ажлын байранд дарамтлуулах эрсдлээс айж хөдөлмөрөө шударга бусаар үнэлүүлэн мөлжүүлж буй олон хүн уул уурхайн салбарт ажилласаар л. Уул уурхайгаас гадна барилга, зам тээвэр, жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, урлаг, соёл спортын салбарт хөдөлмөрийн мөлжлөгийн гэмт хэрэг үйлдэгдэж байгааг “Хүний эрх хөгжил төв”-ийн “Хөдөлмөрийн мөлжлөг Монгол улсад” тайланд тэмдэглэжээ.
Харин одоо хөдөлмөрөө шударга бусаар үнэлүүлэхээс ч илүүгээр эрх нь зөрчигдөж буй буюу цалин хөлсөө авч чадалгүй хохирдог бүлэг хүмүүсийн асуудлыг хөндье. Тэдний хамгийн том жишээ нь “дадлагажигчид”, “дагалдагчид” юм. Ажил авах зарын дагуу очиход чамд дадлага туршлага дутуу байна, хөдөлмөрийн чадварыг чинь мэдэх хэрэгтэй тул туршилтаар, дагалдангаар ... сар ЦАЛИНГҮЙ ажилла гэсэн шаардлага тавих газар олон. Ийм шаардлагыг ихэнхидээ үйлчилгээний газрууд тавьдаг бөгөөд хохирогчид нь шинээр ажил хайгчид болон түр хугацааны ажил хайгч оюутнууд байдаг. Их сургуульд байхад оюутан найз минь гурван сар өдөр шөнөгүй баарны үйлчлэгчээр ажилласны эцэст ажил олгогчийн тэнцэхгүй гэсэн үнэлэмжээр гар дээрээ ганц ч төгрөг авч чадалгүй бие мах бод, сэтгэл санаа, цаг хугацаа, хоол унааны мөнгөөрөө хохироод үлдсэн тухайгаа харамсан ярьж байж билээ. Түүн шиг хохирсон залуусын тоог гаргаагүй ч маш олон гэдэгт итгэлтэй байна. Харин өнөөх баарны эзэн дараагийн дадлагажигчийг дахиад л гурван сар ашиглаад хаяна. Энэ мэтээр үйлчлэгчийн орон тоонд цалин олгох зардал гаргалгүйгээр бусдын хөдөлмөрийг мөлжиж байгаа ч хариуцлага хүлээлгүй өнгөрч дансаа зузаалдаг газруудыг жагсаавал ёстой л шувуун цуваа шиг болно доо.
Илүү цагаар цалингүй ажиллуулах явдал хөдөлмөрийн мөлжлөгийн хамгийн “дотны” хувилбар юм. Хөдөлмөрийн тухай хуулийн тавдугаар бүлгийн 70.2-т ердийн ажлын өдрийн үргэлжлэл найман хүртэл цаг байхыг, 70.3-т ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 ба түүнээс дээш хугацаатай байна хэмээн заасан байдаг. Гэтэл энэ хуулийн заалт үйлчилдэг байгууллага өдрийн од шиг цөөхөн. Тухайлбал сэтгүүлчид тэр дундаа сонин, телевизийн сэтгүүлчид илүү цагаар цалингүй ажилладаг мэргэжилтнүүдийн нэгэн төлөөлөл юм. Тэд өглөө найман цагаас эхлээд үдшийн есөн цаг хүртэл, заримдаа 10, 11 цаг хүртэл ажилладаг гэдгийг мэргэжилт нэгтийн хувьд баттай мэдэх билээ. Дээрх хуулийн 74-р зүйлд Хамтын болон хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй бол дор дурдсанаас бусад тохиолдолд ажилтныг ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно:
74.2.1. улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;
74.2.2. байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;
74.2.3. нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
74.2.4. урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх гэжээ. Гэтэл сэтгүүлчид дээрх зүйлүүд тохиолдоогүй байсан ч илүү цагаар ажиллаж бие махбод ядрахаас эхлээд гэр бүл салалт хүртэл нөлөөлөх хор уршигтай мөлжлөгийг амсаж байна. Энэхүү мөлжлөг нь бүр “сэтгүүлчид өдөр шөнөгүй ажилладаг”, “сониныхон 21 цагт л буудаг” гэх хэвшмэл ойлголтын хэмжээнд хүртлээ “хөгжсөн” байгаа юм. Сэтгүүлчид удаан ажилладагтаа үдшийн харанхуй болтол ажил дээрээ сууж байгаа юм биш. Хийхэд хүртэл хэмжээ хязгаар гэж байдаг шүү дээ. Хөгжингүй байтугай ялгаагүй манайх шиг хөгжиж буй орны сонинууд нэг албандаа 8-10 сэтгүүлчтэй байхад манайд энэ тоо 2-3 дахин буурна. Тэгэхээр өөрийнхөө хувьд “пуужингийн” хурдаар хийсэн ч ажил нь барагдахгүй байгаа явдал ажил олгогчид ажилтан нэмж авахаас татгалздагтай холбогдож байна. Өглөө хурууны хээгээ хоцорч уншуулсныхаа төлөө цалингаа хасуулдаг юм чинь өглөө эрт босох, гэр бүлтэйгээ хамт байх, амрах цагаасаа хумслуулсныхаа төлөө цалингаа нэмүүлэхийг ч бас шаардах хэрэгтэй.
Сүүлийн үед газар авах болсон хөдөлмөрийн мөлжлөгийн өөр нэг хэлбэр нь байгууллагын дотоод журмаар зохицуулагдана гэсэн хөшигний цаана нуугдаж байна. Энэхүү мөлжлөг гэрээ, контрактын түвшинд хүртлээ “хууль ёсны” болсон нь өнгөрсөн оны 11-р сард шуугиан дэгдээсэн “Капитал” банкны хэргийн үеэр нотлогдсон. Банкны ажилчид хөдөлмөрийн гэрээгээ хэвлэлийнхэнд дэлгэхэд “Шинээр ажилд орсон эмэгтэй ажилтан 2-3 жилийн хугацаанд жирэмсэлж болохгүй хийгээд ажлын шаардлага, онцлогоос шалтгаалан энэ хугацаанд нэг сараас дээш урт хугацааны чөлөө, амралт авахгүй үүрэгтэй, өөрийн санаачлагаар ажлаас чөлөөлөгдөх тохиолдолд тухайн хугацааны буюу нэг жилийн үндсэн цалингийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг ажил олгогчид эргүүлэн төлнө” гэх зэргээр заасан байсан. Иймэрхүү гэрээ ёсоор ажилтан эмэгтэй хүүхэдтэй болох, чөлөө авах, ажлаасаа чөлөөтэй татгалзах ч эрхгүй байгаа юм. Тэгэхээр тэр ажилтан хөдөлмөрийн гэрээ биш БООЛын гэрээ хийсэн гэхэд буруудахгүй биз.
Дээрх жишээ бүрийн цаана өөр олон байгууллагад иймэрхүү арга замаар хөдөлмөрийн мөлжлөг явагдаж байгаа. Ингээд бодвол Монголын “боолуудын” тоо 4700 биш 47 мянга, бүр түүнээс ч өнөр өтгөн байх магадлал өндөр. Өнгөрсөн зуунуудын боолуудаас ялгаатай нь тэд шүүхэд хандах эрхтэй. Тиймээс дээрх бүх тохиолдолд хариуцлага хүлээлгэхийг хуулинд тусгаж эрх зүйн хамгааллыг сайн бүрдүүлж өгвөл хөдөлмөрийн харилцаан дахь “боолчлолыг” халах хамгийн том алхам болох юм.
Д.Идэржаргал
www.24tsag.mn
www.24tsag.mn
Сэтгэгдэл (13)