Улаанбаатар
Өнөөдөр / 2017.04.28
3
Өдөртөө
1
Шөнөдөө

Популизмын хориг

2014 оны 12 сарын 11
    Крымийг нэгтгэснийх нь төлөө ОХУ-ын эдийн засагт АНУ, Европын Холбоо хориг тавьж, гаднаас ирэх хөрөнгө оруулалтын бүх сувгуудыг нь хаасан. Үр дүнд нь мөнгөгүй болсон хойт хөршийн банк төрийн санхүүжилтээр торгоож, гадны хөрөнгө оруулагчид үргэж, үндэсний компаниудынх нь хувьцаанууд бирж дээр унаж, бизнесүүд хаалгаа барьж, Оросын эдийн засаг доголдож, рублийн ханш өглөө бүр унаж, дэлгүүрийн лангуу иргэдийнх нь халаас адилхан дундарч эхлэв.Гадаадын хориг хүчтэй гэдгийг бүгд харж жишээ авцгаалаа.

Бид өөрөө өөрсдөдөө хориг тавьчихаж

Дээрхтэй адилхан зах зээлийн үзэгдэл манай улсад ч тохиолджээ. Мөнгөгүй болж төсөв улайсан тул улс цалин тэтгэвэрээ арайхийн тавьж, гадны хөрөнгө оруулагчид үргэж, үндэсний компаниудынх нь хувьцаанууд бирж дээр навс унаж, бизнесүүд хаалгаа барьж, эдийн засаг доголдож, төгрөгийн ханш өглөө бүр унаж, дэлгүүрийн лангуу иргэдийнх нь халаас адилхан дундарч эхлэв. Орост тавьсан хоригийн үр дүнтэй ижилхэн сонсогдож байна. Хэн нэгэн манай эдийн засагт хориг тавьжээ. Буруутныг ойроос хайсан нь зөв байх. Бид өөрөө өөрсдөдөө хориг тавьчихаж. Дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөсөн популист улстөрчид манайд гаднаас ирэх хөрөнгө оруулалтын бүх крантыг хаачихжээ. Популистуудын хэн нь юу хэлснийг сүүлийн жилүүдийг цээжилтлээ сонссон. Өнөөдөр ч зурагт асаахад тэд ярьдгаа ярьсаар шударга царайлаад оройн мэдээгээр гарч байгаа.     

Эдийн засаг шударга, хямралын мөчлөг баян ядуу бүгдэд тохиолдддог. Тоо худлаа хэлдэггүй. Зөв тайлж унших хэрэгтэй. Оросууд юуны төлөө төлж, тарчиг амьдарч, эрсдэл үүрч байгаагаа бүгд мэднэ. Крымийн төлөө. Бид юуны төлөө төлж, тарчиг амьдарч, эрсдэл үүрч ирснээ бүгд мэднэ. Аман улстөрчдийн төлөө.

Гарц


Дотоодын хоригоо цуцалъя. Тэгэхээр сэтгэл хөдлөлөө дагаж үймэлгүй, шийдвэр гаргахаасаа өмнө тоо бодож, гаргах шийдвэрээ хооронд нь харьцуулж өрсөлдүүлж, хөрөнгө оруулагчдыг хөрөнгө оруулах хөшүүрэгтэй болгох, иргэдээ хувийн өмчтэй болгох, худалдаа хийх, санхүүжилт хийх сонирхолтой болгох шийдвэр гаргаж, хамгийн гол нь зах зээлээс төр “савраа татах” бодлого зөв биз. Путин ч бизнесийнхэнд өршөөл үзүүлэхээ зарлачихлаа.

Ямарч популизм хэрэггүй. Гадныхан л гэхээр чөтгөр биш , бас бурхан ч биш гагцхүү тэдэнтэй тэднээс илүү ухаалгаар хэлэлцээр хийх нь өнөөдрийн бөмбөрцөг дээрх шалгуур, өрсөлдөх чадварын хэм хэмжүүр юм.

Гадаадынхнаас буцалтгүй тусламжийг нь инээж байгаад авчихаад, дотоодынхнаас татварыг нь  гуядаж байгаад авчихдаг хэрнээ хөрөнгөө оруулж, хөдөлмөр шингээж,  баялаг бүтээх гэсэн  хөрөнгө оруулагчдаа адлаад байдаг энэ сэтгэхгүйгээсээ салцгаая. Сэтгэхүйн хувьсгал хийхгүйгээр эдийн засгийн хувьсгал амжилтанд хүрэхгүй.

Эдийн засагч С.ОДОНТУЯА



Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан