ШӨХТГ-ын дарга О.Магнай дөнгөж сая ажлаа өгч байгаагаа зарлалаа. Тэрбээр хэвлэлийн хурлын дараа ажлаас гарах өргөдлөө Ерөнхий сайдад өгөхөөр хөдөлсөн юм. Ингээд түүнээс ажлаас гарах болсонтой нь холбогдуулж зарим зүйлийг тодрууллаа.
-Яг ямар шалтгаанаар ажлаа өгөхөөр болсон бэ?
-Миний хувьд өнөөдөр ажлаа өгөхөөр боллоо. Нэгдүгээрт, шинээр байгуулагдсан Засгийн газар ямар ч сөрөх хүчингүй. Ардчилалын үнэт зүйлсийн эсрэг үйлдэл хийж байгуулагдлаа. Бидний байгуулж байгаа нийгэм бол сөрөх хүчинтэй, сөрөх хүчин нь Засгаа хянадаг байх ёстой гэж үздэг. Зарим нам дэд сайдын албан тушаал оруулж ирнэ гэдэг нь хуйвалдаан дээд цэгтээ тулж байгаан илрэл. Энэ бол миний өөрийн итгэл үнэмшил зарчимтэй яавч нийлэхгүй зүйл. Хоёрдугаарт, манай агентлаг Өрсөлдөөний тухай хуулиар Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд байдаг. Энэ агентлагийн удирдлагыг зөвхөн ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанд оруулж томилж, чөлөөлж болдог. Тэгэхээр зарим хэвлэлүүд үүнийг шадар сайд мэддэг мэтээр ташаа ойлголт төрүүлэхээр мэдээлэл цацсан.
Гэвч тийм зүйл байхгүй. Яахав У.Хүрэлсүх гэдэг хүн шадар сайд болсон. Харин У.Хүрэлсүх гэдэг хүнтэй хамтарч ажиллах боломж миний хувьд байхгүй. Бид нарын ёс суртахуун зарчим, үнэт зүйл таарахгүй. Эдгээр хоёр шалтгааны улмаас өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээлгэж өгч байна. Ер нь манай нийгэмд дүр эсгэсэн ардчилал, дарангуйллаас аюултай гэж нэг хүн хэлээд явсан. Тэр нь бодит утгаараа боллоо.
-Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаа дүгнэвэл?
-Би 2 жил 3-4 сарын хугацаанд энэ байгууллагад ажилласан байна. Нийтдээ 6000 мянга гаруй иргэний хүсэлт, өргөдөл гомдлыг бүрэн шийдсэн. Өөрөөр хэлбэл, ажлын нэг өдөрт 10 өргөдөл гомдол шийдсэн байгаа. Нийт 1100 хяналт шалгалт хийсэн байна. Мөн иргэдийн 1.8 тэрбум төгрөгийг буцаан олгосон. 2012-2014 онд хийсэн зарим ажлуудаа сануулахад,
-Архи согтууруулах ундааны хууль бус сурталчилгаа бүрэн зогссон
-Сууц өмчлөгчдийн холбооноос татвар авдаг дээд зөвлөлийг татан буулгахыг асуудлыг шүүхэд тавьсан. СӨХ-үүдээс авдаг байсан торгуулиуд зогссон.
-Орон сууцны метр, квадратын зөрүүг арилгаж нэг тэрбум орчим төгрөг буцааж олгуулсан.
-Нефт импорлогч компаниуд иргэдийг хохироохгүй байх тал дээр арга хэмжээ авч ажилласан.
-Ярианы төлбөрийг секундээр тооцдог болсон. Өнөөдөр 4 оператор компанийн алинд ч очсон та өөрийн ярианы төлбөрийг секундын горимд шилжүүлэх боломжтой болсон.
-Циркийн хувьчлалтай холбоотой асуудлыг шүүхэд өгсөн. Гэвч харамсалтай нь том дарга нарын нөлөөгөөр энэ ажил удаашралтай байгаа. Энэ ажлыг авах хүн дуусгах ёстой.
-Худалдааны төвүүд, үзвэр үйлчилгээний газруудын бие засах газруудыг үнэ төлбөргүй болгосон.
-Улсын хэмжээнд ажилладаг бүх лефтүүдийг жилд нэг удаа шалгаж байхаар болсон.
-Лангуу, кассны үнийн зөрүүг багасгасан.
-Томоохон захуудад орох бүрт авдаг байсан төлбөр байхгүй болсон.
-Монголд анх удаа кино театрууд болон номуудыг бест селлирыг заралдаг болсон. Энэ нь эргээд татвар төлөлт, үзэгчдэд сонголт хийх зэрэгт зөв зүйл болсон.
-Арилжааны банкууд хууль бусаар нэг хувийн шимтгэл авдаг байсан асуудлыг хууль бус гэж үзэж шүүхдэлцэж байгаа.
Мэдээж ШӨХТГ Монгол хүн бүрийн хамгийн сайн мэддэг газар болсон. Одоо иргэд О.Магнайд, ШӨХТГ-т хандая гэдэг болжээ.
-Саяхан О.Магнай хууль бусаар хүмүүс албан тушаалд томилсон гэх мэдээлэл гарсан. Энэ тал дээр?
-З.Ундрам гэх эмэгтэйтэй холбоотой асуудал байсан. Яг тэр шалтгаанаар би нэг жилийн өмнө тэр эмэгтэйг ажлаас чөлөөлж байсан. Хоёрдугаарт, Ч.Батбаатар гээд хамт жагсаж байсан хүнээ ажилд авсан гэх мэдээлэл байсан. Манай хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ч.Батбаатар гэж байгаа. Жагсаж байсан хүнийг ажилд авахгүй гэсэн хууль байхгүй. Ч.Батбаатарыг ч ажлаа сайн хийж байгаа гэж үзэж байгаа болохоор ажлаа үргэлжүүлэн хийх ёстой гэж үзэж байна.
Гуравдугаар, Бүрэнцогт гэдэг хүний тангараг өргөсөн он сар нь миний тушаалд томилосон он сартай зөрж байгаа гэж байсан. Тэгвэл үүнийг тодруулахад, нэгэнт төрийн албаныхаа шалтгалтыг өгчихсөн юм чин гээд гурван хоногийн өмнө биччихсэн юм билээ. Би өнөө өглөө Бүрэнтөгс гэдэг хүнийг ажлаас чөлөөлчихлөө. Төрийн алба ёс зүйтэй зарчимтай байх ёстой.
-Иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллаж байхад та болон танай байгууллагыг хэчнээн удаа шүүхэд дуудав?
-Одоо яг над дээр хоёр хэрэг үүсгэсэн байгаа. Нэг нь аравдугаар сарын 10-нд хийсэн хэвлэлийн хурлаар шүүх шударга биш байна гэсэн мэдээллээс үүдэлтэй. Тэрийг шүүхэд нөлөөллөө гээд Чингэлтэй дүүргийн цагдаагаас шалгаж байгаа. Би мөн ажил авсаныхаа дараа 7 хүнийг ажил хийдэггүй гэж халсан. Тэгээд Дээд шүүхээс тэдгээр хүмүүсийг эргүүлэн ажилд ав гэсэн. Үүнээс болж шүүхийн шийдвэр би¬елүүлэхгүй байна гээд бас нэг хэрэг үүссэн.
Байгууллагын хувьд шүүхдэж байгаа асуудал зөндөө байгаа. Иргэдийн өмнөөс шүүхдэлцэж байгаа.
-Ажлаа өгчихөөд юу хийе гэж бодож байна?
-Төрөө цэвэрлэнэ. Өнөөдөр төрд цэвэрлэгээ хэрэгтэй байна. Ингэж хуйвалдааны журмаар засаг байгуулж УИХ-ын 76-тай нийлсэн ийм том бүлэг байгуулж байгаа нь ардчиллын ёсонд байх ёсгүй.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (63)