УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын ордны хажуугийн төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг оффис болгоход хамгийн эсэргүүцсээр ирсэн. Тиймдээ ч тус эмнэлгийн эмч, ажилчид эмнэлгээ оффис болгуулахгүйн тулд УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандаж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тэгвэл Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уг эмнэлгийн байрыг эмнэлэг чигээр нь ашиглах шийдвэр гаргасан. Уг шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү уг байрны үйл ажиллагаатай танилцахад эмнэлгийн байрны гаражийг хүмүүсийг байцаах, хориход зориулан шорон болгон зассан байсаныг тэрбээр мэдээлсэн юм. Тэгвэл дөнгөж сая О.Баасанхүү гишүүний хамтаар тус оффисын гаражийг шорон болгосон бодит байдалтай танилцлаа.
Биднийг уг обьекттой орж танилцахад 2 инженер, хоёр харуул угтсан юм. Ийн тэдэнд учир байдлаа хэлж гаражийг үзэж сонирхоход 4 тасалгаа бүх төмөр хаалгатай өрөөнүүд байв. Тэдгээр дотор ямар ч ор хэрэгсэл байхгүй байсан бөгөөд зөвхөн төмөр хаалга хийж, тусгай байдлаар ашиглах зориулалттай барьсан байлаа. Шоронгийн өрөөнүүдийн өөдөөс харгалзагчид хянаж байх зориулалт бүхий том, том цонхтой жижиг өрөөнүүдийг гаргажээ. Харин тэдгээрийн дунд нэг жижиг нойлын өрөөг зохицуулж өгчээ.
Ийн эмнэлгийн зориулалтаар эргэн ашиглагдах болсон байрны доод талын гараж шорон эсвэл түр саатуулах байр болсоныг фото сурвалжлагаар хүргэж байна.
4 тасалгаа бүхий өрөөтэй шорон бий болжээ
Хянагч нарын өрөө
Шорон болчихоод буй гараж 8 машины зогсоолтой байв
Дундаа нэг нойлтой
Харин энэ үеэр О.Баасанхүү гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Эмнэлгийг зориулалтын уг барилгын гаражийг шорон болгох ажлыг хэзээнээс эхэлсэн юм бол?
-Төрийн тусгай хамгаалалттай нэгдсэн эмнэлгийн зориулалттай хадгалж байсан барилгыг 2012 онд хүүхдийн болон төрөх эмнэлгийн зориулалтаар ашиглая гэж миний хувьд санал гаргаж байсан. Үүнээс болж хууль зүйн сайдыг хүртэл өргөн барих асуудал яригдаж байв. Гол нь энэ байшин 80 жилийн түүхтэй байж байгаад актлагдсан. Актлагдсаны дараа зориулалтыг нь УИХ дээр яриад эмнэлэг болгох шийдвэр гаргаж асар их хөрөнгө зарцуулсан. Хамгийн сүүлд намайг УИХ-ын гишүүнээр орж ирэхэд их хурлын гишүүд 4.5 тэрбумыг төсвийн үлдэгдэл мөнгийг шийдэж байсан. Тэгэхээр төсвийн үлдэгдэл мөнгийг шийдэж өгнө гэдэг Төсвийн тухай хуулиар уг обьектийг зориулалтын дагуу зарцуул гэсэн үг.
Харамсалтай нь энэ барилгын зориулалтыг өөрчлөе гээд Засгийн газрын тогтоол гарчихсан байсан. Гэтэл Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох ёстой гээд УИХ-ын 26 гишүүн тогтоолын төслийг өргөн барьж Төрийн байгуулалтын байнгын хороон дээр энэ тогтоол гацчихсан.
Гэтэл чоно борооноор гэдэг шиг асуудал бүрэн шийдэгдээгүй байхад төсвийн хөрөнгийг дураараа авирлаж захиран зарцуулсан байна. Албан бус мэдээллээр ард талдаа гэхэд 3.5 тэрбум, урд талдаа 1.2 тэрбумыг эмнэлгийг байрыг өөрчлөхөд зарцуулсан байгаа юм. Ялангуяа энэ дотор шорон барьсан байна.
-Ер нь Хууль зүйн яамныхаа обьект доор саатуулах байр байрлуулсан улс байдаг уу?
-Төрийн ордныхоо хажуу талд, хотын төвд шоронтой болж байгаад харамсалтай байна. Үүнийг буцаах ёстой. Нөгөө талаасаа төсвийн хөрөнгийг дур зоргоороо захиран зарцуулсан зүйл байх юм бол хариуцлага үүрэх ёстой л гэж бодож байна.
-Таны хувьд энэ асуудлаар одоогийн Хууль зүйн яамны сайд Д.Дорлигжавтай уулзсан уу?
-Хууль зүйн яамны одоогийн сайд Д.Дорлигжавтай би уулзсан. Д.Дорлигжав сайд ер нь бол яамны хувьд байшингаас байшингийн хооронд нүүгээд явах шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, манай Хууль зүйн яам энэ байранд орох шаардлага байхгүй. Хэрвээ хуулийн байгууллагын зориулалтаар ашиглах бол Дээд шүүх, Ерөнхий прокурор ордог ч юм уу гэж байсан. Цаашлаад, хажуухан талд нь байгаа 3.7 тэрбум төгрөгний өртөгтэй ИМРА аппарат байгаа. Гэтэл түүнийг эвдэлсэн бөгөөд засахад 200-300 сая төгрөг гаргана. Гэтэл энэ аппаратыг эвдэлж, үнэгүйдүүлээд хаячихсан.
-Уг нь шоронгуудын нэгдсэн төвлөрсөн шорон барина гээд байгаа биз дээ?
-Тэртээ тэргүй ШШГЕГ 1500 хүний нэгдсэн шоронг байгуулна гээд байгаа. Тэгэхээр ШШГЕГ тийшээ нүүдэг юм байгааз. Эмнэлгийн байрны зориулалт гэдэг тусдаа стандарттай. Өөрөөр хэлбэл, тусгай инженерүүдийн оролцсон нарийн зураг төслийн хүрээнд барилга барьдаг. Энэ эмнэлгийг Японд байдаг тусгай эмнэлгийн зураг төслөөр барьсан. Монголд яг эмнэлгийн зорриулалттай ийм обьект байна гээд тоочиход хэцүү. 3, 1 дүгээр эмнэлгийг байрыг ч яг эмнэлийн зориулалттай гэхэд хэцүү.
-Таны хувьд энэ асуудлыг цааш тавих уу?
-Асуудлыг цааш тавина. Хамгийн гол нь энд хүний эрх, татвар төлөгчдийн хөрөнгө яригдаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (27)