Улаанбаатар
Өнөөдөр / 2017.03.24
0
Өдөртөө
-13
Шөнөдөө

Түгжрэлээс гарах тийм ч хол асуудал биш. Жоохон л ажиллах хэрэгтэй

2015 оны 1 сарын 22
1. АВТО ЗАМЫН ТҮГЖИРЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?  БИД ХЭЗЭЭНЭЭС ТҮГЖИРЧ ЭХЭЛСЭН БЭ?

    Дэлхийн 415 дахь том хотоор Улаанбаатар хот  олон улсын жагсаалтанд аль хэдийн оржээ.  Улаанбаатар өнөөдрийн байдлаар 1,3 сая хүн амтай.

Авто замын түгжрэл буюу замын хөдөлгөөний саатал - Автомашины хөдөлгөөний хурд нь дундаж хэмжээнээс эрс багассаны улмаас замын тухайн хэсэгт тээврийн хэрэгслийн бөөгнөрөл үүсэхийг хэлдэг ба тухайн зорчих хэсгийн нэвтрүүлэн өнгөрөх чадвар 20 дахин болон түүнээс дээш хувиар  буурсан тохиолдлыг хэлдэг. Тэгвэл Улаанбаатарчуудын  хувьд  зорчих хэсгийн нэвтрүүлэн өнгөрөх чавдар  20 дахин болон түүнээс дээш хувиар буурсан уу?  Энэ талаар хийсэн судалгаа байна уу?  Бидний яриад байгаа энэ асуудал үнэхээр түгжрэл мөн үү? 

Түгжрэл гэдэг үгийг авто замын орчинд хэрэглэдэггүй, зөвхөн эрүүл мэндийн салбарт болон бусад үед хэрэглэдэг байсан нь ердөө 2005 он. Энэ үед Улаанбаатар хотод 73740 тээврийн хэрэгсэл, бүртгэлтэй байсан ба нийслэлийн авто замд түгжрэл үүсдэггүй байжээ.

Нөгөөтэйгүүр түгжирлийг зөвхөн автомашины тоон үзүүлэлттэй холбож дүгнэх нь өрөөсгөл асуудал юм. Учир нь хүн амын өсөлт, суурьшил нягтаршилаа дагаад суурин газрын автозам дээр түгжирэл үүсдэг бичигдээгүй хууль бий.  Тодруулвал сүүлийн 20 жилд хүн амын өсөлт дунджаар 1.3 % байхад  Улаанбаатар хотод 3.3 %  болсон байна. Гэхдээ 1995-2005 онд өсөлт 4%-тай байсан ч 2005 оноос хойш 3.2 % болж бага зэрэг буурсан хандлагатай  байгаа бөгөөд жилд дунджаар 340 000 хүнээр нэмэгдсэн тоо байна.

Автомашинжилтын төвшингийн зүй тогтлоор 1000 хүнд ноогдох автомашины тоо 30-аас дээш болоход замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг хангах асуудалд бэрхшээл үүсэх, 130-аас дээш бол тухайн хотын автомашинд хязгаар тавих, 200-250 хүрвэл нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудал тавигддаг. Ер нь авто замын түгжрэлийн асуудал ярьж байгаа дэлхийн томоохон хотуудын хувьд 1000 хүнд ногдох суудлын автомашин нь 120-оос дээш байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд энэ үзүүлэлт  239 байна.

2.  ЗАМЫН ТҮГЖРЭЛ НИЙГМИЙН ХӨГЖИЛД, БИДНИЙ АМЬДРАЛД ХЭРХЭН СӨРГӨӨР НӨЛӨӨЛЖ БАЙНА ВЭ?


Авто замын түгжирлээс хамгийн их хохирол амсдаг давхарга бол нэгдүгээрт жолооч нар. Нэг өдөрт дунджаар 1 цаг түгжирдэг  гэж үзвэл  замын хөдөлгөөнд оролцох хугацааг 8 цагаар тооцоход  жилд  45 өдрийг буюу 360 цагийг зөвхөн түгжирэлд үрдэг гэсэн тооцоо гарч байна. Түүнчлэн автомашины ашиглалтаас хамааран автомашины үнэ худалдан авсан ханшнаасаа  нэг жилд 10% -иар хямдардаг гэсэн судалгаа байна. Нийслэл хотод замын хөдөлгөөнд  автомашин жодоодож  5 цагийн турш  оролцдог  иргэдээс авсан санал асуулгаар тэдний 79.2 % нь зорилтот ажлынхаа дөнгөж  37% -ийг амжуулдаг юм байна. Өөрөөр хэлбэл 3 ажил тутмын 1-ийг нь амжуулж 2 - ыг нь түгжирлээс шалтгаалан хойш тавьдаг гэсэн үг. Мэдээж энэ бол хувь хүний болон нийгмийн бүтээмжинд шууд сөрөг нөлөөтэй.

Дундаж хөдөлгүүрийн багтаамжтай энд 1600 сс-ээр тооцлоо суудлын автомашин нэг цаг нормальдахад түгжирэлд зогсоход 0.8 литр бензин зарцуулдаг ба энэ нь нэг литр АИ 92 бензин 1660 төгрөгөөр бодоход  1328 төгрөг болох юм. Өөрөөр хэлбэл нэг жолооч  өдрийн нэг цагийн түгжирэлд  1328 төгрөгийг үргүй зарцуулдаг гэсэн үг. Тэгвэл нийслэл Улаанбаатар хотод  311478 автомашин замын хөдөлгөөнд оролцдог, түүнээс дугаарын хязгаарлалт болон хөдөлгөөнд оролцдоггүй автомашиныг хасаад 200 000 автомашин байнга замын хөдөлгөөнд оролцдог гэж үзвэл 265 600 000 төгрөгийг зөвхөн нэг өдөрт үргүй урсгадаг. Энэ нь нэг сард ажлын 21 хоногтой гэж үзвэл  5 577 600 000 төгрөг, жилд түгжрэл хамгийн бага байдаг 7,8 сарыг хасаад   55 776 000 000 төгрөг буюу энэ нь ДНБ-ний  2.9 % -ийг эзлэж байна.

Түгжрэл нь байгаль орчны эрүүл ахуйд ч нөлөөлнө. Автомашины насжилтаас шалтгаалж CO2-н хувь  0-3 жилд 7.74%, 4-6 жилд 11.7%, 7-9 жилд 12,5% хувь, 9-өөс дээш жилд 13,5% хувьтай буюу стандартаас  12,5 хувиар хэтэрч байгаа нь бидний амьсгалах агаарыг хэрхэн бохирдуулж байгааг харуулж байна. Түүнчлэн жолооч түүний бүхээгэнд сууж яваа иргэд автомашины халсан агаар, аэркондишн зэргээс  амьсгалын замаар уушигны болон амьсгалах бусад эрхтэндээ өвчилөлт авч астм зэрэг архаг өвчлөлтийн шинж тэмдэгүүд илрэх болсон байна.

3.   АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ БА СТАТИСТИК


Зам тээврийн эрэлтийн хэтийн төлөв 2030 он хүртэл одоогийн замын сүлжээг өргөтгөхгүйгээр ашиглах буюу арга хэмжээ авахгүй байх (Do Nothing) хувилбараар үзэхэд, зорчилтын тоо 2011 оноос 2030 онд бараг хоёр дахин өсөж, зам тээврийн эрэлт (хүн/км) 3.1 дахин өсөх тооцоо бий.

Гол тэнхлэгийн хөдөлгөөний ачааллыг харахад, Энхтайвны өргөн чөлөөгөөр хоногт 700,000 хүн (PCU-д шилжүүлбэл 200,000 автомашин) зорчиж байна. Хотын төв хэсэгт өөр бусад замыг сонгох боломжтой тул түгжрэл тийм их биш боловч хотын төв хэсэг рүү очих чиглэлд түгжрэл 2.6-3.0 буюу өндөр үзүүлэлттэй байна. Босоо тэнхлэгийн хувьд, Чингисийн өргөн чөлөөгөөр хоногт 600,000 хүн (PCU –д шилжүүлэхэд 170,000 машин) зорчиж, түгжрэлийн хэмжээ (V/C) 5.0 буюу маш өндөр гарч байна. Замын багтаамж хүрэлцэхгүй байгаа нь тодорхой учраас замын дэд бүтэц, үйлчилгээг өргөтгөх зайлшгүй шаардлагатай бөгөөд багтаамж ихтэй нийтийн тээврийг нэвтрүүлэх, зам тээврийн хяналтыг сайжруулах асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй байна.

Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээ нь 349,000 хүн амтай, 10,044 автомашинтай буюу хүн амын ердөө 2.9% нь автомашинтай байхаар 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан бөгөөд хотын хүн амын даац дээд тал нь 400,000 – 500,000 байхаар тооцоолсон байдаг. Бүртгэлтэй авто машины тооноос үзэхэд 2010 онд 1,112,000 хүн амтай Улаанбаатар хотод 162,710 машин буюу хүн амын 14,6% нь машинтай байгаа нь 1975 оноос хүн ам 3.2 дахин, авто машин 16.2 дахин  харин авто машин эзэмшигчид 5 дахин өссөн байна.  Энэ 35 жилийн хугацаанд зам барилгын ажил хийгдэж ирсэн ч гол тэнхлэг зам болох зүүнээс баруун чиглэлтэй Нарны зам ба үүний хойд талын Энхтайваны өргөн чөлөөтэй паралель замуудыг холбох замыг барих зайлшгүй шаардлага байгаагаас харахад  хүн ам, авто машины тооны өсөлттэй харьцуулахад зам барилга хангалтгүй байна. Ийнхүү өсөн нэмэгдэж байгаа авто машины тоо хүн амын өсөлтийн улмаас замын түгжрэл үүсч байгаа нь тов тодорхой юм. Замын хөдөлгөөний энэ түгжрэлийг хөдөлгөөний хяналт дутмаг, замын хөдөлгөөний соёл муу, зам дээр машинаа зогсоодог зэрэг үзэгдлүүд улам хурцатгаж байна.  

4. АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛИЙН ҮНДСЭН ШАЛТГААНУУД

Улаанбаатар хотод өдөрт дунджаар 200 мянга орчим  автомашин хөдөлгөөн оролцдог тухай би дээр дурдсан. Үүнээс өглөө ажил сургууль цэцэрлэг цуглах, буюу 07:30-09:00, өдөр 11:50-13:00 цаг орой тарах буюу 17:00-19:30 цагийн хооронд хөдөлгөөний ачаалал хамгийн оргилдоо хүрч байна.

Мэдээж энэ бол түгжрэлийн хамгийн гол шалтгаан болох хот төлөвлөлттэй холбоотой ба засаг захиргааны байгууллага, сургууль цэцэрлэг гэх мэт хамгийн олон хүний оролцоотой үйл ажиллагаа явуулдаг объектууд хотын төвд  байралдагтай шууд холбоотой юм.

Жишээлбэл: Зөвхөн их тойруугийн дотор гэхэд л өнөөдрийн байдлаар төрийн 286 байгууллагад 28993 алба хаагч ажиллаж байгаа гэсэн судалгаа байна. Тэдгээрийн 11402 нь нийтийн тээврээр, 4698 нь явганаар, 12893 нь хувийн автомашинаар хамгийн багадаа 3 км хол нь 10 орчим км замыг автомашинаараа туулж ажлын байрандаа ирдэг ба автомашинаа өдрийн турш зогсоол бөглөж сойдог. Энэ байдал нь нээгд замын ачааллыг нэмэгдүүлдэг хоёрт авто зогсоолын хүртээмжийг шууд бууруулдаг сөрөг талтай.

Их дээд сургуулийн тухайд 92098 оюутан өглөө оройн цагаар сургууль гэр хоёрын хооронд явдаг ба тэдгээрийн 68049 нь нийтийн тээврээр, 16908 нь явганаар, 13209 нь хувийн автомашинаар ирдэг юм байна.

Харин ЕБС-ийн тухайд байдал бас л хурцаар ажиглагдана. Их тойруугийн дотор 65 хувийн болон төрийн өмчит  ЕБ сургуулийн 59879 хүүхдээс 19985 нийтийн тээврийн хэрэгслээр  23976 явганаар, 7959 хүүхэд автомашинаар хүргүүлж ирдэг гэсэн судалгаа байна. Хүүхдийн автобусаар эдгээрийн 1797 нь зорчидог юм байна. Тэгэхээр энэ тооноос харахад бидний шийдэх боломжтой асуудлыг шийдэхгүй байгаагаас ямар их ачаалал үүсэж байгааг харж болхоор байна.

Үүниий дараагийн асуудал бол  худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийн байрлал тэдгээрийн орчин дахь  замын хөдөлгөөний зохион байгуулалт оновчгүй, зогсоолын талбайн менежмент, зохицуулалт  хангалтгүй,  хүрэлцээгүй байдал нь түгжирэлд нөлөөлөх гол хүчин зүйл болж байна. Үүний нэг жишээ бол нарны замын баруун талаас нарантуул худалдааны төвийн уулзвар хүртэлх автозамын хөдөлгөөний ачааллын байдал 2003 онд 4 зурвастай болгож өргөтгөсөн ба 2007 онд өдөрт 26,600  тээврийн хэрэгсэл зорчиж байсан бол, 2012 онд өдөрт 37,500 тээврийн хэрэгсэл зорчиж замын хөдөлгөөний эрчим эрс  ихэссэн байдаг .

Асуудлын гол нь хөдөлгөөний урсгал чиглэл гэж тооцвол бас л хангалтгүй юм. Замын хөдөлгөөн зохицуулж байгаа техник хэрэгсэл  гэрэл дохио, тэмдэг тэмдэглэл нь хөдөлгөөний түгжирэл, уулзвар дахь автомашины ачаалал ихсэхэд ихээхэн үүрэгтэй байдаг гэдгийг бид хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөх шаардлагатай.

Жишээлбэл бид 2 урсгалтай замд 3 секцтэй гэрэл дохионы зохицуулга тавьчихаад замын хөдөлгөөний дүрэм яриад байдаг нь үүний нэг жишээ юм. Түгжрэл үүсгэж байгаа олон хүчин зүйлүүдийн нэг нь жолооч нарын ухамсар сахилга баттай шууд холбоотой асуудал байдаг. Энэ нь: Жолооч нар бусдын хөдөлгөөнд саад учруулах байдлаар тээврийн хэрэгслээ байрлуулдаг, замын хөдөлгөөнд заагдсан хориглох хэсэгт зогсдог, эгнээ байраа буруу эзэлж бусдын хөдөлгөөнд саад учруулдаг, их бага хэмжээгээр осол зөрчил гаргаж замын хөдөлгөөний хэвийн байдлыг хааж саад болдог гэх мэт үйлдлүүд түгээмэл байна.

Замын хөдөлгөөний түгжрэлийн өөр нэг шалтгаан бол зогсоолын асуудал буюу зогсоолын гачигдал. Зогсоолын боломжит хувилбаруудыг судалж тогтоон ашиглахгүй байгаа болон зогсоолын менежмент хангалтгүйгээс  албан газар байгууллагууд өөрийн өөрийн орон зайг хамгаалан зөвхөн өөрсдийн эрх ашгийг бодон бие даасан зогсоолын орон зайг нийтийн эр ашгийг үл хамааран бий болгодог байдал ихээхэн нөлөөлж байна. Энэ нь нэг талдаа зогсоолын тухай биеэ даасан хууль  байхгүйтэй шууд холбоотой юм.

Замын буруу бүтээн байгуулалт, замын эвдрэл гажгаас шалтгаалсан хөдөлгөөний хэт удааширлаас үүдсэн бөөгнөрөл, олон салаа зам байхгүй сонголтгүй  зам, нийтийн тээврийн зогсоол буудлын карма байхгүй байдал, ослын дараа хөдлөх боломжгүй болсон тээврийн хэрэгслийг байрлуулах зурвас байхгүй, гэрлэн дохионы олон секц, гэрлийн режим фазын хоородохь хэт богино хугацаа зэрэг нь түгжрэлд шууд нөлөөлж байна. Үүнээс гадна төр засгийн болон гадаадын зочид төлөөлөгчдийн үеийн хамгаалалтын ажил, зам засвар цэвэрлэгээний ажил, замын хажуугийн барилга бүтээн байгуулалтын хариуцлагагүй үйл ажиллагаанаас шалтгаалсан түгжрэлүүд томоохон байр суурийг эзэлж  байна.

5. БИД ТҮГЖРЛЭЭС ГАРАХЫН ТУЛД ТОО БОДОХ УУ, ХАНДЛАГАА ӨӨРЧИЛӨХ ҮҮ, АЛЬ ЭСВЭЛ БҮТЭЭН БАЙГУУЛАХ УУ?


Түгжирлийн талаар бид өнөөг хүртэл бие даасан судалгаа шинжилгээний ажлыг  шийдвэр гаргах түвшинд хийж байсангүй. Түгжрэлийн хор уршиг нийгэмд  хэрхэн нөлөөлж байгаа, ямар хор уршиг учруулж байгааг тооцож гаргасангүй. Гэтэл энэ төрлийн зовлонг туулж байгаа улс орнууд энэ талын судалгааны институтыг засгийн газрын түвшинд гаргаад үйл ажиллагаагаа эхлээд олон жилийн нүүр үзэж байна. Замын бүтээн байгуулалтаар дэд бүтцийн асуудлыг шийдэх, зам хэрэглэгчдийн мэдлэг, хандлагыг өөрчилөхөөс эхлээд цогц ажлыг олон жилийн турш явуулж ирсэн туршлага гадныханд байна.

Улаанбаатар хотод тээврийн нийт эрэлт нь явган зорчилтыг оруулан тооцоход 3.4 сая зорчилт байсан ба явган зорчилтыг хасаж тооцоход 2.3 зорчилт байна. Харин “зорчилтын хувь” буюу нэг хүний өдөрт хийх зорчилтын тоо нь явган зорчигчдыг оруулж тооцоход 3.9 ба явган зорчигчдыг хасаж тооцоход 2.7 байна. 

Үүнээс үзэхэд зорчилтын хувь нь бусад Азийн орнуудтай харьцуулахад харьцангуй их байна. Энэ нь нэг талаас нийгмийн хүчин зүйлээс шалтгаалсан нөгөө талаас газар ашиглалт, нийтийн үйлчилгээний байршлын бүтцээс шалтгаалан хэрэгцээт үйлчилгээндээ хүрэхийн тулд илүү зорчилт хийх шаардлага үүсгэж байгаатай холбоотой юм.

6.ТҮГЖРЛИЙН ЭСРЭГ НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГААС ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА АЖЛУУД , ТЭДГЭЭРИЙН АЛДАА БА ОНООНУУД

 Нийслэлийн удирдлагаас авто замын хэт их ачааллаас сэргийлэн өмнөх шийдвэрүүд гаргаж байсан нь эерэг нөлөө үзүүлж байсан хэдий ч түүнийг боловсронгуй болгох, хяналт тавих асуудлыг чангатгах цагдаагийн хяналтыг хэлсэнгүй, энд камерын хяналт л хангалттай байдал орхигдсоноос үүдэн өөр арга эрэлхийлэхэд хүргэсэн.

Үүнд:


Дугаарын хязгаарлалт: Энэ шийдвэр нь хэдийгээр маш зөв гаргалгаа байсан боловч маш олон тооны иргэд хууль бус дугаар хэрэглэх, боломж бүхий иргэд 2 автомашинтай болох, төрийн байгууллагын ажилчидын албаны тусгай тоноглолтойгоос бусад автомашин хязгаарлалтанд хамаарахгүй байх гэх мэтээр энэхүү захирамжийн үр дүнг бууруулсан. Харин энэ ажиллагааг боловсронгуй болгох хэрэгтэй байсан.

 Нэгдүгээр эгнээг нийтийн тээврийн хэрэгсэлд зорчиход зориулсан: Энэ шийдвэр гарснаас хойш зөвхөн нийтийн тээврээр зорчих хугацаа багасах болсноос биш нийтийн тээврээр зорчигчдын тоо нэмэгдээгүй. Өөрөөр хэлвэл автомашины тоо буураагүй. Бид яах ёстой байсан бэ? Нийтийн тээврийн сүлжээ маршрутыг ихэсгэх, буудал дээр давхцалгүй болгосон байх, 1 дүгээр эгнээгээр тасралтгүй зорчидог болгосон байх хэрэгтэй байсан. Ариун цэвэр, үйлчилгээний соёлыг огцом дээшлүүлсэн байх хэрэгтэй байсан. Нийтийн тээврийн жолооч нарын хөдөлгөөнд оролцох соёлд эргэлт хийсэн байх ёстой байсан. Энэ тохиолдолд иргэд автомашинаасаа нийтийн тээвэрлүү шилжих байлаа. цагаан захтнууд нийтийн тээврийг хэрэглэдэг болгох ажиллагаа явуулах байсан.

Ачилтын тухайд: Энэ нь бусдын хөдөлгөөнд саад болж, түгжирэл үүсэхээс сэргийлэх маш чухал ажил хэдий ч үр дүнгээ өгсөн байдал төдийлөн ажиглагдахгүй байна.

Учир нь:
 Зогсоолын асуудлуудыг нийслэлийн аль ч хэсэгт боломжит хувилбаруудаар шийдэхгүй байна. зай завсар болгонд зогсоол байгуулах, хувийн байгууллагын талбайг ч төлбөртэй болгож олон нийтийг зогсоох хэрэгтэй байсан.   Санаатайгаар буруу зогссон жолооч нарыг ачиж өндөр хураамж авах биш, хуулинд яаралтай өөрчлөлт оруулж өндөр торгууль ноогдуулах хэрэгтэй байсан гэж үзэж байна.Хөдөлгөөний удааширал, эсвэл түгжрэл үүсгээд байгаа цэгийг олж инженерийн шийдлүүдийг цогцоор нь гаргах. Ийм цэгүүд нийслэлийн хэмжээнд маш олон  байгаа.

Нийслэлийн засаг даргаас худалдаа үйлчилгээний захуудын үйл ажиллагааны цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Энэ нь замын хөдөлгөөний ачаалалд төдийлөн нөлөө үзүүлсэнгүй. Иймд худалдааны захуудыг зарим өдрүүдэд шөнийн цагаар ажиллуулдаг болговол өдрийн цагаар ачаалал буурч иргэд замын түгжрэлд орохгүй. Зарим захуудыг хотоос гаргах ажил чухал байсан.

7.ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ЗАМЫН ТҮГЖИРЛЭЭС ГАРАХЫН ТУЛД ЮУ ХИЙЖ БАЙГААГ БИД СУДЛАХ ХЭРЭГТЭЙ


Өнөөдрийн байдлаар зарим улс орнууд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

1.    Автомашины тоог хязгаарладаг улс хотууд -Сингапур, Zurich, Julius Caesar-Rome
2.    Дугаарын хязгаарлалт хийдэг хотууд - Maнила, Сан пауло, Mexико хот
3.    Гол замуудын төлбөр авдаг хотууд - Стокольм, Лондон, Сидней
4.    Хотыг бүсчилж төлбөр авдаг-  Герман, Швед, Лондон зэрэг 80 гаруй улс орны хотууд
5.    Автомашиныг таксаар худалдан авдаг хотууд- Денмарк 180%, Норвег 100%   
Шведэд автомашиныг бүсчилсэн байдлаар хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан эхний өдрөөс машины тоо  20%-р буурсан ба туршилтын өмнө иргэдийн 70% нь эсрэг саналтай байсан бол туршилтын дараа 70% нь дэмжсэн санал өгчээ.

Австралийн Мельбурн, Сидней, Брисбэн, Перт  хотуудад хөл хөдөлгөөн ихтэй, оргил цагаар замын хөдөлгөөн маш их ачаалалтай байдаг бөгөөд жолооч нарт  урт хугацааны хүлээх шалтгаан болдог. Австраличууд яг тухайн үеийн замын хөдөлгөөний мэдээллийг ихэвчлэн радио, телевизээр хүлээн авдаг аж. Жолооч нар замын хөдөлгөөний нөхцөл байдлыг хянахдаа Жи Пи Эс, вэб камерууд болон онлайн эх сурвалжуудыг ашигладаг байна.
Бразилийн  Сан Паоло хотод  2013 оны 11 дүгээр сарын 14-нд 309 километр замын туршид зам хэт ачаалалтай буюу маш урт цуваа үүсэж байв. 1997 оноос долоо хоногийн өдөр бүр зам хэт ачаалалтай байх үеэр машины дугаарын сүүлийн цифрээр замыг ашиглах зохицуулалт гаргасан. Сан Паоло хотын замын хөдөлгөөн жил тутам 7.5 хувиар өсдөг бөгөөд энэ нь өдөр бүр бараг 1000 шинэ машин нэмэгдэж байгаатай холбоотой. 2008 оны 6 дугаар сарын 30-наас хойш замын зохицуулалтын системийг улам өргөжүүлж, илүү олон машинд хязгаарлалт тавих болжээ.

8. БИД АВТОЗАМЫН ТҮГЖИРЛЭЭС ГАРАХЫН ТУЛД  ЯМАР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ ЯМАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Автозамын хэт их ачааллыг бууруулах хамгийн шилдэг арга бол автозамын сүлжээг сайжруулах, нэг түвшинд огтлолцдоггүй гүүрэн замыг байгуулж гэрлэн дохионы зохицуулалтыг халах асуудал юм гэж олон улсад үздэг. Харин энэ асуудал нь асар их зардал шаарддаг учир манай улсын хувьд ойрын хэдэн жилдээ боломжгүй мэт санагдаж байна.

Нэг:
1.    Дээр дурдсанчлан өглөө оройн цагаар  сургууль цэцэрлэг, төрийн байгууллагын ажилтнууд, их дээд сургуулийн оюутны зорчих урсгалыг  саармагжуулах, тэнцвэржүүлэхийн тулд цаг хугацааны зохицуулалтыг нэн яаралтай хийх шаардлагатай байна.  2015 он гарсаар нийслэлийн замын хөдөлгөөний ачаалал түгжрэл бага байгаа нь Их дээд сургууль, ЕБС цэцэрлэгийн амралт эхэлсэнтэй шууд холбоотой, харьцуулж болох нөхцөл байдал үүсэж байгааг харах хэрэгтэй байна.  Энэ нь  34061 хүн, тус тусдаа нэг машинаар ажил сургуульдаа ирж буцаж байна гэсэн үг юм.


2.    Нийслэл хотын 1 сая 300 мянган иргэн бүгд нэг цагт унтаж нэг цагт зэрэг босож нэг цагт дэлгүүр явж нэг цагт сургуульдаа явж нэг цагт ажилдаа ирцгээдэг. Тэгэхээр нэг цагт нээж хаадаг үзвэр үйлчилгээний газар, худалдааны захуудыг шөнийн цагаар ажиллуулвал дэлгүүр, худалдааны төвийг зорьсон иргэдийн бөөгнөрөл саармагжих бүрэн боломж бий.

3.    Зогсоолын асуудал дээр эрс шийдвэр гаргахгүй бол түгжирлийн үндсэн нэг шалтгаан, иргэдийг бухимдуулсан маргаан, хэрүүл зодооны сэжүүр болж хувираад байгааг анхаарах хэрэгтэй. Зогсоолын асуудлыг шийдэхийн тулд  төсөл нь хэлцэгдэж байгаа Авто зогсоолын тухай хуулийг нэн яаралтай баталж гарган мөрдөж эхлэх,  төлбөртэй зогсоолыг боловсронгуй болгож тоог нэмэх, иймийн тулд нийтийн эрх ашгийн төлөө хувийн болон төрийн байгууллагуудын боломжит зогсоолуудыг нийтээр төлбөртэйгээр эзэмших шийдвэрийг хот өөрөө санаачлага гарган эрх хэмжээний хүрээнд  зохицуулалт хийх, ойрын 2 жилийн дотор автоматчилагдсан давхар зогсоолыг байгуулах газрыг хувийн хэвшилд чөлөөтэй өгч хяналт тавьж бүтээн байгуулах, байгууллагын зогсоолуудыг ажилчдын биш иргэдийн зогсоол болгох, төрийн байгууллагын гаднахь зогсоолд өглөө тавиад орой авдаг байдлыг таслан зогсоох ингэхийн тулд цагийн төлбөртэй болгох ажлыг эрс шийдэмгий гүйцэтгэх хэрэгтэй. Худалдаа үйлчилгээний зах, дэлгүүрийн гадна зогсоол нь лангуу түрээслэгч ажилчдын автомашины зогсоол болсон нь үйлчлүүлэгч нар зогсох газар байхгүйн улмаас зорчих хэсэг дээр зогсох энэ нь зорчих хэсгийн хөдөлгөөнийг хааж түгжрэл үүсэх нөхцлийг бүрдүүлж байна. Жишээлбэл: 3,4 дүгээр хорооллын худалдаа үйлчилгээний газруудын гаднахь зогсоолын 70%- ийг тухайн байгууллагад ажилладаг лангуу түрээслэгчид болон, худалдааны төвийн эздийн автомашин, 0.8 % -ийг автомашинаа зогсоол дээр тавьж машин дотроосоо худалдаа эрхэлдэг иргэд эзэлж байна. Үлдсэн хувь нь үйлчилгээ авах гэсэн иргэдэд зориулсан зогсоол болж таарах нь.

4.    Автомашинжилтын төвшингийн зүй тогтлоор 1000 хүнд ноогдох автомашины тоо 30-аас дээш болоход замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг хангах асуудалд бэрхшээл үүсэх, 130-аас дээш бол тухайн хотын автомашинд хязгаар тавих, 200-250 хүрвэл нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд давуу эрх өгч зөвхөн түүгээр үйлчлүүлэх асуудал тавигддаг. Авто замын түгжрэлийн асуудал ярьж байгаа дэлхийн томоохон хотуудын хувьд 1000 хүнд ногдох суудлын автомашин нь 120-оос дээш байгаа бөгөөд Монгол Улсын хэмжээнд энэ үзүүлэлт  239 байна. Тэгхээр бид автомашины тоонд хязгаар тавих бус хөдөлгөөнд оролцож байгаа бүрэлдэхүүнд хязгаарлалт тавиад эхэлсэн ба ээлж дарааллаар зохицуулж байгаа энэ асуудал дээрээ тавих хяналтыг чангатгах, хариуцлагыг өндөрсгөж одоо мөрдөгдөж байгаа ЗХТХ Зөрчлийн тухай хууль-ийг нэн яаралтай мөрдөж эхлэх хэрэгтэй байна.

5.    Орлого багатай буурай хөгжилтэй орнуудад нийтийн тээврийг ядуусын унаа мэтээр ойлгодог гаж үзэгдэл байсаар байна. Харин өндөр хөгжилтэй оронд байдал эсэргээрээ. Нэгэнт 1000 хүн тутамд  239 автомашин ноогдож байгаа статистикийг үндэслэж  нийтийн тээвэрт давуу эрх олгосон болохоор энэ шийдвэрийг  төгс, боловсронгуй болгох тал дээр дорвитой ажлуудыг зохион байгуулмаар байна. Жиш: Нийтийн тээврийн маршрутыг чиглэлийг боловсронгуй болгох, нийтийн тээврийн үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, автобус, таксины ариун цэвэр ая тухтай байдлыг өндөр түвшинд хүргэх, автомашин хэрэглэгч иргэд  дугаарын хязгаарлалтаас бусад өдөр нийтийн тээврийг сонгож эдийн засаг, цаг хугацаагаа хэмнэх таатай нөхцлийг бүрдүүлэх ажлыг нэн яаралтай зохион байгуулах  хэрэгтэй гэж үзэж байна.

6.    Автозам болон тээврийн хэрэгсэлд ашигт үйлийн коэффицент АҮКгэж нэг юм бий. Энэ нь макро түвшинд ч айл өрхүүдийн микро түвшинд ч маш их ач холбогдолтой. Тээврийн хэрэгслийн АҮК нь тухайн явсан км тутамд хэдий хэмжээний ачаа, зорчигч тээвэрлэснээр үнэлэгдэнэ. Айл өрх, хувь хүмүүс ч бага шатахуунаар богино хугацаанд яаж хувийн ажлуудаа амжуулах талаар санаа зовдог нь энэ.carpool Нэг автомашинаар ганцаараа юу ч амжуулахгүй холхиод байвал АҮК нь “0″-ийг заана. Социализмын үед “сул явалт” гэдгийг маш их анхааран үзэж судалгаа, график, төлөвлөгөө гаргадаг байсан. Эдийн засгийн үр ашиг гэдэг зүйлийг аль ч нийгэмд, тэр тусмаа өнөөгийн нийгэмд зөвхөн авто тээврийн байгууллага гэлтгүй хувь хүн бүр нарийн бодолцох нь зүйтэй гэдэг талаар олон нийтийн хэрэгслээр бүх нийтэд таниулах, албан байгууллагад хатуу мөрдөхийг шаардах хэрэгтэй.

7.    Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгээс гаргасан судалгаагаар нийслэлд хөдөлгөөнд оролцож байгаа 1000 тээврийн хэрэгсэл тутмын 30-40 хувь нь бидний яриад байдаг “халтуурчид” гэж үздэг. Тэдний буруу гэж байхгүй нь ойлгомжтой. Эдгээр хүмүүс хүн гар өргөх хүртэл хүссэн замаараа чөлөөтэй явна. Энэ бол өнөө л ядуурал, ажлын байртай холбоотой. Тэдний ажлын байр бол автомашин, автозам. Тэдэнд өөр ямар ч сонголт байхгүй байгаа нь замын хөдөлгөөнд ачааллыг ихээр нэмэгдүүлдэг гэсэн үг юм. Эдгээр  иргэдэд халтуур хийж байгаа ажлын байрыг нь өөр хэлбэрээр бэлдээд өгчих юм бол замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд 30-40 хувиар буурах ба үүнийгээ дагаад автомашинаас гарах хорт утаа, дуу чимээ гээд сөрөг талууд энэ хэмжээгээрээ буурах юм.

8.    Одоогийн автомашинаас авч байгаа татвар нь автомашины хөдөлгөөнийг улам эрчимжүүлсэн, өдөөсөн тогтолцоо гэж харж байна. Татвараа төлсөн л бол жолооч хаана ч хэзээ ч замын хөдөлгөөнд чөлөөтэй оролцоно. Өдөр бүр автомашинаараа явдаг жолооч хааяа нэг автомашинаа хөдөлгөдөг жолооч хоёрын хооронд түгжирэлд нөлөөлөх нөлөөлөл, экологийг бохирдуулж байгаа байдал нь эрс зөрүүтэй хэдий ч ижил татвар төлдөг. Энэ нь хувь хүний эдийн засагт ч мөн алдагдалтай. Харин жолооч бүрийн төлөх татварыг хэрэглэж байгаа бензин шатахууны үнэнд багтаах юм бол хэн хамгийн олон цаг хөдөлгөөнд оролцдог нь илүү татвар төлж түгжирэлд хамгийн бага нөлөөлдөг жолооч бага татвар төлөх боломжыг бүрдүүлж өгвөл түгжирэл эрс буурах юм.

9.    Хөдөлгөөний удааширал, эсвэл түгжрэл үүсгээд байгаа хар цэгүүдийг тогтоож инженерийн шийдлүүдийг цогцоор нь гаргах.  Ийм цэгүүд нийслэлийн хэмжээнд маш их байгаа.

10.    Бид  10, 20, 30 000 автомашинтай байх үеийн замын хөдөлгөөний хууль дүрмээ мөрдөх гээд хүчлээд байна. Харин одоо бол хууль дүрмээ нэн яаралтай өөрчилж хөдөлгөөний дарааллын журам болон зохион байгуулалтыг эрс өөрчилөх хэрэгтэй.

Жишээлбэл  үүнд:
•    Улаан гэрлээр баруун гар тийш эргэх эргэлтийг зөвшөөрөх, ингэхдээ явган зорчигч нарт зам тавьж өгөх журмыг яаралтай нэвтрүүлэх.

•    Хориглосон улаан гэрлээр уулзварт орж ирсэн жолооч өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлд саад болохгүйгээр уулзвар дотор байр эзэлдэг Токио, Хонгконг, Сингапурын туршлагыг хэрэгжүүлэх, зогс шугам дээр ялгавартай зогсоох. Ингэснээрээ уулзвар дээрхи автомашины ачаалал саарна.

•    Секундын заалттай гэрлэн дохиогоор одоо байгаа гэрлэн дохиог шинэчилэх. Ингэснээрээ гэрэл дохио зөрчих, гэрэлд  дохион дээр сигналдах гэх мэт цаг хугацааны  хүлээлт, хоцрогдол гарахгүй байх боломжтой юм. Үүнийгээ дагаад осол зөрчил ч буурна.

•   Уулзваруудын гэрлэн дохиог  автомашины ачааллаас хамааран солигдож байх мэдрэгчтэй гэрлэн дохионы технологийг суурилуулах.

•    Зорчих хэсэг дээр ямар ч тохиолдолд тээврийн хэрэгсэл зогсохгүй байхаар хуульчилж мөрдүүлэх гэх мэт.

•  Цуваанд зогсож байгаа автомашинуудын хоорондын зайг хуульчилж тогтоож өгсөн АНУ-ын туршлагыг хэрэгжүүлэхгүй бол түгжрэлд зогсож байгаа жолооч нар автомашин хоорондын зайг дураар сонгосноор авто зам бүрэн ашиглагдахгүй өнөө л хоосон орон зай үүсээд байна.

Улаанбаатар хотын хүн амын нягтрал суурьшил, ажил хөдөлмөр эрхлэлт, амьдарч байгаа байр орон сууцны байршил төвлөрөл, тээврийн хэрэгслэлүүдийн төрөл тоо гэх мэт, "түгжрэл" ийн шалтгаан бий болгож байгаа олон үзүүлэлтүүдийн талаар статистик судалгааг тодорхой аргачлалын дагуу хийх эрдэмтэн судлаачдын баг бүрдүүлж энэ бүх ажлуудыг зохион байгуулах хэрэгтэй.

Гадаадын өндөр хөгжилтэй орнуудад  авто замын чиглэлээр сайн мэргэжил эзэмшин олон улсын болон тухайн улс орнуудын түвшинд үнэлэгдэн ажиллаж яваа олон монгол залуус бий. Тэдгээр залуусыг олж  мэдлэг чадвар боломжийг Монгол орныхоо хөгжил  дэвшилд ашиглах чин хүсэл байдгийг хэлмээр санагдав.                                                                                                                                        
Та мэдээнд саналаа өгсөн байна
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан
...