Дуучин BX: Жаахан амарчихвал хоолойны сөөнгө маань арилчихна
Дуучин BX ирэх сарын 2, 3-ны 19 цагт UB паласын концертын их танхимд өөрийн хоёрдахь бие даасан “Who is BX” тоглолтоо хийх гэж байгаа. BX энэ тоглолтоосоо өмнө “Зөв бай” шинэ цомгоо худалдаанд гаргасан. Түүний урын санд залуусын хүсэл эрмэлзэл, маргаашдаа итгэх итгэлийг хөглөсөн, тэдэнд урам зориг хайрласан дуунууд нэлээдгүй байдаг. Тэрээр энэ тоглолтоороо “My love”, “Sorrow” “Love song”, “100 хувь”, “Ийм нэгэн дурлал”, “Луйврын хот” киноны дуунуудаа шинэхэн хөгжмийн найруулгаар сонсогчдод хүргэх гэнэ. Тэрээр тоглолтдоо 25 дуу дуулах бөгөөд бүгдийг нь амьд хөгжимтэй дуулахаар өдөр бүр бэлтгэл хийж байгаа гэнэ. Энэ үдэш ВХ хуучны хит дуунуудаа шинэчилж, сонсогчдод хүргэх төдийгүй “Star Dance” цэнгээнт бүжгийн хамтлаг тоглолтыг бас нэгэн чимэг нь байх аж. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Оn’n off продакшн ажиллаж байгаа бөгөөд дуучин Quiza, Маралжингоо, Эгшиглэн нар ирж ая дуугаа өргөх юм байна. Сурлагаараа тэргүүлсэн 100 сурагч BX-ийн тоглолтыг үнэгүй үзэх боломжтой гэнэ. Хүүхдүүд тоглолт эхлэхээс 2 цагийн өмнө сурлагын дүнгээ тодорхойлох тодорхойлолттойгоо ирж бүртгүүлээд билетээ авч болох юм байна.
Дуучин BX: Жаахан амарчихвал хоолойны сөөнгө арилчихна
Энэ тоглолт өмнөх “My love” тоглолтоос чинь юугаараа онцлогтой вэ?
Пүрэвсүх ах маань тоглолтын хөгжмийн найруулгыг хийж гүйцэтгэж
байна. Түүний хувьд хүмүүсийн маш сайн “My
love” “Sorrow” “Ийм нэгэн дурлал”
“Чи хөөрхөн” “Who is BX” зэрэг
дуунуудын хөгжмийн найруулгыг хийсэн. Таван хөгжимчин ажиллаж байгаа. Бөмбөрчин,
бас, соль гитарчин байгаа. Бас өмнө нь тоглолтуудад тоглогдож байгаагүй саксфон
хөгжим тоглогдоно. Саксфон хөгжим тоглолтыг илүү тансаг болгох байх. Мэдээж
2008 онд би шинэхэн дуучин байлаа. Тайзан дээр яаж алхахаас эхлээд бүх зүйлийг
заалгаж байсан бол энэ удаа бүх зүйлээ өөрөө бие дааж хийж байгаа. Яаж өөрчлөгдсөнийг ирээд үзээрэй.
100 хүүхдэд үнэгүй үзүүлэх юм байна. Ямар шалгуураар үзүүлэх юм бэ?
Заавал 100 гэхгүй түүнээс олон хүүхдэд үзүүлэх бодолтой байна. Сургуульдаа сурлагаараа манлайлдаг хүүхдүүдийг тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө УБ паласт цуглахыг хүсч байна. Хүрч ирсэн тохиолдолд тоглолт зохион байгуулагчид бүртгэж авна. Энэ өдөр хүүхдүүдийн тоо 100 илүү гарах юм бол үлдсэн хүүхдүүд маргааш нь тоглолт үзэх боломжтой. Би тоглолтоороо залуусдаа үлгэр дууриал, хөрөнгө оруулалт хийе гэж бодож байгаа. Зөв оюунлаг хүүхдүүдийг дэмжье гэж бодсон юм.
Дуучин Агиймаа тоглолтонд оролцох уу?
Агиймаа маань бие давхар байгаа учраас оролцож чадахгүй.
Билет борлуулалт хэр байна вэ?
1000 билет зарагдчихсан байна. Манайхан тоглолт болдог өдрөө билетээ авдаг зуршилтай. Тэгэхээр тэр өдрөө авах байх. Өнөөдрөөс УБ паласын концертын их танхимд бэлтгэлээ хийж эхлээд байна.
Хоолой тань нилээн сөөсөн байна. Зүгээр үү?
Өчигдөр жаахан дуулаад. Жаахан нойр муу явна. Амраад зүгээр болчихно оо.
Т.Хулан