Найз охиноо 48 цаг зодож амь насанд нь халдсан байж болзошгүй хэргээр шалгагдаад байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал болж шийдвэрээ гаргав.
Г.Алтанхүүгийн хэрэг шүүх шударга гэдгийн баталгаа юу?
Найз охиноо 48 цаг зодож амь насанд нь халдсан байж болзошгүй хэргээр шалгагдаад байсан Г.Алтанхүүгийн шүүх хурал болж шийдвэрээ гаргав. Түүнд найз охиноо хөнөөгөөгүй харин зоддог байсан нь үнэн гэх үндэслэлээр шүүхээс 3 жилийн ял оноосон юм. Тэгвэл энэхүү мэдээллийг сонссон зарим хүмүүс ял завших гэдэг л энэ байна даа хэмээж бухимдлаа илэрхийлсээр байв. Гэвч учир мэдэх хүмүүс шүүх хэнээс ч хараат бус, шударга үнэн гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж өглөө гэж үзэж байна.
Г.Алтанхүүгийн тухайд хэрэг анх задрахад л олон нийтэд алуурчин мэтээр ойлгогдсон. Найз бүсгүйгээ олон цагийн турш тарчлаан зовоож хөнөөсөн хамгийн адгийн хэрэгтэн мэтээр яригдсан. Энэ хэрэгт энгийн иргэдээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл анхаарал хандуулсан. Хэргийн үнэн мөнийг олж, алуурчныг шийтгэх ёстой гэдгийг хууль шүүхийн байгууллагад хүртэл анхааруулсан. Ёстой л олон хүний нүд, чихээ сонортуулсан хэрэг байв.
Гэвч эцсийн дүнд шүүх Г.Алтанхүүг талийгаач Ц-гийн аминд хүрээгүй гэдгийг тогтоолоо. Маш олон хүний гайхшралыг төрүүлж, бухимдалд автуулах энэ шийдвэрийг шүүгч нарын зүгээс гаргалаа. Олон арван хүний нүдэн дээр, олон арван хүний чихэн дээр энэхүү шийдвэрээ уншиж танилцууллаа. Тэгвэл энэ шийдвэрийг шүүгчдийн зүгээс Г.Алтанхүүгийн тусын тулд гаргасан уу. Харамсалтай нь үгүй.
Учир нь тэдэнд хийгээгүй хэргийнх нь төлөө хүнийг яллах эрх байхгүй шүү дээ. Хэн ч тэднийг чичилж, наад хүнээ яллах хэрэгтэй гэж тушааж байсан ч тухайн хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх нь шүүгчийн үүрэг.
Эгдүүцлийг бий болгосон энэхүү шийдвэрээ гаргахдаа тэд бусдаар шүүмжлүүлж, хараалгаж зүхүүлэхээ мэдэж байсан. Гэсэн ч тэд өргөсөн тангарагтаа үнэнч, эцсийн дүнд шударга шүүх байдаг гэдгийг энэ хэргээр илчилж өгч байгааг учир мэдэх хэдхэн хүн анзаарсан гэлтэй.
Олон мянган хүний анхаарлын төвд байгаа энэ хэргийг төсөөлөхийн аргагүйгээр өөрчилж чадсан шүүхийг хэн нэгний харцаар хөдөлсөн гэж бодох хүн одоо ч байгаа байх.
Гэвч Ерөнхийлөгчөөс илүү ар талтай хүн гэж ховор биз ээ. Учир нь Ерөнхийлөгч хүртэл уг хэргийг анхааралтай ажиглаж байсан шүү дээ. Тиймээс асар олон хүний хараанд байсан, чих тавьж байсан, улсын тэргүүн нь хүртэл анхаарал хандуулж байсан уг хэрэг олон арван нотлох баримттайгаар шийдэгдсэн гэдэгт итгэлтэй байгаа юм.
Магадгүй энэ хэрэг дээр шүүх хэнээс ч хараат бусаар ажиллаж чадсан гэдгийг олон өнцөг гаргагч хүмүүсийн аль нэг "өнцөгт" багтсан биз ээ.
Ц.Алдармаа дээр шүүх энэрэнгүй гэдгээ харуулав уу?
Хошин урлагийн “Шинэ үе” продакшны жүжигчид болох Д.Оюунтуул, Ц.Алдармаа нар огцом түргэн уур, хорсол зэвүүцлээсээ болж нэгнээ буцлам халуун усаар түлсэн. Эмэгтэй хүмүүс, тэр дундаа үлгэр дуурайлал болж явдаг урлагийнхан нийгэмд ийм зүйл сонсгосон нь багагүй шүүмжлэлийг дагуулсан. Урлагийн алтан тайзнаа зэрэгцэн алхаж, зовлон жаргалаа хуваалцан ажиллаж хөдөлмөрлөж байсан тэдний хувьд хийсэн хэргийнхээ төлөө шүүхийн танхимд зогсоно гэдэг яахын аргагүй хүнд зүйл.
“Нэр хугарахаар яс хугар” гэгчээр нэр хүнд нь ч сэвтэж эхэлсэн. Нэгнээ ийн хохироосондоо чин сэтгэлээсээ гэмшсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж тэд уйлсан, шархалсан. Шүүхийн өмнө гэмээ наминчилж, нэгнийхээ хохирлыг барагдуулна гэж андгай тангараа өргөсөн. Мөн алдаагаа давтахгүйгээ хэлж, зохих шийтгэлээ ч хүлээхэд бэлэн гэдгээ өчсөн.
Тэгвэл шүүхээс тэдэнд ял, мөнгөн торгуулийг ч оноосон. Тодруулбал, Ц.Алдармаад эрүүгийн хуулийн 96.2.6-д зааснаар бусдын биед онц хэрцгий аргаар санаатайгаар гэмтэл учруулсан гэдэг үндэслэлээр 7 жил 10 хоногийн ял оноосон бол жүжигчин Д.Оюунтуулд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг долоо дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх 1.350.000 төгрөгийн торгууль ногдуулсан.
Гэхдээ давж заалдах шатны шүүхэд тэдний хэрэг өөрөөр шийдэгдэх байх гэж найдах хүн олон байсан юм. Магадгүй зарим хүмүүс тэднийг шийтгэж, ялыг нь эдлүүлэх хэрэгтэй гэж байсан ч нөгөө хэсэг нь арай өөрөөр хандаж байв.
Энэ бүхний дараа Давж заалдах шатны шүүх хурлын өмнөхөн "Шинэ үе" продакшнд дахин харамсалтай явдал тохиов. Дотны анд, чадварлаг ажилтнаа тэд цаг бусаар алдав.
Юун шүүх хурал, юун түлэгдэлт. Тэдэнд маш хүнд тусах нь ойлгомжтой. Монголын ард түмэнг дахин харуусуулсан уй гашуу болов. Энэ бүхний хажуугаар Ц.Алдармаа, Д.Оюунтуул нарт холбогдох шүүх хурал болов. Гэвч Ц.Алдармаа тэнсэрч, харин Д.Оюунтуулд үүссэн эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнд ямар нэгэн ял, шийтгэл оногдуулаагүй юм.
Хамгийн сонирхолтой нь энэ шийдвэрийн дараа иргэд Шүүх рүү дайрах биш энэрэнгүй байлаа гэцгээж байв. Үнэхээр шүүх энэрэнгүй байх ёстой. Үүнийгээ ч эл хэрэг дээр харуулж чадсан гэж учир мэдэх хүмүүс хэлж байна.
Ийн шүүхийн шударга, энэрэнгүй байх зарчмыг дээрх хоёр хэргээс тод томруун харж болох талтай. Магадгүй та бидэнтэй санал нийлэхгүй байж болох ч энд хэн нэгэний захиалгаар, шүүхийн талд илт давуугаар үйлчилсэн зүйл байхгүй гэдгийг онцлон мэдэгдэе.
Сэтгүүлч хардах, санал бодлоо дэвшүүлэх, анализ дүгнэлт хийх бүрэн эрхтэй.
24tsag.mn
Сэтгэгдэл (18)