Зарлагдсан ханш USD 1963.56
Улаанбаатар
Өнөөдөр / 2015.07.01
23
Өдөртөө
10
Шөнөдөө

Дэлхийг эзэлсэн долларын илбэ

2012 оны 3 сарын 7

   2009 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал өнгөрсөн зууны 30-аад оны их уналтын үеэс хойшхи хамгийн ноцтой хямрал мөн гэж Америкийн санхүүчид мэдэгдэж, АНУ-ын долларын ханш цаашид унана хэмээн анхааруулж байжээ.

   Ам.долларын ханш унахын хэрээр түүнээс уяатай монгол төгрөг хамт унаж, бидэнд Оросоос авах бензин, Хятадаас зөөх бараа улам үнэтэй болж, Европ руу аялж жуулчлах хүн нүдний гэм боллоо. Монголбанкны төгрөгийг ам.доллараас уях бодлогоос болж бид үйлдвэрлэсэн бараагаа ханш унасан доллараар үнэлж экспортолж, түүгээрээ цөөхөн юань авч, өнөө зоосондоо тааруулж багахан бараа татаж, ингээд манай гудамжинд бидний хувьд юмны үнэ эцэс нь харагдахгүй нэмэгдэж байна. Төгрөгийн ханш уналтаас болж авдаг цалингийн тоо нь хэвээрээ ч түүгээр авч чадах зүйл багасч байна. Мөнгө нь ханш чангатай хятад, орос, солонгосуудын хувьд Улаанбаатарт шопинг хийж, үл хөдлөх хөрөнгө авбал хамгийн ашигтай цаг байна. Ам.долларын ханш цаашид унах уу, америкчууд зориуд унагаад байгаа юм биш биз гэсэн хардлага төрсөөр байна. “Бүхнийг чадагч” Долларын систем бол ер бусын бүтээл бөгөөд АНУ манай гаригийг удирдах хүчтэй зэвсэг болгож чадсан юм. Америкчууд өөрсдийн санхүүгийн гол асуудлуудаа яаж шийдсэн тухай өгүүлэхийг хичээе.
Хувийн банкууд ам.долларыг хэвлэдэг

   Де-факто гэвэл АНУ 1907 оныг хүртэл мөнгөний нэгдсэн системгүй байсан. Америкийн гүйлгээнд алт, мөнгө болон тэдгээрийг хадгалах сертификат, нэр хүндтэй банкуудын банкнотууд, зарим мужийн сан хөмрөгийн өрийн бичгүүд, фунт стерлинг эргэлдэж байлаа. 1907 онд Америкт эдийн засгийн анхны том хямрал дэгдсэн юм. Янкууд маш сонин нөхцөл байдалтай тулгарчээ.

   Үйлдвэрлэлд шаардлагатай бүх зүйлтэй, борлуулалтын асар өргөн зах зээлтэй, америкчуудын худалдан авах чадвар өндөр. Гэтэл эргэлтийн хөрөнгө хүрэлцэхээ больжээ. Тэгэхэд энэ үйлдвэрлэлийн дутуу санхүүжилтийн хямралыг алдарт магнат Ж.П.Морганы ачаар давсан байна. Морган АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр хувиасаа асар их хэмжээний мөнгийг компаниудын хувьцааны курсийг дэмжихэд зориулж, бас том мужуудад зээл өгчээ. Үүний дараа үндэсний санхүүг атгадаг томчуул болох Ж.П.Морган, Жон Д.Рокфеллер, Шифф, Кун, Лееб, Ротшильд, Лазаров нарын хүмүүс зөвлөл байгуулж, улмаар Холбооны нөөцийн системийг байгуулах төсөл бэлджээ.

   Зургаан жил маргаж, дахин боловсруулсны эцэст түүнийг Сенат ба Конгресс хүлээн авч, Ерөнхийлөгч гарын үсэг зурлаа. Ингээд дэлхийд огт байгаагүй, одоо хүртэл өөр хаа ч үүсээгүй систем бий болжээ. Хувийн банкуудын нийгэмлэг төрөөс цаасан мөнгө гаргах эрх авчээ. Эмиссийн орлого гэсэн нэг ойлголт байдаг. Банкууд доллар хэвлэж эргэлтэд оруулдаг, зээл өгдөг. Өөрөөр хэлбэл доллар үйлдвэрлэсний төлөө төр тэдэнд өртэй үлддэг. Санхүүчид зээл ба долларын эргэлтээс мөнгө олдог. Энэ бол өөр хаа ч байхгүй үзэгдэл. Дэлхийн өөр ямар ч хувийн банк эмиссийн орлого олох эрхгүй. Өөрөөр хэлбэл АНУ-ын банкууд гол зүйл буюу санхүүгийн хүрээнд төр засгийнхаа тэгш эрхтэй түнш болжээ. Төр өөрийн үүргээ хэрэгжүүлж, алтан баталгаа гаргаж өгч байв. Жишээлбэл “Чейз Манхэттэн банк” нь эдийн засгийн хэрэгцээнд зориулж 100.000 ам.доллар хэвлэхэд төр энэ зуун мянгыг худалдан авч, тэдгээрийг нь тухайн үед алт ба төрөөс баталгаажсан үнэт цаасууд, төсвийн орлогоор хангаж өгдөг байжээ. Иймээс тэр үед доллартай хүн түүнээ алтаар сольж болох байв.

   Энэ бүхэн ганц л зарчим дээр үндэслэжээ. Бүх хүмүүс цаасан мөнгөө шар металлаар нэгэн зэрэг солино гэж хэзээ ч байхгүй. Ийм учраас тухайн үед сан хөмрөгт хадгалагдаж байсан алтнаас 2,5 дахин их доллар хэвлэжээ.

   Ийм системээр тэжээгдсэн Америкийн эдийн засаг иссэн гурил мэт хөөж, өсч дэвжиж байлаа. Иймээс дэлхийн I дайн дэгдэхэд хүчин төгөлдөр бэлэн мөнгөтэй, эргэлтийн хөрөнгө хүрэлцээтэй Америк дайнд бэлэн байлаа. Америкчууд эхлээд харзнав. Англичууд, оросууд болон францчууд цусаа гол мэт урсгаж, улмаар германчуудыг цохиж дуусахын алдад 1917 онд АНУ сүртэй гэгч нь дайнд орж шуурхай дуусгав.

   1919 онд Герман улс Версалийн гэрээнд гарын үсэг зурж, агуу эзэнт гүрнээс сул дорой Веймарын улс болон хувирлаа. Ялагчид Германы алтны бүх нөөцийг авч, үйлдвэрлэлийн дүүргүүдийг албадан хавсаргаж, германчуудад дааж давшгүй дайны төлбөр оноож, Германаас бүх үнэт нөөцийг хайр найргүй зөөн гаргажээ. Веймарын Германд аймшигтай санхүүгийн хямрал болж, юмны үнэ ганцхан өдөр хэдэн зуун хувь өөрчлөгдөн талх л гэхэд хэдэн сая маркийн үнэ хүрэв. 1920-иод онд АНУ мандан бадарч байв.

   Манай гаригийн алтны нөөцийн 40 хувь тэдний гарт оржээ. Эхлээд франкийг буулгаж авлаа. Харин фунтын ард өөрийн колониудад Америкийн барааг оруулахыг хориглож байсан асар том колони бүхий Их Британийн эзэнт гүрэн байлаа. Энэ нь Америкийн санхүүчдэд таалагдсангүй.

   1929 оны эдийн засгийн их хямрал дэгдлээ. Зарим нь зориуд дэгдээсэн гэдэг. Эхлээд бирж дээр хувьцааны үнэ унав. Хэрэв ханш, үнэлгээ унавал хүмүүсийн хадгаламж шатаж, байгууллагаас их зээл авч чадахгүй байх ёстой. Гэтэл 1929 онд бүгд эсрэгээр болсон аж. Уг нь эхлээд заводууд зогсож, дараа нь бирж дээр сүйрэл болдог байтал харин эсрэгээр эхлээд биржээр нэг үймээн сандраан дэгдэж, тэгээд дараа нь үйлдвэрлэл зогсов. Тэгэхээр бүх зүйл биржээс эхэлсэн тул энэ үйл явдлыг цаанаас удирдсан гэсэн үг гэж үзэж байна.

   Тэдгээр он жилүүдэд АНУ фунтыг буулган авч, том амжилт олов. 1931 онд эдийн засгийн хямрал ба дайны хүнд өр төлбөрөөс болоод англичууд өөрийн валютын алтан баталгаанаас татгалзав. Дэлхий дахин фунтыг орхиж, Европ руу бөөнөөр урсан ирж буй долларыг худалдаж авч эхэллээ. Доллар ийнхүү дэлхийн хамгийн хүчирхэг валют боллоо.

Ам.доллар “биегүй” болов


   1934 онд тэд дотооддоо (гадаадынхыг хэвээр үлдээж) долларын конвертацийг халав. Одоо америк хүн доллараа алтны нөөцөөр сольж чадахаа больсон тул долларыг хэд л хэрэгтэй, тэр хэмжээгээр хэвлэдэг болжээ. Доллар үнийн хэмжүүр гэхээсээ төлбөрийн хэрэгсэл боллоо.

   Энд хоёр асуудлыг нэгэн зэрэг шийдсэн байна.

   Нэг талаас санхүүчид хямралаар дамжуулан дэлхийг удирдахад тохируулан долларыг зохицуулсан.
Нөгөөтэйгүүр Рузвельтийн тодорхой төлөвлөгөөт эдийн засгийн систем нь долларыг нарийн зохицуулах боломж өгчээ.

   Ийнхүү мөнгөний массын хэмжээг тооцоолох тэгшитгэл буюу Кейнсийн алдарт онол хэрэгжжээ. Тэр үед Оросоос Леонтьев очиж, Америкийн эдийн засагт салбар хоорондын балансыг тооцоолж өглөө.

   Америкчууд дэлхийг удирдаж болно, гагцхүү чадварлаг удирдахын тулд нарийн тооцоолох ёстой гэж итгэж байв. Яахав, зах зээл байж л байг, гэхдээ зөвхөн тэр доор. Кока кола ямар үнэтэй байх нь төрд огт хамаа алга. Харин хэдэн доллар эргэлтэд байхыг бид маш хатуу чанд төлөвлөнө гэж Холбооны нөөц үзжээ.

Ам.долларын насос

Америкчууд дэлхийн II дайны “ачаар” дэлхий даяар ялалт байгуулав. Америкчууд 1944 онд Бреттон-Вудсийн санхүүгийн системийг байгуулснаар ам.долларыг дэлхийн ноёрхлын оргилд гаргаж ирлээ. Тэд бусад орны үндэсний валютуудыг алттай уялдуулж, тэдгээр валютаа доллартай уяв. Тэгэхдээ Америк дотроо хөрвөх чадваргүй болсон долларт шүү.

   Их Британи болон түүний колониудад Америкийн хүчирхэг арми байрлаж байсан тул англичууд зөвшөөрлөө. Өөр арга байсангүй. АНУ Маршаллын төлөвлөгөөг хэрэгжүүлэхдээ айсангүй. Баруун Европт асар их хэмжээний тусламж үзүүлэв. Учир нь Европт хэн ч байсан жаахан илүүдэл юм гарвал ам.доллар болгох гэж гүйдэг болов. Харин АНУ-д эдгээр долларыг хэвлэж, түүнийхээ тусламжтайгаар Америк руу дэлхий дахины хамаг шилдэг бүхнийг сорж эхэлжээ.

   Ам.доллар дэлхийн валютын оргилд гарах гурав дахь үе шат 1971 онд эхлэв. Тэр үед дэлхийн эдийн засгийн тавцанд АНУ-ын хүчтэй өрсөлдөгчид Япон, Баруун Европ гарч ирлээ. Харин америкчууд бас нэгэн зоригтой алхам буюу “Никсоны хувьсгал” хийж, АНУ долларын алтан эквивалентаас бүрмөсөн татгалзав. Энэ нь доллар үүнээс хойш өөртэй нь уялдахаас өөр аргагүй, бусад валютаас өөр юугаар ч солигдохгүй гэсэн үг.

   Холбооны нөөцийн систем хэрэгтэй гэсэн үедээ доллараа хэвлэдэг. Хэрэв бусад валют доллартай уялдаатай бол доллар зөвхөн тухайн үеийн улс төр, засагтай уялддаг. Харин энэ эрх мэдэл нь АНУ-д байгаа. Дэлхийн хэмжээнд байгаа долларын жин Америкийн дур зоргоос, мөн түүний дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас хамаардаг боллоо. Ам.доллар алтан нөөцтэй, эдийн засгийн бодит байдалтай холбогдох холбоогоо алдаж, одоо тэр цэвэр эрх мэдэл хүч болжээ. Өөрөөр хэлбэл дэлхийг захирах эрх мэдлийн эквивалент.

   Энэ үеэс эхлээд АНУ-ын хэрэглээний хэмжээ, хөрөнгө оруулалт ба хуримтлал юунд ч уялдаа холбоотой байхаа болив. Өмнө нь эдгээр үзүүлэлтүүд үйлдвэрлэлээс хамаарч байв. Гэтэл одоо Америкийн амьдралын түвшин түүний хөдөлмөрийн бүтээмж, үйлдвэрлэлийн амжилтаас ямар ч хамааралгүй. Тэд долларын коммунизм байгуулжээ. “Бид дэлхийд чадах чинээгээрээ өгч, харин хэрэгцээнийхээ хэрээр авна” гэх болжээ. Үүний дүнд 1990-ээд онд АНУ дэлхийн хүн амын ердөө таван хувийг эзэлдэг ч манай гаригийн үйлдвэрлэдэг, олборлодог нөөцийн 40 хувийг шингээж байлаа. Япон, европ, арабууд өөрсдийн ажиллаж олсон долларуудаа хэнд ч хэрэггүй цаас болгож хувиргахгүйн тулд Америкийн банкууд руу хүү авах гэж аваачдаг. Ингэж тэд АНУ-ын эдийн засгийн хамгийн том хөрөнгө оруулагчид болон хувирчээ.

   Чухам тэр үеэс Америкийн төр ба корпорациуд өр тавин амьдарч эхэлжээ. Одоо АНУ ухаан алдмаар их тоо буюу 13 триллион ам.долларын өртэй. Манай гариг бүхэлдээ ажил хийж, хөдөлмөрлөн, тэдэнд зээлдүүлэх ажил хийж байна.

Р.Рейганы хувьсгал

   1980-аад онд Америкт эдийн засгийн гэхээсээ үзэл суртлын шинжтэй Рейганы хувьсгал эхэллээ. Р.Рейган америкчуудад өөртөө итгэх итгэлийг буцааж авчирсан юм. Рейганы үед Кейнсээс монетаризм руу, цэвэр мөнгөний хөшүүргээр удирдахад шилжсэн. Нийгэмд хичнээн мөнгө хэрэгтэйг нарийн тооцож байв. Нийгмийг урьдаас төлөвлөж мэдэж болохоор тул Р.Рейган санхүүчдэд алдаагаа багасгах, эдийн засгийн үзүүлэлтүүдийг итгэлтэй тооцох боломж өгсөн. Алдаа бага тул доллар Америкийн эдийн засгийн хэрэгцээнд илүү нарийвчлалтай зохицож, АНУ-аар дамжуулан дэлхийн эдийн засаг дээшиллээ.

   1980-аад онд америкчуудын өмнө шинэ зорилго гарч ирлээ. Долларыг нэгмөсөн дэлхийн валют болгох. Янкууд доллараар бусад орноос эд баялгийг авч, харин ам.доллар эдгээр орноос буцаад АНУ-ын банкууд руу очиж байв. Иймээс эдгээр долларыг ямар нэг байдлаар холбох хэрэгтэй байлаа.

   Тэд нэг арга олсон. “Клинтоны хувьсгал”. Энэ нь шинэ эдийн засаг буюу интернэтийн эдийн засаг, программ хангамж, венчурын сангууд. Эдгээр нь тодорхой үйлдвэрлэл бус харин шинэ санаа, удахгүй ашиг олох магадлалтай ирээдүйн зах зээлийн хувьцаа гаргадаг. Шинэ эдийн засаг гэх учир нь уламжлалт бараа солилцоо, үйлчилгээний эдийн засгаас гадна мэдээллийг эдийн засгийн харилцаанд оруулсан дэвшил байлаа.

XX зууны сүүлийн үеийн Америкийн суут ажиллагаа болох “шинэ эдийн засаг” долларын ялалтыг улам бататгав.

  Зарчмын хувьд бүх зүйл маш энгийн. Даяарчлагдсан дэлхийд асар их “ногоон” бий болсон. Ам.долларыг үнэгүйдүүлэхгүйгээр тэднийг яаж холбох вэ? Америкчууд интернэт эдийн засгаа сурталчилж, нэг доллар оруулсан нь зууг олно гэж магтав. Хувьцааны үнэ зүүдэнд оромгүй асар их өсч, дэлхийн өнцөг булан бүрээс тэрбум, тэрбум ам.доллар АНУ руу цутгаж байлаа. Шинэ эдийн засаг ирээдүйд чиглэж, хүлээлт зардаг. Итгэл найдварыг капиталжуулдаг. Хийгдээгүй төслүүдэд мөнгө хуримтлуулдаг.

   2001 онд шинэ эдийн засаг нь АНУ-ын хөрөнгө оруулалтын зах зээлийн дөрөвний нэгийг эзэлж байв. Шинэ эдийн засаг дэлхийг кабелийн утсууд, хиймэл дагуулын сувгууд, гар утсаар хучлаа. Хүн төрөлхтний түүхэнд анх удаа эрдэм шинжилгээний ажил, туршилт, зохион бүтээгчдийн бүтээл, харилцааны ба мэдээллийн технологийн салбарт хязгааргүй санхүүжилт орж ирлээ.

   Холбооны нөөцийн сан нь тэрбум тэрбумаар шинэ долларуудыг хэвлэн гаргаж, эдгээр мөнгөөрөө түүхий эд, шинэ технологи, шилдэг техник, мэргэжилтнүүд, чухал байгууллагуудын хяналт зэрэг АНУ-д хэрэгтэй шилдэг гэсэн бүхнийг худалдан авч байна.

Санхүүгийн алхими

   1990-ээд оноос мөнгөний массыг холбох өөр арга гарч ирснээр ам.долларын системийг ухамсрын, нейро эдийн засгийн анхдагч гэж үзэж болохоор боллоо. Бусад улсын валют, үнэт цаас, хувьцааг болон хараахан гараагүй байгаа хувьцааг худалдан авах эрх, жилийн дараа үйлдвэрлэх барааг авах зэрэг зөвхөн хүний бодол төсөөлөлд байгаа юмыг эзэмших эрхийг худалдаж авч эхлэв. Мөнгөөр мөнгө хийх, ямар ч бараа, үйлчилгээгүйгээр мөнгө хийх эдийн засагт хувьцаа, үнэт цаасны үнэ нь бодит үйлдвэр, байгууллагын ашиг, дивиденд зэргээс хамаарахгүй. Жорж Соросын хэлснээр санхүүгийн алхими юм.

   Хий хоосон мөрөөдөл нь бодит амьдралаас илүү бодитой болчихдог юм. Зөвхөн ийм гаж ертөнцөд л 2008 онд нефтийн хямрал гарах боломжтой. Нефтийн үнэ өссөн нь манай гаригийн гэнэтийн хүйтрэлтээс болоогүй. Түүхий эдийн олборлолт ганцхан хормын дотор эрс буураагүй. Үнэ өссөн шалтгаан нь бирж дээрх дамын наймаачид фьючерс буюу ирээдүйд нийлүүлэх бөөний нефтийн гэрээг улам бүр илүү их өндөр үнээр худалдаж авдаг болсноос л тэр. Ийнхүү хийсвэрлэлийн туйл болж, ямар ч бодит үндэслэлгүйгээр хямрал үүссэн.

   Энд мэдээллийг хянадаг хүмүүс бүхнийг захирдаг. Энд хамгийн хөгжингүй улсыг ч сүйрлийн ирмэг дээр байгаа мэт үзүүлж, баасыг ч алт болгож харуулж чадна. Бирж дээр биет юмсаар бус харин абстракт тэмдгээр тоглодог. Хувьцааг бус харин тэдгээрийн үүсгэмлийг зарж байна. Цаасыг өөр цаасаар худалдаж байна.

Дүгнэлт

   13 центийн өртөгтэй хэвлэгддэг ам.долларын зуутын ногоон цаасаар дэлхийн аль ч өнцөгт 100 долларын өртөг шингэсэн баялгийг, хөдөлмөрийг худалдаж авч байна. Америкууд бидэнд 13 цент хэвлэж өгөөд 100 ам.долларыг маань авчихаж байна гэсэн үг. Тэр бүү хэл эдгээр доллар нэртэй цаасууд буцаад хэвлэсэн газар луугаа очихоо больж, нутгийн зах зээл дээр тухайн улсын валюттай өрсөлдөж, түүнийг түрэн шахаж байна.

   Америкчууд өөрсдийн санхүүгийн гол асуудлуудаа шийджээ. Нэгдүгээрт, өдөр тутмын, урсгал хэрэгцээний эх булагтай болж, хоёрдугаарт “шинэ эдийн засаг” буюу ирээдүйн эдийн засгийн хязгааргүй санхүүжилтийг бодож олжээ. Эцэст нь виртуаль эдийн засаг хэмээх “хогийн сав”-ыг бүтээжээ. Одоо илүүдэл ам.доллараа ханшийг нь унаган шатааж байна. Энэ америкчууд юу хийгээд байна даа?

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зарын булан