Японы мэргэжлийн сумо бөхийн Хару башё өчигдөр өндөрлөлөө. Хакухо Хару башёд 14 даваа, нэг унаатай түрүүлснээр өөрийн тогтоосон шинэ дээд амжилтыг эвдэж чадлаа. Их аварга Хакухо М.Даваажаргал ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржийг ялснаар эзэн хааны цомыг 34 дэх удаагаа авч байна.
Энэ башё монголчуудын хувьд тун сонирхолтой болж өндөрлөлөө. Учир нь сумогийн түүхэнд монгол хүн рекорд эвдсэний дараа дараагийн монгол аварга хэн болох вэ гэсэн хүлээлт олон нийтийн дунд үүслээ. Өөрөөр хэлбэл Японы үндэсний бөхөд Монголын дөрвөн аварга төрөн гарсан. Харин Монголын тав дахь аваргын сураг энэ башёгоос яригдаж эхэллээ.
Монголын дараагийн ёкозуна хэн бэ? гэсэн асуултад монголчууд таамаглал дэвшүүлэн хариулахыг хүсч байна. Энэ асуултад дараах хоёр хувилбараас хариултыг сонгоно.
А. Сэкивакэ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
Б. Сэкивакэ Ичиножо А.Ичинноров
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ
Хару башёд их аваргын араас нэхэж явсан сэкивака Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ 15 дахь өдрийн барилдаанд озэки Гоёодог ялж, 13 даваатайгаар башёг дуусгалаа. Хэрэв Хакухо М.Даваажаргал сүүлийн барилдаандаа өвдөг шороодсон бол их аварга болон Тэрүнофүжи нарын хооронд нэмэлт барилдаан гарах байсан юм.
Г.Ган-Эрдэнэ 24 настай бөгөөд мэргэжлийн сумод орсноосоо хойш 16 башёгийн дараа буюу 2014 оны есдүгээр сард анх дээд зиндаанд элсэн орсон юм. Дээд зиндаанд гуравхан башё барилдаж маэгаширагийн нэгд бичигдсэн, озэки цолтой бөхтэй анх удаа таарч барилдахдаа давсан нь мэргэжилтнүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж байсан юм. Тэрээр их аварга Хакухотой хамтарсан бэлтгэл хийхдээ ёкозунаг хоёр удаа давж байжээ. Их аваргууд хамтарсан бэлтгэл дээр ч залуу бөхчүүд болон том цолтой бөхчүүдэд бараг унадаггүй билээ.
Сэкивакэ Ичиножо А.Ичинноров
Үлэмж бие, хүч чадал, эв хаваа гайхуулан, зиндаа дээш бөхчүүдээ ээлж дараалан өвдөг шороодуулж, жилийн дотор макүшита зиндаанаас макүүчи хүртэл дэвшсэн А.Ичинноровыг япончууд “Монголын мангас” хэмээн нэрлэдэг. Өдгөө 22 настай тэрбээр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн бөгөөд Монголын анхны малчин сумо гэдгээрээ онцлогтой. Бусад сумочид мэргэжлийн сумод орсны эхний жил туршлага хуримтлуулдаг бол Ичиножо нэгхэн жилийн дотор том амжилтад хүрсэн юм. Тэрээр энэ онд ямар амжилт гаргахыг зорьж буй тухай асуухад “Би 2015 онд 22 нас хүрнэ. Их аварга Хакүхо миний мөрөөдлийн бөх байсаар ирсэн. Тэр 22 настайдаа ёкозуна цол хүртсэн. Би өөртөө том зорилго тавьж, том барилдана” хэмээн итгэл дүүрэн хариулсан юм.
Та нүүрний баясгалантай хоёр монгол бөхийн хэн нь Монголын тав дахь ёкозуна хэмээн таамаглаж байна?
Д.Үжин
www.24tsag.mn
Сэтгэгдэл (14)