-Амиа егүүтгэсэн залуус ИЗИС-ын дөрөвдүгээр курсын оюутнууд-
Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байрлах нэгэн зочид буудлаас хоёр оюутны цогцос олдсон талаарх мэдээлэл нийгмийг цочроосон. Хоёр оюутны хувьд ИЗИС-ын Хуулийн сургуулийн дөрөвдүгээр курсын оюутнууд гэдгийг эх сурвалж мэдээлж байна.
Хэргийн мөрөөр сурвалжлахаар бид ИЗИС-ыг зорьсон юм. Сургуулийн удирдах албан тушаалтнуудын зүгээс уг хэрэг дээр тодорхой байр суурийг илэрхийлэхгүй гэдэг байр суурьтай байна. Тэд амиа хорлосон оюутнуудан ар гэрийнхэнд харамсал илэрхийлж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад шалгагдаж, мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учир нэмэлт мэдээллийг өгөх боломжгүй хэмээн учирласан юм.
Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар уг оюутнууд цэргийн баяраа тэмдэглэж яваад ийн амиа алдсан байх магадлалтай аж.
-Зочид буудлын зүгээс цагдаагийн байгууллагад холбогдох мэдээллүүдийг өгчээ-
Улмаар манай сурвалжлах баг оюутнуудын амиа егүүтгэсэн гэх “Т” зочид буудлыг зорьж, холбогдох албаныхантай уулзаж нэмэлт зүйлийг тодруулах гэсэн боловч “Уг оюутнууд архидан согтуурч, хоорондоо маргалдсан зүйл огт байхгүй. Хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа зүйлийг хуулийн байгууллагаас л асуу” гэх тайлбарыг өглөө.
Оюутнуудын амиа алдсан зочид буудлын хувьд хоногийн 30-50 мянган төгрөгний үнэтэй. Үйлчлүүлэгчдийнхээ нэр, хаяг, утасны дугаар, бичиг баримтыг нь бүртгэж оруулдаг газар юм байна. Биднийг очиход тухайн үед гарч байсан ресепшн амарч байсан бөгөөд ээлжний ресепшнийх нь зүгээс хэргийн талаар мэдээлэл өгөхгүй гэдгээ хэллээ.
“Т” гэх эл зочид буудалд гурван ресепшн ээлжлэн гардаг бөгөөд оюутнуудыг хоноглох үед авсан бүртгэл, холбогдох мэдээллийн талаар цагдаагийн байгууллагад байцаалт өгөөд байгаа аж.
Уг зочид буудлын хувьд камержилт сайн, коридор хүнсний дэлгүүрийн орчмыг бүрэн камержуулсан байсныг энд дурдах нь зүйтэй биз ээ.
-ЦЕГ: 21, 23 настай залуус амиа егүүтгэсэн байдалтай олдсон-
Хэргийн талаар цагдаагийн байгууллагаас зарим зүйлийг тодруулахад “БЗД-ийн долдугаар хороо “Т” нэртэй зочид буудалд энэ сарын 19-ний өдрийн 12:50 цагт дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн бүрэлдэхүүн шинжээч эмч нар хэргийн газар очсон. Ингэхэд 21 настай эрэгтэй А, 23 настай эрэгтэй Б нар амиа егүүтгэсэн байдалтай олдсон. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна” гэв.
Тэд 1994, 1992 оны залуучууд байжээ.
-Залуус нас барахаасаа өмнө эцэг, эхрүүгээ мессеж бичжээ-
Ингээд манай сурвалжлах баг ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож, холбогдох мэдээллийг авах гэсэн ч хүлээж аваагүй юм. Харин ойр тойрных нь эх сурвалжаас талийгаачдын талаар тодруулахад “21 настай эрэгтэй А гэгч нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд оршин суудаг байсан, 23 настай эрэгтэй Б-гийн хувьд Дунговь аймгийн Луус сумд ар гэрийнхэн нь оршин суудаг. Нас барахаасаа өмнө эцэг, эхрүүгээ амиа егүүтгэх гэж байгаа талаараа мессеж бичиж, гэрээслэл үлдээсэн. Мессежний учрыг олохоор байж байтал тун удалгүй цагдаагийн байгууллагаас холбогдсон. Амиа егүүтгэх хүүхэд биш” гэх мэдээллийг өглөө.
Дашрамд хэлэхэд, цагдаагийн байгууллагын нэмэлт эх сурвалжаас хэргийн талаар тодруулахад талийгаачдын амиа егүүтгэсэн зочид буудлын өрөөнөөс эд мөрийн баримтаар “I phone 6”, “Nokia” гар утас 2 ширхгийг хураан авсан гэв.
Талийгаачдын цогцсыг Шүүх шинжилгээний хүрээлэнд хүргэсэн бөгөөд ар гэрийнхэн нь Улаанбаатарт ирээд байгаа аж. Чухам юунаас болж амиа егүүтгэсэн талаар олж тогтоохоор цагдаагийн байгууллага мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (11)