Сонгууль дөхөөд ирэнгүүт улс төрийн шоуг улам сайн хийх гишүүдийн тоо өслөө. Сүүлийн үед эрхэм гишүүд ямаа самнаж, бүжиг бүжиглэж, эмнэлэг цэвэрлэж, хил манаж, суурин газар цас ухахаас эхлээд бараг хөдөө очиж малчидтай амьдрахаас бусдыг нь хийв. Энэ бол сонгууль дөхсөний илрэл. Бас популистуудын л хийж буй үйлдэл.
Олон түмнээс оноо цуглуулахын тулд, үр уршгийг нь бодохгүйгээр популизм хийж байгаа улсуудыг нэрлэвэл уртаас урт жагсаалт гарна. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ж.Батзанданг гэж хүмүүс ярьдаг.
Тэрбээр УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлаар хуулийн төсөл боловсруулж энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэх гэнэ.
Иргэд гишүүдийг чуулганы хуралдаанаас хоцорлоо, тасаллаа гэж үргэлж шүүмжилдэг. Харин УИХ-ын гишүүн Ж.Батзандан иргэдийн уг шүүмжлэл дээр оноо авахаар ажилласан нь энэ бололтой.
Тэрбээр уг хуулиндаа “УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанаас нэг минут хоцорвол 100 мянган төгрөг төлнө” гэсэн заалтыг оруулж өгчээ. Харин хуралдаан таслах болон согтуугаар чуулганы хуралдаанд суувал УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах юм байна.
Энэ бол гишүүдийг хариуцлагатай байлгах гэсэн сайн санаачилга. Гэхдээ нэн түрүүнд Ж.Батзандан гишүүнд хандан нэг зүйлийг хэлье. Та өөрийн толгой дээрх бухлыг анзаараагүй байж өрөөлийн толгой дээрх өвсийг олж харахаа болино уу.
УИХ-ын чуулганы хуралдаанд үргэлж хоцордог гишүүдийн тоонд та өөрөө ордог. Чуулганы хуралдаанаас хоцорсон шалтгаанаа тань шиг хачин зүйлээр тайлбарладаг гишүүн байхгүй. Жишээлбэл, өнгөрсөн хоёрдугаар сарын 18-ны 14.00 цагт зарлагдсан чуулганы хуралдаанд та 1 цаг 18 минут хоцорч ирсэн байна. Бас хоёрдугаар сарын 17-нд хуралдсан хуралдааныг тасалсан байх юм.
Ирцийнхээ мэдээллийг эндээс хар.
Нөгөөтэйгүүр өнгөрсөн гурван жил түүнээс ч өмнө УИХ-ын гишүүд чуулганы хуралдаанаас хоцордог л байсан. Түүнийг мэддэг мөртлөө заавал сонгуулийн өмнөх жил уг хуулийг санаачилсан нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Уг нь өнгөрсөн гурван жил уг хуулийн төслийг санаачилж, хэрэгжүүлээд үр дүнг нь үзэх боломж хангалттай байсан. Гэтэл гурван жил дуугүй явснаа гэнэт сонгуулийн өмнөх жил “УИХ-ын гишүүдийг эргүүлэн татдаг болно. Түүнийг нь би санаачилж байгаа” хэмээн ярьж яваа нь популизм шиг харагдаж байна.
Хэрвээ 2012 онд санаачилсан бол өөрөө ч энэ хуулиа хэрэгжүүлж чадахгүй төрхөмдөө буцах байдал бий болох байсан биз.
Ж.Батзандан гишүүнд “Хуулийн төслөө битгий өргөн бариач, татаач. УИХ-ын гишүүн УИХ-ын гишүүнийхээ эсрэг ажиллаж болохгүй” гэх шахалтууд их ирж байгаа гэнэ.
Гэхдээ би хувьдаа гишүүдийг ингэж хэлсэн гэхэд итгэхгүй байна.
Учир нь уг хуулийг хэлэлцсэн ч Байнгын хороон дээр унана. Тодруулбал, гишүүд уг хуулийн төслийг дэмжихгүй. Та ч өөрөө дэмжихгүйг нь сайн мэдэж байгаа. Хамгийн чухал нь дэмжих, дэмжихгүйдээ биш санаачилсан гэж харагдах нь таны шоуны нэг хэсэг ч байж болох юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (8)