Сөүлийн агаарын бохидол ихээр нэмэгдсэнээр оршин суугчдын эрүүл мэндэд ноцтойгоор заналхийлж эхэлжээ. Хятадаас дамжин ирсэн бохирдолтой агаараас гадна Өмнөд Солонгосын нүүрсээр ажилладаг үйлдвэрүүдийн бохирдол нь агаарын чанарт заналхийлж байна хэмээн тус улсын хэвлэлд бичсэн байна.
“Korea Herald” сонины бичсэнээр агаарын хэт их бохирдол нь Хан мөрний дээгүүр өтгөн манан үүсгэсэн байна. Үүнээс гадна Сөүлийн оршин суугчид хамгаалах маск зүүх ёстойг анхааруулсан байна. Учир нь 2012 онд Сөүл хотод нарийн ширхэгтэй тоос куб.метр тутамд 25.2 микрограм байсан нь ДЭМБ-ын аюулгүй гэж үзэх хязгаараас хоёр дахин илүү байсан аж. Гэвч одоо агаарын тоосжилт бүр их нэмэгдсэн тул удахгүй гамшгийн хэмжээнд хүрэх аюултай гэжээ.
Харин Солонгосын “KBS” агентлаг Монголын өмнөд хэсгийн цөл болон Хятадаас ирдэг шар тоос нь агаарын бохирдлыг хамгийн хортой хэлбэр юм гэж бичжээ. 2013 оны судалгааны дагуу энэхүү шар тоос Сөүл хотын агаарын бохирдлын 50 хувийг эзэлдэг гэсэн байна.
Хамгийн ноцтой нь дээрх хэвлэлүүд нүүрсээр галладаг үйлдвэрүүд энэ байдлаар ажилласаар байх юм бол тус улсад агаарын бохирдлоос болж амиа алдагсдын тоо 2021 он гэхэд 2800-д хүрнэ хэмээн бичиж байна.
Д.Идэр