Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх болон дугуй түгжихтэй холбоотой Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийвэр хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхэд хяналт шалгалт хийжээ.
Шалгалтад Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Засаг дарга, түүний тамгын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ болон тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх, дугуй түгжих үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд хамрагдсан байна.
Шалгалтаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь хууль тогтоомж зөрчиж, журам батлан гаргах замаар тээврийн хэрэгслийн дугуйг түгжих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгжүүдэд олгож, төлбөр хураалгасан нь тогтоогдсон байна.
Түүнчлэн Нийслэлийн Засаг дарга нь “Замын хөдөлгөөний удирдлагын төв” НӨҮГ-т хууль тогтоомж зөрчиж, тээврийн хэрэгслийг зөөж, шилжүүлэх үйл ажиллагааг явуулах, төлбөр хураамж авах эрх олгосон зэрэг зөрчил илэрчээ.
“Замын хөдөлгөөний удирдлагын төв” 2013-2014 онд 9230 тээврийн хэрэгслийг 70,000-80,000 төгрөгөөр зөөн шилжүүлж, 600 сая гаруй төгрөгний үйлчилгээний хураамжийг хууль бусаар хураан авч, нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ.
Харин энэхүү хууль бус үйлдлийг өнгөрсөн оны 11 дүгээр сараас 55,000 төгрөг байхаар тогтоож дээрх зөрчлийг арилгасан байна.
Нийслэлд тээврийн хэрэгслийг түр саатуулах байр байгуулж ажиллуулах, зориулалтын чирэгч, ачигч автомашинаар зөөж шилжүүлэх үйл ажиллагаа эрхлэх 15 аж ахуйн нэгж гэрээний дагуу үйл ажиллагаа явуулдаг аж.
Тэд өөрсдийн орлогын 10 хувийг нийслэлийн төрийн санд шилжүүлнэ гэж заасны дагуу өнгөрсөн онд 8448, энэ оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 3298 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж, нийт 200 гаруй сая төгрөгний орлого олжээ. Гэвч түүнийхээ 82 хувийг л нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн болох нь шалгалтаар тогтоогдсон байна.
Тиймээс ШӨХТГ-аас зөрчил гаргасан этгээдийн дээд шатны байгууллагад зөрчлийг арилгахыг үүрэг болгох саналыг хүргүүлсэн аж.
Мөн зөрчлийн шалтгаан нөхцлийг арилгах арга хэмжээ авах талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлэх, зөрчил гаргасан албан тушаалтнуудад өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл ногдуулахаар болсон байна.
Б.Энхжин
Сэтгэгдэл (6)