Сирийн босогчид мягмар гарагт ерөнхийлөгч Башар ал-Ассадын хяналт дор байгаа гол хотруу дайралт хийжээ. Босогчдын дайчид баруун хойд хэсэгт орших Идлиб хотыг бүсэлсэн бөгөөд их буу дуугарган дохио өгч оршин суугчдыг ирэх өдрүүдэд хотоос гарахгүй байхыг анхааруулсан байна.
Сөрөг хүчнийхэн Идлиб мужийн хөдөө нутгуудыг 2012 оноос хойш эзэлсэн боловч төв хотыг нь эзлэж чадахгүй байсан юм. Учир нь төв Идлибт ерөнхийлөгч Башар ал-Ассадын цэргийн хүчний томоохон хэсэг байршдаг юм.
Босогчид дайралт хийх болсон шалтгаанаа хариу дайралт хэмээн тайлбарласан байна. Тэдний мэдээлснээр засгийн газрын цэргүүд өнгөрсөн шөнө босогчдын эзэмшдэг Биниш тосгонд нисдэг тэрэгтэй халдаж оршин суугчдыг хлорын хийгээр хордуулсан байна. Үүний улмаас 30 хүний биеийн байдал эрс муудаж эмнэлэгт хэвтэж байгаа гэлээ. Энэ хэргээс өмнө мөн Ассадыг хорт хийн дайралт хийлээ хэмээн буруутгаж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Сармин тосгонд эрх баригч талынхан хорт хий ашиглан дайрснаар зургаан хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн аж.
Гэвч Дамаск эдгээр мэдээллүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Одоогийн байдлаар босогчид Идлиб хотын захуудад цэргүүдээ байршуулж бүсэлсэн байна. Мөн харуулын таван цэгийг эзэлсэн бөгөөд хотын хаалганд улам ойртож байгаа хэмээн эх сурвлаж мэдээлжээ. Босогчид дөрвөн байршлаас довтолж байгаа аж. Үүнээс гадна босогчдын хоёр цэрэг хотын ойролцоох засгийн газрын армийг онилон машинтайгаа хамт өөрийгөө дэлбэлсэн байна.
Хотын захын мөргөлдөөнд 15 энгийн иргэн гэмтэж бэртсэн гэлээ.
2011 оны гуравдугаар сард Сирид иргэний дайн эхэлснээс хойш 220 мянган хүн амиа алдсан юм. Шинэчлэлийг хүссэн олон арван мянган хүнийг хамарсан энхтайвны жагсаал Башар ал-Ассадын харгис засгийн газрын улмаас иргэний дайн болон хувирсан билээ.
Идлиб хотыг эзлэх оролдогын үеэр Башар ал-Ассад Дамаск хотод Иракын Гадаад хэргийн сайдтай уулзаж хоёр улсаа “Исламын улс” террорист бүлэглэлээс хэрхэн хамгаалах асуудлаар ярилцаж байна.
Д.Идэр
Ерөнхийлөгч Башар ал-Ассад нутаг нэгт босогчдын дайралтын үеэр хүний нутгийн хэт даврагсадтай хэрхэн тэмцэх асуудлыг Иракын Гадаад хэргийн сайдтай хэлэлцэж байна.
Сэтгэгдэл (1)