Өргөдлийн байнгын хорооныхон зүүн аймгуудаар ажлаад ирлээ. Тэд ард иргэдийн амьдрал хийгээд иргэдийн санал бодлыг сонсож, тулгамдаж байгаа асуудлынх нь хүрээд ярилцсан юм. Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Говьсүмбэр, Сайншанд, Чойр, Дорноговь, Замын-Үүд сумын засаг дарга, ИТХ-ынхан хийгээд иргэдтэй уулзаж санал бодлоо солилцож, тэдний өргөдөл гомдлыг хүлээж авч өөрсдийн ажлаа тайлагналаа.
Зүүн аймгуудын хувьд хамгийн их тулгамдаж байгаа асуудлаараа цэцэрлэг, сургууль, эмнэлгийг голчилж байв.
Харин УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн хувьд ард иргэдийн амьдрал, тулгамдаж байгаа асуудал, малчдын сэтгэгдлийг сонсож, дараачийн ажилдаа тусгахаа амласан юм.
“1000 сонсохоор нэг үз” гэдэгчлэн ард иргэдийн бодит амьдралтай нүүр тулж, санаа зовнисон асуудал, санал сэтгэгдлийг нь сонсож явж байгаа ажлынхан хэсгийнхэнд нутгийн иргэд талархалаа илэрхийлж байсныг энд онцлох нь зүйтэй биз ээ.
Дорноговь аймгаас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Гэвч Говьсүмбэр, Сайншанд сумын иргэд сонгогдсон гишүүндээ сэтгэл дундуур ард иргэдэд үйлчлэх ёстой эмнэлэг, сургуулийн нэн тулгамдсан асуудалтай байгаагаа бидэнд онцолж байв.
Өргөдлийн байнгын хорооны зүгээс Улаанбаатарын дүүргүүд хийгээд орон нутгуудад өргөдөл, гомдол санал хүсэлтийн хайрцгуудыг байрлуулсан. Өөрөөр хэлбэл, энэ хайрцагт хийсэн ямар ч өргөдөл Өргөдлийн байнгын хороонд шууд ирдэгээрээ онцлог юм байна.
Ажлын хэсгийнхэн хаагуур зочлов?
Говьсүмбэрийн засаг дарга & О.Баасанхүү
Говьсүмбэр аймгийн ИТХ-ын дарга хийгээд алба хаагчидтай уулзаж, хуралдав. Энэ үеэр О.Баасанхүү гишүүний зүгээс “Өргөдлийн байнгын хорооны хувьд хувийн болон нийтийн эрх ашигтай холбоотой өргөдөл их ирдэг. Хувийн эрх ашигтай холбоотой өргөдлийн хувьд хувь хүний захидал харицлааны нууцад хамаарах зүйл учир ил гаргаж, гомдлын талаар олон нийтэд мэдээлдэггүй. Харин нийтийн эрх ашигтай холбоотой асуудлаар зайлшгүй тухайн газар нь очиж судлах шаардлага гардаг. Өөрөөр хэлбэл, бидэнд удаа дараалан орон нутгийн сонгуулийн асуудлаар гомдол гарсан. Тодруулбал, орон нутгийн сонгууль 2012 оны аравдугаар сард болсон хэрнээ Говьсүмбэр аймагт өнөөдрийг хүртэл сонгуулийн маргаан дуусаагүй байна гэсэн гомдол ирсэн. Тиймээс бид энэ асуудлыг тодруулахаар явж байна. Энэ асуудлаар шүүхээр хүртэл шийдэгдсэн байсан ч өнөөдрийг хүртэл дахин сонгууль явагдахгүй байгаа талаарх мэдээлэл ирж байна. Хууль зөрчсөн гэмээр энэ зөрчлийг яагаад шийдвэрлэхгүй байгаа юм. Ирцээ бүрдүүлж, хурлынхаа товийг зарлах цаг болсон юм биш үү гэдгийг онцолмоор байна” гэв.
Харин Говьсүмбэр аймгийн засаг дарга н.Одсэрийн зүгээс О.Баасанхүү гишүүнд хандаж “Дээд шүүхийн шийдвэр 2013 оны арванхоёрдугаар сард гарсан. Энэ хооронд бид Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг зорьж Сонгуулийн хороонд зардал мөнгөө тусгуулах хүсэлтээ тавьсан. Сонгуулийн хуулийн дагуу 40 хувь нь сонгуулийн хорооноос, 60 хувийг орон нутгийн төсвөөс санхүүждэг. Энэ асуудлаа ч тавьсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард СЕХ-ноос 40 хувь ирсэн. Тиймээс орон нутгийн төсөвт 60 хувийн мөнгөө шаардсан. Гэвч МАН-аас уг төвсийг шүүхээр шийдвэрлүүлж байхгүй болгосон. Ийм маягаар цаг хугацаа өнгөрсөөр байсан. Дахиад л төсвөө батлуулсан. Ингээд төсвөө баталчихсан хурлын товоо гаргаад явж байгаа нь энэ. Хамгийн гол нь хуралд суух хүмүүс нь хуралдаа суухгүй, асуудал үүсгэж жагсаал цуглаан хийж явсаар байгаа. 14 удаагийн хуралд хоёрхон суусан төлөөлөгчид байгаа. 17 төлөөлөгчөөс 4 тойрог дээр нөхөн сонгууль явагдах ёстой” ийм тайлбарыг өгөв.
Сайншанд сумын иргэд, төлөөлөгчидтэй уулзаж санал гомдлыг нь биеэр уулзаж авав.
Сайншандын иргэд ураны асуудалд санаа зовниж байна. Тэдний зүгээс Монгол хүмүүс ажиллаж байгаа “Цагаан суварга” гэх үйлдвэр мөнгөгүй гээд зогсчихсон байна. Энд төр засаг анхаарлаа хандуулж болохгүй юу. Мөн “Цагаан суварга”-ын үйл ажиллагаа үргэлжилвэл Сайншандын иргэд хувьцаа эзэмшиж болох уу, банкны зээлийн талаар манай сумаас судалгаа хийж таньд хүргүүлж болох уу гэх мэт асуултуудыг Өргөдлийн байнгын хорооны даргад тавьж байв.
Ийн Өргөдлийн байнгын хорооны даргыг очих сургаар тус сумын иргэд цугласан байсан бөгөөд сонирхон асуулт, саналаа хүргүүлээ. Ажлын хэсгийнхэн эргүүлэн холбогдох тайлбарыг ч өгч, өргөдөл гомдлыг газар нь дээр нь хүлээн авлаа.
Замын-Үүдийн удирдах албан тушаалтнууд, салбар салбарын хэлтсийн дарга нар Өргөдлийн байнгын хорооны даргад ажлаа тайлагналаа.
Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүгийн зүгээс “Манай хороо өмнө нь хойд хил дээр ажилласан. Ингэхэд ОХУ-ын хилийн хяналт шалгалтыг хилийн цэрэг хариуцдаг, иргэдтэй мөн ойлголцоход төвөгтэй асуудлтай байсан. Тиймээс урьд хил ямар байна гэдгийг маш тодорхой мэдэх гэж зорьж ирсэн. Бид өнөөдөр түргэн шуурхай үйлчлэхээс гадна, хяналт шалгалт дээд түвшинд байх ёстой. Тэгэхгүй бол Монгол Улсад үндэсний аюулгүй байдал эвдэгдэж хар тамхи, галт зэвсэг гэх мэт зүйл гараад ирэх боломжтой юм. Тиймээс хилийн хяналт шалгалт гэдэг чухал. Оросын талын цэргийн байгууллага хяналт шалгалт хийдэг. Өөрөөр хэлбэл, хяналт шалгалтын асуудлыг цэргийн байгууллагаас авчихаар асуудал хүндэрнэ гэж үздэг. Ингэснээр иргэдэд маш их асуудалтай байдаг. Тэгэхээр урд хөршид цэргийн байгууллага биш энгийн байгууллага хяналт шалгалтаа хариуцдаг биз дээ” гэв.
Харин Замын-Үүдийн удирдах албан тушаалтнуудаас “Цэргийн байгууллагын хяналт шалгалт Боомтын тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө байсан. Өөрөөр хэлбэл хилийн цэрэг шалган нэвтрүүлэх алба, бичиг баримтыг шалгах ажлыг гүйцэтгэдэг байсан. Гэтэл Боомтын тухай хууль гарч энэ ажил Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газарт шилжсэн.
Цаашлаад зорчигдын урсгалыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад буурах төлөвтэй байгааг онцоллоо. Энэ нь улс орны эдийн засаг муудсан, мөн ОХУ руу визгүй болсонтой холбоотой байх гэлээ. Хяналт шалгалттай холбоотой багагүй маргаан байсан ч ойлголцох түвшинд явж байгаа” гэлээ.
Ийн Зүүн аймгуудаар явж буй Өргөдлийн байнгын хороонынхон иргэд, албан хаагчидтай уулзаж санал сэтгэгдлээ хуваалцахаас гадна сумдуудын эмнэлэг, сургуультай танилцаж, тулгамдаж байгаа асуудлыг нь голчлон сонсож байв.
Тухайлбал, Говьсүмбэр аймгийн тухайд хүүхэд, эхчүүдийн эмнэлгийн асуудал маш хүнд түвшинд байгаа бол Замын-Үүдэд харьцангуй сайн байсан юм.
Бид дараагийн сурвалжлагаараа та бүхэнд Говьсүмбэр аймаг хийгээд бусад аймгуудын эмнэлгийн асуудлууд дээр сонгогдсон гишүүд нь амлалтандаа хүрсэн эсэхийг мэдээлэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/