-
2017 оны 12 сарын 22
Анзаараад байхад бид хүмүүсийн харагдах гадаад байдал хийгээд үзэгдэх үйлдлийг нь муулж, шүүмжлэх хандлага ихтэй. Халамцуу яваа нэгнийг “Ѳѳ энэ муу архичин” гэж хараах, гундуу яваа нэгнийг “Арчаагүй гэдэг нь” гэж зэвүүцэх, сайн бүсгүйд сэтгэл алдарсан нэгнийг “Завхарсан амьтан” гэж шүүмжлэх, сэтгэл хѳдлѳлдѳѳ автаад алдаа гаргасан нэгнийг “Гэнэн тэнэг” гэж шоолох, шаналалдаа дийлдээд бухимдан хашгирах нэгнийг “Галзуу солиотой” гэж дургүйцэх амархан ч, цаад үнэн учрыг хэн ч ойлгож мэдэрдэггүй. Гэсэн атлаа ѳѳрт нь адил үйлдэл тохиолдоход ойлгоогүйгээсээ болоод муулж хэлэлцэн, шоолж зэвүүцэхэд хэн ч дуртай байдаггүй. Дотроо дургүйцэх атлаа, ѳѳр нэгнийг муулж шоолоход бас эсэргууцдэггүй, харин ч идэвхтэй оролцох хандлагатай. “Хүний мууд дуртай”даа ч биш, зүгээр л бусад хүмүүс ч ѳѳртэй нь адил байгаад бага зэрэг баярлан тайвшрах тѳлѳвтэй. Бидний араншин юм даа.
“Ѳѳрийн толгой дээрх бухлыг хараагүй байж, ѳрѳѳлийн толгой дээрх ѳвсийг шоолох”, “Ѳѳрѳѳ ѳмдгүй байж, ѳрѳѳлийн ѳмдний цоорхойг шоолох” монголчууд бидний араншин. Хэн нэгнийг шүүмжилж шоолохоосоо ѳмнѳ, тэр хүний оронд ѳѳрийгѳѳ орлуулаад эргэцүүлж үзвэл… Тэсгэл алдсан тэвчээрээ номхотгох гэж уусан байж болох, үйлийн үрээ дааж дийлэлгүй гундуу явж байж болох, хүсэл сэтгэлийн хязгаараа тэнцүүлэх гэж сэтгэлийн жолоогоо алдсан байж болох, ухаан, туршлага нь дутаад алдаа гаргасан байж болох, багтарсан сэтгэлээ асгаж дундлах гэж хашгирсан байж болохыг бид мэдэхгүй ч ойлгох гэж хичээж болно. Хэн нэгнийг шоолж шүүмжлэн түүнээсээ болж хэрэлдэн маргалдаж байснаас ойлгохыг хичээгээд уучилж хандах нь хэн хэндээ сэтгэлийн амар амгалан, тайвшралыг авч ирдэг. Харин үүнээс болж уурлалдан хашгиралдаж, хэрэлдэн маргалдсанаас бүгдээрээ сэтгэлээ хиртээж, улам ихээр ядарна. Тэнэг мулгуу хүнд зүгээр л зам тавьж холдсон нь, түүнтэй түлхэлцэн маргалдаж, барилцан зодолдсоноос хамаагүй амар.
Цахим орчны бие биенээ шоолж, шүүмжилснээс үүдэлтэй харүүл маргаан, хоосон цэцэрхэл, хараал зүхлийг анзаарах бүрд сэтгэлд минь харуусал тѳрнѳ. Аливаа шүүмжлэлээс үүдэлтэй “алж хядах” заналхийлэл, ѳѳртэй нь санал нийлээгүй нэгнийг доромжлон дарамтлах, ѳѳрѳѳ учрыг нь ойлгоогүй мѳртлѳѳ бусдыг муу үйлдэлд уриалан турхирах хандлага дэндүү ихэсч байна. Үүний цаана “ямар зорилготой, хэн байна вэ?” хэмээн түгшин эргэцүүлэх үе ч зѳндѳѳ. Эрх мэдэлтнүүд, улстѳрчдийн гэм буруутайг тогтоон, хуулийн дагуу цээрлүүлдэг эрх зүйн тогтолцоог бий болгож чадаагүй буруутан нь бид ѳѳрсдѳѳ. Харин ийм тогтолцоог шаардах нь бидний үүрэг. Үүнээс бусад тохиолдолд, бусдын алдаанд тайван хандаж сурмаар. Чулууны ѳѳдѳѳс шидсэн чулуу, оногдохдоо хагардаг. Харин голын ус урсгал дундаа чулууг мѳлийлгѳнѳ. Цаг хугацааны урсгал хэн нэгний зѳв бурууг шүүдэг, ѳѳр хэн ч биш.
Хүмүүн бид тѳгс тѳгѳлдѳр биш болохоор алдаа гаргах тохиолдол зѳндѳѳ, бас алдаа гаргах ч эрхтэй. Хүн болгон ѳѳрийнхѳѳ “далан булчирхай”г тоочоод байдаггүй болохоор сэтгэл зүрхийг нь нээж харах, бусдад харуулах боломжгүй. Хэн нэгнийг шүүмжилж шоолохоосоо ѳмнѳ “Яасан юм бол?” хэмээн эргэцүүлж нэг боддог бол, “Ийм тохиолдолд би яах байсан бол?” хэмээн ѳѳрѳѳсѳѳ асууж харьцуулдаг бол, үзэн ядахаасаа ѳмнѳ ѳрѳвдѳж, уучилж ханддаг бол танд ѳѳрт тань их л амар болно доо. Ингэлээ гээд танд хохирох юу ч үгүй. Бусдын харагдах байдлын ѳмнѳ ѳѳрийн сэтгэл зүрхээ чагнадаг бол юутай сайн, юутай амар амгалан гээч. Хэн нэгнийг сэтгэлээсээ ойлгох тийм ч хэцүү биш дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 12 сарын 21
…Монголын улстѳр ялзарсан суурин дээрээ “ѳмхийрчээ”. Ойлгохыг хичээгээд ч, зѳвтгѳж бодох гээд ч Монголын улстѳрийн үндсэн тогтолцоо нь маш ихээр гажуудсан нь мэдрэгдээд байна. Энэ тогтолцоог үндсээр нь ѳѳрчлѳхгүй л бол, хувь хүнийг хичнээн харааж зүхээд юу ч ѳѳрчлѳгдѳхгүй юм байна.
-
2017 оны 12 сарын 19
Mонголчууд бид багаасаа л ѳѳр хоорондоо уралдан ѳрсѳлдѳж ѳсчээ. Бага балчир насандаа хүмүүжлээрээ бус хов, гомдлоороо уралдана, дунд сургуульд мэдлэгээрээ бус дүнгээрээ уралдана, их дээд болон мэргэжлийн сургуулиудад ур чадвараараа бус дипломоороо уралдана, ажил дээр гарахаараа чин сэтгэлээрээ бус зусардлаараа уралдана, амьдрал дээр болохоор хэрэгцээгээрээ бус хэрэглээгээрээ уралдана.
-
2017 оны 12 сарын 10
…Аливаа улс орны хѳгжлийн хүнд хэцүү үед гадаадад цагаачлан гарсан иргэд нь ѳѳрсдийгѳѳ тодорхой түвшинд хѳгжүүлж чадаад, тэрхүү чадвар боломжоо эргээд эх орныхоо хѳгжилд зориулан хамтдаа хѳгжлийн ѳндѳр түвшинд хүргэсэн түүхэн баримтууд зѳндѳѳ бий.
-
2017 оны 12 сарын 01
…Гайхамшигтай энэ ертѳнцѳд ХҮН болж тѳрсѳн бодьгалийн хэрэглээ уг нь бага л даа. Ѳмсѳх зүүх, уух идэх, эдлэх хѳрѳнгѳ нь хувь заяанаас нь хамаараад ѳѳр ѳѳрийн хэмжээтэй байдаг юм гэсэн. Бусадтай заавал адил байх, эсвэл түүнээс ч илүү байх адбиш хүслийг ШУНАЛ хэмээн нэрлэдэг.
-
2017 оны 11 сарын 26
МАНГАР БАЦААН ажил хийдэггүй мѳртлѳѳ уулзсан хүн болгондоо том том юм ярина. Удахгүй уул уурхайн орд авч мѳнгийг цѳм цѳм хийх тухай, улсын байгууллагад ажилладаг “хуурай” ах нь ашигтай санал тавьсан тухай, урагшаа гарч бараа татан “шахаа” хийж баяжих тухай ярингаа нүд нүд нь гѳлѳн гѳлѳн дальдчих нь энэ яриандаа ѳѳрѳѳ ч үнэмшихгүй байгаагийн илрэл.
-
2017 оны 11 сарын 20
“Бид нар харж ухаараад байхад улстѳрчид тэнэгтэж зѳрүүдлээд байна” хэмээн халаглаж харамсаад байх хэрнээ, бурууг нь ѳѳрѳѳсѳѳ биш, бусдаас хайдаг бидний сэтгэлгээ хэвээрээ. Яаж ч бодсон биднээс асар илүү мэдээлэл дунд байгаа, сайн муу боломжуудыг мэдэрч буй тэд, биднээс тэнэг мунхаг байна гэж байхгүй.
-
2017 оны 11 сарын 16
Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг харж суугаа бардамхан үр минээ. Алганд минь багтаж асан бие тань сүрлэг уулс шиг ханхайж, амандаа хүлхэхэд минь багтаж асан хѳл тань дэлхийн хѳрсийг тамгалж яваа хүү минь анхаарч аавыгаа сонс, хэлэх үг байна.
Тѳрѳхѳд чинь тосч авсан хѳрст шороо хатуухан, ѳсѳхѳд тань ивээж байсан наран дулаахан, ѳтлѳхѳд нь ухааныг тань тэлэх учирлууд зѳѳлхѳн, энэ амьдралын цаг хугацаа дэндүү богинохон. Ухаарч амжаагүй байхад тань, гомдож дуусаагүй байхад тань, учирлаж хэлээгүй байхад тань энэ амьдрал зогсох тохиолдол зѳндѳѳ. Тэгэхээр ѳнѳѳдѳр чамд наран мэт гэрэлтэн ирж буй энэ амьдралд, ѳглѳѳ нь суниан босч, үдэш нь мишээн зүүдлэх амьдралын хором мѳч бүхэнд хайртай бай. Ѳнѳѳдѳр амьдраад маргааш үхэж магадгүй энэ амьдралд шунан дурла. Сэтгэлийн чанадаасаа чамтай хамт байгаа бүх хүмүүст баярлан талархаж бай, тэднийг баярлуул, гомдоосон бол уучлал гуй, гомдсон бол уучил, зүгээр л тэдэнтэй хамт байсан мѳч бүхнийхээ тѳлѳѳ тэдэнд таларх. Учир нь тэдэнтэй маргааш, эсвэл хэзээ ч уулзахгүй байж мэднэ. Дэндүү олон хүн тѳрж, дэндүү олон хүн энэ хорвоогоос явж байгаа болохоор учрал болгон тохиолдлынх биш. Зѳвхѳн чамтай учрах гэж энэ хорвоод ирсэн ч юм бил үү, хэн мэдлээ.
Миний бууралтсан үсийг харж хааяадаа ѳрѳвдѳх, чамайг тѳрѳхѳд энэ л янзаараа байсан юм шиг тоомжиргүйхэн анзаарах үр минээ. Ѳѳрийнхѳѳ үрийг харахдаа сэтгэлийн хайланг эдэлж, ѳвдѳхѳд нь түнэр харанхуйд сэтгэлдээ гэрэл асааж, жаргал зовлонгийн дэнсийг ѳѳрийн сэтгэлийн багтаамжаар хэмжиж яваа хүү минь аавыгаа анхаарч сонс, хэлэх үг байна.
Чамайг энэ ертѳнцѳд мэндлэхэд аав нь яг л чам шиг хайрлан үярч байсан юм шүү. Ѳвдѳхѳд тань хамтдаа ѳвдѳж, ѳрѳѳл бусдаас ѳндгѳѳ харамласан бүргэд шиг догширч, ѳѳрийн тань нулимсыг зүрхээ шархируулан байж арчдаг байсаан. Яг л ѳнѳѳдрийн чам шиг. Хайр гэдгийг сэтгэлээ дэврээн байж, цусаа буцалган байж, зүрхээ сугалан байж ѳѳрѳѳ мэдэрдэг байсан үе зѳндѳѳ. Хүү минь энэ амьдралд бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж бай. Бүсгүй заяаных нь ѳмнѳ сѳгдѳн сууж, эрхлэх аашных нь ирийг даран байж, гагц чинийх л байх тавилангийнх нь тѳлѳѳ аргадан учирлан хайрлаж бай. Заримдаа тэсгэл алдан хашгирмаар байвч үгээ залгиж, хааяадаа алгадаад авмаар тэвчээр алдавч гараа атган буулгаж, зүгээр л нүд рүү нь харж байгаад нулимсыг нь хурууныхаа ѳндгѳѳр арчиж, бачимдаж мэгшсэн сэтгэлийг нь цээжиндээ тэврэн аргадаж бай. Үүний тѳлѳѳ чи дотроо багтравч, амьдрал үүний тѳлѳѳ чамайг хязгааргүй их хайраар шагнадаг юм. Тэвчээр алдан тасалсан нэгэн чагтага чиний амьдралыг үүрдийн харамсалд хүлэх нь бий.
Зүгээр л энэ амьдралыг амархан юм шиг санаж, чамайг бүтээсэн биднийгээ ѳрѳвдѳнгүй харцаар харж, заримдаа биднээс тѳвѳгшѳѳж, хааяахандаа биднийгээ сургамжлан учирлах үр минээ. Ид залуу нас эрхэмсэг гоо үзэсгэлэн, ир бяр, ид хав бүхэндээ бардамнан яваа хүү минь аавыгаа сонс, чамд хэлэх үг байна.
Чиний энэ бардамхан насан дээр бид яг л чам шиг явсан юм аа. Сайхан залуу насаараа гоёж, сархадын халуунд агсамнаж, бүсгүйчүүдийг уяраан нэгэн нэгэн шѳнийн жаргалд тэчъяадаж, дур голохгүй залуу насыг дуу хуур шиг эгшиглүүлж явсан үе зѳндѳѳ. Гэхдээ л нэгэн цагт эдийн шунал, мунхаг тачаал, эдлэх хѳрѳнгѳ, эрх мэдлийн сагсуурал бүхэн ѳѳрийн гэсэн хэм хэмжээтэй болохыг ойлгодог юм. Зүгээр л эгэл жирийн байж болох амьдралыг хэм хэмжээнээс давсан шунал тачаалаас болж зовлон болгон хувиргадагийг мэднэ. Зовлон бүхэн тарчлаааныг авч ирнэ. Тарчилсан дотоод сэтгэлийн хашгирааныг хэн ч үл сонсоно. Чи хичнээн хашгирлаа гээд цаг хугацаа чамайг уучилдаггүй. Тэр их хѳрѳнгѳ, шунал тачаалыг хэн ч авсандаа аваад орж чаддаггүй болохоор чиний амьдрал ямар ч утга учиргүй байсныг чи зѳвхѳн үхэхийнхээ ѳмнѳ л ойлгон харамсана. Гэтэл чи юуг ч ѳѳрчлѳх боломжгүй. чи юу ч хийж чадахгүй, чи хэнд ч юу ч гэж учирлаад нэмэргүй болох цагт чиний амьдрал ямар ч утга учиргүй, хов хоосон зүйл байсныг ойлгоно, гэхдээ чиний ухаарал хожимдсон байна.
Миний энэ л амьдралын гэрч бас үргэлжлэл болох хүү минээ. Амьдралд тань оролцмооргүй байна, чамайг ѳмѳѳрч, эсвэл гомдоомооргүй байна. Энэ амьдралын эзэн нь чи ѳѳрѳѳ. Чамтай хамт байж сайн муу бүхнийг тань эдэлж, чиний ѳмнѳѳс шийдвэр гарган алдаа оноо бүхний тань шалтаг нь болмооргүй байна. Чамайг хѳлд ороход тань тэврэлгүй “Аавын хүү алхаарай алхаарай” хэмээн гараа сунган холдоод байсан шиг холдоод л баймаар байна. Бүдчиж уначихаад над руу гараа сунган уйлалгүй, ѳѳрѳѳ босоод дахиад алхахыг тань хармаар байна. Яагаад гэвэл чи миний хүү. Чиний судсанд миний цус гүйж байгаа болохоор аав нь хүүдээ итгэж байгаа. Чиний амьдралын жолоо зѳвхѳн чиний гарт л байгаа. Хэрхэн жолоодохыг чамаас ѳѳр хэн ч мэдэхгүй. Аав нь энэ ертѳнцѳд бардам амьдарсан шиг миний хүү тэгж амьдраасай хэмээн би хүсч байна. Тэгж гэмээ нь би авсанд орохдоо үл мэдэг инээмсэглэх болноо. Харин хүү минь үйлж болохгүй. Нулимсаа залгиад хэцийн ѳндрѳѳс дүүлэн нисэх бүргэд рүү хараарай. Тэнд хязгааргүй бас бардам оршихуй байдаг юм даа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 10 сарын 05
…Би халамцуудаа ерѳѳл хэлэхээр гартаа барьж байгаа хундага дарсыг харж харахдаа “балгангуутаа бѳѳлжих ч юм уу, үгүй дээ алингаа алдана” гэдгээ мэдэж байвч хахаж цацан байж залгилав.
-
2017 оны 10 сарын 02
… “Хүмүүс их мѳнгѳ олохын тулд эрүүл мэндээ огтоос хайхралгүй ажиллачихаад, ѳвдѳж зовсон үедээ эрүүл мэндээ эргүүлэн олохын тулд түүнээс ч их мѳнгѳ зарцуулдаг” гэсэн энэ үгийг Далай лам хэлсэн гэж нүүрном дээр бичсэнийг уншиж байсан л даа. Яг Далай лам ингэж хэлсэн эсэхийг би мэдэхгүй ч энэ үг миний зүрхэнд их л ойрхон буусан юм даг.
-
2017 оны 9 сарын 26
…Хүн болоод л тѳрчихсѳн юм чинь бидний тархинд үй түмэн санаа эргэлдэж байдаг. “Тэгэх юм сан”, “Тэгчихвэл мѳн гоёо”, “Тэгж хийж болно доо” гэхчилэн толгойд минь ороод л бас гараад л байх энэ санаанууд бидний амьдралыг утга учиртай болгож байдаг.
-
2017 оны 9 сарын 17
…Би Монголын нийгэм дэх нэг үзэгдлийг ойлгодоггүй юм. Буруу шийдвэр болоод буруу үйлдэл болгоны хариуцах эзнийг олдоггүй будилаад, битүү утгатай тайлбар учирлаад байдгийг. Яаж ч бодсон тэр шийдвэрийг гаргасан, баталгаажуулсан цаасан дээр хэн нэгний гарын үсэг байж л байгаа шүү дээ.
-
2017 оны 8 сарын 23
ГАЛЗУУРСАН “БУМБА” НУУД
…Монголын нийгмийн ѳнѳѳгийн тѳрхийг ажих аваас “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг хэлц үг санаанд буугаад байх. Гажуудсан нийгмийн тогтолцоо дээр галзуу солиотой мэт хүмүүс шийдвэр гаргах гэж адгаж, ичих булчирхайгүй эрээ цээрээгүй хашгиралдаж, үнэнийг хаа нэгтээ нууж, олон нийтийг, дээр нь хар бэхээр юу ч гэж бичиж болох “цагаан цаас” хэмээн басамжилж хандах нь хэрээс хэтэрлээ.
*Галзуурсан улстѳрчид
“60 тэрбумын хэрэг”ийн талаарх олон олон бичлэгүүдийг харьцуулж зѳндѳѳ үзлээ. Монголын улс тѳрийн шийдвэр гаргах эрх мэдэлд ямар мунхаг харанхуй, соёлгүй бүдүүлэг, мэдлэггүй тэнэг, галзуу солиотой сэтгэлгээтэй, үнэнч сэтгэлгүй шуналтай хүмүүсээр дүүрээ вэ? “Эвлүүлэг”, “эвлүүлэг биш” гэх маргаандаа ч биш, ерѳѳсѳѳ л Монголын улстѳр дэх олон жил дамжиж ирсэн заваарлын илрэл. Ѳчүүхэн шуналыг бага дээр нь дараагүйгээс, эрээ цээрээгүй ѳсѳж томорсоор “бирд” болж байгаагийн жишээ. Дарж чадаагүй шуналынхаа гайгаар ѳнѳѳдѳр ил болж олны ѳмнѳ шившиг болж байгаа нь М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нар болохоос эдний хэрийн новшнууд улстѳрд зѳндѳѳ байгаа. 27 жил улстѳрийг заваан тогоо болгон ѳѳрсдѳѳ хутгалдчихаад, ѳнѳѳдѳр “Муур багш”- ийн “дүр эсгэж” суугаа нѳхдүүдээс ч хариуцлага асуух ёстой. Монголын улстѳр зѳнѳж хѳгширчээ. Хэзээ ч ѳѳрчлѳгдѳхгүй тэднийг улстѳрѳѳс зайлуулж , намуудыг ч нийгмийг ч бүхэлд нь цэвэрлэн шинэчлэхгүй бол бид цааш явах аргагүй болж байна.
-Нэгэнт ил тод болж байгаа “60 тэрбумын хэрэг”т холбоотой хүмүүсийг хуулийн дагуу шалгаж, хэрвээ нотлогдох аваас “Монголын Тѳрийн эрхийг хууль бусаар авах оролдлого”ынх нь тѳлѳѳ хуулийн хариуцлага хүлээлгэж, хууль бусаар олсон хѳрѳнгѳ мѳнгийг нь хурааж улсад авах ёстой. Хэн нэгэнд хариуцлага хүлээлгэхдээ хулгайлж завшсан хѳрѳнгийг нь хуулийн дагуу нотолж хурааж авдаггүйгээс, шоронгоос гарч ирээд “хаданд гардаг” завшигчид олон бий. Монголын улстѳрийг ашиг олдог бизнес хэмээн тооцдог хүмүүс хэт олширсноос л, мэдсээр атлаа тэднийг сонгож байдаг бид ѳѳрсдѳѳ зовсоор буй. Тѳрд бурхан байхгүй аваас бумбанууд галзуурдгийн гайг бид ѳѳрсдѳѳ л амсаж байна шүү дээ.
*Галзуурсан орон “Нутгийн зѳвлѳл”-ийнхѳн
-Наадам болохоор гэнэт гарч ирээд “Улсын цол” авсан нутгийн бѳхѳѳ “Нутгийн уул усаа баярлуулав” хэмээн магтаж, үнэтэй машин байр бэлэглэдэг “Нутгийн зѳвлѳл” хэмээх нѳхдүүд аймаг бүрт байдаг. Найраатай болон найраагүй цол авсан бѳхчүүдээ орон нутагтаа “бэсрэг Ерѳнхийлэгч”-ийн хэмжээнд угтан хүндэт харуул жагсаан хэдэн цэрэг цагдаагаа парад алхуулан, нутгийн иргэдээр “Уухай”- луулан, бэлгийн далай үерлүүлнэ. Сумын ойн баяраа тэмдэглэхдээ дуураймал “Есѳн хѳт цагаан туг”- аа морин дээр залж яваад үргэсэн морьддоо чирэгдэн мѳнѳѳх “Есѳн хѳлт цагаан туг” нь ѳѳрсѳдтэй нь хамт талаар нэг тарж унахыг нүүрномоор үзэв. Ёслол хүндэтгэлд хэмжээ хязгаар гэж үгүй болж, орон нутгийн жижиг дарганцарууд “Бурхангүй газар бумба галзууруулан”, “хѳгѳѳ хѳлдѳѳ чирцгээнэ”. Tѳрийн хэмжээний ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд хэмжээ хязгаар тогтоон журамлах цаг болжээ.
Бизнесмэнүүд голдуу даргатай, садан голдуу гишүүдтэй “Нутгийн зѳвлѳл” ийнхэн орон нутгийн хѳгжил, оюун ухааны үнэлэмжийн талаар огт мэдэхгүй бас сонирхохгүй. Наадам цагаан сараар нутгийн хэдэн иргэдийн сэтгэлийг цѳстэй нь хамтад хѳѳрѳгдѳн, алсдаа улстѳрд орох “нүхээ малтана”. Найраатай найраагүй цол авсан бѳхчүүдийг авсан цолоо 3 жилийн дотор батлаагүй тохиолдолд хүчингүй болгох дүрэм гаргахгүй бол тив, дэлхийн аваргуудаас ч илүү таахалзсан “бумба”-нууд олшрох нээ.
*Галзуурсан сошиалынхан
-Хэн нэгнийг магтан мандуулж, мохоон сѳхрѳѳж, эсвэл галзууруулж чаддаг сошиал ертѳнцѳд бид ихэнхи цагаа ѳнгѳрѳѳж буй. Санамсаргүйгээр аалигүйтээд, эсвэл марзганаад хийсэн шууд бичлэгүүдийг хѳѳргѳн дэвэргэсээр эзнийг нь “галзууруулдаг” жишээ нь Осоржамаа хэмээх залуу. Эрүүл бишээр маяглаж, эцэстээ хэнээс юуг ч хамаагүй шаардаж, ичих эмээхээ мэдэхээ больтол нь хѳѳргѳн дэвэргэж, түүнийг нь шоолж тохуурхаж бах таваа хангах нь хэнд хэрэгтэй юм бол? Нийгэм дэх энэ гаж үзэгдлийн гайгаар хичнээн олон залуус “ичих” гэдгийг мартаж сошиал орон зайд маяглан аяглах нь “Бурхангүй газрын бумба галзуурах” мэт. Хүн сэтгэлгээний болон ёс зүйн хэм хэмжээгээ алдаад ирэхээрээ адгуусан тѳрѳл рүүгээ ойртож очдгийн олон олон жишээг бид харцгааж буй.
-Хэн нэгний гаргаж буй мунхаг бүдүүлэг араншинг бид зүгээр л тоохгүй орхичихвол тэд яах ч үгүй. Их л удахдаа хэд оролдож үзээд хэн ч тоохгүй болохоор уйдаад л орхичихно. Хѳѳргѳж дэвэргээд олны анхааралд ѳртүүлээд ирэхээр тэд хяналтаа алдаж эхэлнэ. Хэдийгээр шоолж инээлдээд байх авч яг үнэндээ энэ бол толинд тусах бидний тусгал мѳн. Бусад хумуус ч биднийг нийтлэг ингэж үнэлэн, аажимдаа энэ байдалдаа ѳѳрсдѳѳ ч дасч мэдэх юм. Яг үнэндээ түрийвчээрээ даллаад их мѳнгѳ олно гэж биднийг ятгаад, “хэдэн малынхаа буянд жаргаж суугаа” тэр авгайг бид л ѳѳрсдѳѳ гаргаж ирсэн юм шүү дээ.
…Бүх зүйл ѳѳрийн хэм хэмжээтэй, бас ёс зүйтэй байдаг. Энэ хэм хэмжээ саваа халиад ирэхээр л утга учраа алдаж, ѳѳрийгѳѳ ч, бусдыг ч эвгүй байдалд оруулна. Хүндлэх ах зах, сахих ёс зүй, үнэлэх үнэлэмж байдаг болохоор л “Бурхангүй газрын бумба галзуурна” гэдэг хэллэгээр хэм хэмжээг сануулсан хэрэг. Бид бүх зүйлсийг эргэцүүлээд харах цаг болжээ. Монголчууд бидний бүх зүйлс байх байрандаа, бас хэм хэмжээндээ байвал юутай сайн сан.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 8 сарын 08
Олон нийтэд зориулсан сайн үйлсийг санаачлах жор хийгээд дүрэм журам гэж байдаггүй. Энэ бол хүний сайхан сэтгэл болоод амьдралын утга учир, зорилгоо гэгээлэг сайхнаар ухамсарласан хүмүүсийн зүрх сэтгэлийн илрэл юм.
-
2017 оны 7 сарын 28
\Сонгуулийн дараах эргэцүүлэл\
Ард олны сэтгэлгээ хийгээд хандлага ихээхэн ѳѳрчлѳгдѳж, харин Монголын ѳнѳѳгийн улстѳр ихэд хоцрогдсоныг Монгол Улсын Ерѳнхийлөгчийг сонгох энэ удаагийн сонгууль нотоллоо. Маш олон эрээ цээрээгээ алдсан заваан үйлдлүүд ѳрнѳж сонгогч иргэдийн тэсвэр тэвчээрийг барсан нь энэ удаагийн сонголтын илрэл. Ард түмнээс бүрдсэн нийгмийг удирдан залах үүрэгтэй ТѲР нь олон нийтээсээ хоцрогдохоор бид цаашаа хэрхэн яаж хѳгжих гэж?
Нэгэн зүйл. АЛБАН ТУШААЛЫН НАЙМАА –АВИЛГАЛ
-2000 оны сонгуульд МАХН ялж Н.Энхбаяр Ерѳнхий сайдаар томилогдсон цагаас улстѳрийн албан тушаалыг тодорхой мѳнгѳѳр үнэлж худалдаж эхэлснийг хүн бүхэн мэдэж байгаа. Бүгдээрээ эс мэдэх дүр үзүүлж байгаа хэдий ч АН, МАН бүгдээрээ энэ үйлдлийг давтацгаасан. Даамжирсаар энэ нь орон нутгийн сонгуульд яаж нѳлѳѳлснийг бүгдээрээ амсаж мэдэрч буй. Хамгийн болхи байдлаар илэрч баригдсан нь “60 тэрбумын” гэгдэх хэрэг болон ѳдгѳѳ дуулиан болж буй. Харин “хайрт удирдагч” Н.Энхбаяр ѳдгѳѳ “Хулгайчийг бариарай” хэмээн хашгирч байна.
-Мэргэжил мэдлэгийн чадвараар бус мѳнгѳ тѳлж шийдвэр гаргах эрх мэдэлд очсон хэн боловч энэ албан тушаалд зарцуулсан мѳнгѳѳ ядаж нугалж олж авахыг бодохоос түүнд Монгол орны хѳгжил, эрх ашиг огтоос хамаагүй. Яг эндээс л Тѳрийн албаны шийдвэр гаргах эрх мэдэл бүхий албан тушаалтнуудын авилгал үүсдэг. Бүгдээрээ мэдээд байгаа хэрнээ энэ талаар хэн ч дуугардаггүй. Маш бага цалинтай атлаа Тѳрийн албанаас татгалзахыг огт хүсдэггүй нь үүний нотолгоо. Эрх мэдэлтнүүд Тѳрийн албан хаагчдыг чадваржуулж, хангамжийг нь сайжруулж, мэргэжлийн түвшинд ажиллуулахыг хүсдэггүй нь бас үүний баталгаа.
-Хэдийгээр Тѳрийн албан хаагчид нам бус байхыг хүүльчилсан боловч, сонгуульд ялсан нам Тѳрийн албан хаагчдын ихэнхийг нь намын харьяаллаар халж, солих бѳгѳѳд үүнийгээ “Бялуу хуваах” гэж ѳхѳѳрдѳн нэрлэдэгт тэд ч бид ч хүлээн зѳвшѳѳрч аль хэдийн дасчээ. Тийм болохоор эрх мэдэлтнүүдийн цүнхийг барьж далдаганан гүйлдэж, үүнийхээ тѳлѳѳ албан тушаалд очихыг мѳрѳѳддѳг залуус олширсон нь шуудхан хэлэхэд Монголын ирээдүй залуу үеийг “АЛЖ” буй хэрэг. Ѳнѳѳгийн залуусын их мэдлэг, ажлын туршлага, хийж бүтээх их хүсэл эрмэлзлэлийг нугачин дарж , үнэ цэнэгүй болгож байгаагаараа энэ бол гэмт үйлдэл мѳн.
Нэгэн зүйл. ЕРѲНХИЙЛӨГЧИЙН ЭРХ МЭДЭЛ
-Монгол Улсын “Үндсэн хууль”д зааснаар ард түмний эв нэгдлийг зангидагч Ерѳнхийлэгчийн эрх мэдэл хязгаарлагдмал. Парламентийн засаглалтай улс орнуудын нийтлэг жишиг. Харин Монгол Улсын Ерѳнхийлэгчээр сонгогдон 8 жил ажилласан Ц.Элбэгдорж энэ эрх мэдлийг хүчтэй болгосон. Дээд шүүхийн Ерѳнхий шүүгч, Ерѳнхий Прокурор ыг томилох эрх мэдэл дээрээ АТГ ын даргыг томилох болсон нь Ерѳнхийлэгчийг хүчтэй болгосон. “Авилгалтай тэмцэж Монголын нийгэмд шударга ёсыг тогтооно” гэж амалж гарч ирсэн тэрээр хуулийн шийдвэр гаргах бүх эрх мэдлүүдийг захирснаараа бусдыг айлган сүрдүүлэхэд ашигласаар ирлээ. “Олон сайн үйл хийсэн” гэж ѳѳрийгѳѳ дүгнүүлдэг түүнийг Монголын нийгэмд шударга ёс тогтоож чадаагүйнх нь тѳлѳѳ би лав сайшаадагүй. Амлалт бол амлалт шүү дээ.
-Харин Х.Баттулгыг Ерѳнхийлэгчээр сонгогдсоных нь дараа түүний эрх мэдлийг хязгаарлах талаар яригдаж эхэлсэн нь “Ѳѳд нь хаясан чулуу ѳѳрийн толгой дээр унах” аас айсан хэрэг гэж харж байна. “Мунхаг хүнд эрх мэдэл ѳгвѳѳс хилэнцийг нь дааж үл чадах” гэгчээр тэд ѳнѳѳдѳр “Ниргэсэн хойно нь хашгирах” ын үлгэр болж буй.
Нэгэн зүйл. Х.БАТТУЛГЫГ ЯАГААД СОНГОСОН БЭ?
-Олон түмэн энэ удаад НAM ыг бус ХYH ийг нь харж сонголоо. Магадгүй Х.Баттулга авилгажсан нийгмийн нэг бүтцийн хувьд хууль бус зүйлд бишгүй орооцолдсон байх. Гэхдээ “Цонжин болдог”т Чингисийн цогцолбор босгосных нь тѳлѳѳ, Монголын жу до бѳхийг дэмжин “Олимпийн аварга” тѳрүүлж, энэ тѳрлийн тамирчдыг дэлхийд данстай болгосных нь тѳлѳѳ сонгосон. Хүмүүс хэн нэгэн гоё сайхан ярихаас залхжээ. Ядаж л хийж бүтээсэн хүн, хийж бүтээх байх гэж л найдсан хэрэг. Яг үнэндээ ѳдийг хүртэл жижиг амбицаа дарж чадаагүй АН ын ялалт бишээ. Харин энэ их итгэлтэй сонголтын хариуд “баатар” болох “гай” болохын алин болохыг Х.Баттулга ѳѳрѳѳ л сонгоно.
-Олон нийт Монгол Улсын Ерѳнхийлэгч Х.Баттулгаас юу хүлээж байна гээч! 1.Шийдвэр гаргах эрх мэдлээ хувийн сонирхолдоо ашиглан Монголын баялгийг хууль бус аргаар хулгайлан завшиж баяжсан хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэн бүх хѳрѳнгийг нь хурааж “Улсын орлого” болгохыг 2.Монголын нийгэмд шударга ёсыг тогтоон иргэн бүр ѳргүй, айдас дарамтгүй, ирээдүйдээ итгэлтэй амьдрахыг 3.Нам болж талцалгүйгээр хэн нэгэнд зусардаж авилгал ѳгѳлгүйгээр монгол хүн бүр ѳѳрийн чадал боломжоороо эх орондоо тайван амгалан ажиллахыг 4. Ѳргѳн уудам газар нутагтай, асар их байгалийн баялагтай, түүхийн үнэт олдворуудтай хэрнээ цѳѳхѳн хүн амтай Монгол орныг дэлхийн хэмжээнд хѳгжүүлэх эхлэл тавихыг хүсч хүлээж байна.
-Түүний ѳрсѳлдѳгч МАН аас нэр дэвшигч М.Энхболд Монголын нийгэмд ямаршуухан феодал ноёдууд бий болж, ард олныг хэрхэн басамжилж доромжилж болдгийг зусардагсдаараа, МАХН аас нэр дэвшигч С.Ганбаатар Монголын нийгэмд ямаршуухан хуурамч “Эх оронч” дүртэнгүүд тодорч, хувийн ѳчүүхэн эрх ашгийн тѳлѳѳ урваж шарван, эрх мэдэлтнуудэд хэрхэн зусарддагийг ѳѳрѳѳрѳѳ амьд жишээ болгон нотлов. “Ярих яах вэ та Монголын хѳгжлийн тѳлѳѳ ѳѳрийн чадах юу хийсэн бэ?” гэсэн шазруухан асуултад тэд бүдэрч ойчив. “Ѳрсѳлдѳгчид нь ѳѳд нь татах гээд ч ѳѳдѳѳ татагдсангүй”. Энэ бол бидний нийгмийн хамгийн гунигтай хошин дүр зураг байв.
Нэгэн зүйл. БИД ѲѲРЧЛѲГДѲЖ БАЙНАА
-Намууд хѳгширчээ. Намуудын удирдлагад байгаа хүмүүс сэтгэлгээгээрээ аль хэдийн зѳнѳж орхиж. Эргэн тойрондоо байгаа зусардагсдаараа олон түмнийг тѳсѳѳлдѳг болж. Тэд эрх ямба, хѳрѳнгѳ мѳнгѳндѳѳ ханаж цадахаа больж, феодалууд бас бирдүүд болжээ. Тэд олон нийтийг мунхаг харанхуй, бүдүүлэг байдлаар тѳсѳѳлж байна. УИХ дээр бусдын ѳмнѳѳс товчлуур даран инээлдэж, хуралдаа суухдаа эвшээж, тѳвѳгшѳѳж, юу хийж байгаагаа ч, юу хийх ёстойгоо ч мэдэхгүй болтлоо мангуурч, “хүчин” гийн хэрэгт нэр холбогдож, шалиг марзан яриагаараа бусдад гайхуулж, бүдүүлэг заваан байдлаараа бусдын дургүйг хүргэх болжээ. Эрх мэдэл бол хариуцлага гэдгийг цѳѳхѳн хүн сахиж, ихэнх нь бизнес гэж харж байна. Намууд ѳѳрчлѳгдѳхгүй бол тэднийг татан буулгах цаг нь болжээ. Хэрэв залуус ухаарч намаа шинэчилж ѳѳрчлѳхгүй бол ѳѳр зам бас сонголт үгүй. Ард олон шинэ үе, шинэ залуусыг хүлээж байна.
-Намуудыг дагасан хийрхэл солиорол, талцал, хуурамч дүр эсгэсэн “Эх оронч” дыг эс тооцвол монголчууд бидний сэтгэлгээ хандлага ихээхэн сайнаар ѳѳрчлѳгдѳж байгаа нь хамгийн баярлууштай үзэгдэл. Монголын хѳгжилд сошиал орон зай маш хүчтэй нѳлѳѳлж байгаагийн илрэл нь Асашоёро Д.Дагвадоржийн “АСА явуулын станц” байлаа. Ѳнѳѳдѳр Монголд хийгдэж буй “Ид шидийн орон” тѳсѳл, гал түймрийг унтраах болон ОБЕГ ыг дэмжих хандивын хѳдѳлгѳѳн, хог хаягдал хаяхгүй байх, гол усаа бохирдуулахгүй байх уриалгууд үүний нотолгоо. Монголчууд сэтгэлгээний хүвьд сэргэжээ. Харин Монголын Тѳр сэрэх цаг нь болсон бус уу?
-“Сайны хажуугаар саар” гэдэгчлэн хүмүүсийг хагаралдуулах, хийж бүтээж, бичиж хэвлүүлж байгаа бүхний доорх харааж зүхэн гутааж доромжилсон сэтгэгдлүүд, “Эх оронч” нэрээр хүчирхийлэл хагаралд уриалан дуудагсад, ѳѳртэй нь санал нийлээгүй хүн болгоныг “хужаа” хэмээн цоллогсод байсаар байна. Яг ѳнѳѳдѳр монголчууд бидний хувьд “ухаантан” дүр эсгэж цэцэрхэж суух биш, эх орныхоо хѳгжил дэвшлийн тѳлѳѳ юу хийж чадахаа бусдад харуулж нотлох цаг иржээ. ЭХ ОРОН ЧИНЬ ЧИНИЙ ТѲЛѲѲ ЮУ ХИЙХИЙГ ХҮЛЭЭЖ ШҮҮМЖЛЭХ БУС, ЧИ ѲѲРѲѲ ЭХ ОРНЫХОО ХѲГЖЛИЙН ТѲЛѲѲ ХИЙЖ ЧАДAХ ЗҮЙЛЭЭ ХИЙХ ТЭР ЦАГ ИРЖЭЭ. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 7 сарын 26
…Хүү нь хичээлээ таслаад байхаар нь авто засварын газар ажиллуулдаг аав нь “За яахав миний хүү сурах дургүй юм бол хичээлээ орхиод аавынхаа засварын газарт ажиллахаас даа. Маргаашнаас хоёулаа хамт ажилланаа” гэж хэлжээ. Эхнэрийн бэлтгэсэн 2 хүний хоолоо аваад аав хүү 2 ажиллаж гэнэ. Аав тэр ѳдѳр засах машин олон байсан болохоор хүүтэйгээ олон юм ярилгүй ажилладагаараа ажиллаад л байж. Хүүд эхэндээ сонирхолтой ч юм шиг амар ч юм шиг санагдан аавынхаа хэлсэн болгоныг хийнэ. Ѳдѳр тийшээ хүү ч бага зэрэг ядарч, бас ѳлсѳж эхлэв. “Аав аа хоёулаа жаахан амарч хоолоо идэх үү?” Аав ажилдаа улайраад дуугарсангүй ч, урьд ѳдрүүдийн хоолоо иддэг цагтаа л хоолоо идэцгээлээ. Үдээс хойш нилээд их ажиллацгааж, хүү ч ядарч байгаа бололтой. Гэвч аав ажлаа хийнгээ, хааяадаа хүү рүүгээ хяламхийн харна Орой хоолоо идчихээд “гэртээ харих байх” гэж бодсон чинь аав нь үргэлжлүүлэн ажиллаа. Орой болж хүү ядарч байгаа бололтой, дуу нь гарахаа ч болив. Бухимдангүй маягаар хааяа аав руугаа харавч, аав мѳнѳѳх л хэмнэлээрээ хийх ажилдаа хамаг анхаарлаа хандуулах аж. Бүр шѳнѳ болж хүү ямар ч тэнхэлгүй болтлоо ядарч, дотроо хичнээн бухимдавч аавдаа гаргаж үл зүрхэлнэ. Аав ажлаа дуусгаад хартал хүү ямар ч тэнхэлгүй газар шагайн сууна. Газар шагайн гуниглан суух хүүдээ аав нь “Миний хүү аав нь ингэж ажиллаж л ѳѳрсдийнхѳѳ амжиргаа болон чиний сургалтын зардлыг тѳлдѳг юм шүү дээ. Тэгэхээр чиний хувьд хичээлээ сайн хийгээд чадварлаг мэргэжилтэн болох, эс бол аавынхаа засварын газрыг ѳвлѳж аваад над шиг ажиллах хоёрхон сонголт байгаа юм шүү “хэмээн намуухан дуугаар хэлэв. Тэр цагаас хүү хичээлээ таслахаа больсон гэдэг. Энэ түүхийг миний нэг танил надад хүүрнэсэн юм.
Чамайг тѳрж байхад чинь цээжний нь чанадаас гэнэт хѳѳрѳн хоолой зангируулан хамрын угт шархирах эмнэг мэдрэмжээ тогтоон аргамжиж, аадрын дуслууд шиг юу юугүй асгарах нулимсаа аньсага дээрээ тогтоон чѳдѳрлѳж, уртаар санаа алдан баяртайгаар мушилзсан тэр хүнийг ААВ гэдэг юм. Чамайг гүйж яваад бүдэрч унахад чинь сэтгэл дотроо уулга алдан тэвдэж, зүрхэндээ ёолж уйлах хэрнээ “Зүгээрээ миний хүү ѳвдѳѳгүй биз дээ? Ѳѳрѳѳ босчих оо” хэмээн хээв нэг тайван хэлж чаддаг хүнийг ААВ гэдэг юм. Чамайг хэн нэгэнтэй муудалцан байдаг чадлаараа уйлж бархирч ирэхэд тань, чамайг ѳмѳѳрѳн арслан бар шиг архирах хилэнгээ зангидсан гарандаа нуун атгаж, чиний урсах нулимсын тоогоор зурхнээс урсах цусны дуслуудыг тогтоон байж “Миний хүүгийн буруу шүү дээ, бусадтай битгий муудалцаж бай” хэмээн хоолойгоо сааралтуулан байж аргаддаг хүнийг ААВ гэдэг юм. Чиний гаргасан алдаа бүхний тоогоор үсэнд нь буурал сор сууж, чиний тэнэглэл бүрийн тоогоор нүүрэнд нь үрчлээ нэмж, чамд тохиолдох зовлон бүрийн хэмжээгээр сэтгэл нь сэмэрч урагдан нуруу нь бѳгтийх хэрнээ, чиний духан дээр зѳѳлхѳн үнсэж хацрыг тань илбэхдээ ч, цээжиндээ наан тэвэрч санаа алдах мѳчдѳѳ ч, чиний хайрыг ѳѳрийнхѳѳ хайранд уусган сүлэхдээ ч энэ бүхнийг мартан цайруулдаг хүнийг ААВ гэдэг юм.
Ээж хүн хүүхдээ ѳѳртѳѳ ил хайрладаг бол эцэг хүн хүүхдээ ѳѳрѳѳсѳѳ нууж хайрладаг. Жаргал үрийг нь эвдчих вий гэсэндээ хатуурхаж хайрладаг бол зовлон үрийг нь булаачих вий гэсэндээ аргадаж хайрладаг. Хичнээн ихээр урсах хѳлс үрийг минь хиртээчих вий хэмээн арчдаг, хичнээн муу үйлс үрийг минь сэвтээчих вий хэмээн айдаг, хичнээн их шаналан зовоочих вий хэмээн нуудаг, хичнээн их жаргал үрийг минь эвдчих вий хэмээн хязгаарладаг нь эцэг хүн. Бид ээж уулын нѳмѳрт эрхлэн жаргаж, аав уулын түшигт амар амгалан амьдрахдаа олон ч зүйлийг анзаардаггүй. Хүүхдүүдийнхээ тѳлѳѳ элсэн бие, шаналсан зүрхийг тэгтлээ анзаардаггүй. Хүүхдүүдийнхээ тѳлѳѳ золиосолсон цаг хугацаа, нууж урсгасан нулимсыг тоодоггүй. Чи ѳѳрийгѳѳ аавдаа ямар их үнэ цэнэтэйг мэддэг хэрнээ, аав тань чамд түүнээс ч илүү үнэ цэнэтэйг одоо хэр нь мэддэггүй. Чи ѳѳрѳѳ үртэй болж аав болохдоо л аавынхаа хайрын шивнээг сонсож эхэлдэг. Чи ѳѳрѳѳ үртэй болж аав болохдоо зүрхэн дотроо нууж чадсан тэр их хайрын хэмжээг мэдэрч эхэлдэг. Чи ѳѳрѳѳ үртэй болж аав болохдоо ямар аугаа уудам сэтгэл дотор ѳѳрѳѳ оршиж байснаа ойлгоно. Нэг л ѳдѳр нүүгээд холдсон үүлсийн араас санаа алдан зогсохгүйн тулд ААВЫГАА одоо л ХАЙРЛА.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 6 сарын 28
2017 оны Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуульд АН аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон санал авч МАН аас нэр дэвшигч М.Энхболд, МАХН аас нэр дэвшигч С.Ганбаатар нар удаалж, нэр дэвшигчдийн хэн нь ч 50 % ийн босго даваагүй учраас 2 дахь санал хураалт 2017 оны 7 сарын 9 нд явагдахаар товлогдов.
-
2017 оны 5 сарын 04
Эрчүүд бидэнд адил нэгэн зовлон байнаа. Хайрлан дурлаж хань ижлээрээ сонгосон бүсгүйнхээ ааш авирын учрыг олох гэж зовцгооно. Өнөөдөр цэв цэлмэг, тув тунгалаг байсан тэнгэрт гэнэтхэн бараан хар үүл хуралдаж, цахилгаан цахилж аянга нижигнэн, аадар асгаран хамаг бүхнийг арчин өнгөрөхүйеэ даарч норсон сэтгэлдээ дагжин чичэрч, гэнэтхэн ”юу болоод өнгөрөв өө” гэж гайхан бодох. Гэрэлт наран сацрагаа түгээн хамаг бүхнийг дулаацуулан норсон бүхнийг ээн хатааж, сэтгэл хийгээд биеийг дулаацуулах ахул тайвширч нэгэнтээ мушилзан инээх. Тэртээд нүүгэлтээд холдсон бараан үүлсийг харангаа ”сүртэй юм бэ?” хэмээн инээмсэглэнэ. Юу болоогүй юм шиг нарны ээвэр дулаахан илчинд мансууран нойрмоглох аж. Гэхдээ л тэрхүү нарны дулаахан илчинд тайвширч жаргана.
Заримдаа шиврэн орох бороонд нэвтэртлээ норсон хувцсаа хатаах гэж галын илчинд хичнээн наавч хатаж өгөхгүйн зовлон буй. Ээгээд байгаа хэрнээ норсон хувцаснаас дуслах хүйтэн дуслууд бөнжигнөн урсаж, бие болоод сэтгэлийг жиндүүлнэ. Хөгжилтэйеэ асчих галын дөлийг хичнээн ихээр гөлрөн ширтэвч, хувцас хийгээд сэтгэл хатан дулаацаж өгөхгүй сэтгэлийг минь дагжин чичрүүлэх аж. Яг энэ үед норсон сэтгэлээ зуун граммаар даруулж хатаамаар ч юм шиг санагдах үе бий. Хувцас болоод биеийг минь хатааж амжихгүй байгаа галын дөл рүү гөлрөн ширтэх харцанд, бороонд нороод даарсан болжморынх шиг арчаагүй төрх тодорно. Яагаад ч юм бэ? асгарсан борооны дуслууд ууршиж амжаагүй байхад сэтгэлээ хатаах гэж чармайх бидний горьдлого.
Их гоёмсог цэцэгсийн дунд хөгжилтэйеэ хөөцөлдөн гүйлдэх тэр мөчид гэнэтхэн чулуу таарч хөлийг нь зүсэн цус асгаруулах мөч. Би өвдөг дээрээ борхирон сууж чиний хөлнөөс асгарах цусыг долоох гэвч чи янгуулчлан чангаар орилон хашгирахад миний сэтгэл тарчилж, гэнэт зогтусдаг. Зүгээр л балмагдсандаа тэвдэж байгаа нь тэр. Чиний гар миний хүзүүгээр чанга гэгч тэврэн, би чамайгаа өргөн тэртээх уулс рүү гүйх мөчдөө сэтгэл дотроо ”дахиад хэзээ ч чамтайгаа цэцэгсийн дундуур хөөцөлдөн гүйхгүй” гэж өөртөө амлан, миний хөлийг зөөлхнөөр ороон гижигдүүлэх цэцэгт талыг үзэн ядаж орхин одно. Гэхдээ л хэзээ нэгэн цагт сэтгэлийг минь гижигдэн дуудах цэцэгт нуга руу хараа билчээн сэтгэлээ аргаддаг. Тэр нугаар хичнээн баяртайгаар хөөцөлдөн гүйхийг хүсэх авч, тэр л орчинд хөл зүсэх чулуу буй хэмээн айн ширвээтэнэ.
Хав халуун цөлд бороо нэгэнтээ асгарч хамаг бүхэн тэр дуслуудаас шим тэжээл аван дэлгэрэх шиг гайхамшигтай, аз жаргалтай мөчүүдэд хамтдаа л баймаар. Зүгээр л тэр бороон дунд чамайгаа цээжиндээ тэврэн нэвт норж зогсмоор ч юм шиг. Чамайгаа чангаар тэврэн ангасан хөрсийг дэвтээн амилуулах тэр л газар дээгүүр чанга чангаар инээлдэн гүймээр, чамайгаа газарт буулган араас нь хөөж гүйцэх гэж хамаг чадлаараа хашгиран гүймээр. Халтирч унасан зөөлхөн газар дээр чамайгаа шавартай хутган орилуулмаар, дараа нь дээрээс асгарах зөөлхөн бороон дунд хоёулаа угаагдан, чиний зөөлхөн уруулыг уруулаараа тэмтчин байж үнсмээр. Бороонд норсон сэтгэлээ аргадан байж хатаамаар. Энэ зөөлхөн борооны уянгалаг дуслууд чамд намайг, надад чамайг уусган буйг бүх бие сэтгэлээрээ мэдрэн амталмаар. Тэгээд л чамтайгаа хөтлөлцөн тэртээх алсад нумрах солонго руу гүймээр. Тэнд л бидний аз жаргал буй гэдгийг мэдэрч бие бие рүүгээ харан хамаг сайхнаар инээмсэглэмээр. Бие биедээ уусч тэртээх хол руу хамтдаа шувууд болон нисмээр. Тэнгэрийн уудам орчилд хамтдаа л байж, чиний муухай араншинг мартмаар.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 5 сарын 01
.УИХ-аар хэлэлцэгдэх гэж байсан ”Зөрчлийн тухай” хууль тойрсон маргаан мэтгэлцээн сошиалд өрнөж байна. Алив зүйлийг зөвхөн нэг талаас нь хараад дүгнээд байвал буруутгаж маргалдах шалтаг заавал гардаг. Ямар нэгэн асуудал дээр нэг талыг барьж туйлширдаг, үүний улмаас маргалдаж бие биеэ хараан зүхэж талцдаг үзэгдэл даамжирсаар. Харин шийдлийн хувьд нэгдсэн ойлголцолд хүрч чаддаггүй нь монголчууд бидний муу чанар төдийгүй бусад хүмүүс зорилготойгоор ашиглах боломж нь болдог. Хэдийгээр би сэтгүүлч биш боловч, өөрийн санаа бодлоо нэмэрлэхийг хүслээ.
* СЭТГҮҮЛ ЗҮЙН ТАЛААСАА:
1. Монголын олон хэвлэл мэдээллийн байгууллагууд улстөрчдийн мэдэлд байдаг төдийгүй, үүнийгээ улстөрийн сонгуульд бие биенээ гүтгэхэд ашигладаг нууц биш. Энэ шалтгаанаар ”Хэвлэлийн эрх чөлөө” хязгаарлагдмал байгаа нь ч үнэн.
2. Олон сайн сэтгүүлчид нийгэмд зөв мэдээлэл өгөхийг хичээдэг боловч олон муу сэтгүүлчид бусдын захиалгаар, гүтгэлгийн чанартай, хар бараан зүйлс бичдэг нь нууц биш. Энэ шалтгаанаар сэтгүүлчдийн үнэлэмж буурч, хүмүүс тэдэнд итгэхгүй байгаа нь ч үнэн.
3. Сонгуульд ялсан улстөрийн нам, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай ”Хаалтын гэрээ” байгуулж, улс орны нийтлэг эрх ашгаас урвасан, хууль бус муу үйлдлүүдээ олон нийтэд мэдээллүүлэхгүйгээр ”үгсэн хуйвалдаж” байгаа нь нууц биш. Энэ шалтгаанаар нийгмийн буруу тогтолцоо бий болж, бид бухимдан тэмцэхийг хүсч байгаа нь ч үнэн.
*УЛСТӨРЧДИЙН ТАЛААСАА:
1. УИХ-ын гишүүн Гарамжав, ”Хэвлэл мэдээллийн байгууллагуудад” шударга ёсыг тогтоон, хариуцлагын шударга тогтолцоог бий болгохын төлөө энэ заалтыг оруулсан гэж бодохгүй байна. Зүгээр л тэд сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг айлган дарамтлахыг хүссэн байх.
2. Хууль бус үйлдлүүд нь болон хариуцлагагүй замбараагүй байдал нь даамжирсанд тэсвэрээ алдсан сэтгүүлчдийн зөв мэдээллүүд өнөөгийн улстөрчдийг ”айлгаж” бас ”залхааж” байгаа болохоор тэд өөрсдийгөө хуулийн ийм заалтаар хамгаалахыг хүсч байгаа. Тэд ийм байдлаар зарим хэвлэл мэдээллийн байгууллагуудын эздийг хязгаарлахыг хүсч байж ч болох юм.
3. Хууль хэрэгжүүлэх байгууллагуудын удирдлагуудыг тэд томилдог болохоор, хуулийн ийм заалтыг улстөрчид өөрсөддөө ашигтай байдлаар ашиглаж чадна. Өөрөөр хэлбэл бие даасан, хараат бус хуулийн тогтолцоо бүрдээгүй цагт хүмүүс хуулийн шударга хэрэгжилтэд итгэхгүй байгаа төдийгүй, хууль зөвхөн улстөрчдөд үйлчилнэ хэмээн хардаж байгаа хэрэг.
*ЯАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БОЛ?
-”ГҮТГЭЛЭГ” гэж юу юм бэ? ”ГҮТГЭСЭН” гэдгийг хэн, хэрхэн нотлох вэ? ”ГҮТГҮҮЛЭГЧ”-ийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ? гэсэн олон асуудлуудад нухацтай, бодитой хандах хэрэгтэй болж байна. Энэ хуулийг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон сэтгүүлчдээр ч хэлэлцүүлэх шаардлагатай болно. Энэ хууль хэрэгтэй хууль боловч яг өнөөдөр цаг нь болоогүй байна хэмээн харж байна л даа. Сайн хөрсөн дээр ургасан хууль, бусдаас өшөө авах шалтгаан болохгүй байх.
-Энэ асуудал дээр хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэж чадсан шигээ, ”Хэвлэл мэдээллийн байгууллагууд”-ын бие даасан байдал, хэвлэлийн эрх чөлөө, хариуцлагын асуудал дээрээ анхаарч өөрчилбөл юутай сайн сан. Яг үнэндээ одоогийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад сайн стандарт тогтоон мөрдүүлж чадвал, 5-8 ТВ болон Медиа групп л оршин тогтнож үлдэнэ дээ. Ийм шаардлага ч буй болжээ. Тэд ч аажимдаа төрөлжин, өөр өөрсдийн хэрэглэгчтэй болж чадна.
-Улстөрчид ч, сэтгүүлчид ч буруу муу үйлдлийнхээ төлөө ав адилхан ХАРИУЦЛАГА хүлээдэг байх тогтолцоо руу бид хүссэн ч хүсээгүй ч явна. Өөр зам бидэнд үгүй. Ийм хариуцлагын тогтолцоо бий болсноор нийгэм эрүүлжих тийшээ хандаж, хүмүүс ч бие биенээ гүтгэн доромжлох нь багасах болно.
Сүүлийн үед олон асуудлууд дээр сэтгүүлчид сонор соргог байж, өөрийн санаа бодлоо зоригтойгоор илэрхийлж байгаа нь сайн хэрэг. Энэ чинь иргэдийн идэвхи урмыг сэргээх эхлэл болж байгаа. Ер нь алив зүйлийг нэг талаас нь бус олон талаас нь үгүйдээ л хоёр талаас нь харьцуулан дүгнэж байх нь зөв хариу, шийдэл олохын баталгаа мөн. Хичнээн муугаар харж байвч урагшаа алхаж байгаа болохоор бүх зүйлс сайн тал руугаа өөрчлөгдөж байгаа. Гэхдээ энэ бүхэн миний л хувийн бодол юм шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 4 сарын 26
”АЗ ЖАРГАЛГҮЙ” ХҮМҮҮС