-
2017 оны 4 сарын 23
...Заримдаа би хайрын дарсыг согтотлоо залгилж, согтсон хайрандаа мансууран жаргаж , энэ ертөнцөд чамаас сайхан нь үгүй хэмээн сайрхаж, сэтгэлийнхээ чанадад чиний төрхөөр өөрийгөө гоён баясдаг. Шөнөжин хулжсан нойрондоо чамайгаа санан бэтгэрч, хамтдаа байх мөч бүрийг аз жаргалаар төсөөлөн инээмсэглэж, өөрийн эрхгүй уруулаа цорвойлгон чамайгаа эрхлүүлэн жаргана. Өглөө болгон чамайгаа энэ ертөнцөд байгаа гэдгийг санахдаа нарны гэрэлт сацрагт жаргалтайяа суниан мишээдэг. Нарны бүлээхэн сацраг чиний минь алга шиг дулаахныг мэдрэхдээ, чамтайгаа хамтад зуун зуун шувуудын жиргээнд уянгалан эгшиглэх хайрын дууг сэтгэлдээ аялна. Чи минь байгаа энэ ертөнцөд би жигүүрээ дэлгэн нисэхдээ, уудам энэ орчлонгийн хайрын гэгээн орон зайд сэтгэл минь дур зоргоороо дүүлэн сэлгүүцдэг. Ганцхан чи минь миний сэтгэлд хайрын гэрэл гэгээг туяаруулна. Тэгээд л би өглөө болгоныг хайраар угтаж, үдэш болгоныг хайраар жаргаадаг.
Хааяадаа би хайрын захидлыг сэтгэлийнхээ чанадад чамдаа бичиж, өөртөө уншдаг. Чамайг сонсог гэсэндээ чангаар уншина. Сайхан төрхөнд чинь бус, сэтгэлийн чанад дахь гэгээн хайранд тань учирлах гэж уянгалуулан уншдаг. Хайрын захидалдаа сэтгэлээ шингээж учигласан үг болгоныг хайраа шингээн зангидаж, үйл болгон урласан бүтээл болгоныг тань би бахдан бахдан чамайг улам ихээр хайрлана. Сэтгэлээ шингээн байж урласан бүхэн тань миний сэтгэлд хайр болон уусдаг. Үг болгондоо хайраа ширээж, үйл болгондоо хайраа шингээж урлах бүсгүй хүн тийм ч олон бил үү? Бүсгүй хүн болгон хайрандаа уярч, халамжиндаа уусдаг гэдгийг эрчүүд болгон мэднэ гэж үү? Хичнээн хатуу байгаад ч бүсгүй хайранд уусч зөөлөрдөг тавилан гэж буй. Хичнээн хахир байгаад ч бүсгүй хайранд уярч дуулдаг заяа гэж буй. Жинхэнэ хайр гэдэг, хичнээн хол байгаад ч дэргэд минь дандаа уянгалан эгшиглэж, үргэлжид уяраан дасгаж байдаг юм даа.
...Сайхан хайр гэдэг нь энэ ертөнцөд үйлийн үрээр учирсан тавилан юм. Энэ ертөнцөд зовлон жаргалыг тэнцүүлэх гэж ирсэн үйл юм. Сэтгэлээ шингээгээгүй хайр гэдэг хүйтэн юм, сэтгэлээ шингээсэн хайр гэдэг хав халуухан, бас хэзээ ч хөрдөггүй аж. Харах бүрдээ хайр ундарна гэдэг сайхан юм, уулзаагүй удахдаа санаж нулимс унагаах нь сувд юм, хамтдаа байхдаа уйдамгүй байна гэдэг жаргал юм, хаа холоос чамайгаа олж учирна гэдэг аз юм. Заримдаа ойлголцохгүй байхад инээж байгаад ч болов ойлголцох гэж хичээх нь хайр юм, өглөө сэрээд санаж үгүйлэх нь хайр юм, үдэш унтахдаа тэмтэрч үгүйлэх нь хайр юм, хол газар явахад нь санаж бэтгэрэх нь хайр юм, хүрээд ирэхэд нь уйлж тэврүүлэх нь хайр юм. Олоод алдаж болохгүй нь сайхан хайр юм, өнгөрснийг нь сануулахгүй мартах нь сайхан хайр юм, өнөөдрийн мөчид дандаа санаж байх нь сайхан хайр юм, өөрөө холдож чадахгүй дандаа дэргэд нь байхыг хүсэх нь сайхан хайр юм. Сэтгэл нь хайраар дүүрч байх нь сайхан хайр юм, сэмхэндээ сэтгэл нь сэмэрч хайрлах нь сайхан хайр юм, дандаа инээлдэж хошигнох нь сайхан хайр юм, хааяа уурлуулаад аргадаж байх нь сайхан хайр юм. ОЛДВОЛ АЛДАЖ БОЛОХГҮЙ САЙХАН ХАЙР ГЭЖ БУЙ.
Г.Галбадрах
-
2017 оны 4 сарын 21
Эрлийн жигүүр хайрласан
Эрдмийн өргөө сургууль минь
1985-1986 оны хичээлийн жилийн сүүлээр буюу 1986 оны хавар Завхан аймгийн Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургууль дээр Монголын Радио, Телевизийн Газраас \МРТВ\ орон даяар зохион байгуулж явуулдаг ”Залуу нас-Мөнхийн дуудлага” нэртэй радио нэвтрүүлгийн багийнхан ирсэн юм. Тэр багийг ахалж, ”25-р суваг” ТВ-ээрээ алдаршсан Авирмэд асан ирж байсныг санаж байна. Тэр үеийн Монголын залуусыг уриалан дуудсан энэ нэвтрүүлэгт тухайн үедээ улс орны хэмжээнд ”шилдэг” гэж дүгнэдэг байгууллагын залуусыг оролцуулдаг байсан юм. Бидний ажиллаж байсан Завхан аймгийн Тосонцэнгэл хотын 10 жилийн дунд сургууль ”Улсын Тэргүүний Сургууль” ийн болзлыг ханган олон жил хамгаалж, аймагтаа төдийгүй Улсын хэмжээнд ”Шилдэг” т тооцогддог байсан болохоор ийнхүү сонгосон байх. Ийм түвшинд энэ сургуулийг удирдан авч явж байсан захирал Ж.Нацаг, хичээлийн эрхлэгч Д. Пүрэвдорж нарын гавьяа байсан юм шүү. Энэ удирдлагууд залуу багш биднийг ”хатуу гар”аар ажиллуулж сургахдаа, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, бие биенээсээ суралцдаг, ажлын их ачааллыг даах чадварыг төлөвшүүлснээр, одоо хэр нь мундаг багш, сургуулийн удирдах ажилтан болцгоож, боловсролын салбарт сайн ажиллаж байгаад нь бахархаж байдаг. Хэрвээ надад жаахан ч атугай сайн чанар байдаг бол, энэ сургуульд ажиллаж байсан он жилүүдийн үр шим хэмээн би одоо ч талархан боддог юм даа.
Хоногийн тоогоор бие минь өсч
Хонхны дуугаар сэтгэл сэргэсэн
Хонгорхон насаа азтай үдсэн
Ховорхон заяах сургууль минь
Эрлийн жигүүр хайрласан
Эрдмийн өргөө сургууль минь
Нэвтрүүлэгт оролцох гэж залуу багш нар орой болгон цуглаж, нэвтрүүлгийн багийнхантай санал бодлоо хуваалцана. Монголын боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг баримттайгаар хөндөж, шийдэлд нь залуу багш нарын саналыг тусгах чиглэлээр хийж байсан нэвтрүүлэг юм. Хөдөөгийн сургуулиудад сургалтад хэрэглэх техник хэрэгслэл дутмаг байдаг тухай, байгаа техник хэрэгслэл нь эвдрэхээр сэлбэг олддоггүй тухай, хөдөө орон нутагт ажиллаж байгаа залуу багш нарын нийгмийн асуудал болоод мэргэжлийн ур чадварын талаар асуудал хөндөж байсан санагдаж байна. Нэвтрүүлэг үндсэндээ дуусч байх үед ”Ер нь энэ нэвтрүүлэгтэй холбогдуулан сургуулийн тухай дуу шинээр зохиож оруулбал яасан юм бэ?” гэсэн санал гарчээ. Тэр үед Тосонцэнгэлийн 8 жилийн сургуулийн захирлаар ажиллаж байсан С.Чимэдгочоо, манай сургуулийн орос хэлний багш Г. Гүнчинсүрэн зэрэг багш нар цуглан сууж байгаад үгийг нь зохиосон гэдэг. ОХУ-ын Свердловскийн Хөгжмийн Сургууль төгсөж ирээд Тосонцэнгэлийн ”Соёлын Ордон”-ы даргаар ажиллаж байсан Д.Цэвээнравдан \одоо ”МУУГЗ”, нэрт хөгжмийн зохиолч\ аялгууг нь зохиож, ”Соёлын Ордон” ы ”сайн дурын уран сайханч” МБК-ын ажилчин Отгонбаяр дуулсан юм. Тэр үед Монголын радиогоор дуулагдах шинэ дуу болон уран бүтээлийг урьдчилан хянаж, албан ёсны зөвшөөрөл өгдөг МАХН-ы үзэл суртал хариуцсан байгууллагад Авирмэд хандаж зөвшөөрөл авсан гэж хожим нь сонсож байв. Анх сонссон болоод тэр үү, Отгонбаярын дуулсан дуу миний сэтгэлд их ойр санагддаг юм.
Сурагчийн ширээнд тохой мөртэй
Сурлагын дэвтэрт нэр минь бичээстэй
Амьдрах хүслийн учгийг атгуулсан
Ачлан дээдлэх сургууль минь
Эрлийн жигүүр хайрласан
Эрдмийн өргөө сургууль минь
1986 онд ”Залуу нас-Мөнхийн дуудлага” радио нэвтрүүлгээр зохиогдсон энэ дууг хожим нь МУГЖ С.Батсүх, МУГЖ У.Далантай нар дуулж олны хүртээл болголоо. МУГЖ У.Далантай энэ дууг зохиогдох үед Завханы Тосонцэнгэлийн сургуульд сурч байв. Пионер сурагчдын ”Урлагийн үзлэг”т түрүүлж байсан У.Далантай, энэ сургуулийг төгсөгч гэдгээрээ сэтгэлд их ойр дуулдаг юм. Одоо хэр нь энэ дууг сонсохоор залуу насны омог бардам араншингаар нөхөрлөн, сайдаж муудалцах хэрнээ зовлон жаргалаа хамтдаа л хуваалцаж явсан олон багш нар, хүүхэд насны гэнэн томоогүй зангаараа загнуулж зэмлүүлж, амжилт сурлагаараа баярлуулан бахдуулж байсан олон шавь нар, чандманалан баригдсан хичээлийн 3 барилга нүдэнд харагддаг юм. Тэр цаг үеийн дүрс энэ дуунд шингэж үлдсэн юм шүү дээ. Яг л кино шиг. 1991-1998 онд Завхан аймгийн Тосонцэнгэлийн 10 жилийн дунд сургуулийн захирлаар ажиллаж байхдаа ”Сургууль минь” нэртэй энэ дууг сургуулийнхаа ”сүлд дуу” хэмээн тооцож, хичээлийн шинэ жилийн нээлтийн баяр, төгсөлтийн ”Хонхны баяр” дээр сургуулийн хамт олноороо дуулдаг болгож хэвшүүлсэн сэн. Одоо ингэж дуулж байгаа болов уу? хэмээн хааяадаа санаашрангуй бодох.
Холын газраас сэтгэлд тодхон
Хаяаны эндээс нүдэнд илхэн
Насны замыг ашид гийгүүлсэн
Нандин хайртай сургууль минь
Эрлийн жигүүр хайрласан
Эрдмийн өргөө сургууль минь
Энэ дуу бүтээд 30 жил өнгөрчээ. Цалин буусан үед шил архи аваад сургуулийн хашааны буланд хувааж уунгаа зовлон жаргал, хүсэл мөрөөдлөө хүүрнэж асан, хагас сайны орой нэгнийдээ цуглан ”таван гарын муушиг” тоглонгоо цуйван идэж өглөө болгож асан, спортын зааландаа хөлсөө асгартал тоглон хөгжилдөж асан, хотын урлагийн үзлэгт концерт тоглох гэж шөнө дөл хүртэл үүрэглэн сууж асан, намар хадлан хадах гэж хөдөө майханд шөнөжингөө онигоо ярьж хөхрөлдсөн, аймаг руу семинарт явах гэж ”Зил-130” машины тэвшин дээр дуулалдаж асан, сайхан сургуулийнхаа бахдам нэрийн дор хамтдаа онгиролдож асан он жилүүд цаг хугацааны урсгалд урсан оджээ. Зөндөө олон найзууд минь ”Бурханы оронд” одсон сураг сонсох бүрт зүрхэнд минь нулимс урсаж, чимээгүйхэн мэгшинэ. 2000 -аад оны эхээр Насанбуян маань санаачилсан ”Тосонцэнгэлийн сургуулиудын багш нарын уулзалт” Улаанбаатар хотноо жил болгон зохион байгуулагдаж, уламжлал болон хэвшиж байгаа нь юутай сайхан. Тэр үед хамт ажиллаж байсан нэгэн багш маань нүүрномоор энэ дууны 30 жилийн дурдатгалыг сануулсан юм. Энэ дурдатгал сэтгэлийн чанадад хадгалагдсан гэгээн сайхан дусамжуудыг минь сэргээв. Энэ дуугаар Тосонцэнгэлийн 10 жилийн сургуулийн тэр үеийн удирдлагууд болон багш нарыг оролцуулаад клип хийхсэн хэмээн хүсч байсан мөрөөдлийг минь бас сэргээв. Энэ сургуульд суралцаж төгссөн олон олон шавь нар минь энэ дууг дуулж байгаасай хэмээн хүсэв. Сайн дуу түүхийн гэрч болон үлддэг аж.
Эрлийн жигүүр хайрласан
Эрдмийн өргөө сургууль минь
https://www.youtube.com/watch?v=vV0aJXoSwW4
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
www.galbadrakh.com 2017-04-20
-
2017 оны 4 сарын 19
20 гаруй жилийн тэртээгээс АНУ-ыг зорин ирж ажиллаж амьдарч буй монголчууд эхний үедээ бусдын бизнес дээр өөрсдөө мөнгө олохын тулд ажиллаж байсан бол, сүүлийн жилүүдэд өөрсдийн бизнесээ босгож өөртөө мөнгө олохын тулд ажиллаж эхэллээ. Монголчуудын алив зүйлд ”дасан зохицох чадвар”, ”ажлыг хурдан хугацаанд сурч, аргыг нь олдог чадвар”, ”бусдын удирдлага дор удаан ажиллахыг хүсдэггүй чанар”, ”ямагт бусдаас өөрийгөө илүү гэж үнэлэх үнэлэмж”, ”бусдаас дутуу явахыг хүсдэггүй бардам зан”-гууд үүнд нөлөөлсөн. АНУ-д ирж суурьшаад 50, 100 магадгүй 200 жил болсон бусад үндэстэн цагаачидтай харьцуулах юм бол энэ нь мундаг үзүүлэлт. Тэд бол өөрсдийн зардлаараа өөрсдийгөө хөгжүүлж, дэлхийн бизнесийн зах зээл дээр өрсөлдөж сурч буй монголчууд хэмээн би хувьдаа бахархан үнэлж явдаг юм. Тэд бол ”урвагч”, ”хувиа бодсон”, ”новшийн хүмүүс” огтхон ч биш бөгөөд, тэд бол дэлхийн хэмжээний ”БАЯЛАГ БҮТЭЭГЧИД” болж эхэлж байна. Монголчууд бид ч, Монголын ЗГ-ч одоо тэднийг өөрөөр харж дүгнэн, үр дүнтэй ашиглан хамтарч ажиллах цаг нь болжээ.
”United Mongolia” ТББ-аас хэрэгжүүлж эхэлж буй ”Бизнесийн төсөл”ийн хүрээнд 2017 оны 2 сарын дундаас сар гаруй хугацаанд АНУ-ын монголчууд олноороо ажиллаж амьдардаг 8 хотуудаар явж ”Бизнесийн мэдээлэл” цуглууллаа. Нийтдээ 12 000 мил зам туулж олон, олон бизнесмэнүүдтэй уулзаж ятгасан энэ аялал амаргүй байсан. Олон хүмүүс энэ зорилго дээр минь болгоомжлонгүй хандаж байв. ”Надад ямар ашигтай юм бэ?”, ”Та нар хаанаас яаж санхүүжиж байгаа юм бэ?” , ”Энэ хэнд хэрэгтэй гэж?”, ”Бид ер нь нэгдэж, хамтран ажиллаж чадах болов уу?”, ”Би өөрийгөө л аваад явж байгаа болохоор бусдад гайхуулаад байх юм алга” гэхчилэн эргэлзэж тээнэгэлзсэн, хардсан, заримдаа дургүйцсэн олон хүмүүсийн өөдөөс ”Тэнгис далай шиг том бизнесийн энэ зах зээл дээр бид өөр хоорондоо өрсөлдөх биш, хамтарч нэгдээд бусадтай өрсөлдөх хэрэгтэй байна”, ”Та бидний зовж зүдэрч байж олж авсан бизнесийн туршлага маань бусад монголчуудад хэрэгтэй байна”, ”Бид бизнес хийж мөнгөтэй болох хэрээрээ эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллах хэрэгтэй шүү дээ. Магадгүй энэ нь Монголын хөгжилд тус дэм болноо” хэмээн учирлаж тайлбарласан. Олон монголчууд биднийг талархан хүлээж авч, дэмжин урам өгч байсан шүү. ”Сэтгэлд гал байхад зууханд гал олддог” юм билээ. ”Явсан нохой яс зуудаг”ийн үлгэрээр, 112 бизнесийн мэдээлэлтэй гэртээ ирэхдээ бид маш их баяртай байлаа.
* Нэг: МЭДЭЭЛЭЛД ОРОЛЦСОН 112 БИЗНЕС ДЭЭР ЗАДАРГАА ХИЙЖ ҮЗВЭЛ:
*хотуудын нэр *oролцсон бизнесийн *үүн дотроос голлосон * тоо * хувь
тоо, нийт хувь бизнес
1. Бэй Ареа орчим 21 18.8% ресторан, зоогийн газар 8 38,1%
2. Вашингтон ДС орчим 20 17.9% чулууны бизнес 7 30,4%
3. Денвэр 18 16.1% хумсны салон 8 44,4%
4. Сиэтл 17 15.2% барилга 8 47,1%
5. Чикаго 16 14.3% ресторан, зоогийн газар 3 18,8%
6. Лос-Анжелес 14 15.2% тээвэр зууч 3 21,4%
7. Салт Лайк 4 ресторан, зоогийн газар 3 75,0%
8. Сакраменто 2 ресторан, зоогийн газар 1 50,0%
* Mэдээлэлд оролцсон 112 бизнесүүдийн голлох төрлүүд, эзлэх хувь:
1. Ресторан, зоогийн газар 19 17%
2. Барилга 14 12,5%
3. Хумсны салон 9 8%
4. Тээвэр зуучлал 9 8%
5. Чулууны бизнес 8 7,1%
6. Хими цэвэрлэгээ 7 6,3%
7. Авто машины засвар 6 5,4%
8. Үл хөдлөх хөрөнгө зуучлал 6 5,4%
*Мэдээлэлд оролцсон 112 бизнесүүдийн эздийн насны ялгавар:
25-35 хүртэл насны 21.4%
35-45 хүртэл насны 52,7%
45 -аас дээш насны 25,9%
Эдгээрээс гадна: мэдээллийн технологи, хуульч, үсчин гоо сайханч, бариа засал массаж, аялал жуулчлал, эмнэлгийн үйлчилгээ зэрэг салбруудыг орууллаа. Хэдийгээр өөрийнх нь бизнес биш боловч монголчуудад үйлчлэх хэрэгцээг нь харгалзан, үл хөдлөх хөрөнгийн зуучлал болон автомашины борлуулагчдыг ч бас оруулсан юм.
*Aнхаарах зүйл: Энэ нь бидний мэдээлэлд оролцсон бизнесүүдийн хэмжээнд гаргасан харьцуулалт бөгөөд нийт хэмжээгээр нь авч үзвэл өөр үзүүлэлт гарна. Хэдийгээр бид энэ удаад дээрх хотуудаас 112 бизнесүүдийг ятган оролцуулж чадсан боловч, нийтдээ 200 гаруй бизнесмэнүүдтэй уулзаж ярилцлаа.Энэ удаад оролцоогүй боловч ”дараагийн удаад заавал оролцоно” гэж учирласан бизнесмэнүүд болон ерөнхийд нь анзаарч ажиглахад Вашингтон ДС орчимд чулууны болон барилгын, Чикаго хот орчимд хумсны салон, тракны болон таксины үйлчилгээ, Денвэрт хумсны салон, Сиэтл хотод барилгын болон цэвэрлэгээний, Лос-Анжелест ресторан зоогийн газар болон тракны, Бэй-Ареа орчимд ресторан зоогийн газар, хими цэвэрлэгээний, Салт-Лайке болон Сакраментод ресторан зоогийн газрын чиглэлийн бизнесүүд зонхилж байв.
Хот болгонд монголчуудын ажиллуулж буй ресторан зоогийн газрын бизнесүүдийн ихэнх нь Японы ”суши ресторан” -ууд байсан нь сонирхолтой санагдсан. Биднийг Чикаго хотод ажиллаж байхад ”Өнөөдөр манай Чикагод 56 дахь хумсны салон нээлтээ хийлээ” хэмээн ярихыг сонсож байв. Тэгэхээр АНУд бизнес эрхэлж буй монголчуудын тоо өдөр хоногоор нэмэгдэж байгаа гэсэн үг. Сиэтлд барилгын бизнес эрхэлж буй Баяраа бизнесийн орлогоороо Ховд аймгийн Манхан сумд ХАА, аялал жуулчлал хосолсон цогцолбор байгуулж, Денвер хотод хими цэвэрлэгээ, хумсны салон ажиллуулж буй Батнасан, Мөнхтуяа нар Улаанбаатар хотод ”Офицер таун” нэртэй орон сууцны хороолол барьж байгуулж байна. Ийм сайн жишээнүүд олон байгаа.
*Хоёр: СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ ЯАГААД ХЭРЭГТЭЙ ВЭ?
Алив зүйлийг сургаар, баримжаагаар ярьдаг монголчууд бид мэдээлэл судалгаагүйгээр цаашид хөгжих аргагүй. ”Тэнд тийм бизнес хийдэг хүн байдаг гэнээ” гэдэг сургаар бид бие биенийхээ бизнесийг дэмжих боломжгүй. Хүн болгоны дотор бие биенээ дэмжих санаа байвч, ”сачий” нь болох мэдээлэлгүйгээр яаж дэмжих гэж? Ядаж л нэг хотод аялж очихдоо тэр хотод байдаг ”монгол хоолны газар” болон бизнес, үйлчилгээний газруудын мэдээллийг ашиглан ”Хүний нохой идэхээр өөрийн...” гэсэн сэтгэлээр очоод л үйлчлүүлнэ. Бие биетэйгээ танилцаж санаа бодлоо солилцон, туршлагаа хуваалцана.
”United Mongolia” ТББ-ын дэргэдэх ”Шинэч” Мэдээллийн групп АНУд бизнес эрхэлж буй монголчуудын ”Мэдээллийн нэгдсэн сан” г бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм.
1. Эхний 100 гаруй мэдээллүүдээ төрөлжүүлэн нэгтгэж энэ оны эхний хагаст ”Шинэч” нэртэй сэтгүүл болгон хэвлүүлж Монголд болон АНУд тараах юм. Энэ сэтгүүл нь АНУ-д бизнес эрхэлж буй монголчуудын ”түүх” болж үлдэх учраас хүмүүст ”дурсамжтай” гэдэг талаас нь харж байна.
2. АНУ-д бизнес эрхэлж буй монголчуудын мэдээллүүдийг төрөлжүүлэн тусдаа веб сайт бүтээн онлайнд байрлуулан олон нийтэд хүртээмжтэй байдлаар ашиглахаар төлөвлөж байна. АНУдахь монголчуудын бизнес болон ”Монголчуудын Холбоо” , ”Монгол сургуулиуд”, ”Соёлын төв”,”Олон нийтийн байгууллагууд, холбоод”ын мэдээллүүдийг хамтатган нэгтгэснээр хялбаршуулсан мэдээлэл болох ”Yellov page” үүсгэн, бүх монголчууд ашиглах боломжийг бий болгоно.
Ийм мэдээллийн санг бий болгосноор:
- АНУ-д ажиллаж амьдарч буй монголчуудын талаар ЗГ болон ЭСЯ-дууд, шийдвэр гаргах эрх бүхий байгууллагууд зөв ”бодлого” боловсруулан хэрэгжүүлэх боломжтой болно.
-АНУ-д ажиллаж амьдарч буй монголчууд бие биенээ дэмжиж хамтран ажиллах боломжууд бий болж, алсдаа АНУын монголчуудын ”Нэгдсэн Холбоо” үүсэн байгуулагдаж, үр дүнтэй ажиллах суурь үүснэ.
-Гадаадад байгаа монголчууд болон Монголдоо байгаа монголчууд харилцан ашигтай хамтран ажиллах боломж бүрдэнэ.
-Яг энэ туршлагаар Европ, Австрали, Азийн бусад орнуудад ажиллаж амьдарч буй монголчуудын ”Мэдээллийн нгэдсэн сан” г бий болгож болно.
*Гурав: ХОЛЫГ ХАРЦГААЯ
-3 сая хүн амтай, өргөн уудам газар нутаг, өгөөмөр их баялагтай монголчууд бид 27 жил өөрийнхөө нутаг дээр өөр хоорондоо өрсөлдлөө. Биднийг жижигхэн зах зээл дээр хооронд нь ”зодолдуулаад” байх сонирхол урд хойд хоёр хөршид минь адил буй. Жижиг зах зээл дээрх бидний өрсөлдөөн улстөртэй хутгалдаж, зах зээлийн төрлүүдийг хуваан эзэгнэсэн улстөрчид, өөрсдийн бизнесүүддээ зориулан хууль дүрэм журмыг гаргах болсноор, энгийн иргэдийн бизнес эрхлэх боломжууд хумигдсаар байна. Тэгэхээр бид гадаад ертөнц рүү, дэлхий рүү хараачлах хэрэгтэй болжээ. Гадаадад өөрсдийн бизнесээ эрхэлж буй монголчуудад ТУРШЛАГА байна, харин танд МӨНГӨ байгаа бол, энэ боломжуудаа нэгтгээд хамтран ажиллаж ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ?
-Дэлхийн бизнесийн зах зээл дээр ”Мэдээллийн Технологи” буюу soft ware ноёрхож эхэлж байгаа энэ үед гадаадын улс орнуудад ажиллаж буй 200 орчим IT монгол инженерүүд, бизнес эрхэлж буй цөөн биш IT компаниуд байгаа нь монголчууд бидний хувьд том боломжууд мөн. Монголчууд бид гадаад болон дотоод зах зээл дээрх бизнесүүдээ нэгтгэн ”Мэдээллийн Технологи”ийн инженер залуустайгаа хамтран ажиллавал, дэлхийн бизнесийн зах зээл дээр ”хоцрогдсон” цаг хугацаагаа нөхөж амжих болно.
-Гадаадын улс орнуудад дэлхийн хэмжээний бизнес эрхэлж буй монголчуудаа ”БАЯЛАГ БҮТЭЭГЧИД” хэмээн үнэлж дэмжих ахул, олон олон орнуудад бизнесээ өргөжүүлэн ”саятан”, ”тэрбумтан”гууд болох монголчууд хэзээ нэгэн цагт Монголдоо ”ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ” хийцгээх болно. Магадгүй Монголын хөгжилд гаднаас нь нөлөөлөх боломж байна гэж бид хараад байна л даа. Тэгэхээр бид ”ЖАЛГЫН” сэтгэлгээнээсээ ангижирч, ”ДЭЛХИЙН” хэмжээнд сэтгэх шаардлагатай болж байна.
*ТӨГСГӨЛ:
”United Mongolia” ТББ-ын ”Шинэч” мэдээллийн группын энэ удаагийн багт сэтгүүлч Э.Бүжинлхам, хэвлэлийн дизайнер, фото зурагчин Эрдэнэбат, жолооч фото зурагчин Баттулга нар ажилласан юм. Энэ аялалыг минь чин сэтгэлээсээ дэмжиж тусалсан олон монголчууддаа маш их баярлалаа. Энэ баг маань ”Шинэч” сэтгүүлийн эхийг бэлтгэж, Б. Одхүү нар веб сайт дээр ажиллаж байгаа. Бид энэ ажлуудаа наадмаас өмнө дуусгах гэж хичээж байна.
Наадмын дараа бид дахиад л аялалдаа гарах юм. Бидний тооцоолж байгаагаар 300 орчим монгол эзэнтэй бизнесүүд байгаа. Тэгэхээр ”Шинэч” сэтгүүл минь 3 дугаар гарах байх. Бас веб сайтын мэдээллүүдээ эмхлэнэ. Та нар минь биднийг ойлгож дэмжих ахул бид бүх зүйлийг төлөвлөснөөрөө маш сайн хийх болно. Одоо бол бидэнд туршлага бас итгэл найдвар байна. Мэдээж та нараас авч буй бага хэмжээний хураамж, энэ бүх ажлуудыг гүйцэлдүүлэх санхүүжилт болж байгаа шүү.
Яг үнэндээ 330 сая хүн амтай Америкийн зах зээл дээр 3 сая монголчууд бүгдээрээ нэгдээд зүтгэхэд ч хүрэлцэнэ. Нэгэн буланд бөөгнөрөөд өөр хоорондоо өрсөлдөх хэрэг юун? Бие биенийхээ бизнесийн үйлчлүүлэгчийг ”булааж”, үнийг нь унагаж байгаа үзэгдэл нь ”Жалга” сэтгэлгээний л илрэл. Бид алдаагаа засаад сайн тал руу хандахад бидний одоо хийж буй энэ төсөл маш том дэмжлэг болно.
Энэ бүхэн ”Хэнд хэрэгтэй вэ?” гэж үү? Монголчууд бидний эв нэгдэл, хамтын ажиллагаанд хэрэгтэй. Нэг хүн хичнээн мундаг байгаад, бусдын дэмжлэг урамгүйгээр хэн ч биш. Мэдэж чадаж байгаа зүйлсээ бусадтай хуваалцаж байх нь их ач тус буян юм шүү дээ. Хэрэв бид ийм зах зээл дээр дэлхийн жишгээр өрсөлдөж, бүтээж сурвал та бидний үр хүүхдүүдэд бахархал, бас боломж болон үлдэнэ. Тэд бидний эхлэлийг үргэлжлүүлээд л аваад явна. Монголчууд бид нэгэн цагт дэлхийн бизнесийн зах зээл дээр гайхуулах ч юм бил үү? Монголчууд бид ”ЭВТЭЙ БАЙХДАА ХҮЧТЭЙ” гэдэг дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 4 сарын 17
...Хүн хэний төлөө, юуны төлөө хөдөлмөрлөдөг вэ? Олон хүмүүс ”Эх орныхоо төлөө”, ”бусдын төлөө”, эсвэл ”хэн нэгний төлөө” хөдөлмөрлөдөг гэж бодох авч яг үндсэндээ ”Өөрийнхөө төлөө” л хөдөлмөрлөдөг юм шүү дээ. Чи ажил хийж олсон мөнгөөрөө өөртөө хэрэгтэй зүйл худалдан авч, гэр бүлийнхээ санхүүжилтыг шийдэж, бас дотно хэн нэгэндээ туслах боломжтой болно. Хэрэв та ажил хийдэггүй, орлого олдоггүй бол амьдрал тань ямар байхыг төсөөлөөд бод доо. Та өөрийн орлогогүй байлаа ч таны хэрэглээ тань алга болохгүй болохоор заавал мөнгө хэрэг болдог. Нэгэнт өөрийн орлогогүй болохоор шаардагдаж байгаа мөнгөө олохын тулд бусдаас зээлнэ, хэрэв зээлж чадахгүй бол мөнгө олж болох ”муу аргууд” л санаанд тань бууна. Чухам эндээс л таны амьдралын тарчлаантай, бухимдалтай асуудлууд үүсдэг юм даа. Энд таны харааж зүхээд байгаа улстөр, амьдрал хэцүү байхад тусалж дэмжсэнгүй хэмээн гомдож буруутгаад байгаа ах дүүс, боломжтой юм шиг харагдаад байгаа хэрнээ мөнгө зээлээгүй найз нөхөд, танил хүмүүс ч буруугүй, харин ажил хийхийг хүсэхгүй байгаа та өөрөө л буруутай.
Хэрэв та дэлгүүрийн худалдагч хийж байгаа бол, таны зарах гэж хичээж байгаа бараа бүтээгдэхүүнээс худалдаж авч байгаа хүн болгон таныг санхүүжүүлж байгаа санхүүжүүлэгч. Тийм болохоор та тэднийг хүндэтгэж, тэдэнд талархсандаа тэдний өөдөөс инээмсэглэж байх учиртай. Хэрэв та мужаан хийж байгаа бол, танаар тавилга захиалан хийлгэж байгаа хүн болгон үйлчлүүлэгч төдийгүй таныг санхүүжүүлэгч мөн. Тэгэхээр та тэр хүний хүссэн тавилгыг маш чанартай хийж өгөх ёстой. Хэн ч мөнгөө дэмий зүйлд зарцуулахыг хүсдэггүй. Хэрэв та таксины жолооч хийж байгаа бол таны таксиг сонгон сууж буй үйлчлүүлэгч болгон таны үйлчлүүлэгч, бас санхүүжүүлэгч. Тэр хүний танд төлсөн мөнгөөр та гэртээ талх худалдан авдаг учраас тэр хүнд чин сэтгэлээсээ баярлан талархаж байх учиртай. Төрийн албан хаагчид өөрөөр тань үйлчлүүлж байгаа хүн болгонд талархан баярлаж, хүссэнээр нь үйлчилж байх үүрэгтэй Учир нь та тэдний татварт төлж буй мөнгөөр цалинжиж байгаа юм. Хэрэв иргэд татвар төлдөггүй бол хэн таныг энэ албан тушаалд томилж, цалинжуулах билээ.
Олон хүмүүс өөрийн ажиллаж буй үйлчилгээний газрын эзэн, үйлдвэрийнхээ дарга нарын төлөө ажиллаад байгаа гэж андуурдаг учраас чин сэтгэлээсээ ажилладаггүй бас үргэлж цалингаа чамлаж байдаг. Үйлчлүүлэгчийн төлж буй мөнгөний дүнг анзаарахдаа эзэн болон дарга нар нь ”баяжаад” өөрөө хөдөлмөрөө ”шулуулаад” байгаа юм шиг санах. Тийм арчаагүй сэтгэхүйн улмаас үйлчлүүлэгчийн өөдөөс ярвалзаж, даргаа далдуур муулж суудаг. Бизнесийн эзэд өөрийн тань өмнөөс маш их хариуцлага үүрч байдаг төдийгүй орлого нь сайжрахгүй бол таны цалинг нэмж чадахгүй. Та ажлаа тараад гэртээ шууд харьдаг, цалингаа аваад өөр юунд ч санаа зовинодоггүй бол, бизнесийн эзэд байрны түрээс, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт, хадгалалт хамгаалалт, ЗГ-ын хяналт шалгалт, орлого зарлагын тооцоо, татвар даатгал, бүх л эрсдэлийг хариуцаж байдаг. Хэрвээ та нар ойлголцож, хамтдаа нэгэн сэтгэлээр зүтгэж чадвал орлого нь дээшилж, таны ч цалин нэмэгдэх болно, бас хэн хэндээ сэтгэл хангалуун итгэлтэй болдог. Зарим хүмүүс өөрийн хамаатан садныхаа бизнест ажиллаад давуу эрх мэдэл, бас өндөр цалин шаардана. Бизнесийнх нь эрсдэл зовлонг мэдэхгүй мөртлөө, ажиллана гэж ”гурилдчихаад” ”тусгай хангамж” хүсэн муудалцдаг. Яг үнэндээ бизнесийн зарчимд ”ах дүүс”-ийг тусгайлан харж үзэх зарчим байдаггүй. Хэн ч бай ялгалгүй яг адилхан зарчим үйлчилдэг. Сэтгэл тань дутвал заяа тань адилхан дутна.
Хэрвээ чи сайхан амьдрахыг хүсч байгаа бол ”алгаа ташилгүй” гээр ажил олж хий. Олж хийсэн ажилдаа сэтгэлээ шингээгээд, үйлчлүүлэгчдийг хүндлэн тэдэнд талархсан сэтгэлээ инээмсэглэлээр илчилж бай. Хэрэв тэгвэл алтан гулдмай, их мөнгөний зураг, элдэв хэрэгтэй хэрэггүй зүйлийг нүүр ном дээр шейрлэхгүйгээр ”баяжиж”, бас сайхан амьдарч чадна. Өөрийг тань ажилд авсан хүндээ үнэнчээр ажиллаж, ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийн тухай санаа бодлоо хуваалцан арга замыг хамтдаа эрж бай. Хэрэв тэгвэл заавал лам дээр очиж арга засал хийлгэн ном уншуулалгүйгээр, бөө бөөлүүлж хувь заяагаа даатгалгүйгээр, өрнө дорны зурхай уншин санаа алдан мөрөөдөлгүйгээр өөрийн хувь заяагаа өөрөө мэдэн удирдаж чадах болно. Амьдралд буй олон боломжуудыг мэдэрч, өөрийн сайн чаддаг, баяр бахдалтайгаар хийж чадах ажлаа сонгож чадвал та аз жаргалаар дүүрэн байх болно. Эргэн тойрноо баяр баяслаар дүүрэн харж, өөрт тань атаархсан хүмүүсийн өөдөөс инээмсэглэн уучилж, өглөө болгон зорилготойгоор сэрж, үдэш болгон өөртөө сэтгэл хангалуун амгалан унтаж чадах болно. Зүгээр л энэ амьдрал утга учиртайгаар ойлгогдож, байгаа боломжиндоо сэтгэл хангалуун болж, өөртөө маш их итгэлтэйгээр өөдрөг сайхан амьдарч чадах болно.
...Хүн хэний төлөө юуны тулд хөдөлмөрлөдөг гээч? Зөвхөн өөрийнхөө төлөө л хөдөлмөрлөдөг. Сэтгэлээ шингээсэн хөдөлмөр зүтгэл тань эх орны хөгжилд ч, бусдын сайн сайханд ч тус дэм болдог.”Бусдын төлөө хөдөлмөрлөж буй” гэх хүйтэн сэтгэхүйгээс л ”хамартаа баас түрхсэн” юм шиг ярвалзаж, хамаг хүмүүсийг өмссөн зүүснээр л ялгаварлан шоолж, далдуур муулж ярих хэрнээ даргынхаа нүдэн дээр нь ”үнэг шиг шарвалзан” зусардаж, мөнгөний төлөө хуурамч өнгөөрөө ”биеэ үнэлж”, энэ хорвоогийн ”хуурамч”-ын талаар ам мэдэн бурж суудаг төрхүүд үүсдэг юм даа. ”Хөдөлмөр хүнийг бий болгосон” гэж мэтгэлцэхгүй ч, ”Хөдөлмөр хэнийг ч хүн болгон төлөвшүүлдэг” жишээг бид өдөр тутам харж байна. Бас ”Хүн ажлыг голдоггүй, ажил хүнийг голдог” бичигдээгүй хуулинд ч бид захирагдаж байгаа. Хүнд их мөнгө ”тэнгэрээс гэнэт унаж” ирдэггүй, их тэвчээр хөдөлмөр зүтгэлийн үр дүнд олддог. Хамгийн амттай зүйл юу гээч. Өөрийн тань шингэсэн сэтгэл, урссан хөлснөөс бий болсон мөнгө. Дэндүү амттай бас сайхан даа.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 4 сарын 12
...Хүн болгон оюуны бүтээлүүдийг бүтээж чаддаггүй. Авьяаслаг хүмүүс уран бүтээл хийх гэж маш их шаналцгаадаг. Ердийн хүмүүс 8 цагийн ажлаа хийгээд санаж бодох зүйлгүйгээр амарч чаддаг бол, оюуны бүтээл хийдэг хүмүүс энэ тухай маш их бодож, үргэлжид сэтгэн, шөнө ч унтаж чадахгүй зүүдэлж, өөр ажил хийж байлаа ч уран бүтээлийнх нь санаа сэтгэлийн орон зайд тэнүүчлэн холдож өгдөггүй. Ном бичиж буй хүмүүс маш олон материалуудыг уншиж судлан харьцуулж, зураг зурж буй хүмүүс сэтгэлд буй дүрслэлүүдээ зотон даавуун дээр өнгө будгаар буулгаж, кино бүтээж буй хүмүүс өгүүлэмжийн найруулга, зураг авалтын дүрслэл дээр өөрөө оролцон шаналж, хөгжмийн зохиолчид хөг аялгууны эгшигээ зүүдэндээ аялж байж бүтээцгээнэ. Энэ бүхэн тэдний оюун санааны дотоод ертөнцөөс амилан бүтэж, бусдын хүртээл болдог болохоор маш үнэтэй, бас давтагдашгүй. Хүн төрөлхтөн ийм хүмүүсийн бүтээсэн гайхамшигтай бүтээлүүдээр нүд, сонор, сэтгэхүйгээ баясган, амьдралын утга учрыг ухаарч, сэтгэлийн их цэнгэлийг эдэлнэ. Тийм болохоор ийм уран бүтээлүүд бүтээсэн эзнээ мөнхийн мөнхөд ”амьдруулж” тэдний суу алдрыг үргэлжид дуурсгаж байдаг юм даа.
Саяхан зохиолч Б.Сарантуяагийн бичиж хэвлүүлэн олны хүртээл болгосон, хүмүүсийн сонирхлыг татаж байгаа ”Самар хатан” романыг нь хэсэг хүмүүс ”хулгайн” аргаар, чанаргүйгээр хэвлүүлэн өөрсдөө худалдаж байсан нь илэрч хүмүүсийг ихэд бухимдуулав. Зөвхөн энэ ч биш олон олон зохиол бүтээлүүд хулгайн аргаар хэвлэгдэн, хулгайчид бусдын бүтээлээр ”хөлжиж” байгаа талаар хүмүүс жишээ аван нотолж эхэллээ. Сайн бүтээл болж, хүмүүс сонирхон олноороо худалдаж авч буй ийм номнуудын хэвлэлийн эхийг нь хулгайлан хямд, чанаргүй цаасан дээр дахин хэвлэж, түүнийг нь зохиогчийн зарж буй үнээр бусдад худалдан ашгаа хуваан авцгаадаг ”сүлжээ” бий болсон байдаг аж. Энэ сүлжээнд хэвлэлийн эх бэлтгэл, хэвлэх үйлдвэр, гар дээрээс борлуулагчид гэсэн дамжлагууд нэгддэг аж. Сүүлийн жилүүдэд хуучны болон өнөөгийн сайн зохиол бүтээлүүдийг Өвөр Монголд хэвлүүлэн, тарааж худалдах тохиолдол ч цөөн биш байгаа гэнэ. Б.Сарантуяа зохиолч энэхүү романыг бичих гэж ямар их шаналантай цаг хугацаанд ямар их хөдөлмөр зүтгэл зарцуулсныг бүтээлийг нь хулгайлагчид огтхон ч тоосонгүй. Цаг хугацаа зарцуулсан их хөдөлмөрийн өөрөө хүртэх ёстой үр шимийг нь зүгээр сууж байгаад хулгайлж авахдаа тэдний сэтгэл өвдөж зовсонгүй. Тэд мөнгөний төлөө хэнийг ч өрөвдөж хайрлахгүй, өөрөө зүгээр сууж байгаад их мөнгөтэй болох ад бишийн шунал нь өөрсдийнх нь хүн чанарыг ”араатан” болгон хувиргажээ.
”Би чамд хайртай-2” киноны уран бүтээлчид энэхүү киногоо АНУ-д буй монголчуудад үзүүлэх гэж хотуудаар явж байсан юм. Вашингтон ДС хотод гарах зар тараад хүмүүс үзэх гэж хорхойсож байх үед, уг кино гэнэтхэн интернэтээр гарснаар олон хүмүүс очиж үзээгүйг би мэдэх юм. Киноны уран бүтээлчдийн хамгийн том айдас нь киногоо үзэгчдэд үзүүлэх явцад бүтээлийнх нь хулгайлагдсан ”хуулбар” нь интернэтээр тараагдах үйлдэл аж. Интернэтийг мэдээлэл хайх эх сурвалж хэмээн үздэг байсан хандлага өөрчлөгдөж, мөнгө олох эх сурвалж болж хувирсаны улмаас маш олон уран бүтээлүүд хулгайлагдсаар байна. Монголын болон Холливуудын олон кино нүүрном дээр ”Устахаас нь өмнө хурдан шейрлээд үзээрэй, лайк дарахаа мартав аа” гэсэн тайлбартайгаар гэнэтхэн гарч ирэхийг анзаарсан байх. Цахим ертөнц дахь шейр, лайкийн төлөөх улайрсан хулгайчдын үйлдэл энэ. Хууль бус ийм үйдлүүд нь ”илчлэгдэн” хариуцлага шийтгэл хүлээгээгүй болохоор тэд улам л ”амташсаар”. ”Олон хавар нэгэндээ” гэдэг сануулга байдаг даа. Холливүүдийн кинонууд АНУ-ын кино театруудаар тодорхой хуваарийн дагуу хэдэн сараар гарч, кинонд зарцуулсан зардлаа хэд дахин нөхөж чадсаны дараа л интернэтэд байршдаг. Тэдний уран бүтээлийг бишрэн хүндэтгэдэг үзэгчид, тэдний киног зөвхөн кино театруудад үзэхийг хичээж, үүнийгээ тэдний уран бүтээлийг дэмжиж буй дэмжлэг хэмээн ойлгодог аж.
Ардын язгуур урлагийн ”Хөсөгтөн” хамтлагийн АНУ, Канадаар аялан тоглолтыг ивээн тэтгэж зохион байгуулсан MIYE Интернэт кино театрыг үүзгэн байгуулагч залуус гадаадад ажиллаж амьдарч буй монголчууддаа зориулан www.miye.mn сайтыг үүсгэн бага хэмжээний төлбөртэйгээр монгол кино болон бусад бүтээлүүдийг албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзүүлж байгаа. Уг кинонуудыг үзэхдээ төлсөн төлбөр нь уг уран бүтээлийг бүтээсэн уран бүтээлчдэд хувь хишиг болон очихоос гадна Монголын кино болон бусад урлагийг хөгжүүлэхэд дэм болох аж. Монголчуудын оюуны бүтээлийг үнэлж хүндлэн, хуулийн дагуу албан ёсны зөвшөөрөлтэйгээр үзүүлэх боломжийг бусдад үлгэрлэн нөлөөлж байгаад нь тэдэнд талархаж байдаг юм. Ийм санаачлагууд олноор дэлгэрэх нь цөөхөн хүн амтай монголчууд бидэнд бие биенийхээ уран бүтээлийг ”хулгайлах” бус ”хүндэтгэх” эхлэл, үргэлжлэл болох буйз.
Монголд ”Борооны дараах мөөг” шиг олширсон сэтгүүлчид, бусдын бичсэн нийтлэл болон мэдээллүүдийг шууд хулгайлан өөрийн нэрээр тавих, нүүр ном дахь хувь хүмүүсийн байршуулсан бичлэгүүдийг мэдээний эх сурвалж болгон ашиглах үйлдэл хэрээс хэтэрч буйг бид анзаарч байгаа. Ийм нэгэн үйлдлийн дараа бичлэгийг ашигласан сэтгүүлчтэй холбогдон зэмлэхэд ”Биднийг өдөр бүр сүр дуулиантай мэдээ заавал бичиж бай гэж даалгадаг юм. Гарчигийг нь аль болох сүртэй өгч байж олон хүмүүсийн анхаарлыг татах нь хандалтаараа цалинждаг бидний зовлон шүү дээ” хэмээн учирласан юм. Нээрээ анзаарах ахул ”Дэлхий даяараа монголчууд биднийг амьсгаа даран ажиглаж, үйлдэл бүрийг нь гайхашран шуугиж буй” мэт сэтгэгдэл төрөхөөр сүржин гарчигтай ядмагхан мэдээллүүдийн дунд бид хөөрцөглөж байна. Ашигласан эх сурвалжаа огт дурдалгүйгээр бусдын бичлэгүүд болон санааг нь ”хулгайлж”, өөрийн бүтээл мэтээр интернэтэд байршуулж байгаа нь бүдүүлэг хулгайлалт. Эдний ийм арчаагүй мэдээллүүдийн дунд бид зөв буруу, баруун зүүнээ ч ялгахгүй төөрч манарч байна даа. Итгэхэд ч хэцүү, итгэхгүй байх ч бүр хэцүү. Зөндөө олон тоглолт, клип, сонирхогчдын янз бүрийн бичлэгүүдийн ард хөгжмийн алдарт зохиолч Н.Жанцанноров гуайн ”Цагаан суварга”, Шарав гуайн ”Сэтгэлийн эгшиг” зэрэг уянгалаг аялгуунууд эгшиглэх нь олонтой. Зохиогчдоос нь зөвшөөрөл аваагүй л бол энэ бүхэн эрээ цээрээгүй хулгай мөн. Гэтэл энэ бүтээлүүдийг зохиогчид нь Монголдоо ”тэрбумтан” шиг амьдрахгүй л байгаа шүү дээ. Төр нь иргэдтэйгээ нийлээд хулгай хийгээд байхаар авьяастнууд нь үүдэнд сууж, тэнэг мунхагууд нь хойморт таахалзан тэнэглэх нь арга ч үгүй юм уу даа.
...Номыг нь амтархан уншиж, киног нь шимтэн үзэж, яруу найраг, хөгжмийг нь уяран хайлан сонсож, зурсан зургуудыг нь бахдан харж нүд баясгадаг Оюуны уран бүтээлчдээ амьдад нь хайрлаж, Оюуны мөчийг нь хамгаалцгаая. Тэдэнд баярлаж талархсан сэтгэлээ илчлэх хамгийн том боломж нь тэдний уран бүтээлийг худалдан авч, тэдний уран бүтээлүүдийг мөнгө төлж үзэх дэмжлэг юм шүү дээ. Хэдийгээр их бага хэмжээтэй ч энэ мөнгө нь тэдний амьдралаа авч явах боломж, улам сайн уран бүтээл хийх боломж болон хувирдаг юм. Тэднийг Монголын Төр хурдан морины уяачдаас дорд үзэж байгаа бол ард олон бид өөрсдийн боломжоороо дэмжихэд л болно доо. Худлаа магтаж зусардахаас ядаж л бүтээлийг нь үнэлээд мөнгө төлж байхад хангалттай. Хулгайч нарын хулгайлсан уран бүтээлүүдийг хичнээн хямдхан байсан ч худалдаж авахгүй байх нь тэднийг дэмжиж буй дэмжлэгийн нэг хэсэг нь. Оюун сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ шингээн, аз жаргалтайгаар шаналан байж бүтээсэн тэдний бүтээлүүдийг, өчүүхэн олз ашгийн төлөө хулгайлан завшиж буй хулгайчдыг бурхан өршөөг, бас гэсгээг. Сайн урам зоригийг далласан сайхан цаг айсуй. Монголчууд бид бие биенээ амьдад нь хайрлая.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 4 сарын 10
Чи хэн нэгнийг сониучирхан, зөвхөн ”өөрийн нүдээр” харж, ”ухаан алдатлаа” дурлан, салж хагацахгүйн тулд ”амьдрал” зохиосон шиг бусад хүмүүс ч яг тэгдэг. Гэртээ байгаа үнэ цэнэтэй тавилгуудынхаа адил хайртай хүнээ ”өөрийн өмч” мэт үзэн харамлан харддаг шиг, бусад хүмүүс ч адил тэгдэг. Бусдын дэргэд ухаалаг төлөв ”дүр бүтээх” гэж зовдог атлаа, өөрийн гэртээ орж ирээд л ”дураараа дургин, дун чөмгөөрөө жиргэдэг” шиг бусад хүмүүс ч тэгдэг. Өөрийгөө толинд харсан мэт дуурайх хүүхдүүдээ ”бусдын хүүхдүүдээс дор” явуулахгүй гэсэндээ аашилж зэмлэн, аргадаж учирладаг шиг бусад хүмүүс ч тэгдэг. Бид ажил болон олон нийтийн газар бие биенээсээ ”дор орохгүй”-н тулд ”жүжиглэж” амьдардаг атлаа гэртээ орж ирээд хаалгаа хаасны дараа яг өөрийн бодит төрхөндөө айж ичилгүйгээр орно. Бидний бусдаас огт хамааралгүйгээр өөрийн хүссэнээрээ амьдарч болох орон зай бол бидний гэр. Бидний амьдрал, гэртээ орж гэрийнхээ хаалгыг хааснаас хойш бодитоор өрнөдөг юм даа. Тэгэхээр чиний гэрийн хаалганаас цаана орших бусдын гэрийн хаалган доторхи амьдрал бол БУСДЫН АМЬДРАЛ.
Хүн болгон өөрийн боломжоороо амьдралаа авч явах боловч, бусдын амьдралыг заавал сониучирхдагаас ”хэрэгт дурлан”, хов живийг амилуулцгаана. ”Тэр тэгсэн гэнээ” гэдэг хэлцээр эхэлсэн элдэв хов жив, бусдын амьдралыг шүүн хэлэлцэж, тэдний өмнөөс шийдвэр гаргах хүртлээ өргөжиж, ”Яадаг юм би шударгаар хэлнээ” гэсэн зоримог алхам дунд уг шийдвэрээ тэдэнд тулган зэвүүцэл болоод уйлаан гоморхолдоо хүрч төгсдөг. Өөрийн амьдралын элдэв асуудлаа өөрөө шийдэж чадахгүй хэрнээ, өрөөл бусдын амьдралд заавал оролцон сэтгэлийн их таашаал эдлэн, сүр хүч ухаанаа бусдад гайхуулахыг хүсэгчид даанч олон. Өөрөө арчаагүй хэрнээ өрөөл бусдад арчаатай байхыг сургадаг хүмүүс олширсноос л хов жив, хэрүүл маргаан дэлгэрч, хүмүүсийн сэтгэлийг хиртээж зовоогоод байдаг юм шүү дээ. Бусдын амьдралыг шүүмжлэн зохицуулахыг хүсдэг ер бусын хүсэл тачаалын гайгаар олон гэр бүлүүд маргалдан муудалцаж, тэр ч бүү хэл салж холдох тохиолдол зөндөө. Төрсөн ах дүүсийн дунд ч ”Загалмайлсан зохицуулагчид” тодорч, бүх л ах дүүсийнхээ амьдралд оролцон хянаж, ”өөрийн хүн”-ээ өмөөрөн шийдвэр гаргадаг тохиолдол нэг биш. Гэсэн атлаа салгаж бутраасан тэр гэр бүлийн төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүйгээр барахгүй, тэдний сэтгэлийн зовлон шаналлыг ч бүр тоохгүй. Зүгээр л ингэж бах таваа хангадаг хүмүүс цөөн биш.
Бид нэг л зүйлийг ухаарч ойлгодоггүй. Чиний амьдралд элдэв асуудал тулгарч, уг асуудлаа зөвөөр шийдэхийн тулд ухаан зарцуулж, тэвчээр гаргадаг шиг бусад хүмүүс ч тэгдэг. Бид гаднаас нь харж өөрийн дүгнэлтээрээ хандаад байдаг болохоос биш, тэдний хоорондох ээдэрсэн утасны зангилааны учрыг тэднээс өөр хэн ч мэдэж тайлдаггүй. Чамд бусдад хэлэхээс ичдэг, хэнд ч мэдүүлэхийг хүсдэггүй асуудал байдаг шиг тэдэнд ч тийм асуудал байгаа. Түүнийгээ тэд л өөрсдөө мэдэж шийдэж байх үүрэгтэй. Хайртай ах, дүүгийн чинь, эсвэл дотно найзын тань ханиараа сонгосон хүн чамд таалагдахгүй байгаа шалтгаан нь, чи уг хүнийг тэр хүний ”нүд, сэтгэлээр нь харж” чадахгүй, тийм боломжгүйд байгаа юм шүү дээ. Тэгэхээр чи өөрөө тэр хүнтэй гэрлэчихсэн юм шиг, эсвэл насаараа хамт амьдрах юм шиг бухимдан цухалдаад байх хэрэггүй. Тэд бие биенээ сонгож амьдарч байгаа болохоор заавал чамд таалагдах албагүй. Бусад хүмүүс өөрийн гэртээ ”лаагаа ч луувангаа ч идэж” байх нь, ”цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэж” байх нь тэдний хэрэг бөгөөд энэ нь бусдад хамаагүй зүйл. Тэд өөрийн амьдралд тохиолдoж буй сайн муу асуудлуудаа өөрсдөө шийдэж байвал юутай сайн.
Хэн нэгэнд ”унатлаа ”дурлаж, бие биедээ соронзон мэт татагдаж, нэг ч өдөр бие биенгүйгээр байж чадахгүй болохоороо гэрлэж өөрийн амьдралаа босгоно. Тэд гэртээ орж хаалгаа хааснаас хойш тэдний дотоод асуудал болон амьдралд нь хэн ч оролцох эрхгүй. Тэр л гэрийн хаалга тэдний ашиг сонирхол, хувь араншин, дур зоргоороо байх хүслийг нь бусдаас хамгаалан хязгаарлаж байдаг юм. Гэртээ өөрийн дураар байж байтал хэн нэгэн хаалгыг нь тогшиж зөвшөөрөл авалгүйгээр орж ирээд, тэдэнтэй яг адил байхыг хүсч шаардах ахул хэн ч дуртай байх билээ. Бусдын амьдралыг бусдад үлдээж бай. Бүү шүүмжлэн хэлэлцэж, өмнөөс нь шийдвэр гаргахыг оролдож бай. Бидний ”Бусдын хэрэгт дурлах” муу зуршил олон залуусыг салгаж, амьдралыг нь сарнииулж, хайрыг нь унтрааж, итгэл найдварыг нь мөхөөж байдаг. Та өөрийн амьдралдаа хэн нэгнийг оролцуулах хүсэлгүй бол тэд ч яг л тан шиг хүсч байдаг юм шүү дээ. Та алдсан ч оносон ч өөрийнхөөрөө амьдрахыг хүсч байгаатай адил тэд ч бас тэгж хүсч байгаа. ”Өөрийн толгой дээрх бухлаа олж харахгүй байж, өрөөлийн толгой дээрх өвсийг олж хараад” байх хэрэггүй. Бусад хүмүүсийн амьдралын асуудал нь олон нийтийн эрх ашгийг хохироох хэмжээнд хүрээгүй л бол хэн нэгэн оролцох шаардлага ч үгүй. За тэгээд өөр зүйлгүй дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 4 сарын 03
Хүний амьдралын мартагдашгүй, давтагдашгүй үе бол хүүхэд нас. Ертөнцийн зүй тогтол хийгээд хүний амьдралын утга учрыг мэдэх гэж хичээсэн цаг үеүд хүний санаанаас огт гардаггүй, гэгээн сайхан дурсамж болон үлддэг. ”Анхны” тодотголтой бүх зүйл хамгийн сайхан. Анх уйлсан, анх инээсэн, анх удаа мөлхсөн, дараа нь юм түшиж боссон, бие дааж алхсан мөч болгон нь энэ амьдралд хөлөө олох гэж тэмүүлж зүтгэсэн зүтгэл. Өөрт нь тэгтлээ тод санагддаггүй ч, эцэг эхэд нь хамгийн баяр баясгалантай аз жаргалтай тэр мөчүүд эргэж хэзээ ч олдохгүй. Өөрийнх нь ой ухаанд бүрэлдэж буй төсөөлөл болгоноо тоглоомоор илэрхийлнэ. Хэрвээ анхаараад ажих ахул хүүхдийн тань тоглоомд түүний бүхэл бүтэн ертөнцийн төсөөлөл багтаж байдаг. Газарт хэвтээ чулууг морь, тэмээ, авдар, данх, аяга гэж төсөөлөх төсөөллийн гайхамшиг дээр хүүхдүүд өөрсдөө хөгжиж байдаг. Бие бялдар нь оюун санаатайгаа хамтад өдрөөс өдөрт хөгжиж байдаг хүүхдүүдийг томчууд бид тэгтлээ ойлгож мэдэрч амждаггүй. Яг хүүхэд насандаа л тэд өөрсдийн дотоод ертөнцөө бүтээж байдаг. Бидний гэнэн балчир хэмээн төсөөлж байдгаас огт өөр гайхамшигийг тэд дотоод сэтгэлдээ бүтээж байдаг.
...Үйл урлаж байсан ээжийнхээ үйлийн хайчийг нь авах гэж хүү нь булаалджээ. ”Болохгүй” гэж зандраад хайчийг нь булааж авсан боловч санасандаа хүрэх гэж эхэр татан орилох хүүгээ өрөвдөөд авах гээд байсан хайчийг нь өгч орхиж. Хэсэг чимээгүй байсан хүү нь гэнэт аймшигтайгаар орилоход нь тэвдсэн ээж нь очиж автал, хүү нь мөнөөх үйлийн хайчаар нэг нүдээ сох хатгасан байж. Өрөөсөн нүд нь хараагүй болсон хүүгээ тэврээд уйлж байхдаа ээж нь ”Яах ч гэж үйлийн хайчыг хүүдээ өгөв дөө, уйллаа уйллаа гээд нүдээ сохортол уйлав гэж үү” хэмээн харамсан өгүүлсэн гэдэг.
...Одоо цаг үе их л өөр болжээ. Өнөөгийн хүүхдүүд үйлийн хайч биш, гар утсыг нь булаалдан үйлцгаах болж. Санасандаа хүрч гар утсыг нь авсан хүүхдүүд нь өөрсдийн хүссэн зүйлээ хэнээр ч заалгахгүй өөрөө учрыг нь олоод үзчих нь гайхалтай. Тэр үйлдэлд нь эцэг эхчүүд ч баяртай, бас хэрдээ бардамнал өхөөрдлийг хослуулна. Мэдээллийн цунами шиг хар шуурганд бид өөрсдөө төөрөх хэрнээ бас хүүхдээ хөтлөөд л төөрцгөөнө. Мэдээж гар утас таблетууд хүүхдийн нүдийг нь сохлохгүй ч оюун ухааныг нь сохолж байгааг бид ч анзаарахгүй. Гар утас дахь мэдээллийн хар шуургууд хүмүүс бидний амьд харилцааг үгүй болгож бидний үнэ цэнэтэй асар их цагийг хулгайлж байгаатай адил хүүхдийн тань хүүхэд насыг ч хулгайлж байна. Тэд хэзээ ч гадаа гарч чулуугаар тоглохгуй. Тэд хэзээ ч нүцгэн хөлөө өргөсөнд хатгуулахгүй, азтай мэт боловч гунигтай.
...Мэдээллийн сошиал ертөнцөд бид хүүхдүүдээрээ их гайхуулж, тэдэнд хайртайгаа өөрсдөд нь биш, бусдад илэрхийлэн зарлана. Нүүдэлчин монголчуудын уламжилж ирсэн нялх хүүхдийн хорио цээрийг ч үл тоон, дөнгөж төрсөн хүүхдийнхээ зургийг авч бусдад түгээнэ. Хүүхдийнхээ ухаантайг, авьяастайг, царайлагийг сурталчлан гайхуулна. Оюун санаа нь дөнгөж бүрэлдэж, хүн болон төлөвших гэж ядаж буй бүх хүүхдүүд магтаалын үгэнд живцгээж, энэ ертөнцийн хүмүүсийг мөн чанараар нь бус, царайлаг ба царайлаг бусаар нь ангилж сурч байна. Бас мөнгөтэй ба мөнгөгүй, баян ба ядуу гэсэн ангиллын хэмжүүрээр амьдралын үнэ цэнийг хэмждэг болгож байна. Үргэлж магтаал, өхөөрдөлд умбаж өссөн тэд, амьдралын нугачаанд ухааруулах хатуу үгийг сонсож чадах болов уу? өөрийг тань үгүй болсон хойно амьдралын жаргал зовлонг тэнцүүлэн үүрч даах болов уу?
...Бид ”Бяцхан мисс”-ийн тэмцээн зохиож, үндэсний бөхийн хүүхдүүдийн барилдаанд ”Дархан аварга” цол олгож, элдэв цол өргөмжлөлөөр тэднийг хучиж, Валентины баяраар найз охинд нь зориулан шоколад хайлж, тэдэнтэй зэрэгцэн суугаад хайр, секс холилдсон Солонгос сериалууд үзэцгээж, хайрын тухай, амьдралын зовлон жаргалын тухай насанд хүрэгчдэд зориулсан дууг дуулахыг нь сонсон магтаж бишрэн уярцгаана. Бид тэднийг хүүхэд насыг нь алгасуулан томчууд болгохыг ямар их яаран хүснэ вэ? Ургаж төлжиж гүйцээгүй нялх уруулыг нь, хумсыг нь будаж, ухаарч төлөвшөөгүй оюун санаанд нь өөрсдийн сэтгэлийн хирээ халдаана. Хүүхэд насандаа хэтийдсэн яриаг нь хөөргөн онгиргож, бусдад гаргаж буй увайгүй араншинг нь дэвэргэн ухаантайд тооцон муйхарлана. Бид өөрсдөө тэднээр зүгээр л тоглоцгоож байна. Хүүхдүүд ”Од” болон өвчлөхөөс илүүтэй, хүн болон төлөвших учиртайг бид мартжээ.
Хүүхэд нас хүний амьдралын хамгийн гайхамшигтай үе. Хувь заяа нь онож төрсөн энэ амьдралыг өөрөө л таних гэж хичээх үйлдэл болгон нь дэндүү хөөрхөн. Өдөр хоногоор өсч төлжиж буй бие нь, ухаарч дуурайж буй оюун санаа болгон нь өөрийн цаг хугацаатай. Цаг хугацаа болгон нь өөрийн давтамжтай. Бид тэдэнд сайн хүн болон төлөвшихөд нь туслах үүрэгтэйгээс биш, цагаас нь өмнө тэднийг ”Од” болгох шаардлагагүй. Тэдэнд хүүхдийн дуу, шүлэг зохион өгч ном бүтээх хэрэгтэй байна. Тэдэнд зориулан кино жүжиг, танин мэдэхүйн зөндөө олон хөтөлбөрүүдийг бий болгох хэрэгтэй байна. Тэдэнд зориулсон тоглоомын талбай, спортын танхимууд, урлагийн тайзуудыг байгуулах хэрэгтэй байна. Гэхдээ томчууд биднийхээс огт өөрөөр шүү дээ. Тэднийг магтах үед нь магтаж, зэмлэх үед зэмлэж байх хэрэгтэй. Байгалын сайхнаар дагуулан аялж ургамал амьтдын бүтэц, хувь заяа хийгээд тэднийг хайрлахад сургах хэрэгтэй байна. Ахмад хүмүүсийг хүндэлж, тэдний үгийг сонсож, тэдэнд жаахан ч атугай туслахад сургах хэрэгтэй байна. Юу юунаас илүү монгол хүн болж төрсөн хувь заяандаа талархаж эх орон газар нутгаа чин сэтгэлээсээ хайрлахад сургах хэрэгтэй байна. Зүгээр л сайн хүн болгон төлөвшүүлэхэд л авьяас чадвар нь аяндаа хөгжөөд, дэлгэрээд явчихдаг юм шүү дээ. Хичнээн хөөрхөн байгаад ухаангүй тэнэг болон хувирах юм бол танд тус болно гэж үү?
Хүмүүс бид хүүхдүүдэд ”хүүхэд нас”-ыг нь үлдээе, түүнийг нь бүү хулгайл л даа. 3 настай хүүхэд 10 настай хүүхэд, 20 настай залуу, 30 настай идэр үе, 40 настай ид үе, 50 настай ухаажсан хүн болгон өөр хоорондоо огт өөр. Зүгээр л тэдний үзэж өнгөрүүлсэн, туулж давсан болгон нь амьдралын туршлага болон тогтдог. Тийм болохоор л ”Ах нь сургаж, дүү нь сонсдог” учиртай юм шүү дээ. Нэмэгдэж буй нэг нас болгон маш их цаг хугацааны шалгуурыг давж ухаарлыг авчирч байдаг. ”Цагийн юм цагтаа л байдаг” гэдэг шиг онгиргон сагсуу залуу нас, хожим ухаарлын насанд уруул дээр үл ялиг инээмсэглэлийг тодруулж байдаг. Эргээд харахад бүх л зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай байдгийг л ойлгодог юм. Хүүхэд нас ч ав адилхан. Тэд эрхэлж тоглож, өөрийнхөөрөө энэ ертөнцийг таньж байг. Гэхдээ өдөр болгон аав ээжийгээ, ах эгчийгээ харж дуурайж байдгийг л мартаж боломгүй. Хүүхдээ сайн хүн болгон төлөвшүүлэхийн тулд та өөрөө л сайн хүн байхаас өөр арга үгүй. Хүүхдүүд тань алдартан суутан болох албагүй, харин сайн хүн болж төлөвших учиртай. Тэр нь хүүхэд насанд л төлөвшдөг юм даа. Тэд өөрсдийн насандаа дурлацгааж, хайрын тухай чин сэтгэлээсээ дуулж, шүлэглэж байг. Наснаасаа эрт зовлон, шаналал бүү амсаг. Хүний амьдралын давтамж болгон өөрийн өнгө төрхтэй, бас өөрийн жаргал зовлонтой, гэхдээ л сайхан шүү дээ. Эргэж олдохгүй хүүхэд насаа гэж.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 3 сарын 29
Би түүн рүү зөөлөн нь аргагүй толгойгоо эргүүлэн болгоомжтойгоор нүд рүү нь харлаа. Нулимс хурсан хэрнээ инээмсэглэж байгаа түүний нүдийг хараад л зүрх сэтгэл минь өөрийн эрхгүй догдолж, зүрхний чанадаас урсах хайр нүдэнд минь дусал нулимс болон тогтож, түүнийг тэврэхээр гараа алдлан зүтгэв. Сэтгэл дотор минь хуралдаж байсан хар бараан түгшүүрийг түүний инээмсэглэл сарниаж, цав цагаан өнгөөр бүхнийг сүлж орхих шиг тийм мэдрэмж төрж цээжиндээ чанга гэгчээр тэврэх хэрнээ, инээмсэглэж буй нүдийг нь дахин харах гэж өөр рүүгээ эргүүлнэ. Тийм нүдэнд ямар их ид шид оршдогийг би тэгэхэд л анх удаа анзаарсан сан. Хүний зүрхний гүнд орших хайр талархал, зөвхөн инээмсэглэлээр л илэрч гардаг аж. Ямар ч илүү дутуу тайлбаргүй, ямар ч илүү дутуу үйлдэлгүй, ямар ч илүү дутуу учирлалгүйгээр шүү. Инээмсэглэл хүний сэтгэл дэх гунигийн бараан сүүдрийг, халуун дулаан нарны илч сарниах шиг ид шидтэй. Хэрэв бид анзаараад харах юм бол энэ ертөнцийн гэрэлт нарнаас гадна үй түмэн ид шидтэй гэрлүүд сацарч байдаг. Энэ бол инээмсэглэл юм.
Өглөө сэрж орноосоо босоход цонхоор тусах нарны шив шинэхэн сацрагтай зэрэгцээд хайртай хань чинь чамайг өхөөрдөн инээмсэглэж байхад л өрөө тасалгаа, зүрх сэтгэл бүхэн нь баяр бахадлаар дүүрч амьдрал тэр чигтээ утга учиртай болж эхэлнэ. Өөрөө инээмсэглээд л, дутуу дундуур юу ч үгүй энэ амьдралд үргэлж талархаж баярламаар ч юм шиг санагдах. Зүгээр л гудамжинд зөрөөд өнгөрөх хэн нэгэн над руу харан инээмсэглэхэд л сэтгэл дотор баяр баясал төрж өөрийн мэдэлгүй хөл дээрээ хөнгөн шингэн гэгч нь алхана. Зөрөөд өнгөрөх өөр хэн нэгэн рүү инээмсэглэмээр ч юм шиг хөгжүүн. Урдаас тань хаалга нээж ялдамхнаар инээмсэглэх хүн рүү инээмсэглэн харж, гараараа далламаар ч юм шиг, нэг бол баярлуулах сайхан үг хэлмээр ч юм шиг санагдах үе зөндөө. Ажлын газрынхан тань бүгд л бие бие рүүгээ инээмсэглэн харахад л хэцүү бэрх юу үгүй, уйтгарлаж гуниглах юу ч үгүй, уцаарлаж хашгичих шалтгаан ч үгүй болдог. Инээмсэглэл гэгч урам зориг бүхнийг бадраадаг шидтэн аж.
Чамайг доромжлон тохуурхах нэгэн рүү зүгээр л инээмсэглээд харахад тэр хүн зогтусдаг. Чам руу тургилах гэж байсан хамаг муу үгсийг чиний инээмсэглэл мартуулж орхиход, их л сайндаа ”Тэнэг юм уу? мангар юм уу?” хэмээн амандаа үглээд чамаас холдож одно. Инээмсэглэлийн өмнө хар хорын сэтгэл хүчгүйдэж, өөрөө холдож оддог юм даа. Инээмсэглэлийн өмнө уур уцаар ч зогтусдаг. Инээмсэглэлийн толины тусгалд өөрийн арчаагүй дүрээ олж хараад ичингүйрдэг. Тэгээд л ичингүйрч холдоно. Гэхдээ л өөрийн муухай төрхөө мартаж чаддаггүй л юм даа. Бүдүүлэг зарим нь өөдөөс нь инээмсэглэж байгаа нэгнийг ”тал засч байна”, ”аалигүйтэж байна” хэмээн эндүүрдэг. Өөрөө инээмсэглэж сураагүй, инээмсэглэлийн ид шидийг мэдрээгүй тэднийг ойлгож уучил. Өнөөдөр маргааш, магадгүй нөгөөдөр чиний инээмсэглэлийн хариуд мушилзах байх л даа. Хэзээ нэгэн цагт инээмсэглэх л болно. Инээмсэглэл л бусдын инээмсэглэлийг өөртөө татаж авчирдаг. Хичнээн амаргүй хэцүү байлаа ч чиний инээмсэглэл тэр бүхнийг өөрчлөхөд чамд туслах л болно. Яагаад гэвэл тэр чинь өөрөө ид шид юм шүү дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 3 сарын 15
Монголчууд бид өдөр тутмын янз бүрийн асуудлаар өөр хоорондоо муудалцдаг. Хүн болгон адилгүй болохоор өөр өөрийн сэтгэл дотроо буй үзэл бодлоо хамгаалах гэж санал зөрөлдөнө. Ажлаас бас хувийн асуудлаас эсвэл хэн нэгний тухай илэрхийлсэн сэтгэгдлээс болж санал зөрөх нь олонтаа. Нэг хэвэнд цутгасан тоосго биш, бор тархины гадаргуу дээрх олон үрчлээсүүдийн өөр өөр атираанууд энэ санал зөрөлдөөнийг дэвэргэдэг. ”Үгүй ер, энэ мууд дээрэлхүүлээд байхдаа яанам билээ” гэсэн сэтгэл доторхи омогшоон ийм хэрүүл маргааныг улам ихээр өгдөөнө. Ийм хөөргөн омогшил маргалдаж буй сэдвэээсээ хальж, огт өөр мэдээллүүдийг тархины багтаамжаасаа гаргаж түүнийг ялан дийлэх хүсэлд ташуурдах авай. Тэмээний тухай маргалдаж байсан мэтгэлцээн, ямааны тухай доромжлолоор дэвэрч, эцэс сүүлдээ юуны талаар маргалдаж байснаа мартаж санахын зааг дээр аваачих нь зөндөө. Энэ тэнэглэл нь ”Салшгүй сайн хүндээ марташгүй муу үгийг бүү хэл” хэмээх дүрмийг зөрчсөнөөр төгсдөг. Дараа нь хичнээн харамсавч амнаас нэгэнт гарсан муу үгсийг эргүүлж залгилж болдоггүйн зовлонг эдэлнэ.
Дотно сайн найзууд чин сэтгэлээсээ зовлонгоо хуваалцан ярьж байсан үгс маргалдаж мэтгэлцэх цагт ”Чи муу тийм л амьтан биз дээ?” гэсэн хачираар даруулахад, итгэсэн сэтгэл доромжлол дунд хиртэж эргээд хичнээн сайхнаар угаах гэвч өнгө ордоггүй нь гачлантай. Зүгээр л итгэж ярьсан бүхнийг нь зүггүйтэж найз нарынхаа дунд доог тохуу болгон ярьж хээв нэг инээхэд, тэр л өдөр ганцаардахдаа хань татсан бүхэн нь энэ өдөр доромж болон хувирахад, итгэж ярьсан бүхнээ эргүүлж залгилж болдоггүйн харууслыг амандаа дэмий л залгилна. Өөрөө сэдэж яриулчихаад өрөвдсөн сэтгэлээ угаадас мэт өөр рүү нь эргүүлээд асгах хэн нэгний өчүүхэн сэтгэлийн сүүдэр дор даарч жиндэн жихүүцэх бас л амаргүй. Тэгээд л хүмүүс дотно нэгэнд итгэснийхээ хариуд доромж амсах бүрдээ гутарч гунин, бусдад итгэх итгэлээ алдаж толгой гудайн, нүднийх нь харц хиртэж эхэлдэг. Сайхан сэтгэлээр өөдөөс нь инээсэн хүн руу итгэж ядсан харцаар гунитайяа харах нь өрөвдмөөр. Энэ ертөнцөд ”Сайн хүмүүс муугаасаа олон” гэдэгт итгэж өгөхгүй, сэтгэлийн шаналлаа улам л дотор руугаа чихнэ. Хааяадаа хүмүүс рүү мушилзах гэвч, итгэхгүйн зовлон төрхөнд нь тодрох. Бид энэ ертөнцөд бие биенээ заавал ингэж тарчлаах шалтаг юу билээ.
Хүмүүс минь өөр хоорондоо элдэв асуудлаар муудалцах бүрдээ тэр л сэдвээсээ бүү хальж бай. ”Агт алдвал барьж болдог, ам алдвал барьж болдоггүй” хэмээн өвөг дээдэс минь дэмий нэг хэлээгүй дээ. Маргалдаж муудалцах бүрдээ сэтгэлийнхээ чанадад эвлэрэх жижигхэн зайг заавал үлдээж бай. Давж гарахын тулд аман дээр гарсан хорон үгсээ асгарах шүлс мэт цааш нь залгилж бай. Эвлэрэх нэгэн өдөр тэр л муу үгсийг түүнд хэлээгүйнхээ төлөө өөртөө талархдаг юм. Сайн найзууд жижигхэн асуудлаас болж маргалдахдаа, тэр л өдөр гомдоосон жижигхэн шалтгаас илүүтэй, өмнө нь чамд гаргаж байсан сайхан сэтгэлүүдийг заавал дурс. Зүгээр л түүний төлөө найзыгаа бас дотно хүмүүсийг уучилж сур. Уул шиг харагдаж буй хар бухимдлыг туулай шиг цагаан дурсамж гүйцдэг юм. Дараа нь хүн болгоныг үзэн ядахын оронд сайн найзтайгаа эвлэрээд гараасаа атгалцан инээж алх. Зүгээр л хүмүүсийн тэнэглэлийг тайван хүлээж авч ”Тэнэг мунхаг хүмүүстэй тэрсэлдэж маргалдаад хэрэггүй дээ” гэж өөртөө хэлэн тайвширч бай. Чамайг муулсан хүмүүсийн бахыг ханган, муу явахын оронд эелдэгээр инээмсэглээд өөрийнхөөрөө бай. ”Идсэн эрүү хувхайрч, идүүлсэн бут ногоордог” жамтай. Чиний хэн болохыг, бас хэн байсныг тэд биш цаг хугацаа л шүүдэг юм шүү дээ.
”САЛШГҮЙ САЙН ХҮНДЭЭ МАРТАШГҮЙ МУУ ҮГ БҮҮ ХЭЛЖ БАЙ” Зүгээр л бүх зүйлд уужуу тайван ханд. Муу хүмүүсийн мунхаг үйлдлийн өмнөөс эелдэг сайхнаар инээмсэглэж бай. Тэд яаж ч чаддаггүй юм. Хэрэлдэж маргалдан хэл амаа билүүдэх аваас хэзээ ч чи ялагч болж чаддаггүйг бүү март. Маргалдаж хэрэлдэхэд ялагч хэзээ ч байдаггүй юм даа. Чиний бас тэр хүний сэтгэл л хиртдэг юм. За тэгээд өөр зүйлгүй дээ.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
www.galbadrakh.com 2017-03-15
-
2017 оны 1 сарын 18
Амарсанаагийн Амарбаяр
\Цуврал ярилцлага- 30\
...А.Амарбаярын тухай ярилцлагыг нилээд хэдэн жилийн өмнө олж уншихдаа, ”Энэ залуутай уулзаж ярилцах хэрэгтэй юм байна” гэж бодож асан. Чикаго хотод зохион байгуулагдсан монгол оюутнуудын ”Хөдөлмөрийн яармаг” дээр оролцож, өөрийн туршлагаа залуустай хуваалцаж байхаднь түүнтэй танилцаад өнгөрсөн юм. Тэрээр ”Амазон”-д ажилд орсон туршлагаа болон залуу хүний хувьд ажил болон амьдралд хандах хандлагаа бусадтай хуваалцаж байгаа нь надад таалагдсан. Түүнчлэн Америкт ажиллаж амьдарч буй монгол залуусын дунд зохион байгуулагддаг ”Надад хэлэх үг байна” илтгэлийн уралдаан, ”Хөдөлмөрийн Яармаг” арга хэмжээнүүдийн зохион байгуулах багт ажиллаж байгаа юм билээ. Өнгөрсөн жил Сан-Францискод болсон монгол оюутнуудын ”Надад хэлэх үг байна-6” арга хэмжээг зохион байгуулж байхад нь богино хугацаанд уулзаж санал солилцож, өнгөрсөн оны 6 сард Сиэтл хотод ажлаар очихдоо тухтай уулзаж ярилцсан ярилцлагаа та нартаа хүргэж байна.
Нэг. НАМТРЫН ТОВЧООН
* Боловсрол:
-2005 онд ”Оюуны тулга” \бүрэн дунд боловсрол\
-2008 онд Diskinson State University \бакалавр\
-2016 онд Maharishi University of Management \магистр\
* Ажилласан газрууд:
-2008.01-2008.07 REMco\MSI Solutions \Tehnical Support\
-2008.07-2008.11 REMco\MSI Solutions \Lead Tehnical Support\
-2008.11-2013.11 REMco\MSI Solutions \Software Development\
-2015.02-2016.04 Amazon.com \DevOps Engineer 1\
-2016.04-одоог хүртэл Amazon.com \DevOps Engineer 2\
20170116 003
Хоёр. АЛГАСАЖ СУРАЛЦСАН БАГА НАС
-Г.Галбадрах: Хаана төрж, хэрхэн өсөв?
-А.Амарбаяр: Би 1989 оны 10 сарын арван 17 нд Партизаны сангийн аж ахуйд төрсөн. Ээж маань Завханых, аав минь Сэлэнгэ аймагт төрсөн гэхдээ хотынх. Сургуульд орохын өмнөх бага нас минь Баянхошуунд гэрт өнгөрсөн, ус түрээд л, цагираг эргүүлээд л тэр үеийн хүүхдүүдийн амьдрал яаж өнгөрдөг байсан тэрэн шиг л өнгөрөв. Харин сургуулийн хувьд наснаасаа түрүүлээд орж байсан юм, гэхдээ олон сургуульд шилжиж сурсан. Эхлээд 31-р сургуульд 1 жил сурсан байдаг. Дараа нь 31-ээс шилжээд ”Улсын тэргүүний” лаборатори нэгдүгээр сургуульд дөрөвдүгээр анги хүртэлээ сураад, ”Орчлон” сургууль руу шилжиж сурахдаа 5-р ангиа алгасаад шууд 6-р ангид орж байв. Нэгдүгээр ангиасаа өглөөний цагаар англи, герман хэлний дугуйланд явдаг, ”Ээрмэл” рүү газрын теннисний сургалтанд явдаг, хичээлээ тараад математикийн сонгонд явна гээд багаасаа л маш завгүй, хуваарьтай байсан. Анх ”Орчлон”д ороход нэг бол гадаадад амьдарч байсан, нэг бол хувийн сургуулиас ирсэн хүүхдүүд бүгд англиар ярьдаг би юу ч ойлгодоггүй нилээд хэцүү байсан. Ямар сайндаа 2001 оны 9 сарын 11нд Дэлхийн Худалдааны Төвийн халдлага болж байх өглөө манай ангийнхан CNN-ээр мэдээ үзээд бүгдээрээ маш их санаа зовсон байж байхад би ойлгохгүй, ”Кино гараад байгаа юм байхдаа” гэж бодон сууж байж билээ. Бага байхаас л ах бид хоёрын боловсролын төлөө нойр хоолоо хасан байж ажиллаж байсан аав ээж хоёр минь зуны амралтаар ах бид хоёрыг зуслан дээр байхад англи үг цээжлүүлдэг, цээжлээгүй байвал Баянхошуунд байдаг гэртээ түгжээд явчихдаг байлаа. ”Орчлон”д гэхдээ нэг л жил сурсан.
-Г.Галбадрах: Дараа нь хаана шилжиж сурсан хэрэг вэ?
-А.Амарбаяр: Математик, физикээрээ маш сайн шинэ сургууль нээгдэж байгаа гэсэн нь ”Олонлог” сургууль байв. Аав хүүхдүүдээ матеметикаар явуулна гэдэг байсан болохоор сонирхсон байх. 11-р сургуулийн хоёр багш ”Олонлог” сургуулийг байгуулсан учраас тэднийг дагаад 11-р сургуулиас математик физикийн гавлууд шилжээд ирчихсэн байлаа. Эхлээд хэцүү байсан ч математик, физик, байгалийн ухааны хичээлүүдэд дуртай болж эхэлсэн дээ. Бусад хичээлүүддээ жаахан сонирхолгүй болж эхлээд явж байтал ”Шинэ Монгол” гээд сургууль гараад ирэв ээ. \инээв\ Сайн суралцаж чадвал Япон руу Засгийн Газрын тэтгэлгээр Их Сургуульд явуулдаг гэж сонсоод намайг тийшээ орууллаа.Тэгээд ”Шинэ Монгол”д орох гэтэл есдүгээр ангиас авна гэсэн шаардлага тавьж байсан болохоор долоо наймынхаа шалгалтыг зэрэг өгөөд ахиад л анги алгасаж сургуулиа сольсон. 1-р сургуульд сурч байхдаа ”Хүүхдийн Ордон”-д англи, гэрман хэл сурдаг байсан бол ”Орчлон”д байхдаа би хятад хэл сурдаг байлаа. Гэтэл ”Шинэ Монгол”-д япон хэл сурах хэрэгтэй болж байв.
-Г.Галбадрах: Уг нь сургуулиудын сайныг нь шилж сонгоод сураад байсан байх юм?
-А.Амарбаяр: Тухайн үед боломж бололцоо нь тэр болгон байхгүй байсан ч аав ээж хоёр минь боловсролд маш их анхаарал тавьдаг учраас яаж ийж байгаад л сайн сургуулиуд руу оруулж байсан байх. ”Шинэ Монгол” ахлах сургуульд хагас сурч байтал, Польшид Олон улсын Лицэй сургууль байна гэв. ”Бүх хичээлүүд нь англи хэлээр ордог, эхний топд нь
орж чадвал Англид Кэмбрэжид тэтгэлгээр сурдаг гэнэ” гээд 14 настайдаа Европын зүг явж байлаа. Анх удаа ээж ааваасаа хол, долоо хоног вагоноор яваад Польшид очсон. Оросын эх газар нутгаар 5 хоног вагоноор явж байхдаа улс дамжин наймаа хийдэг ах эгч нартай танилцан тэдний бараанаас нь заралцаж үзэв. ”Термос сто рубль” гэж орилохоор орос өвөө эмээ нар ирж вагоны цонхны цаанаас хятад халуун сав худалдаж авдаг. \инээв\ Польшид очсон өдрөөсөө ойр зуурын польш хэл сурах хэрэг гарлаа. Хөдөөний гэгдмээр хот учраас тэр болгон гадаад хүмүүс амьдардаггүй. Ази хүн анх удаа харж байгаа жоохон хүүхдүүд биднийг ам нь ангайчаад харж инээгээд л гудамжаар дагаад л алхана. Аав ээж хоёроос сардаа жаахан мөнгө ирэхээр ах бид хоёр ”цалин буулаа” гээд л дэлгүүр орж польш хиам авч иддэг нь бас л жаргалтай мөчүүд байсан юм шүү. Мөнгө бас тэнд дутагдалтай л байлаа. Тэнд удаан хугацаанд амьдарсан монголчуудтай танилцаж, хичээлийн бус цагаараа тэдний ажилладаг задгай зах дээр очин цамц, оймс энэ тэр заралцаж хармааны хэдэн төгрөг олох үе зөндөө байсан. Польшид хагас жил болоод хэдийгээр ах бид хоёр анги, ангидаа топдоо орчихсон байсан боловч, хувийн тодорхой шалтгааны улмаас Монгол руугаа буцсан юм.
-Г.Галбадрах:Польшоос буцаж ирээд бас сурсан уу?
-А.Амарбаяр:Тэгсэн. Польшоос буцаж ирээд ”Оюуны тулга” гэдэг математик физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургуульд шууд аравдугаар ангид нь орсон. Сургуулиа төгсөөд Их Сургуульд орох гэтэл ”15 настай” гээд намайг аваагүй. Харин MIU гэдэг сургууль авна гээд, тэнд орж IT-гийн чиглэлээр сурч эхлэв. MIU-д би нэг жил сурсаныхаа дараа нь ШУТИСд шалгалт өгөөд Германы Инженерийн Бэлтгэл \ГИБ\ ангид орсон. Уул уурхайн инженерийн мэргэжлээр хоёр жил сурч шалгалтуудыг нь өгч Герман руу тэтгэлгээр сурахаар явах боломжтой гэж сонгосон юм. Тэр үед уул уурхайн салбар Монголд их ирээдүйтэй гэж яригддаг байсан юм. Тэнд герман хэлээ академик түвшинд сурсан. Бүх хичээлээ германаар үздэг, бодсон бодлогоо германаар тайлбарладаг байлаа. Хагас жил орчим сураад байж нэг өдөр аав надаас ”Чи Герман явах уу? эсвэл Америк явах уу? Америкт бага хэмжээний тэтгэлгээр сурах боломжтой сургууль байна” гэж хэлж байсан. Тэгэхэд би яагаад ч юм бэ, шууд л ”Америк явъя” гээд сонгочихлоо.
Гурав. АМЕРИКТ ЗОРИЛГОО МЭДРЭВ
20170116 007
-Г.Галбадрах: Их олон сургуулиудад суралцаж, олон сонголтууд хийсний эцэст Америкийг сонгожээ дээ?
-А.Амарбаяр: Тэгээд л хоёр сар хагасын дотор бүх зүйлээ шийдээд 2006.1.06 нд Америкт ирлээ. Хэдийгээр англи хэл үзэж, өөрийгөө ”сайн болсон” бодож байсан боловч, Сан-Францискод буугаад л чихний бөглөө гараагүй болохоор хүмүүсийн яриаг нь сайн ойлгохгүй, энд тэнд байгаа бичгүүдийг нь ч ойлгохгүй байсан. Тэндээсээ өөр нэг онгоцонд суугаад Диккинс гээд жижигхэн хотод буусан даа. ”Америк гээд гоё, өндөр өндөр барилгуудтай газар очно доо” гэж бодож байсан хүн, хөдөө газрын жижигхэн сургуульд ирчихдэг. Тэр үед бас 40-өөд оюутан ирчихсэн байсан. ”Монголоороо яриад байвал хэл ер сайжрахгүй юм байна” гэж бодоод Америк хүмүүстэй илүү ярьдаг болохоор хичээсэн. Нэг улирал гаран тэгж явсаар байтал хэл маань сайжирлаа. Эхний нэг жилдээ үндсэн хичээлүүдээ үзэж байгаад мэргэжлийн хичээлээ дараа жилээсээ үзэж эхлэв.
-Г.Галбадрах: Оюутны амьдрал тань ямархуу байв?
-А.Амарбаяр: Би ер нь их идэвхтэй оюутны нэг байсан байх.” Student Senate” буюу манайхаар ”Оюутны Холбоо”-ны гишүүнээр ажиллаж, Олон улсын оюутнууд болон Америк оюутнуудыг хооронд нь нь найрсаг харилцаатай, бие биенийхээ соёлыг ойлгож, сайхан найзалж нөхөрлүүлэх төслүүд дээр их ажиллаж байв. Тиймдээ ч сургуулиа төлөөлөн COSGA \Conferense On Student Government Association\ нэртэй Америкийн бүх Их Сургуулиудын Холбооны төлөөллүүд оролцдог чуулга уулзалтанд 4 senat оюутантай хамт оролцож, ”Оны шилдэг Senate” шагналыг авч байлаа. ”Оюутны дотуур байрны каминдат болбол, байр хоол үнэгүй болгож хөнгөлүүлдэг юм байна” гэж олж мэдээд нэг семестрийн турш 50 гаруй оюутнуудтай хамт хичээл үзэж, төгсгөлд нь ”сонгон шалгаруулах” төсөл дээр ажиллан шигшигдээд, эцсийн шатандаа ярилцлагад орж сонгогдсон хэдхэн оюутны нэгэнд багтан байр хоолоо үнэгүй болгож байв. Үүрэг хариуцлага нь мэдээж өндөр. Дотуур байрныхаа оюутнуудын амьдрах орчин, хэрэгцээтэй зүйлсийг нь бүгдийг нь хамт хариуцаж, сар болгон янз бүрийн арга хэмжээнүүд зохион байгуулна. За тэгээд Олон Улсын Оюутны Холбоо, сонирхогчдын спортын баг, уралдаан тэмцээн гээд ер зүгээр суудаггүй байсан. Ганц нэг шагнал урамшууллаас нь дурдвал: ”Ерөнхийлэгчийн нэрэмжит оны шилдэг оюутан”-аар шалгарч байв. Сургуулийнхаа ”Авьяастан шалгаруулах тэмцээн”-д хоёр жил дараалан оролцож 1-р байр эзэлж байсан шүү. Хурууны бүжиг хийж байсан юм. \инээв\ Гадна дотны олон найзуудтай болсон. Өнөөдрийг хүртэл тэдэнтэйгээ холбоотой байдаг шүү.
-Г.Галбадрах: Суралцаж байхад хүнд хэцүү үе тохиолдож байв уу?
-А.Амарбаяр: Зундаа Вашингтон ДС-д ирээд ажил хийдэг байлаа. Кассчин, бургерчин, айл нүүлгэдэг ажил гээд олдсоныг нь хийнэ. Нэг удаа айл нүүлгэж яваад нуруугаа
гэмтээчихлээ. Нуруугаа хөдөлгөж чаддаггүй. Ажлаа тараад арай гээд алхаж явтал бороо ороод л могой яваад, тэр үед л ”Би яг яагаад ингэж яваад байгаа билээ?” гээд өөрөөсөө асуугаад л. Хамт ажиллаж байсан ах надад могойн тос авчирч өгөөд, тэгсэн ч ер босч чадсангүй. Эмчилгээнд явах гэтэл үнэтэй байлаа. Аав, ээж хоёр намайг ”Монголдоо буцаж ир” гэлээ. Тэгээд л ажил хийж олсон мөнгөөрөө тасалбар аваад л Монгол руугаа явав. Монголдоо ирээд нуруугаа эмчлүүлчихээд Америк руу буцаад явсан даа. Тиймэрхүү юм тохиолдохоор зорилгоо улам ихээр санадаг юм билээ. ”Санхүүгийн хэрэгцээгээ яаж өөр байдлаар шийдэх вэ?” гэж бодогдож боломжуудаа бүрэн ашиглахаар чармайж эхэлсэн. Нэг улиралд би 25 кредит авч үздэг байсан юм. Тийм болохоор хоёр жил хагас хугацаанд суралцаад сургуулиа төгсөв. . Ингээд 2008 оны 5 сард бакалавраа 18 настай төгсөж, ”Хамгийн залуу төгсөгч”-өөр шалгарч байлаа. Төгсөх семестэртээ REMco Software \одоо MSI Solutions гэгддэг болсон\ зочид буудлын захиалгын систем хийдэг компанид дадлага хийх боломж олдоод орж байсан юм. Харин сургуулиа төгсөөд тэр компанидаа ажилд орсон юм.
-Г.Галбадрах: Тэр компанидаа ямар ажил хийдэг байсан юм бэ?
-А.Амарбаяр: Technical Support буюу зочид буудлын ажилчид менежэрүүдэд программын холбогдолтой ямар нэгэн асуудал тулгарвал техникийн зөвлөлгөө өгч, асуудлыг нь засдаг ажил. Харин үүнээс 6 сарын дараа тушаал дэвшээд ”ахлах” болсон. Түүнээс хойш 4 сарын дараа дахин тушаал дэвшиж ”Программ Хөгжүүлэлтийн Хэлтэс” рүү инженерээр орох болов оо. Би тэр үед 250$-оор 1985 оны арай хийж явдаг нэг машин худалдаж авчихсан байсан юм. Тушаал дэвшээд, төгссөн мэргэжлээрээ хүсч байсан ажлаа хийх болсон гэдэг мэдээг сонссон тэр өдрөө гэр рүүгээ харьж явахдаа машиныхаа бүх цонхыг хааж байгаад ”Yes” гээд хамаг чадлаараа орилж билээ. \инээв\ Таван жил би тэндээ тасралтгүй ажилласан.
20170116 004
Дөрөв. МОНГОЛД БАС СОЛОНГОСТ
-Г.Галбадрах: Хурдан дэвшиж, тэр хэрээрээ сайн туршлага хуримтлуулж байжээ?
-А.Амарбаяр: Хамгийн доороос нь эхлээд бүх шат хүртэл нь зочид буудлын системийг
сурчихлаа гэж бодож байсан. Тэгээд сурсан мэдсэнээ ашиглаад ”Монголынхоо зочид буудлууд, кемпүүд, гэр жуулчны баазуудыг нэгтгэсэн захиалгын системтэй болгоноо” гэсэн зорилготойгоор Монгол руугаа буцлаа. Гэхдээ ”Юмыг яаж мэдэх вэ?” гээд ”Б” төлөвлөгөө гаргасан байсан нь, ”Монголд очоод энэ санаа маань бүтэлгүй болох бас ажил олдохгүй болбол мэргэжлээ дээшлүүлэн ахиад сурна” гэсэн төлөвлөгөөтэй. Монгол руугаа буцахаас хагас жилийн өмнө Солонгосын Сөүлийн Үндэсний Их Сургуульд шалгалт өгөөд 100 % тэтгэлэгтэй суралцах урилга хармаандаа хийчихсэн байсан л даа. Монголдоо ирээд ажилд орох гэж ярилцлагад орж үзтэл, Америк дахь таван жилийн туршлагыг маань тийм ч их тоохгүй, харин ”магистр хийгээгүй” гэсэн шалтгаанаар маш бага цалин, хангамж санал болгосон. ”Зочид буудлын системтэй холбоотой төсөл авч ажиллая” гэж бодоод судалгаа хийж хэд хэдэн зочид буудлын IT албаны дарга, менежэрүүдтэй уулзаж ярихад ”Өө, наад санаа чинь явахгүй. Манайхан чинь Оросын зочид буудлуудын захиалгын системийн кодыг интернэтээс олж байгаад татаад авчихдаг юм. Тэгээд л хэрэглэчихнэ шүү дээ” гэж байсанд нь урам хугарсан. Нөгөө талаасаа туршлага дээрээ түшиглэн өөрийн санаа бодлоо хэрэгжүүлэх боломж надад ер харагдахгүй байлаа.
-Г.Галбадрах: Монголд маань чиний Америкт хуримтлуулсан туршлагыг бус цаасан дээр байгаа дипломын үнэлгээг үнэлдэг муу тогтолцооны жишээ байна л даа?
-А.Амарбаяр: Нэгэнт зорьж ирсэн зорилго маань бүтээгүй болохоор ”Б” төлөвлөгөөндөө орж, Сөүлийн Үндэсний Их Сургууль руу явахаар шийдсэн. Миний сурч байсан лабораторид магистр болон докторын зэрэгтэй 12 оюутнууд байлаа. Хоёрхон гадаад оюутан байсны нэг нь би. Тэд бүгд маш мундаг, чадвартай оюутнууд байсан нь хийж байгаа төслүүдээс нь шууд мэдрэгдэж байв. Засгийн Газрын тендэрт орж өрсөлдөөд Солонгосын wi fi интернэтийн хурдыг 50 дахин хурдан болгох төслийг ялаад авчихаж байгаа лаборатори шүү дээ. Гэвч тэнд сурахад маш стресстэй, оюутнууд нь үүрийн 4,5 цаг хүртэл хичээлээ хийнэ. Долоо хоногийн зургаан өдөр маш ачаалалтай ажилладаг. Хичээлүүд нь англиар ордог ч, солонгос багш нарынх нь аялга ойлгогдохгүй. Мэдлэг хүлээж авах гэхээс илүү аялгыг нь ойлгох гэж хамаг хүчээ барчихдаг байв. Хоёрдугаарт хоол нь бас таарсангүй. Кампус дээр хоол идэхээр хэдхэн зүсэм мах, будаа, хачиртай өгдөг. Тэгээд хамгийн түрүүнд солонгосоор хэлж сурсан ”Ахиад хоол нэмж өгөөч” гэдэг үгээ байнга давтана. Тэнд сурч байхдаа олон мундаг монгол оюутан, ах эгч нартай танилцан найзууд болж, их ч зүйл сурсан. Гэхдээ яагаад ч юм бэ? миний хувьд Солонгос нэг л таарч өгөхгүй байсан болохоор, эргээд Америк руу явья гэсэн бодол төрсөн дөө. Ахиад сургууль хайж эхлэв. Нэг өдөр ”Зээлээр магистрийн зэрэгт сурах боломжтой Их Сургууль” -ийг олж мэдээд тэр сургуультайгаа холбогдоод эхэлсэн. Удалгүй шалгалт өгч, бичиг баримтаа бүрдүүлэн ярилцлагад орж тэнцээд, сургуульдаа орсон доо.
20170116 005
Тав. ”АМАЗОН”-Ы АХЛАХ ИНЖЕНЕР
-Г.Галбадрах: Нөгөө л дунд сургуульд сурч байхдаа сайн сургуулиудыг шилж сонгож сурч байсан түүх тань давтагдаж дээ?
-А.Амарбаяр: Тэгсээн. \инээв\ Сургуульд орох урилгаа аваад 2014 оны 6 сард энд ирсэн. Энд үнэхээр чанартай боловсрол эзэмшиж чадсандаа их баяртай байгаа. Нэг сард нэг л хичээл үзнэ. Тийм зарчмаар явахаар яг тухайн сардаа өөр юунд ч санаа зовохгүйгээр тэр хичээлдээ анхаарлаа хандуулж, сайн сурах боломжтой. Улмаар 2015 оны 12 сард хичээл маань дуусаад ажил хайж эхлэв. Дотроо бол бүгд л Амазон, Гүүгль, Фэйсбүүк, Майкрософтод орчих хүсэлтэй. Миний хувьд ч бас адилхан. Гэхдээ баярын улирал таараад ч тэр үү, ажил хайгаад явц муутай байсан нь бага зэрэг сандаргаж байсан шүү. Он гараад харин ажлын ярилцлагууд эрчимтэй өгч нэг ажлын байрны санал хүлээж авлаа. Бас нэг газартай нилээд сайн ярилцлага өгч, ажлын байрны санал авах дөхөж байсан юм. Энэ 2 компанид хариугаа хэлэх ёстой 7 хоногийн хугацаанд гэнэт ”Амазон” оос утсадаад ”Ярилцлага хийж болох уу?” гэж санал тавьсан. Хүссэн болгон ороод байдаггүй өндөр шалгууртай болохоор, би ч эхэндээ ”Эрсдэл үүрэхгүйгээр бэлэн байгаа ажлын саналаа авчихья” гэж бодож байв. Гэтэл яагаад ч юм бэ? цаанаасаа л ”Хоосон хоцорсон ч хамаагүй ярилцлага өгөөд үзье” гэсэн бодол эргэлдээд, сайн найзууд минь хүртэл дэмжиж зөвлөсөн болохоор, эргэлзээгээ ”Ерөөсөө л ”Амазон”-ыг хүлээж, үзээд алдая” гэж шийдэж тайллаа. Эхний ээлжийн ярилцлагаа утсаар өгтөл ”Та тэнцлээ, Сиэтлд хүрч ирж ярилцлаганд ороорой” гэж байна. Сиэтлд очих бүх зардлыг \онгоц, зочид буудал, өдрийн 3 хоол, такси\ цаанаас нь төлнө гэхээр нь гайхаж байж билээ. Тэгээд л Сиэтлд очиж өгөх ярилцлагадаа бэлтгэн, интернэтээр ”Амазон”ы тухай судалж эхэлсэн дээ.
-Г.Галбадрах: ”Амазон”-д орох ярилцлагад бэлтгэхдээ, ”Амазон”-ы талаар судалж байгаа чинь хамгийн зөв шийдэл байна гэж би бодож байнаа.
-А.Амарбаяр: 45, 45 минутаар таван ярилцлагад орох байсны 4 нь техникийн ярилцлагууд, харин үлдсэн нэг нь яг орох багийнхаа менежэртэй хийх ярилцлага байсан юм. Тэгэхээр ганц техникийн чадвараа бэлтгэхээс гадна, ”Амазон” компаны талаар судалж, ”Яагаад энэ заавал энэ компанид ажиллах хүсэлтэй байгаа юм бэ?” гэдгээ нотолж ойлгуулах хэрэгтэй байлаа. Тиймээс анх үүсэн байгуулагдсан цагаас нь эхлэн судалж, бизнесийн модель, ололт амжилтууд, бас алдаанууд, шинэ шинэлэг бүтээгдэхүүнүүд, СЕО-н өгсөн ярилцлагууд, мэдээ, бүр цаашлаад сүүлийн 6 сард хувьцаа нь яаж унаж, өссөн талаар уншиж судлан бэлтгэсэн байсан юм. Техникийн асуултуудаа хариулчихаад мөнөөх менежэртэй ярилцхадаа уншиж судалсан зүйлүүдээсээ ярьтал ”Woow” гэсэн хариулт шууд авч байсан шүү. Ярилцлагаас гарч ирэхдээ ”Тэнцээгүй байсан ч харамсахгүйгээр өөрийн чадвараа бүрэн ойлгууллаа” гээд өөртөө санаа амар, бас баяртай байдаг юм билээ. Ярилцлагынхаа хариуг маргааш нь э-майлаар хүлээж автал, хамгийн эхний үг нь ”Cоngratulatuons” гээд л гараад ирэв. Тэрийг нь харчихаад сандарсандаа цонхоо хаачихаад, ахиад нээж хартал ”тэнцчихсэн” байлаа. Амьдралдаа 2 дахь удаагаа бүх чадлаараа өөртөө ”Yes” гэж хашгирсан нь энэ байсан. Энэ сайхан мэдээгээ найзууддаа гэр бүлдээ хэлээд л бөөн баяр болсон.
20170116 006
-Г.Галбадрах: Энэ бол миний бодлоор том амжилт мөн шүү дээ?
-А.Амарбаяр:Энэ амжилтанд би дан ганцаараа хэзээ ч хүрэхгүй байсан байх. Аав ээжийнхээ ачаар эзэмшсэн боловсрол мэдлэг, өмнөх ажлын туршлага, хамт сурч байсан оюутан найзуудын туслалцаа, багш нарын зөвлөлгөө гээд олон зүйлс энд хүрэхэд минь тусласан. Гэхдээ энэ дундаас нэрийг нь дурдах ёстой хоёр хүн бий. Эхнийх нь одоо Finch Computing-д Lead Product Manager хийж байгаа М.Сувдмаа эгч. Анх 16 настай оюутан болоод ирж байхдаа М.Сувдмаа эгчийн бичсэн ”Их Сургуульд хэрхэн тэтгэлгээр сурах” талаар бичсэн нийтлэлүүдийг уншаад, ”Энэ эгч шиг амжилт олоод, сурч мэдсэн бүхнээ бусадтай хуваалцах юм сан” гэж бодож байлаа. Харин магистрийн хичээл дуусаад ажил хайх дөхөж байх үед өдөр оройн цагийг үл хайхран М.Сувдмаа эгч бидний 10-аад монгол оюутнуудад ярилцлагад хэрхэн бэлтгэх талаар үнэтэй зөвлөлгөө өгч байсан нь маш их тус болсон. Одоо ч гэсэн ажлын карьерийн талаар хааяа зөвлөлгөө авдаг юм. Нөгөөх нь Facebook-т ажиллаж байгаа, одоо маш сайн найзууд болсон Хонгор. Google, Facebook хоёрт ярилцлага өгөөд хоёулангаас нь ажлын байрны санал авсан туршлагаасаа бичсэн блогийг нь уншаад урам орж,” Би ч бас их бага гэлтгүй сурсан мэдсэнээ бусадтай хуваалцаж байх хэрэгтэй юм байна” гэсэн бодол бат төрсөн дөө. Ажилд орсныхоо дараахан 1 сард блог нээгээд ажлын ярилцлагад орсон туршлагаа бусадтай хуваалцах боллоо. Өнөөдрийг хүртэл блогийг минь 11 000 орчим хүн үзсэн байдаг бөгөөд боловсрол, ажил мэргэжил, ярилцлага, Америкт амьдрах талаар, тэр ч бүү хэл хүний нөөцийн бодлогын талаар олон хүмүүс холбогдож байсан. Энэ бүхнээс их урам авч хүмүүст чадах ядахаараа мэдлэг, мэдээллээ хуваалцаж байх хэрэгтэй юм байна гэж бодож байгаа. Хэн нэгэнд хэзээ нэгэн цагт багахан ч атугай тус болбол тэгээд л зорилго минь биелнэ шүү дээ.
-Г.Галбадрах: Маш сайхан сэтгэл байнаа, Амараа. ”Амазон” бол дэлхийд бренд болсон компаниудын нэг. Энд ажиллаж хэр хөгжиж байна даа?
-А.Амарбаяр: Ажилд ороод эхний үед жаахан санаа зовж байлаа. Яагаад гэвэл, хамт ажиллаж байгаа хүмүүс маань Harvard, Stanford8 MIT төгссөн, эсвэл Google, Facebook, Microsoft, Apple-д ажиллаж байсан туршлагатай, мундаг хүмүүс байв. Гэтэл миний бакалавр, магистраа төгссөн сургуулиуд маань рейтинг ч байхгүй, ”хөдөөний” гэж нэрлэгддэг хотуудад байрлалтай сургууль шүү дээ. Би тэгээд тэдэнд өөрийн суралцаж төгссөн сургуулиа хэлтэл, ” Айн!Тэнд чинь хүн амьдардаг юм уу?” гээд тоглож хэлээд инээнэ шүү дээ. Эхний хоёр сар бол ”Яая даа” гэтлээ ажиллав. Маш их мэдээлэл дунд живчихэж байгаа юм шиг л санагдсан. Хүн өөрөө хичээгээд нэг зорилго тавиад түүнийхээ хойноос явахгүй бол, хоцрогдох эрсдэлтэй. Тэгэхээр байнга л өөрийгөө хөгжүүлж, шинийг мэдэж, гараасаа үр бүтээлтэй ажлуудыг гаргаж байх шаардлагатай болдог. Ажил дээр өнгөрүүлж байгаа 1 минут болгон хэрэгцээтэй байх ёстой. Эхний жил гэхдээ би их ч хичээж, сайн ажилласан. Үүнийг маань манай менежэрүүд хийсэн ажлаар минь дүгнээд тушаал дэвшүүлсэн юм. Ажилд ороод 6 сар болоод тушаал дэвших болзлоо хангачихсан байсан ч, зуныхаа амралтаар Монгол руу явчихсан байсан учир тэр боломжоо алдаад оны төгсгөл хүртэл хүлээх хэрэгтэй боллоо. Баг дотроо ”ахлах инженэр” гэсэн тушаалд очиход, надтай адилхан тушаал дэвшсэн хүмүүс 3 жил ажиллаж байж тэр албан тушаал дээр очсон байдаг юм. Тэд надаас тоглоом шоглоомоор ”Чиний нууц чинь юунд байна?” гэж асуухад нь, хариуд нь ”Монголчуудад байна” гэж хэлээд инээчихдэг юм.
-Г.Галбадрах: ”Амазон”д тушаал дэвших процесс нь яаж явагддаг болон компаныхаа талаар товч танилцуулж болох уу?
-А.Амарбаяр: Тушаал дэвших процесс нь их өвөрмөц. Яг шийдвэр гаргах 6-8 хүн нь намайг танихгүй, мэдэхгүй хүмүүс. Миний хийсэн бүх ажлуудын мэдээлэл, мөн хамт ажилласан хүмүүсийн сэтгэгдэл дээр тулгуурлаад шийдвэрээ гаргадаг. Үүн дээр нэмээд хэлэхэд, манай компани дэлхийн түвшинд өөрчлөлт шинэчлэлт, технологийн хувьсгалуудад том хувь нэмэр оруулж яваа компаниудын нэг нь. Жил болгон л шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж, хэрэглэгч үйлчлүүлэгчдийн ирээдүйг тодорхойлж, залж байна шүү дээ. 2016 оны 12 сард PrimeAir гээд агаарны дроноор захиалсан барааг нь хүргэж өгдөг үйлчилгээг Англид туршилтын байдлаар нэвтрүүлсэн бол, уг сард AmazonGo гээд бараа аваад гарахдаа ямар нэгэн кассанд бичүүлж, төлбөр төлөх шаардлагагүй, шууд гараад явчихдаг дэлгүүрийг Сиэтл хотод нээлээ. Ийм компанид ажиллана гэдэг маш том аз завшаан бөгөөд, энэ чинээгээрээ сурч мэдэх, өөрийгөө хөгжүүлэх боломж нь өндөр юм. Гэхдээ энэ жил, эсвэл ирэх жилээс өөр салбрууд руу бас сонирхож үзэх бодол төрж байгаа.
20170116 005
-Г.Галбадрах: Уулзаж ярилцахад сайхан байлаа. Чи бол миний бахархаж, итгэж явдаг залуусын нэг нь. Чиний өмнө маш их ирээдүй байгаа гэдэгт итгэж байна. Чамд амжилт хүсье.
-А.Амарбаяр: Тантай уулзаж ярилцсандаа ч би баяртай байна. Би нэг их мундаг нь биш шүү дээ. Боловсролыг дэмждэг ухаантай аав ээжийнхээ итгэл найдварыг алдахгүй гэж хичээж яваа. Хүн өөртөө олдсон боломж бүрээ маш сайнаар ашиглаж чадвал амжилтад заавал хүрдэг гэдэгт итгэдэг. Харин боломж ирэхэд бэлэн байхгүй бол алдчих эрсдэлтэй. Өөрийгөө голох хэрэггүй шүү дээ. Өөрийгөө ”Би юу ч хийгээгүй байна”, ”Юу ч мэдээгүй, сураагүй байна” гэж хэт их голох, эсвэл дарах хэрэггүй болов уу? гэж боддог. Тэгж байж л өөрийн олж авсан мэдлэг чадвар, туршлагаа их, бага гэлтгүй бусадтай хуваалцдаг болно. Харин тэр хуваалцсан багахан туршлага нь хэн нэгэнд урам зориг өгөх, хүсэл мөрөөдөлд хөтлөх, эсвэл амьдралд нь бага ч болов эерэг нөлөө үзүүлж чадвал зорилго чинь биелэлээ гэсэн үг. Дашрамд хэлэхэд, 2017 оны 3 сарын 18-20 нд залуустайгаа хамтраад ”Америк дахь монголчуудын Хөдөлмөрийн Яармаг”-ийг 4 дэх удаагаа Сиэтл хотод зохион байгуулахаар өнгөрсөн 8 сараас эхлэн бэлтгэж байна. Энэ арга хэмжээ нь оюутан залуучууд болон ажил олгогч нарт маш хэрэгтэй, бас сонирхолтой үйл ажиллагаа болдог юм. Энэ нийтлэлийг уншиж байгаа АНУ-д сурч ажиллаж байгаа оюутан залууст болон Монголд байгаа ажил олгогч компаниудад бүгдэд нь нээлттэй гэдгийг мэдэгдэх гэсэн юм. Танд ч бас эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.
...Сүүлийн жилүүдэд дэлхийд алдартай мэдээллийн технологийн компаниудад монгол залуус олноороо ажиллаж байгаагийн нэгэн төлөөлөл нь А.Амарбаяр. Тэрээр хэдийгээр Америкийн алдартай бренд сургуулийг төгсөөгүй боловч, ”Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг хэлц үгийг амьдрал дээр нотолж яваа залуу. Амьдралд идэвхтэй байх, өөрийн мэдэж авсан ухаарал, ажиллаж байхдаа хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцах хүсэл нь түүний мөн чанарыг илэрхийлдэг. ”Би өөрийгөө эхлээд сайн хөгжүүлэх хэрэгтэй байнаа. Магадгүй хэзээ нэгэн цагт тантай хамтарч ажиллах боломж олдох байх” гэж тэрээр надад хэлсэн юм. Түүний өмнө маш их ирээдүй байгаад би итгэлтэй байгаа. Бага наснаасаа л чанартай сайн гэж тооцсон бүхэн рүүгээ сонголт хийж, өөрийн мэдлэг чадвараа хөгжүүлж байсан нь өнөөдрийн амжилт, маргаашийн сайн сайхан руу итгэлтэйгээр харах өөдрөг хандлагын суурь нь болсон байх. Миний анзаарснаар А.Амарбаяр бол хүсэл мөрөөдөлдөө яг л гал шиг асч яваа залуу. Тэр гал дунд өөрийгөө таньж, өөрийгөө хатуужуулж, өөрийн мөн чанараа хатааж яваа ган. Тэр олон залууст үлгэр жишээ болж, тусалж чадна.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
-
2017 оны 1 сарын 10
...Америкт ажиллаж амьдарч буй монголчуудын нилээд олон нь энэ оронд үр хүүхдүүдийнхээ ирээдүйн амжилтын төлөө өөрсдийн хүсэл сонирхлоо хойш тавин зүтгэж буй. Өрсөлдөөн ихтэй хэдий ч хөдөлмөр зүтгэл, авьяас чадвар, тэвчээр эр зоригоороо Америкийн орон зайд амжилт гарган тодорч буй олон монгол хүүхдүүдийн ард ийм л эцэг эхчүүд байдаг. Тэд өөрсдийн үр хүүхдүүдийн гаргаж буй амжилтаар бахархан баярлах бүрдээ ”Монгол эх орныхоо өмнө” хүлээсэн үүргээ биелүүлж байна хэмээн омогшино. Колорада мужийн Денвер хотод ажиллаж амьдарч суугаа Ж.Отгонбаяр, Д.Оюунтуяа нартай энэ сэдвээр уулзаж ярилцсан юм. Тэдний охин О.Ивээл уран гулгалтын спортоор амжилттай хичээллэн Колорада мужийн тэмцээнүүдэд өөрийн насны ангилалдаа тэргүүлж буй аж. Энэ тухай хэдэн жилийн өмнөөс сонсон сонирхож байсан боловч завдал бололгүй явсаар нилээд хугацааг элээв. Энэ удаад Отгонбаярын ажлын газарт ээж охин хоёртой цаг гарган хуучилсан ярилцлагаа та бүхэнд толилуулж байна.
-
2016 оны 12 сарын 22
Аав ээж хоёр минь Завханы баруун захын сумд болох Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдаар олон жил багшилж, аав минь бага сургуулийн захирлаар ажиллаж байв. Хөдөө өссөн бага насны үлдэцтэй дурсамжинд шинэ жил орно. Сумын ёолк гэж их гоё юм болноо. 12 сарын сүүлчээр сургуулийн бүх сурагчид ёолкны чимэглэл хийх даалгавартай. Дэвтрийн, хэрэв олдвол цагаан цааснуудыг уртаар нь өнгө өнгийн усан будгаар ялгаж будна. Өнгийн цаас олддоггүй байв. Дараа нь түүнийгээ нарийхан хайчилж байгаад жижиг хэсгээр нь цагираг болгон жонхуугаар наадаг байв. Жонхуу гэдэг нь усанд буцалгасан гурил л даа. Нэг цагирагийг нь нөгөө цагирагт нь гогцоолдуулж оруулах маягаар нэг их урт хэрнээ үргэлжилсэн цагиргууд хийх. Түүнийгээ ”гинж” гэж нэрлэнэ. Бас дэвтрийн цаасыг будаад, нугалсан хэсгийг нь дундуур нь хайчилж, үзүүр хэсгээс нь дурвалжин маягаар хайчилж авахад бидний нэрлэдгээр ”хил” гэгч болно. Бас тийм нугаларсан цааснууд дээр 12 жилийг дүрсэлсэн амьтдыг зурж өнгө өнгөөр нь ялгаж будна. Хүүхдүүд үүнийгээ их баяртай хийцгээнэ. Аргагүй шүү дээ, баяр болох гэж байхад.
Заал чимэх бол их л хүндтэй ажил. Ёолк болох том зааланд хөндлөнгөөр нь хананаас хананы хооронд урт урт утаснууд татдаг. Түүн дээр нь мөнөөх хайчилсан хилнүүд болон элдэв амьтдын дүрстэй нугалсан цааснуудаа тохно. Завсар зайгаар нь урт гинжнүүдээ утаснуудын дагуу татаж хананд бэхэлнэ. Мөнөөх чимэглэлүүдийн завсраар утаснууддаа хөвөн имхэрдэж наалдуулах нь цасны ширхэгийг ”орлож” байгаа хэрэг. Гацуур модоо бас мөнөөх цаасан чимэглэлүүдээр гоёж, 220 вольтод залгадаг чийдэнгийн шилнүүдийг өнгө өнгийн усан будгаар будсаныгаа тойруулж тохоод асаахад их л гоё харагддаг сан. Тэгж зассан заал их л сүртэй гоё харагдана.
Сумын ёолконд тоглох концерт, ан амьтад, шинэ болоод хуучин он, өвлийн өвгөн, цасан охид, алиалагчид гээд сургуулийнхан бараг л сар шахуу бэлтгэж давтдаг байв. Үзэл суртлын ажил болохоор сумын намын хорооны товчоогоор хөтөлбрийг нь баталж, хүн бүрийн хэлэх үгсийг ягштал бэлтгэж давтуулдаг сан. Энэ арга хэмжээнд шалгарч бэлтгэл хийж байгаа сурагчдад бусад нь их хүндэтгэлтэйгээр хандаж, атаархангүйгээр харна. Шинэ жилийн бэлтгэлийг үзэл суртлын өндөр түвшинд чанартайгаар бэлтгэхийн тулд тэднийг хичээлээс чөлөөлж, зарим хичээлийн дүнг нь автоматаар ”онц” гэж тооцох нь ч бий.
12 сарын 31 ний оройг сумын хүн болгон сэтгэл догдлон хүлээцгээнэ. Айл болгон гэртээ жижиг ёолкоо засч, бууз жигнэж, тавгийн идээ базаадаг. Өвлийн шөнийн тэнгэрт айл бүрийн тооноор тусах гэрэл, яндангийн утаанаас үсчих цогууд гялалзах нь шинэ жилийн сүрийг үзүүлэх мэт. Сумын клубийн үүдэнд хүмүүсийг урин дуудах бүрээний аялгуунд гоёлын дээлээ өмссөн хүмүүс клубын зүг яаравчлан алхалцгаана. Өвлийн хүйтэн жавар хацар нүүрийг хайрах авч, шинэ жилийн баяртаа яарсан хүмүүс түүнийг үл ажран, гагц царайд нь инээмсэглэл тодрон хацар нь улаа бутарч харагдах нь аз жаргал руугаа тэмүүлэх мэт. Оройноос эхлээд сумын галч өвгөний галласны ачаар сумын клубын том зуухны бөөр нь улайсч, клубт халуу дүүгэж, суудлаа эзлэн суух хүмүүсийн дүнгэр дүнгэр ярилцах чимээ тодоос тодхон сонсогдоно. Жил жилийн өвлийн энэ өдөр сум даяараа цуглаж байгаа болохоор холоос ирсэн нь бие биеээ чангаар дуудан мэндчилж, торгон дээл, саатай алчуураар гоёсон бүсгүйчүүд бие биеэ нудран сэм сэмхэн шиг хэрнээ, олны анхаарлыг татаж аалигүйтэх нь нэг л содон.
Сумын дарга, намын дарга нар албархуу нь аргагүй хоолойгоо засч, цаасан дээр бичсэн нээлтийн үгийг чанга дуугаар уншиж, хоромхон зуур үгээ таслан олон нийтийг тойруулан харах дор тэр дохиог нь анзаарсан түмэн олон алга нижигнүүлэн таших авай. Сумын клубын тод улаан хөшиг алгуурхан нээгдэхүйеэ тайзан дээр мөр мөрөө даран эгнэн зогссон хоорын дуучид алдарт ”намын магтуу” дууг дуулж эхэлснээр ёолкны арга хэмжээ нээлтээ эхлэв. Тэртээ тэнгэрийн орноос цан хүүрэг савсуулсан өвгөн аав чарга тэргүүтэн хөлөлглэн ирснийг зарлахад хүмүүс үүд рүү харан өндөлзөнө. Улаан хүрэн дээлийг цагаан хөвөнгөөр эмжсэн, цав цагаан хөвөн сахалтай, монгол гуталтай улаан малгайтай өвлийн өвгөн аав, цасан охид, шинэ хуучин он, 12 жилийг дүрсэлсэн амьтад, ”шовгоржав”, ”навтгаржав” нэртэй 2 алиалагчаа дагуулан орж ирснээр ёолкны оргил хэсэг үргэлжилнэ. Өвлийн өвгөнийг хүндэтгэлтэй, цасан охидыг өхөөрдөлтэй, ан амьтдыг өрөвдөлтэй, алиалагчдыг инээдтэй хүлээж авах үзэгчдийн сэтгэлд юу эс эргэлдэх билээ.
Алиалагчид нь сумын дарга нарын даалгавраар ажилд муу, залхуу, малаа чононд идүүлсэн, архи ууж ажлаа тасалсан, замбараагүй явдалтай зарим хүмүүсийг нэр усаар нь дуудаж шоолоход хурсан олон нирхийтэл инээлдэж, шоолуулсан зарим нь үзэл суртлын хурц жадан доор толгой гудайх авай. ”Малаа чононд идүүлсэн” гэснээс ан амьтдын үзүүлэх хөгжилтэй үзүүлбрүүдийн дунд хөөрхий чоно аргаа баран толгойгоо гудайлган ирж, өөрийг нь энэ наадамдаа оролцуулаач гэж өрөвдөлтэй нь аргагүй гуйхад хөтлөгч нэгэн, үзэгчдээс санал асууж, тэдний нэгэн дуугаар зөвшөөрсний дагуу чоныг шинэ жилдээ оруулдаг сан. Хөөрхий чоно баярласандаа улиад л. Ёолкны хамгийн гоё хэсэг нь өвлийн өвгөн ааваас бэлэг гардуулах ёслол. Сумын дарга нарын гаргаж өгсөн нэрсийн дагуу ”оны шилдэг” хүмүүстээ бэлэг гардуулах бүрт хүмүүсийн алга ташилт аадар бороо мэт шаагиж, атаархангүй харцууд нь бэлгэн дээр тусна. Хамгийн том бэлэг нь хятад халуун сав, орос 45 -ын гутал, автоүзэг, за тэгээд бэлэг болгон дотор үнэр нь клуб даяар хамар цоргих хятад алим байдаг сан. Нээрээ хөдөөний монголчууд бид зөвхөн шинэ жилээр л алим амталж үздэг байсан нь санаанаас гардаггүй юм. Ховрын болоод ч тэр үү, амт нь жилдээ л аман дотор мэдрэгддэг байсан сан.
Сумын клубын эрхлэгчийн дарах ”баяан” хөгжмийн аян дээр ”хүмүүн төрөлхтөн”, ”задгай цагаан”, ”үнэгэн шогшоо”, ”вальс”, ”фокстрот” бүжгүүдийг ч үзүүлж өгнө дөө. Ам халж сэтгэл нь хөөрсөн зарлагч бүсгүй ”Үнэгэн шогшоо гэдэг нь үнэн ч юм уу, худал ч юм уу, үзээд алдая цөмөөрөө. Нийтийн бүжиг фокстрот ”гэж зарлахад, хөгжмийн ая хэлэв үү, үгүй юу хүмүүс дэрхийн босч аль хэзээний харцаараа дохиж амжсан портнёроо аваад л эргэлдэж өгнө. Сумын клубт эргэлдэх тэр л бүжгүүдийн аян дор мөн ч олон хайр сэтгэлүүд ”эгшиглэсэн” дээ. Хүмүүсийн амьсгалтай давхцан улам халах клуб дотор халууцсандаа минчийж улайсан хэрнээ жаргалтайяа инээмсэглэх царай нь гэрэлд гоё харагддаг сан. Дуу бүжиг, бэлэг сэлт, инээмсэглэсэн царай, тас тас инээх жаргалтай инээд чухам энэ орой л сумын төвийг дүүргэдэг сэн. Хав харанхуй энэ л шөнө хоёр он солигдож, хүмүүний амьдралын нэгэн хүрд эргэдэг. Ёолк дуусч цахилгаан мотор унтарч, хүмүүс гэр гэртээ ирнэ. Гэртээ орж лаагаа асаан шинэ он хүрээд ирсэн тэр л мөчид, ирээдүйн сайхан амьдралынхаа тухай төсөөлөн суухдаа хүн болгоны сэтгэлд аз жаргал эргэлдэнэ. Ирж байгаа шинэ жилд бүх л юмс сайн сайхан болно гэдэгт хүн болгон чин сэтгэлээсээ итгэдэг. Лааны бүдэгхэн гэрэлд өглөөний ургах нарыг угтан суухдаа тэр гэхийн аргагүй мөрөөдөлдөө умбана. Мөрөөдөлдөө өөрөө баясан инээмсэглэнэ. Аяа хүүхэд насны минь мартагдашгүй дурсамж болон үлдсэн сумын ёолк минь дээ. Насны намрын хяруу буух цагийн сүлэлдээнд сэтгэлийн учгийг сүвлэн байж дурсамж сэдрээнэ. Дахиад тийм нэгэн шинэ жилийг үзэх сэн.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com 2013-12-20