-
2017 оны 12 сарын 25
Дундад зууны тухай, за бүр наанадаж өнгөрсөн зууны гуч дөчөөд оны үйл явдал бүхий кино үзэж суутал гэнэтхэн гөлийтөл нь индүүдчихсэн, индүү нь ирмэгтэж, сүүдэртсэн дээлтэй нөхөр гараад ирэнгүүт, дээл нь орчин цагийн гялалзсан саатай хятад торгоор урласан бол үзэх ямар ч дур сонирхолгүй болоод, сувгаа солихоос аргагүй болж байгаа юм.
-
2017 оны 12 сарын 20
”Бүх зүйлийг мөнгөөр худалдан авч болдог болго. Хайр дурлал, эх орон, эцэг эх, ёс суртхуун, шударга ёсыг хүртэл... мөнгөөр сольдог болго. Тэгсэн цагт бүгд мөнгөний эрхшээлд орох болно. Мөнгө хамгийн хүчтэй нь болно. Гэхдээ түүнээс хүчтэй нь бас бий. Тэр бол тэр бүхнийг эрхшээж буй мөнгийг эзэмшигч... Мөнгө бүхнийг дийлж байна гэдэг чинь түүнийг эзэмшигч бүхнийг дийлж буй хэрэг. Өөр бусад бүхэн бол мөнгөний өмнө юу ч биш. Өөр бусад нь бүгдээрээ зүгээр л сохор зоосны төлөө биеэ худалдахаар ирээд өмнө чинь шарвалзаж буй янхан адил болно. Тэгээд тэднийг тэр өндрөөс хараад, бахтайгаар тавлан инээгээрэй.
Тэр цагт мөнгийг эзэмшигч хамгийн адгийн урвагч байсан ч хамгийн үнэнч нь болж харагдана. Хамгийн өрөвдөх сэтгэлгүй шулаач, алуурчин байсан ч тэр хамгийн ариун нандин, өгөөмөр нь болж харагдана. Хамгийн ёс суртхуунгүй, бүдүүлэг, эрээгүй нь байсан ч тэр хамгийн нандин сайхан нь болж харагдах болно. Бүр хамгийн тэнэг нь байсан ч тэр бүхнээс өндөрт, жинхэнэ аугаа нь болно.
Мөнгөний аугаа их хүч нь ийм юм.
Тиймээс мөнгийг тахин шүтүүлж, бүхнийг аажмаар мөнгөний боол, уяаны гөлөг болго. Тэгээд хожмоо мөнгөний эзний өлмий дор шарвалзан хэвтэж байхад нь ”Алив ээ, та нарын өнөөх аугаа сайхан нандин сэтгэл, эрхэм дээд ёс суртхуун чинь хаана байна. Үнэн ёс, шударга журам чинь хаана байна” гэж асуугаад, юу гэхийг нь сонсоорой. Тэд хариуд нь юу хэлнэ гээч. Би урьдчилаад хэльчихье. Эдгээр асуултуудын хариуд ”Мөнгө, тэр бүгд чинь мөнгө л юм байна шүү дээ” гэж хэлнэ. Өөрөөр хэлэхгүй. Яагаад гэвэл тэдэнд тийм тохиолдолд өөр хэлэх үг байхгүй юм.
Мөнгө тийм л хүчтэй. Тэгэхээр мөнгийг эзэмшигч бол бүхнийг эзэмшигч, бүхнийг чадагч бурхан. Өөр бурхан гэж байхгүй. Үнэмшихгүй бол хайгаад үзэхгүй юу, мөргөөд, залбираад үзээрэй дээ. Мөнгийг эзэмшигч бүхнийг няц гишгэх болно. Мөнгийг хэн ч идэж чаддаггүй, харин бүгдийг идэж чаддагтаа мөнгөний аугаа их хүчин чадал нь оршиж байдаг юм.”
Нэгэн зохиолын маань баатар ийн өгүүлэх ажээ. Би өмнөөс нь юу ч хэлж чадахгүй, дэмий л ээрч, муурч, зүрх чичирэн салагнан сууж байх юм.
Бид хэрвээ өнөөдөр явж буй зам мөрөө эргэж эс харваас яг ийм агуулгатай ертөнц рүү хөл тавьж байгаа шүү. Тэгээд мөнгөний эзэнд оосорлуулсныхаа дараа гасалж гангинаад хэрэггүй юм. Тэр мөнгөний эзэд цаламаа аль хэдийнэ бидний зүг, Монгол Улсын зүг хаячихсан шүү.
Одоо ч мөнгөтэй байгаа цагт бүхнийг болгоно гээд хууль, шударга ёсыг гишгичээд яваа хүмүүсээ бид харж дэмий гаслахаас өөр юу хийж чадаж байгаа билээ? Залуу үе нь бүлэг бүлгээрээ мөнгөтэй л бол бусад нь юу ч биш гэсэн итгэл үнэмшлээр өсөж, хар тамхи, гэмт хэрэг, завхайрал, утга учиргүй зугаа цэнгэлт автаж явааг юу гэх вэ?
-
2017 оны 12 сарын 10
ӨНӨӨДӨР үзэл сурталжсан намаас хамааралтай төрийг холбилж чадсан ч түүнээс долоон дор олигархжсан намаас хамаатай төрийг нэг мэдэхэд бий болгочихсон сууж байх нь тэр. Чонын амнаас гараад барын аманд орох лугаа адил.
-
2017 оны 8 сарын 21
ШУЛУУХАН БАЙЦГААЯ
-
2017 оны 6 сарын 08
Зохиолч Б.Наминчимэдтэй ярилцлаа.
-20 боть роман бичнэ гэдэг миний хувьд боломжгүй, бас солиотой явдал-
-Саяхан хэвлүүлсэн “Аугаа эрин: Хөх илдний очис” роман тань уншигчдын төдийгүй мэргэжлийнхний ч анхаарлыг татаж байна. Энэ романаа бичих санаа хэзээ гарав?
-2004 онд “Хубилайн сүйдсэн флот буюу Шулмын салхи” нэртэй түүх, уран сайхны нийтлэл бичсэн юм. АНУ-ын баруун эргийн Элээд амьдардаг танил маань тэр нийтлэлийг уншаад “Үүгээр кино хийвэл маш сайхан кино болох нь ээ. Өнөөдөр Холливүүд сэдвийн өлсгөлөнд гүн орсон. Ойр хавийн хамаг сэдвүүдээ мөлжөөд дуусаж байна. Харин чи энэ нийтлэлээ кино зохиол болговол надад Холливүүдэд таньдаг найруулагч бий. Би үзүүлье. Бүтэж ч юу магад” гэсэн юм. Тэгээд урам ороод кино зохиол бичих гэж тэр үед оролдсон. Бүр Холливүүдийн Кино зохиолчдын гарын авлага гэдэг хоёр хуруу зузаан номыг хүртэл олж аваад уншсан.
Гэвч би чадаагүй. Түүх, уран сайхны нийтлэл бичих нэг хэрэг, харин тэр том үйл явдлыг ул суурьтай, итгэл үнэмш бичнэ гэдэг тун амаргүй болохыг ойлгосон юм. Наад зах нь гэхэд тэр цагийн монгол далайчдын зэвсэглэл, хүнс юу байсан юм, ямар дохио зангаа хэрэглэдэг байсан бэ, япон дайчид яаж жагсдаг, солонгос хийгээд Сүн улсын дайчид ямар хувцастай байсан гэх мэтээс эхлээд Их Монгол улс, Япон, Солонгос, Хятадын Сүн гэх мэт зүүн болон зүүн өмнө Азийн улс орнуудын улс төр, цэргийн ажиллагаа ямар байсан гэх мэт маш олон зүйлийн талаар үнэхээр мэдлэг дутуу байгаагаа ухаарсан. Зүгээр нэг юм бичээд гаргаж болно л доо. Гэхдээ л ийм том түүхэн үйл явдлын тухай тийм нимгэн мэдлэгээр, бас хөнгөн хуумгай бичнэ гэдэг бол тэр их түүхээ зүгээр л үл хүндэтгэсэн төдийгүй доромжилж буйтай адилхан зүйл болно.
Тэгээд зогсохгүй Японд манай их цэрэг дайран орсон тэрхүү үйл явдал нь Юань гүрний гадаад бодлого төдийгүй XIII зуунд ялан мандсан Их Монгол гүрний язгуур үзэл санаатай гарцаагүй холбоотой болохыг ойлгосон. Тэгэхээр зөвхөн ганц тэр үйл явдлыг таслан үзүүлэхэд ч ихээхэн учир дутагдалтай болж байгаа юм. Тэгээд судалгаа хийж эхэлсэн.
10 гаруй жил өөрийн хэр хэмжээндээ судалж, сонирхож уншсаны үр дүнд ер нь Их Монгол гүрний мөн чанар нь нэг тийм юм байна, түүнийг харуулахын тулд бүр Хамаг Монголын үеэс буюу өнөөх “Одтой тэнгэр орчиж, Олон улс хямралдаж” байсан хүнд хэцүү цаг үеэс эхлүүлэх хэрэгтэй юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болсон юм.
Хэдий өнөө миний судалсан, уншсан маань чамлалтай ч одоо хойш тавилгүй, бас өөрийгөө гололгүй бичих цаг болсон гэж үзээд өнгөрсөн намар суусан даа.
-Та яг романаа хэдэн сар, жил сууж бичив? Таныг 10 жил бичсэн гэж дуулсан.
-Хэдий арав гаруй жил бодож, эрж хайж, төлөвлөж, янз бүрийн дүр цээжин цаанаа төсөөлж явсан ч яг бичих нь өнгөрсөн оны 10 сарын сүүлээр суугаад энэ оны 1 сарын сүүлээр дууссан. Гурван сар гаруй хугацаа юм уу даа. Түүнээс биш 2004 оноос хойш тасралтгүй бичээд байсан гэсэн үг биш шүү дээ. Ер аливаа зохиол бүтээл гэдэг бол уран бүтээлчийн тэр зохиолыг бичих үе хүртэл хураасан мэдлэг, амьдралын туршлага, ур чадвар, өөр юу байдаг билээ, тэр бүхний үр жимс нь. Хэрвээ 10 орчимхон жилийн туршлага, мэдлэгээр бичиж буй бол харин ч бага хугацаа, олигтой ч бүтээл туурвил гарах нь юу л бол. Тэгээд ч энэ их үйл явдлын тухай тийм хөнгөн гоомой хандаж боломгүй дээ.
-“Аугаа эрин” нэгдүгээр дэвтэр гэсэн байна лээ. Цаашдаа үргэлжилнэ гэсэн үг үү?
-Үргэлжилнэ. Миний төсөөлж буйгаар 1170-аад оноос 1280-аад он хүртлэх 108 орчим жилийн хугацаанд Евразид өрнөсөн тэр их үйл явдлын тухай тодорхой хэмжээгээр илэрхийлэх учир нэг хоёр ботид багтах боломжгүй юм. Юутай ч 5 боть болох болов уу. Гэхдээ эхнийхээ ботид хичээгээд хичээгээд дөрөвхөн жилийн үйл явдлыг багтаав. Энэ янзаар бол 5 биш 20 гаруй боть болж ч мэднэ.
-Тэгэхээр бид 20 боть роман уншиж магадгүй нь ээ?
-Өө, надад бол тийм бодол огтхон ч алга. 20 боть роман бичнэ гэдэг миний хувьд боломжгүй, бас солиотой явдал. Яаж ийгээд 5 орчим ботид багтаахгүй бол болохгүй. Их сайндаа 8 боть болно. Нэг зохиол бичих гээд хамаг амьдралаа зориулчихна гэж юу байх вэ? Надад өөр бичихээр сэдэв, санаа бишгүй байна. Бас дээр нь цаг хугацааны хувьд ч боломжгүй. Би роман бичих гээд 30 жил нухсан Гончаров биш шүү дээ... Надад тийм тэсвэр тэвчээр болоод боломж нөхцөл огтхон нь ч байхгүй.
-Та дараагийнхаа ботиудыг хэдийд уншигчдын гар дээр тавихаар бодож байна вэ? Уншигчид нэлээд нэхэж, үгүйлж байгаа нь анзаарагддаг.
-Бас л хэцүү асуулт байна. Уг нь би энэ наадмын өмнө 2-р ботио, шинэ жилээс өмнө 3-ыг нь, ирэх онд үлдсэн 2 ботийг нь биччихнэ гэсэн бодолтой байсан. Гэвч аж ахуйн ажилтай зууралдсаар байгаад 3, 4, 5 гэсэн гурван сарыг алдчихлаа. Ийн цаг хугацаа алдах хэрээр цээжин цаана байж ядсан харуусал халаглал төрж буйг мэдэрдэг. Гээд яахав. Юутай ч энэ ойр зуурын ахуй амьдралын жижиг сажиг асуудлыг цэгцэлж авахгүй бол бас тухтай бичиж чадахгүй шүү дээ. Гэхдээ хэдий 3 сар алдсан ч ямар нэгэн саад садаа л тохиолдохгүй бол энэ ондоо багтааж 2 болон 3-р ботиудыг биччихнэ гэсэн итгэл бол байна.
ҮНДЭСТЭН ОЙ САНАМЖАА АЛДАХ АЮУЛЫГ БИД АЛХАМ ТУТАМДАА САНАЖ БАЙХ ЁСТОЙ
-Түүхэн уран сайхны бичлэгийн хөгжлийн эрин үе ирж байна гэж судлаачид ярих болов. Энэ талаарх таны бодол? Та ч бас тийм түүхэн нийтлэлүүд цөөнгүй бичсэн санагдана. “Бат, Сүбээдэй нар Дорнод Европт”, ”Айн-Жалудын домог”, “Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн флот” зэрэг цөөнгүй нийтлэлүүдийг тань уншигчид сайн мэднэ.
-Яах аргагүй түүхийг уран сайхны нийтлэл хэлбэрээр илэрхийлдэг туурвилзүйн хүчирхэг урсгал түрээд ороод ирлээ. Түүх дангаараа уншигчдад хүрэх нь бага, цөөхөн мэргэжлийнхэн л уншина. Харин түүхийн тэр олон баримт, логик, үзэл санааг уран сайхнаар, гэхдээ түүхэн гольдрилоос нь гаргалгүй, гажуулалгүй бичих аваас маш олон уншигчдад хүрч байна. Уншигчид ч дан уран зохиол, эсвэл дан түүх уншихаас илүүгээр тийм төрлийн бүтээлд татагдах болсон нь анзаарагддаг.
Ийм төрлийн нэг том төлөөлөл бол монголчууд бидний сайн мэдэх Жак Уэтерфорд байна. Хэдий түүх судалгаа талаасаа учиргүй өндөр түвшний биш ч жирийн уншигчдад түүхийг хүүрнэн хүргэж чадаж байгаа амжилтаараа маргашгүй юм.
-Манай түүхчид, судлаачдаас Жек Уэтерфордын номонд шүүмжлэлтэй хандаж буй нь бас хааяа сонсогддог?
-Түүхийн зарим гаргалгаатай нь санал нийлэхгүй тал бий. Гэхдээ монголчуудын хувьд Жак Уэтерфордод бидний түүхийг дэлхий дахинд хамгийн үр бүтээлтэй хүргэн эерэгээр сурталчилж чадсанд талархах ёстой. “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” ном нь л гэхэд 36 оронд, хэдэн сая хувиар хэвлэгдсэн. Энэ ном бүхний цаана монголын түүхийн сурталчилгаа, мэдлэг, мэдээлэл түгэж байгаа. Хамгийн гол нь Жек монголын түүхийг маш эерэг талаас нь харж, тайлж, монгол хүний зүрх сэтгэлээр бичсэн. Манай түүхийн талаар бичсэн гадны эрдэмтэн судлаачдын үнэмлэхүй олонхид нь дутагддаг нэг зүйл бол Монголын түүхэнд их харь хөндий хандаж, бидний сэтгэлгээ, ахуй соёлын онцлог байдлыг огт үл анзааран өнгөрдөг явдал юм. Харин Жекийн хувьд эсрэгээрээ. Монголын төр ч түүний гавьяа зүтгэлийг үнэлж одонгоор шагнасан.
Түүхийг уран сайхны нийтлэл хэлбэрээр сонирхолтой бичих нь ямар их үр дүнтэй болохын тод жишээ энэ. Харин манай түүхчид эрж олсон арвин баялаг, нэн сонирхолтой баримтуудаа эгэл жирийн уншигчдад хүргэх талаар учир дутагдалтай. Гэтэл авьяастай сэтгүүлч, зохиолчдод нь түүхэн мэдлэг илэрхий дутдаг. Тэгэхээр би түүхчдэд Жекээс үлгэр аваасай, зохиолчдод түүхээ сайн судлаасай л гэмээр...
-Манай түүхэн зохиол бичиж буй зохиолчдын түүхийн судалгаа хэр далайцтай байдаг вэ?
-Далайцтай судалгаа хийж бичдэг зохиолчид манайд бий шүү дээ. Б.Ринчен гуайн “Заан Залуудай”-г уншихад л мэдэгдэнэ. Бид тэр чулуун зэвсгийн үед аялаад ирсэн мэт болно. Мөн “Зүрхний хилэн”, “Манан будан” зэрэг олон түүхэн роман бичсэн Ж.Пүрэв гуайн судалгаа нөр их болох нь анзаарагддаг. Т.Мандир ахын судалгаа ч бас нясуун, гайхаж алмайрмаар шүү.
-Та уран зохиолын түүхэн танин мэдэхүйн ач холбогдлын тухайд юу хэлэх вэ?
-Зарим тохиолдолд мэргэжлийн түүх бичлэгээс ч илүүгээр тухай цаг үеийг түүхэн зохиол тодорхойлох нь бий. Марксыг эдийн засгийн засаглалын мөн чанарыг нээсэн алдарт “Капитал”-аа бичихэд нь тухайн үеийн толгой эдийн засагч Прудоноос илүүгээр Бальзакийн нийгмийн романууд тус болсон тухай дурссан байдаг. Дундад зууны Европын сэтгэлгээний маш өвөрмөц онцлог, хандлагыг “Дон Кихот”-оос л харахаас биш ямар нэгэн түүхийн судалгааны бүтээлээс олж харахад бэрх.
Эртний Мисирийн түүхийг түүхийн сурах бичгээс илүүгээр Пруссын цуврал роман барим тавим өгүүлж магадгүй. Ромын хүчирхэг гүрэн мөхөн унасан шалтгааныг Синкевичийн роман илүү тодорхой харуулдаг, Парисийн коммуны гал бадарсан урианы цаана юу болсныг А.Франсын “Ундаассан бурхад”-аас, Туркийн эзэмшлийн үеийн Балканы хойгийн ард түмний амьдралын нарийн ширийнийг Иво Андричийн “Дарина голын гүүр”-ээс мэдэж болох шүү дээ. (Энд зөвхөн сонгодог зохиолуудын тухай яриа юм. Түүнээс биш түүхэн зохиол бүхэн танин мэдэхүйн хувьд ийм өндөр түвшинийх байдаггүй. )
-С. Молор-Эрдэнэ филисофич “Чингис хаан Монголд юу ч бүтээгээгүй...” гэлээ. Ер нь Монголын түүхийг гадаадад төдийгүй дотооддоо ч үгүйсгэх хүн байдаг?
-С. Молор-Эрдэнэ докторын хувьд ямар санаагаар тэгж хэлснийг мэдэхгүй юм. Огт мэдэхгүйдээ тэгж хэлсэн гэдэгт эргэлзэж байна. Зориудаар өдөөж, цочоон сэрээх гэсэн ч байж магадгүй. Түүнээс тийм энгийн зүйлийг мэдэхгүй баймааргүй.
Ер нь монголынхоо түүхийг үгүйсгэдэг, ерөөсөө түүх хэрэггүй гэж үздэг, зөвхөн эдүгээ цаг үеэс, өнөөдрөөс л маргааш эхэлнэ гэж ойлгодог харалган байдал манай залуучуудын дунд үзэгдэл хэмжээнд харагдаад байна. Бидний үндэстэн уг язгуураа онож мэдэхгүй бол хаана ч хүрэхгүй. Хөгжих ч үгүй. Үүнийг хэрхэн яаж ойлгуулахыг би мэдэхгүй байна. Харалган мэдлэггүй байдал нь хөөргөн дэвэргэнтэй нийлэхээрээ жинхэнэ төөрөгдөл, туйлшрал болох юм. Зарим нь бүр зориудаар ч монголын түүх, өв соёл руу нулимж байна. Харамсалтай л...
-Түүх өв соёлоо танин мэдэхийн ач холбогдлын талаар та залууст хандаж юу хэлэх вэ?
-Олон учир шалтгаан бий. Юуны өмнө үндэстэн өөрийнхөө онцлогийг хадгалсан тусгаар улс байхын нэг тулгуур багана нь түүх соёл. Түүх соёл, өв үгүй бол бид нэг л мэдэхэд харийн соёлд автаж, харийн бодлогын золиос болж, үндэстэн мөхнө. Тийм гашуун явдал дэлхийн түүхэнд цөөнгүй байсан. Бидэнд ч нэг бус удаа туршиж байв. Манж болоод хятадууд монголчуудын түүх, өв соёлыг баллуурдаж, түүхэн санамжыг нь устгахын тулд хэдэн зууны туршид холын хараатай хорон бодлого явуулж ирсэн байдаг. Өгөөдэй хааны цэцэглүүлсэн Хархорин хотыг хятадууд эзэлж аваад бүтэн тоосго ч үлдээгээгүй нураасан. Хархорины номын сан хэдэн сар шатсан юм гэнэ билээ. Мин улсын эхэн үед Монгол үсэгтэй ном бүхнийг шатааж байлаа.
Манжууд монголын айл өрх бүрээр явж, уг удам, түүх соёлын ном судрыг хураан авч, оронд нь бурхны шашны ном түгээсэн. Асар их зүйл хураасан гэдэг. Алтан ургийн өрх бүрд Монголын Нууц Товчоо байсан гэдэг. Тэгээд хураан авсныгаа шатаасан. Энэ бүхний үр дүнд бид өнөө хүртэл Монгол бичгээрээ бичсэн Монголын Нууц Товчооны эхгүй сууж байгаа шүү дээ. Азаар хятад үсгээр галиглаад бичсэн тулдаа нэг эх бүрэн эхээрээ үлдэж. Сүйтгэгчид хятад бичгээр бичсэн тэр эхийг анзаараагүй хэрэг.
Хожимхон социалист үзэл суртлын дор ч манай өв соёлд их хэмжээгээр халдсан. Өнөөдөр ч ардчиллын далбаан дор харийн олон янзын соёл ямар ч хяналтгүйгээр орж ирж буй нь манай өв соёл, уламжлалт сэтгэлгээнд маш ноцтой гамшиг болж байна. Өнөөдөр мэдсэн мэдээгүй, санаатай санаагүйгээр “Монголын түүх гэж байхгүй”, “Өнгөрсөндөө битгий амьдар, зөвхөн ирээдүйгээ хар”, “Ирээдүйгүй хүмүүс л өнгөрсөнөө ярьдаг” гэх мэт тархи угаалтын илрэлүүд их сонсогдож байгаа нь тэр бүхний л үр дүн шүү дээ.
Ингээд ирэхээрээ л осолтой болоод ирж байгаа юм. Зомби болгож, далд колоничлолдоо халуун зэвсэг хэрэглэхгүйгээр дагуулан авдаг арга технологи өнөөдөр дэлхийн олон оронд ил далд хэрэгжиж байгаа. Тэр ч манайд ороод ирсэн. Гитлерийн герман Оросыг эзэлсний дараа ямар улс орон болгох вэ гэдгээ тодорхойлсон “Ост” хэмээх төлөвлөгөөг бид мэднэ шүү дээ. Ард иргэдийг зүгээр л сэтгэх чадваргүй, ухааран тунгаах боломжгүй хямдхан ажиллах ажлын мал болгох зорилго тавьж байсан. Өнөөдөр ч тийм зорилго нэг бус их гүрнүүдэд бий, түүнээ ч ардчилал, хүний эрхийн далбаан дор бидэн дээр туршиж хэрэгжүүлж байгаа. Үр дүн нь илэрхий анзаарагдаад байдаг юм.
Хятад манжууд ямар ч бодлогогүйгээр манай өв соёл руу дайраад байсан хэрэг биш шүү дээ. Биднийг уг язгуураас нь салгаж, дуулгавартай боол болгох гэсэн л зорилгоор тийн үйлдэж байсан гэдгийг огтхон ч мартаж болохгүй. Ой санамжаа алдаагүй байгаа хүн өөрийгөө хэн болохоо мэдэж, өөрийн онцгой оршихуйгаа хамгаалж чаддаг, харин ой санамжаа алдах аваас хэн хүний тоглоом, боол, хямд хөлсний ажиллах хүч, зомби болдог лугаа адил ой санамжаа алдсан үндэстэн ч мөн адил. Бид энэ аюулыг мөч тутамдаа санаж байх ёстой юм.
Мөн ирээдүйн хөгжлөө зөв оновчтой төлөвлөх, хөгжлийнхөө гарцыг олоход бидний тэр түүх, өв соёл нэг нэн чухал тулгуур болдог гэдгийг ч мартаж болохгүй юм. Энэ талаар яривал олон зүйлийг хэлэх болно.
Ядахнаа нь энэ орой бүр ТВ-ээр гардаг Солонгосын олон ангит түүхэн кинонууд нэгийг хэлнэ дээ.
-Тэдгээр солонгос сериалууд чухам юуг хэлдэг вэ?
-Хэрвээ үздэг бол тэдгээр цувралуудад өнөөгийн солонгосын өвөг дээдэс бол баатар зоригтой, яруу алдартай, шударга үнэнч, дайнд ялагддаггүй гайхалтай ард түмэн байжээ гэсэн ойлголт төрнө. Тэд энэ мессежээрээ хойч үеийнхнийхээ өөртөө итгэх итгэлийг хөгжөөж, урам зоригийг нь бадрааж, нийгэмд эв нэгдлийн уур амьсгалыг түгээгээд зогсохгүй дэлхий дахинд үндэстнээ сурталчилж байна. Хятадууд, казакууд ийм киног олноор нь хийдэг. Сүүлийн үед оросууд социализмын үед хийж байсан эх оронч баатарлаг түүхээ харуулсан кинонуудаа дахин шинээр хийгээд эхэллээ. Бизнес талаас харахад нэг хэрэг, нөгөө талаас үндэстний хөгжлийн томоохон бодлого, бас зөн юм. Хүүхэд залуус, хойч үе нь өвөг дээдсээ хүндэлдэггүй, тэднийхээ бахдам үйлсээр бахархдаггүй, үлгэр дуурайлал авдаггүй үндэстэн бол ямар ч ирээдүйгүй болсон, мөхлийнхөө ирмэг дээр ирсэн л гэсэн үг.
Гэтэл бид чинь асар баялаг түүх, өв соёлтой ард түмэн шүү дээ.
Нөгөө талаар бид Монголын бахархам түүх гэхээр л зөвхөн байлдаж, ялснаа л ярьдаг. Гэтэл тэр ялалт, тэмцэл бүхний цаана байдаг үзэл санаа, соёл, ёс суртахуун, үнэт зүйл, шударга ёсны тухай бид тэр бүр ярьдаггүй, бичдэг ч үгүй. Гэтэл түүхэн үйл явдал гэдэг зүгээр нэг үйл явдал төдий биш шүү дээ. Тэр бүхний цаана асар их оюун санаа, сэтгэл зүй, ёс суртхууны өрнөл, тэмцэл, дайн болж байдаг. Бид түүхээсээ тэр талыг нь маш бага сөхөн харж байна. Тиймээс л түүх бол хэрэггүй юм гэсэн гэнэн хөөргөн дүгнэлт гарах нэг шалтгаан нь энэ байж магадгүй.
АРИГБӨХ ХААНЫ ХЭЛМЭГДЭЛ 800 ЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА
-Аригбөх хааныг Их Монгол Улсын тав дахь их хаан гэж ярьдаг, хүлээн зөвшөөрдөг иргэд бий. Та Аригбөх хааны тухай ном бичсэн хүн, ямар бодолтой явдаг вэ?
-Аригбөх хаан бол Мөнх хааны дараа Их хуралдайгаар сонгогдсон дэлхийн Эзэнт их гүрний хууль ёсны сүүлчийн хаан юм. Түүнээс хойш Юань, Ил хаант улс, Цагаадай, Хайдугийн улс, Алтан ордны улс гэх мэт тус тусдаа улс болчихсон. Хэдий Хубилай хааныг зарим хаант улсууд хүлээн зөвшөөрөх байдалтай байсан ч тэр нь ёс төдий байв. Өөрөөр хэлбэл дэлхий нийтийг хамарсан Эзэнт их гүрний шинж чанараа алдчихсан гэсэн үг юм.
Аригбөхийг хууль ёсны хаан байсныг батлах олон баталгаа байдаг. Тийм атал өнөөдөр ч Аригбөх хааныг Чингис хаанаас Лигдэн хутагт хаан хүртэлх жагсаалтад багтаадаггүй. Монголын албан ёсны түүхийн сурах бичгүүдэд ч хаан байсан гэж бичдэггүй. Хэдхэн сар хаан сууринд суусан хүмүүс цөөнгүй. Тэдний хажууд Аригбөх өвөг Чингис хааныхаа Хасбуу тамгыг өвөртлөөд, Их цагаан сүлдийг нь өргөж, зарлиг тушаалаа гаргаж, зоос дэлдүүлж, хэдий ээдрээтэй ч хууль ёсны засаглалаа дөрвөн жил хэрэгжүүлж ирсэн хаан шүү дээ. Тиймээс би л хувьд Аригбөх хааныг 800 гаруй жил хэлмэгдэж яваа гэж ойлгодог. Тэр итгэл үнэмшлийн үүднээс л тэр номоо бичсэн
-Аригбөхийг хаан гэж хүлээн зөвшөөрөх нь Хубилай хааныг хаан биш гэж үзэж байгаа хэрэг биш үү?
-Үгүй юм. Хубилай хаан Монголын болоод Хятадын түүхэнд, бүр дэлхийн түүхэнд ч баллуурдахын аргагүй том ул мөрөө үлдээсэн их хаан. Чингис хааны дараа Хубилай хааныг дэлхий дахин мэддэг. Аригбөхийг хаан гэдгийг хүлээн зөвшөөрөх төдийгөөр бүдгэрээд алга болчих хэмжээний хаан биш. Энд нэгийг нь нөгөөгөөр үгүйсгэдэг, баллуурдан алга болгох гэдэг туйлшралаас ангидаар харах, үнэлж дүгнэх хэрэгтэй юм.
Түүхэн үйл явдлыг дарааллаар нь харах аваас Хубилай хаан болохдоо яах аргагүй Их засаг хууль зөрчсөн. Ингэхэд Аригбөхийг хаан ширээнд залсан Алтангорхины их хуралдайгаас хойш дахиж хэзээ ч их хуралдай болоогүй юм шүү дээ. Их засаг хууль үйлчлэхгүй болсон гэсэн үг. Ингээд дөрвөн жил ах, дүү хоёр дайтсны дараа Аригбөх хаан бууж өгөхдөө хаан төрийн эрх хэмжээг бүрэн тодорхойлдог хасбуу тамга, хар, цагаан сүлд бусад эд зүйлсийг ахдаа аваачиж өгсөн. Ингэснээр Хубилай хаан хууль ёсны эрхээ баталгаажуулсан хэрэг. Тэр завсар Их гүрэн задарч, хэд хэдэн улс болон хуваагдсан эргэлт буцалтгүй үйл явдал өрнөсөн. Нэг жарны турш юунд ч торохгүй ялан дийлж мандан бадарч явсан монголчуудын тэр их сүр хүчийг ямар ч үндэстэн сөрөн зогсоох чадваргүй байлаа. Гагцхүү монголчуудад өөрсдөд нь л тэр их хүчний оргилолтыг зогсоох хүчин нуугдаж байжээ. Түүхэн эрх тийн өрнөсөн хэрэг. Тэгээд Аригбөхийг хаан сууринд суусан 1260 оноос Их эзэнт гүрний газар бүр салан тусгаарлах үйл явц өрнөж, монголын дэлхийг хамарсан иргэний дайн эхэлсэн. Тийм л түүхэн их эргэлтийн золиос болсон хүн юм, Аригбөх хаан бол. Золиосонд Аригбөх өртөж, Хубилай үлдсэн хэрэг. Ах дүү хоёрын хэн нэг нь золиосонд явахаас аргагүй тийм цаг үе байжээ.
Нэг бодлын их эмгэнэлтэй, бас бахархам түүх. Ер нь Аригбөхийг зүй ёсны хаан байсан гэдгийг батлах хэд хэдэн гаргалгаа, баримтууд байдаг. Тэр бүхнийг яривал урт яриа болно.
-Зүчи, Тулуйн удмынхан нийлж, Бат хаан удирдаад төрийн эргэлт хийж Мөнх хааныг ширээнд залснаар Өгөдэйн удмаас, Тулуйнханд төрийн эрх шилжсэн, ордны эргэлт болсон гэж боддог. Уг нь Өгөдэй хаан ширээнд суухдаа өөрийнх нь удмаас “Өвсөнд боовч үнээ, өөхөнд ороовч нохой идэхгүй” хүн гарсан ч хаан болох ёстой гэсэн ам өчиг авсан гэж гардаг даа?
-Өгөдэй хаан “Миний үр удмаас өөхөнд ороовч нохой тоож шиншлэхгүй, өвсөнд ороовч үхэр тоож долоохгүй хүн төрсөн ч хаан ширээнд залж байх ёстой” гэж гэрээслэх хэмжээний тэнэг мунхаг хүн байгаагүй. Энэ бол санаатай болон санамсаргүй төөрөгдөл. Ер нь Монголчууд өмнө нь ч ураг удмынхаа аль сайныг сонгон хаанд өргөмжилдөг уламжлал байсан. Хабул хаан ширээ залгах хүүгээ байсаар байхад авга ахынхаа хүү Амбагайд хаан ширээг залгамжлуулсан. Амбагай хаан цэцэн мэргэн ухаантай, эвийг эрэмлэдэг хүн байжээ. Амбагай сэцэн хаан ч бас тэнгэр болохдоо өөрийнхөө хүүхдүүдэд биш Хабул хааны хүү Хотулад хаан төрөө залгамжлуулсан. Энэ нь ямар ч бай хамаагүй миний л үр удам хаан ор суух ёстой гэж дайрдаггүй, төр ёсоо дээдэлсэн, улс гүрнийхээ ирээдүй хойчийг бодсон их ухаан юм.
Өгөдэй хааныг нас барсны дараа хатан Дөргэнэ эрх мэдэлд дурлаж, бас үр удамдаа хаан ширээг авч үлдэх гэж дөрвөн жил Их хуралдай зарлаагүй, хаан эрхийг мэдэж байв. Тэр хооронд төрийн сүр хүч унаж, чадамж буурч, янз бүрийн овлигогүй зальтай улс Монголын төрд олноороо шургалж, Их Монгол гудайх эхлэл тэр үед тавигдсан л даа. Чухам Гүегийн хатан Огул Хаймишийн дараа л хаан ширээ Өгөдэйн удмаас Тулуйн удам руу шилжсэн. Хэдий наанаа Их хуралдайгаар мэт боловч үнэн хэрэг дээрээ төрийн эргэлтийн шинжтэй үйл явдал болсон. Төрийн эргэлт хийхээс аргагүй нөхцөл байдлыг үүтгэсэн явдал ч үнэхээр болсон хэрэг шүү дээ.
-Мөнх хааны дараа төрсөн хоёр дүү нь хаан ширээ булаацалдаад бүр төр “самарсан” байх. Уг нь Мөнх хаан залгамжлагчаа зарласан бол...
-Мөнх хаан хаан ширээгээ отгон дүү Аригбөхдөө гэрээсэлсэн байх магадлал өндөр байдаг. Сүн улс руу дайтахаар явахдаа ард үлдсэн гал голомтоо Аригбөхөд итгэн үлдээсэн. Мөнх хаан Аригбөх дүүгээ дэргэдээ ойрхон байлгаж, их ч ойр дотно явсан байдаг. Мөнх хааныг нас барсны дараа үр хүүхдүүд нь насанд хүрчихсэн, том хүү Асудай нь цэрэг арми удирдаад явж байв. Өөрөөр хэлбэл хаан ширээнд өрсөлдөх боломжтой гэсэн үг. Гэтэл тэрбээр Аригбөхийн талд тууштай байж, эцсээ хүртэл тулалдсан. Мөнх хааны их хатан Хутугтай ч Аригбөхийг дэмжсэн. Тэгэхээр энд ямар нэгэн хэлхээ холбоо сэжим байгаа.
Нөгөө талаар Мөнх хаан яагаад ч Хубилайд хаан ширээ залгамжлуулахгүй. Тэр хоёрын хооронд маш ноцтой зөрчил байсан. Тэр зөрчил нь даамжраад Хубилайг баривчлах асуудал хүртэл яригдаж байсан үе бий. Тэгэхээр Мөнх хааныг отгон дүү Аригбөхдөө хаан ширээг залгамжлуулах гэрээслэл үлдээсэн, үгүй ядахдаа Хубилайгаас хувь илүүгээр итгэн найдаж байжээ гэж харагддаг юм.
ЯГ АДИЛХАН ХАРДАГ БОЛ АМЬДРАЛ СОНИРХОЛГҮЙ...
-Зохиолч, яруу найрагч Д.Оюунчимэг та хоёр гэр бүлийн улс. Аюурзана, Өлзийтөгс хоёр номоо харилцан редакторладаг, биесийнхээ уран бүтээлийг үнэлдэг шиг та хоёрын хооронд бас уран бүтээлийн дотно харилцаа байна биз?
-Уран бүтээлчид нэг гэр бүл байхад давуу тал бий. Биесээ ирлэж хурцалдаг, санаа оноогоо хуваалцдаг, сайн муугаа ярилцдаг. Хамгийн сайн зөвлөгч, бас шүүмжлэгч нь байдаг. Заримдаа санаа нийлэхгүй юм ч бий. Уран бүтээлч хүмүүсийн ааш араншинг мэднэ дээ, өөрийнхөөрөө байдаг. Миний “Аугаа эрин” номын хяналтын уншилтыг хийж манай хүн өглөө үдэшгүй л суусан.
- Д.Оюунчимэгийн “Оройн ганц мод” романыг шүүмжлэгч, судлаачид өндөр үнэлсэн. Таны хувьд...
-“Оройн ганц мод”-ыг манай утга зохиолын хүрээний үе үеийнхэн болох Дармын Батбаяр, Ломбын Нямаа, Д.Энхболд, П.Батхуяг, Я. Баяраа гээд цөөнгүй уран бүтээлчид сүрхий үнэлж магтах шиг болсон.
Монголд шинэ тутам гарч байгаа роман болгоныг унших санаа байдаг ч тэр бүр амжихгүй юм. Тэдгээр уншсан сүүл үеийн романуудын хэмжээнд “Оройн ганц мод”-ыг нэлээн гайгүй нь болчихлоо гэж би хувьдаа үнэлсэн. Гэхдээ санаанд хүрэхээргүй юм ч байдаг. Түүнээ ч өөрт нь хэлж, ингэж засмаар, өөрчилмөөр байна гэсэн. Манай хүн заримыг нь засаад, заримыг нь засаагүй өөрийнхөөрөө гаргачихсан нь ч бий. Хүн хүний мэдрэмж өөр. Яг адилхан хардаг бол амьдрал сонирхолгүй шүү дээ.
АЛДАР НЭР, ЭРХ ЯМБЫН ТӨЛӨӨ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЖ ИЛЖИРСНЭЭС ЖАЛГАНД ОЧООД ИЛЖИРСЭН НЬ ДЭЭР...
-Өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд нутагтаа бие даан нэр дэвшсэн. Ядуу оюутан гэдэг шиг зохиолчдыг ядуу гэсэн тодотгол дагалддаг. Яагаад бие даан нэр дэвшиж, мөнгөөр зоддог хоёр том намын нэр дэвшигчидтэй өрсөлдөх болов?
-Өнөөдрийн улс орны нөхцөл байдал нь эрүүл ухаантай хүнд амар тайван сайхан суух арга их хомс болгож байна. Мөрөөрөө номоо бичээд явж болдог бол сайхан л байхсан. Гудамжаар машин нь багтаж ядаад, өндөр шилэн байшингууд сүндэрлээд, хүмүүсийн өмссөн зүүсэн гялалзаад, гадагшаа дотогшоо яваад болоод байгаа ч цаанаа хөгжлийн баттай суурь бүрэлдэж чадаагүй байна.
Үндэсний бат тогтвортой, бие даасан эдийн засаг алга. Зах зээлийн ЭЗ-т шилжээд хорин хэдэн жил өнгөрсөн атлаа банк санхүүгийн тогтолцоо нь өрөөл татуу, гадаад, дотоод худалдаа нь бусдын хараат, хэт өрөөсгөл эдийн засаг бий болчихлоо.
Манай эдийн засаг бидний идэвх чармайлтаар хөгжихөөс илүүгээр бусдын зангаа дохиогоор өсөж, унаж байна. Унагаахаар нь бид арчаагаа алдаад, энд тэндээс очиж гуйлга гуйдаг, өрд ордог. Эдийн засгийн тусгаар тогтнолын тухай ярихад хэцүү.
Оюун санааны хувьд ч хэцүү. Үндэсний оюун сэтгэлгээний тусгаар байдал маш эмзэг болчихсон. Нэг бус үеийнхнийг харахад харагдах төрх нь монгол, монголоор ярих авч дотоод мөн чанар нь өдрөөс өдөрт монголоосоо алсарч байна уу даа. Бидний өмнө ярьсан үндэснийхээ түүх соёлыг үл мэдэх, үл хүндэтгэх, тэр бүү хэл үгүйсгэдэг явдал нь энэ оюун санааны дархлаа ихэд хэврэг болсны илрэл юм. Хамгаалалт хяналтгүй урсан орж ирж буй даяаршилийн давалгаан дор, хүний эрх, ардчиллын хормой доогуур үндэсний оюун санаа, соёл сэтгэлгээ, ёс зүйн уламжлалт кодыг эвдэж мэдэх зүйлс орж ирж байгаа ноцтой аюул бий.
Дээр нь өнөөгийн Монголын нийгэм хагарч болох бүхий л боломжоороо хагарч бутарч байна. Баян ядуугаараа талцав. Ангит нийгмийн шинж төрхүүд илэрхий ажиглагдаж байгаа. Шинэ хуучнаараа, баруун зүүнээрээ, жалга довоороо, улаан цэнхэрээрээ талцаж, хагаралдаж байна. Зүгээр нэг талцал, үзэл бодлын зөрүү төдий биш, бүр бие биесээ үл тэвчих, необольшевик маягийн хийрхэл хэнээрхэлтэй. Энэ хагаралд улс төржилт улам их түлхэц өгч байгаа. Бүр зориудаар нийгэм, ард түмнийг талцуулж хагаралдуулж байж дундаас нь түр зуурын ашиг олдог эдийн засаг, санхүүгийн нам дамжсан бүлэглэлүүд ч бий боллоо. Тэгээд энэ утгагүй явдлаа улс төр хийж байна гэж өөрсдөө ойлгож, олонд сурталчилж байгаа нь бүр ч хэцүү.
Мөн ёсзүй, шударга ёсны дутагдлын гүн шоконд манай нийгэм даяараа орсон. Их ангасан адуу ус ууж чаддаггүй эргүүлж хамраараа гаргаад байдагтай адил бид шударга ёс, ёс зүйн аливаа зөв илрэлд тун их хачирхан гайхаж, гадуурхах байдалтай ханддаг болчихсон нь чухам гүн шоконд орсны илрэл. Гэх мэт санаа сэтгэл зовоосон олон зүйл байна. Энэ бүхнийг харсаар атлаа энэ бусармаг явдал өр цоолохыг хүлээгээд хонь мэт майлж хэвтэнэ гэдэг миний хувьд тэвчимгүй.
Үзгэн зэвсэг барьсан бидний хувьд энэ бүхэнтэй тэмцэх хоёр л зам бий. Нэгд нь бичих. Би хэр чинээгээрээ л бичдэг. Бичиж ч байна. Энэ роман маань ч мөн л адил миний тэмцлийн нэг хэлбэр. Үндэстэн мөн чанараа ухаж, ойлгож, амьдрах зарчим, итгэл үнэмшил, үнэт зүйлсээ романаас маань олж харж, өөртөө итгэж, үндэстнээрээ, өв түүх, дээдсийн их ухаанаараа бахархах сэтгэл нь бадрах аваас миний бичсэн зорилго биеллээ л гэж бодно.
Хоёр дахь зам маань улс орны хөгжлийн бодлого тодорхойлоход шууд оролцох явдал. Ялангуяа үндэсний хөгжлийн болон боловсрол соёлын бодлогын талаар хийж хэрэгжүүлмээр зүйлс нэлээдгүй байдаг. Тэр үүднээс л би өнгөрсөн сонгуульд оролцсон хэрэг. Түүнээс биш эрхэм гишүүн гэдэг алдар нэр, эрх ямбын төлөө явсангүй. Тийм байдлаар тэнд очиж илжирснээс жалганд очоод илжирсэн нь дээр.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь энэ намуудын үнэн нүүр царайг үзүүлж байна. Хэдэн зуун мянган гишүүнтэй АН, МАН-ын нэр дэвшигчийн царайг хар, МАХН-ын нэр дэвшигчийг хар л даа гэж иргэд шүүмжилж байна.
-Манай улс төрийн тогтолцоо дампуурчихсан. Улс төрийн нам жинхэнэ утгаараа байхгүй. Нам гэдэг үзэл санаа, итгэл үнэмшлийн нэгдэл байдаг бол өнөөдөр манайд дунд доод түвшиндээ ажил, албан тушаал, амьжиргааны явцуу эрх ашиг, харанхуй фанатуудын, дээд түвшиндээ нам дамжсан мафийн шинжтэй санхүүгийн бүлэглэлүүдийн тун хачин бүрдэл бүхий нэгдлийг НАМ гэж хэлдэг болсон.
Улс орны хөгжлийн болон хуулийн бодлогыг гаргаж, түүнийг хэрэгжүүлэхэд хяналт тавих учиртай УИХ-ын гишүүнийг сонгохдоо сонгогчдийн маань олонх хэнийг сонговол улс оронд, бидний ирээдүйд хэрэгтэй вэ гэдэг өнцгөөс биш, харин надад ямар ашигтай вэ гэдгээс нь харж сонголтоо хийж байна. Өөрт нь мөнгө өгвөл, өөрт нь болон садан төрөл, найз нөхдөд нь ажил төрөл олдох, эсвэл бизнестээ ямар нэгэн байдлаар дэмжлэг авах, их сайндаа аймаг, сум нь хурдан морьтой болох, ямар нэгэн бүтээн байгуулалт хийх гэх мэт их хачин шалгууртай. Улс төр, сонгуулийн тогтолцоо нь ч хүмүүсийг ийм сонголт хийхээс аргагүй байдалд шахаж, тулгаж, бас тархийг нь угааж, талцуулж байна. Энд ямар нэгэн үзэл санаа, итгэл үнэмшил, бодлогын тухай ярих боломж тун ховор.
Өнөөдөр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн аль нь сэтгэлд хүрэхгүй байгаа нь тэрхүү манай улс төрийн тогтолцоо хэр зэрэг эвдэрсний, толгой нь уруугаа харчихсаны л илрэл юм.
-Сонгуулиас сонгуулийн хооронд энэ байдал улам даамжирч байгаа. Тэгэхээр яах вэ?
-Тийм, энэ муу явдал улам даамжирч байгаа. Саяхан би Ло.Нямаа багштай ярилцаж суухад багштан тийн хэлж байна билээ. “Их үндэстэнд их сорилт тулгардаг гэдэг. Өнөөдөр бидэнд аргагүй их том сорилт тулгараад байна. Сэхэх үү, мөхөх үү? гэсэн сорилт шүү. Гэхдээ асуудал муу болох хэрээр ард түмэн ухааран сэхээрч, босож ирнэ гэсэн нэг мухар итгэл төрж байгаа” гэсэн. Тэр үнэн. Ягтаа тулж байж л ийм дампуу явж болохгүй юм байна, зарчим, үнэт зүйл, эрхэмлэл гэдэг зүйлээ гаргаж ирэхгүй бол болдоггүй юм байна. Хууль ёсоо дээдэлдэг, ёс журмыг эрхэмлэдэг байхгүй бол болохгүй юм байна гэж нэг голдоо ортлоо ойлгох байх. Нийгмийн тодорхой хэсэг нь тийн ойлгож сэрж чадвал нийгмийн хөгжил зөв тийшээ эргэнэ. Түүнээс биш энэ янзаар дампуу, будлиантай хэвээр явбаас хэрхэх нь нэн тодорхой. Биднийг уруудан доройтсоор сөхрөөд унахыг харж, шүлсээ залгиж суугаа хүчин бэлээхэн бий шүү дээ.
-
2017 оны 5 сарын 30
ҮР ХҮҮХЭДДЭЭ НОМ АВЧ ӨГӨХДӨӨ ЮУГ АНХААРАХ ВЭ?
Манай эцэг, эхчүүд хүүхэддээ ном сонгохдоо зарим нэг нийтлэг алдаа гаргах нь байна.
Жишээ нь:
.
1. НАСАНД НЬ, ОЮУНЫ ЧАДВАРТ НЬ ТААРЧ ТОХИРСОН НОМ СОНГО...
Манай эцэг эхчүүд хүүхдийн ном гэхээр л олон зурагтай, 5 өгүүлбэртэй ном байх ёстой гэсэн өрөөсгөл ойлголттой байх нь бас байна.
- Зурагтай ном байна уу? Өө зураггүй юм уу? гэх эцэг эхчүүд нэлээд таарна.
- Хүүхэд нь хэдэн настай вэ? гэж асуухаар
- 8 настай,
- 12 настай гэх мэт...
Ингэхэд 12 настай хүүхдийн сэтгэлгээ 2 настай хүүхдийн сэтгэлгээ хоёрт их хол зөрүү бий дээ.
Хүүхдийн зурган номууд нь уншиж, бичиж хараахан сураагүй, эсвэл дөнгөж уншиж бичиж сурч байгаа бага насны буюу 6 хүртэл насны хүүхдэд ихэнхдээ зориулагдсан байдаг.
Гэхдээ бага насны байх хэрээр зураг олонтой, нас насны онцлогт, хүлээн авах чадварт таарсан зургийн өгүүлэмжтэй байх шаардлагатай.
Зурагт номууд хүүхдийг номд дуртай болгох, сонирхолыг нь номруу татах зориулалт нь түлхүү талдаа. Зурган өгүүлэмж нэн чухал. Гэвч НАС ӨСӨХ ХЭРЭЭР ЗУРАГТ НОМООС ТЕКСТ ИХТЭЙ УНШЛАГЫН НОМРУУ ШИЛЖИЖ байвал уг нь илүү үр дүнтэй санагдана...
Бие бялдрын хөгжил өсөх хэрээр хүүхэд илүү хүнд ачаа дааж, илүү төвөгтэй техникт суралцдаг шиг хүүхдийн чинь оюун сэтгэлгээ хөгжих хэрээр илүү том бүтээл туурвилд хөтлөн дагуулах шаардлагатай юм. Зарим эцэг эхчүүд 10 орчим насны хүүхэддээ 5 настангуудад таарсан зурагт ном хайгаад явж байгаа нь харамсалтай юм. Хүүхдийнхээ оюуны хөгжлийг тийм түвшинд харж, бас барьж хязгаарлаж болохгүй ээ.
Үе тэнгийн 12 настангууд нь Дюмагийн Шадар гурван цэргийн Артаньян, Атос нартай нөхөрлөж, Стивенсоны Эрдэнэ нуусан аралд тэмцэж, Фродо, Сэм нартай хамт Мордорт ертөнцийг мөхлөөс аврах гэж мачийж явахад таны 12 настан Гуталт муурын сахлаар оролдсон шиг сууна гэдэг бараг л эмгэнэл юм даа.
Ингэхээр хүүхдийнхээ насанд нь, оюуны чадварт нь таарсан ном уншуулах хэрэгтэй юм. Үргэлжийн 5 настан шиг бодож сэтгэж харьцаж таарахгүй, ингэвэл нь хүүхдийнхээ оюун сэтгэлгээний хөгжилд өөрсдөө том саад, гацаа үүсгэж буй хэрэг юм. Бүр насных нь түвшингээс болж өгвөл ахиулж байх хэрээрээ илүү сайн. Тэгэж байж үр дүн илүү гарна.
Ер бага наснаас ном уншиж сурсан хүүхдийн унших чадамж санаанд багтамгүй өндөр байдаг. Ж.Пүрэвийн ”Зүрхний хилэн”-гээс салж чадахгүй шимтэн суугаа 12 настан ч байна. О.Уайльдын ”Дройн Грейн хөрөг”-ийг хүртэл хээв нэг уншиж орхих нь ч байна.
Хэрвээ хүүхэд тань 10-12 нас хүрчихээд одоо л дөнгөж номтой нөхөрлөх гэж буй бол дэндүү, даанчиг оройтсон байна. Гэсэн ч оргүйгээс оройтсон нь дээр, золоор номтой нөхөрлөчих ч юм билүү. Гэхдээ хүүхдийнхээ сонирхол, онцлог, оюуны чадамжийг нь сайтар анзаарч байж номоо сонгоорой.
.
2. ХҮҮХДИЙН НОМ ГЭДЭГ НЬ ЗӨВХӨН ҮЛГЭРИЙН НОМ БИШ...
- Энэ үлгэрийн ном уу?
- Үгүй ээ, роман.
- Өө, хүүхдийн ном биш юм уу?
- Хүүхдийн ном мөн.
- Тэгвэл яагаад роман гээд байгаа юм бэ?
Хүүхдийн ном гэхээр л зөвхөн үлгэрийн ном л гэж ойлгодог төөрөгдөл бас байна.
Ардын үлгэр гэдэг бол яндашгүй их далай билээ. Гэвч хүүхэд тань дандаа үлгэр уншаад байж таарахгүй. Тэгвэл жинхнээсээ ”Үлийсэн сохор болно”. Хүүхдийн уран зохиолын нэгэн томоохон бүрэлдхүүн хэсэг бол өгүүллэг, тууж, романууд юм. Жүжиг, дууль, тууль гээд бусад төрөл жанр ч хүүхдийн уран зохиолын ай савд бүгд бий. Үлгэрийг ихэнхдээ бага, дунд насанд нь уншуулбал зохимжтой. Гэхдээ том болсон хойно нь үлгэр уншуулж огт болохгүй гэж буй хэрэг биш. Ялгаа заагыг нь сайн ойлгоосой. Би одоо ч зарим хааяадаа үлгэр уншиж л байдаг. Гол нь бусад уран зохиолын төрөл жанруудтай танилцуулах хэрэгтэй. Үр хүүхдээ үнэхээр л номтой нөхөрлүүлэхийг хүсэж буй бол томоохон бүтээл туурвилуудтай танилцуулах зайлшгүй шаардлагатай. Тэдэн дотор хэдэн арван цуврал романууд ч бий.
Өнөөдөр дэлхийн хүүхдийн зохиолын тэргүүнд ихэнхдээ томоохон романууд явдаг гэдгийг мэдэж ав.
.
Ер роман уншихгүйгээр уран зохиол уншсан гэж хэлэх боломжгүй. Уран зохиолын оргил нь роман байдаг. Тэгэхээр хүүхдээ бага багаар роман руу ойртуулж байх хэрэгтэй. Бүү үлгэрийн ертөнц дотор нь хадаж орхи.
- Пөөх ямар зузаан юм бэ? Ийм юмыг чинь хүүхэд байтугай би ч уншиж дийлэхгүй юм байна гэж дуу алдаж буй эцэг, эх байна.
Хүүхэд чинь бага насандаа номын ертөнцөөс хөндий өссөн хөөрхий золгүй өөр шиг чинь байх ёсгүй, өөрийн чинь тавиланг давтаад хэрэггүй. Өөрөө боломж бололцоогүйдээ роман уншиж амжаагүй яваа бол одоо үр хүүхдээ өөрийнхөө араас бүү татаж оруулаарай. Роман уншиж байж л уран зохиолын жинхэнэ уншигч болдог гэдгийг бүү мартаарай.
Гэхдээ уншиж дөнгөж эхэлж буй хүүхдэд зузаан зузаан романаар дарамтлаад байж таарахгүй, ёстой жинхнээсээ залхаагаад, зугтаалгаж ч мэднэ.
.
3. САЙН НОМ БАС САЙН ХООЛ...
Номын худалдаан дээр зогсож байхад
- Яагаад заавал сонгодог зохиол сайн гээд байгаа юм бэ? Энэ зохиол юугаараа илүү юм бэ? гэж улайм цайм асуухгүй ч байгаа хандлагаараа асуугаад байх эцэг эхчүүд бас байна аа, байна.
Ингэхэд та хүүхэддээ хоол унд авч өгөхдөө аль болох шим тэжээлтэйг нь сонгодог, үгүй ядахдаа л хичээдэг байх. Түүнтэй чинь яг адилхан. Уран зохиол гэдэг бол оюун сэтгэлгээний талх нь, хоол нь. Тэр дундаа сонгодог бүтээл гэдэг бол бүр хамгийн их ”шим тэжээлтэй” нь юм шүү дээ. Тийм асуултын түвшинд өөрөөр юу гэж ойлгомжтой тайлбарлах вэ дээ...
Та бидний худалдан авдаг өргөн хэрэглээний бараанд брэнд гэж нэг зүйл байдаг даа. Брэндийнх бол үнэхээр чанартай, урлагтай, найдвартай. Түүн лугаа адилаар уран зохиолд ч бас брэнд бий. Тэр бол зохиолчид нь юм. Жишээлбэл хүүхдийн зохиолд бол хамгийн том брэндүүдийн нэг бол Андерсен байна. Би л хувьд Ричард Киплингийн ертөнцөд саатах дуртай. Бас Оскар Уайльд. Энэ мэт зохиолчдын бүтээл л бол эргэлзээгүй хүүхэддээ сонгоно гэсэн үг. Яагаад гэвэл брэнд...
.
4. УРАН СЭТГЭМЖ МУУ ГЭЖ ҮҮ???
Сельма Лагерлөфийн ”Галуу дагасан гайхамшигт аян” гээд гайхалтай сайхан үлгэр тууж бий дээ. Их Б.Ренчин гуайн орчуулгаар гарсан. Яах аргагүй л хүүхдийн номын ертөнцийн нэгэн маргашгүй маргад эрдэнэ болсон зохиол.
Тэр номыг барьж үзэж үзэж, хойш нь тавьчихаад илүү өндөр үнэтэй математикийн ном хүүхэддээ авч өгч буй аавтай таарав.
- Би бол нөгөө номыг нь л сонгоно доо гэвэл
- Өө, галуун дээр суугаад нисдэг гэж юу байсан юм, худлаа юм уншуулах ямар хэрэг байна вэ? гэж миний амыг яг таг бөглөв.
Уран сэтгэмж хөгжинө гэдэг тийм муу зүйл биш юм. Харин ч энэ ер бусын гайхамшгаар дүүрэн хорвоо ертөнцийг зөвөөр ухааран танихад уран сэтгэмж л хамгийн их тус болно. Чухам уран сэтгэмжийн цонх л амьдралыг баялаг сайхнаар, өөдрөг, гэрэл гэгээгээр гэрэлтүүлж байдаг.
Заавал галууны нуруун дээр суугаад нисэж болдог юм гэж ягштал үнэмших явдал биш. Тэр бол жинхэнээсээ тэнэгрэл болно. Уран сэтгэмж муутай, аливаад мэдрэмжгүй, бүхнийг хайрцаглаж хардаг, яг байгаагаар нь ойлгож, хүлээж авдаг хүнтэй хамт байхад хүртэл хичнээн уйтгартай, баригдмал, мухар нүхэнд орчихсон мэт, бетонон хананд тулчихсан мэт хүнд хэцүү мэдрэмж төрдөг шүү дээ.
Зохион бүтээх, туурвих, ер алив ажилд амжилт гаргахад бүгдэд нь уран сэтгэлгээ гарцаагүй хэрэгтэй болдог. Тэр бүү хэл математикийн гайхамшигт нээлтүүдийн чинь үзүүрт чухам уран сэтгэмж л байсан юм шүү дээ. Аливааг яг таг гэсэн, 2 дээр нэмэх нь 2, тэнцүү дөрөв л гарна, өөр хариу хайгаад хэрэггүй гэх мэт хайрцагласан сэтгэлгээнд хаших нь үнэн хэрэг дээрээ хүүхдийнхээ танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзэлийг харанхуй гянданд хорьж буйтай адил зүйл юм.
..
5. МЭДДЭГЭЭ Л АВДАГ НЬ...
Манай эцэг эхчүүд бас зөвхөн өөрийн бага насандаа уншиж байсан номоо л хүүхэддээ авч өгөх гэсэн эрмэлзэл их байна. Жишээлбэл, Ж.Вернийн ”Арван таван наст капитан”, ”Ахмад Грантын хүүхдүүд”, ”Нууцат арал”, ”Усан доогуур 20 000 бээр аялсан нь”, эсвэл оросын үлгэрийн ”Үүлэн бор” гэх мэт хуучны орчуулгуудыг асуугаад байхгүй гэвэл ”Өө хүүхдийн номын лангуу гэсэн чинь хүүхдийн номгүй л юм байна шүү дээ” гэж урам хугарсан аястай.
Соц үед хүүхдийн уран зохиолыг сайн орчуулж байсан, тэдгээрээс бас боломжийн түвшинд уншиж танилцаж байсан нь сайн хэрэг. Гэвч хүүхдийн номын ертөнц тэр үеийн Ж.Верн, Майн Рид, Уэльс, Дюма нараар хязгаарлагдахгүй шүү дээ. Тэд л зөвхөн сонгодгууд, бусад нь биш юм шиг мухар ойлголт мэр сэр байгаа нь харамсалтай. Асар баялаг уудам ертөнцийг өчүүхэн нэгэн хэлтэрхийгээр нь хязгаарлаж болохгүй.
.
6. ХҮҮХДИЙН ТУХАЙ БИЧСЭН БҮХЭН ХҮҮХДИЙН ЗОХИОЛ БИШ...
- Энэ номонд юун тухай бичсэн бэ?
- Хүлэг баатруудын тухай бичсэн ном оо...
- Хүүхдийн тухай байхгүй юу
- Байхгүй ээ..
- Аан, хүүхдийн зохиол биш юм байна, тийм ээ...
- Үгүй үгүй, хүүхдийн зохиол...
- Тэгээд яагаад...
Ийм яриа ч бас болох. Ингэхэд хүүхдийн зохиол гэхээр заавал хүүхдийн тухай бичсэн байх ёстой биш. Юуны ч тухай байж болно. Гагцхүү тэр нь хүүхдийн оюун сэтгэлгээний ертөнцөд таарч тохирсон байх хэрэгтэй.
Нөгөө талаар бас хүүхдийн тухай бичсэн бүхэн хүүхдийн зохиол болж чаддаггүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Хүүхдийн тухай хэдий бичсэн ч хүүхэд бүү хэл үүхэд ч уншихааргүй номууд зөндөө. Хүүхдийн зохиолыг хүүхдийн зохиол болгодог хамгийн гол шинж чанар бол тэндээс хүүхдийн тэр ариун гэгээхэн, хиргүй тунгалаг, мөрөөдөмтгий дэврүүн, ер бусын барьцгүй ертөнц харагдаж, мэдрэгдэж, уншигдаж байх ёстой.
Чухам тиймдээ л дуртай бүхэн хүүхдийн зохиол бичиж чаддаггүй, магадгүй уран зохиолын хамгийн хүнд талбар бол хүүхдийн зохиол байхаа. Миний хувьд хүүхдийн ертөнцийг хамгийн яруу сайхан харуулсан зохиолд ”Винни Пүү нэрт тэнэгхэн Бамбарууш”, ”Бяцхан хунтайж” гэх мэтийг нэрлэнэ. Насанд хүрэгсдэд магадгүй огт ойлгомжгүй, эсвэл дэмий чалчаа мэт санагдаж болох. Хэрвээ тийм бол та хүүхдийн ертөнц рүү өнгийж харж чадаагүйн илрэл болохоос биш тэр зохиолуудын муугийнх биш шүү.
.
7. СОНГОДОГ ҮЛГЭРЧИД ЮУГААРАА ЯЛГААТАЙ ВЭ?
- Үлгэрийн ном байна уу?
- Байна байна. Энэ Андерсений үлгэрүүд байна.
- Энэ хүний зохиосон юм уу?
- Тийм.
- Үгүй ээ, хүн зохиосон биш, жинхэнэ ардын үлгэрийн ном асууж байна..
Бас иймэрхүү яриа ч болно.
Ардын үлгэрийн хажуугаар Х.Х.Андерсен, Шарль Перро, Ах дүү Гримм, Мадам де Олнуа, Вильгельм Хауф гэх мэт маш олон сонгодог үлгэрчид бий. Эдгээр үлгэрчдийн бүтээлүүдийг хүүхдийн утга зохиолын ертөнцөд Сонгодог үлгэрүүд гэж үздэг. Яагаад гэвэл тэд ихэнхдээ ардын үлгэр домгуудыг дахин боловсруулж, жинхэнээс нь хүүхдийн шилдэг үлгэр болгож, өнөөх сонгодог бүтээлүүдэд хамгийн ихээр байдаг ”шим тэжээл” болох үнэт зүйлсийг хамгийн ихээр шингээж өгсөнд л хамаг учир нь байдаг. Тиймээс тэдний ”зохиосон” үлгэрүүд үнэ цэнэтэй. Аль нэгэн ардын үлгэрийг биш чухам Х.Х.Андерсенийг дэлхий дахинаараа ҮЛГЭРИЙН ХААН хэмээн хүлээн зөвшөөрсөн, бас А.Линдгренийг ҮЛГЭРИЙН ХАТАН ХААН гэдэг. Тэд тийм алдрыг хүртэх бүрэн эрхтэй хүмүүс. Тэдний үлгэрт өнөөх сайн сайхны сүүн дусал илүү их дуссан байдагт тэр юм шүү дээ.
.
8. ХОРИГЛОХ, ЦЭЭРЛЭХ ҮЛГЭР, ЗОХИОЛУУД БИЙ ЮУ?
Дээрх сэдвээс цааш нь үргэлжлүүлэхэд Ардын үлгэр бүхэн гайхамшигтай боловч бас бүгдээрээ хүүхдийн сэтгэлгээнд таарч тохирох нь үгүй. Бүр хүүхдээс хол байлгамаар зарим ардын үлгэр ч бий. Аавыгаа алаад, ээжийгээ өвчөөд сууж байгаа нь ч бий шүү дээ. ”70 давхар нөхөөс зад унгадаг”, ”Өрөвдөх юмгүйгээр хоёр нүдийг нь ухдаг” гэх мэт бүдүүлэг, хэцүү үлгэрүүд ч бас бий. Харин сонгодог үлгэрүүдэд бол тийм зүйл огт үгүй билээ.
Жишээлбэл ”Мянга нэгэн шөнийн үлгэр” байна. Бүрэн эхээрээ бол бага насны хүүхэд уншихад ихээхэн төвөгтэй, эротик дүрслэлүүд ихтэй, хүнд хэцүү хэллэгтэй. Тиймээс ч хөгжингүй орнууд ”Мянган нэгэн шөнийн үлгэр”-ийг нэлээн хянан засварлаж, хүүхэд унших хэмжээнд боловсруулж байж хүүхдийн номынхоо тоонд оруулж хэвлэдэг. Харин бүрэн эхээрээ бол насанд хүрэгчид, судлаачдад нээлттэй байх нь тодорхой.
Ер аймшиг, аллага хядлага, хүнийг ад үзсэн, амьдралын болоод хүний сайн сайханд итгэл алдарсан агуулгатай зохиолыг, ялангуяа эротик зохиолуудыг бага насны хүүхдээс хол байлгавал зүгээр дээ. Тийм зохиолууд харамсалтай нь хүүхдийн зохиол нэрийн дор нуугдаад ороод ирчихсэн байх нь бий. Бүр сонгодогуудын бүтээлүүд дотор ч хүүхдээс хол байлгамаар нь байна. Жишээ нь Эдгар Аллан Погийн зарим өгүүллэгүүдийг хүүхдээс хол байлгамаар санагддаг.
Гэтэл харахад айдас хүйдэстэй мэт боловч хүний сайн сайхан талыг нь илүү төвийлгөсөн, итгэл тэвчээр, сайн үйлс ялж буйгаар төгсдөг тийм аймшгийн гэмээр зохиол ч бас байна. Тухайлбал ”Дуурийн театрийн хий үзэгдэл”, ”Чөтгөртэй лонх” гэх мэт. Тийм зохиолын зөвхөн гарчигийг нь харчихаад хүүхдээсээ нуугаад байж таарахгүй ээ.
.
9. ХҮҮХДИЙН НОМ БҮХЭН АДАЛ ЯВДАЛТАЙ БАЙХ ЁСТОЙ БИШ...
Адал явдал бол яах аргагүй хүүхэд багачуудын төдийгүй хэн бүхний сэтгэл, сонирхолыг татах нь тодорхой. Гэхдээ ”Шадар гурван цэрэг” шиг, эсвэл ”Дэлхийг 80 хоногт тойрсон нь” шиг л адал явдалтай байж сая сайн номын шалгуурт тэнцдэг юм биш.
Дэлхийн хүүхдийн шилдэг сайн зохиолуудыг анзаарч байхад адал явдал гэхээсээ илүүгээр драма, хүний дотоод гоо сайхныг илүү нээж өгсөн нь түлхүү талдаа байна.
Тухайлбал ”Ногоон Давхарцагийн Аня охин” гэдэг дунд хэрийн роман бол хүүхдийн утга зохиолын магнайд яах аргагүй заларна. Зарим сурвалжид энэ зохиолыг Библийн дараа орох хэмжээнд олон удаа хэвлэгдсэн гэж бичсэн байх. ХХ зууны хүүхдийн хамгийн шилдэг, хамгийн олон хувиар хэвлэгдсэн номд тооцогдоно. Олон дахин, олон зуун сая хувиар хэвлэгдсэн гэдэг бол гэхдээ хамгийн сайн цор ганц үзүүлэлт биш л дээ. Харин юу нь, ямар илүү тал нь энэ зохиолыг тийм өргөн хүрээнд уншуулж байна вэ гэдэгт байна.
Энэ зохиолд тийм ч их адал явдал буцлахгүй. Насан өндөр болсон, үр хүүхэд үгүй эгч, дүү өвгөн эмгэн хоёр насны төгсгөлд хань болох нэг хүүг асрамжийн газраас өргөж авая гэлцээд Асрамжийн газарт захиалга өгдөг. Гэтэл Асрамжийнхан хариуцлага алдаад хүү биш охин явуулчихна. Хөөрхий өнчин охин өргөмөл аав ээжтэй боллоо хэмээн баярлаад иртэл хүү хүүхэд хүлээж байсан нөгөө хоёр нь охиныг голж, буцаах болно. Бяцхан охины сэтгэл зүрхэнд маш хүнд цохилт ирлээ. Гэвч галт тэрэг явчихсан учир маргааш болтол тэр жаахан охиныг буудал дээр орхилтой биш, гэртээ ганц хонуулахаар авч явснаар цоо шинэ амьдрал эхэлнэ. Охин эмгэн, өвгөн хоёрт таалагдаж, түүнийг өргөж авна. Үүгээр зогсохгүй өнчин Аня тэдний тосгоныхны бүгдийн сэтгэлийн татсан охин болно. Тэр ч бүү хэл дэлхий дахины хүүхэд багачуудын хамгийн хайртай дотно анд нөхөр нь болдог билээ.
Аня охинтой бага насандаа танилцсан дэлхийн улс орон бүрийн хүүхэд багачууд уг зохиолын үйл явдал болдог Канадын Ханхүү Эдвардын хагас аралд жилдээ хэдэн арван мянгаараа зочлон ирж, Аня охины явж байсан цэцэрлэгт өргөн чөлөөгөөр зугаалж, тоглож байсан газарт нь сууж, сурч байсан сургуульд, амьдарч байсан жижигхэн байшинд нь зочилцгоодог байна. Хүний сэтгэлд үнэхээр л бодит анд нөхөр мэт дотно сайхан сэтгэгдэл, дурсамж үлдээдгээс, тийм мөн чанарыг нь дуудан сэрээж чаддаг учраас л хүмүүс тийш хэрэг болгон очдог хэрэг. Тэр хагас аралд бүр зөвхөн Аня охины найзуудад зориулсан жуулчны бааз хүртэл байна.
Энэ бол адал явдалт роман биш, драма. Тэгэхээр хүүхдийн зохиол заавал адал явдалтай л байж сайн байх ёстой гэсэн үг биш болох нь ээ. Ийм драма буюу ёс суртхууны танин мэдэхүй, хүмүүжил, дотоод гоо сайхныг хүчтэй илэрхийлсэн зохиолууд олон бий дээ, хүүхдийн уран зохиолын ертөнцөд.
Жишээлбэл, Ж.Спайрийн ”Хэйди охин”, Ф.Бөрнэтийн ”Нууц цэцэрлэг”, ”Бяцхан гүнж”, ”Сайхан сэтгэлт бяцхан эзэнтэн”, У.Виггиний ”Нарлаг Горхи эдлэнгийн Ребекка охин”, А.Патерсоны ”Агуу их Гилли Хопкинс”, Л.Алкоттын ”Жаалхан авхай нар”, ”Жаалхан эрчүүд”, Ч.Диккенсийн романууд гэх мэт.
Тэгэхээр ийм төрлийн зохиолуудыг болж өгвөл хүүхэддээ танилцуулбал илүү үр дүнтэй.
Өнөөдөр манай нийгэмд оюун соёл, ёс суртхуунлаг байдал ихээхэн дутагдалтай байгааг хэн бүгд мэднэ. Харин тэр дутагдалтай бүхнийг нөхөж өгөх шим тэжээлүүд чухам ийм төрлийн зохиолуудад илүү байгаа гэдэгт би итгэдэг ээ...
.
10. КОМИКС НОМ Л САЙН ГЭЖ ҮҮ?
- Комикс ном л сайн гэсэн хандлага бас мэр сэр ажиглагдана. Тэр ч бүү хэл манай төр засгаас Комикс номд илүү анхаарч, төсөв хөтөлбөр хүртэл гаргасан.
Харин хөгжингүй орнууд хүүхэд, залуусынхаа унших ёстой номын жагсаалтдаа ямар ч комикс номыг оруулдаггүй юм шүү дээ. Тэр бүү хэл зарим оронд хүүхдийн номын худалдаандаа комикс номонд тодорхой лимит хязгаарлалт ч тавьдаг байна.
Хүний бие организм амттай юманд дурлах лугаа адил оюун ухаан ч аль хялбар, энгийн ойлгочих, гял цял зүйлд татагдах нь байна. Гэхдээ амттай бүхэн шимтэй биш, бас хялбар энгийн ойлгочих бүхэн өгөөжтэй биш. Тэр дундаа уран зохиолын чанар чансаа өгсөх хэрээр улам бүр хүнд, төвөгтэй болдог. Гэтэл бидний үр хүүхдээ номд дуртай болгохын зорилго бол чухам тэр хүнд хэцүү, нарийн нандин бүхнийг л мэдэж, мэдэрч ойлгодог болгох явдал шүү дээ. Эс тэгвээс номтой нөхөрлүүлэхийн хэрэг юу байна.
Даваа давж хол явдаг, оюун санааны хөгжил ч мөн тийм. Гэхдээ энд комикс номыг огтоос хэрэггүй хог гэж хэлээгүй болохыг болгооно уу? Номд эхлэн хөтлүүлж буй хүүхдүүдэд хэрэгтэй байлгүй яах вэ, комиксууд... Зургийн чадварлаг өнгө, дүрслэл хүүхдийн сэтгэлгээ, мэдрэмжид чухал нөлөөтэй байлгүй яах вэ.
Гэсэн ч номыг уншихын цаана үг өгүүлбэрээр илэрдэг нарийн нандин мэдрэмжүүдийг мэдрэх, гүн утга санааг ухан ойлгох гэх мэт олон зүйлс бий. Хамгийн наад зах нь хүний өгүүлэн хэлэх, илэрхийлэх чадвар, үгсийн баялаг гэж нэг зүйл байна. Энэ нь өөрөө тэр хүний оюуны чадамжийг ямар нэгэн хэмжээгээр илэрхийлж байдаг. Таван өгүүлбэртэй ном уншаад үгийн баялаг хэр нэмэгдэх вэ гэдгийг дэнсэлж үзээрэй.
.
11. ХҮҮХДИЙН НОМЫН СТАНДАРТ ГАРЦААГҮЙ ХЭРЭГТЭЙ
Харамсалтай нь манайд ийм стандарт гэж байдаггүй болохоор нэгэнт байхгүйн тухай бичих нь бараг илүүц болох нь. Гэхдээ байдаг болоосой гэдэг үүднээс нэг хоёр санаа өгүүлье.
Утга агуулгын хувьд үнэхээр хатуу чанга хяналт, шаардлага байх ёстой. Ингээд хэлэхээр соц үеийн главлитийн сүнсийг босгож ирэх гэлээ гээд унадаг ардчиллаас өөр юуг ч мэддэггүй хийрхүү нөхөд бий шүү. Бид үр хүүхдийнхээ оюун тархи руу элдэвийн эрээвэр хураавар зүйлс цутгаж болохгүй шүү дээ.
Үг үсгийн алдаатай, хэл найруулга муутай, утга агуулга өчүүхэн хэрэггүй хог шиг номуудыг хүүхдийн номын лангуунаас зайлуулж байлгах хэрэгтэй. Айдсын, эротик, ёс зүйгүй бүтээлүүдийг ч ховхолж хая.
Нөгөө талаар хэвлэлийн технологид ч хяналт хэрэгтэй. Хуудас нь хүүхдийн эмзэг булбарай хуруу гарыг зүсчихээргүй, хэвлэлийн будаг нь хоргүй, харахад нүдэнд дулаахан өнгө зурагтай, уншихад хялбар том стандарт үсэгтэй гэх мэт олон шаардлагууд бий дээ.
Хөгжингүй орнуудад хүүхдийн номонд маш өндөр шаардлага тавьдаг нь яах аргагүй зөв юм. Хатуу хяналт, босго хэрэгтэй.
Харамсалтай нь бид энэ талаар огт санаа тавихгүй л яваад байх. Хүүхдийн номын редакци гэж уг нь байсан. Засгийн газрын харьяа. Гэхдээ тэр нь ямар нэгэн лоббид автаад таньдаг, эсвэл мөнгөтэй нөхдүүдийн номыг зөвшөөрөөд, бусдынхыг нь хяргаад байдаг бол байснаасаа байхгүй нь дээр. Нийгэм самуурчихаар сайн юмыг ч саар зүйл рүү нь холбилж орхичихоод байдаг нэг зовлон байх. Гэхдээ энэ нь огт боломжгүй гэсэн үг биш ээ. Нэн тодорхой шалгуур үзүүлэлтүүдээ журамлаж гаргачихаад, түүндээ таарч тохирсон шаардлагуудыг номын агуулга, чанар, хэвлэлд тавих бүрэн боломжтой.
Номын дэлгүүрийн хүүхдийн номын лангуун дээр ч гэсэн бас тодорхой хэмжээний стандарт гэж бий. Нас насанд нь таарсан, өндөр нам, өргөн нарийн, бас зураг чимэглэл, загвар дизайн нь ялгамжтай лангуу тавиуртай байдаг. Хүүхэд өөрийн насны хэсэг рүүгээ л явдаг байхаар..
.
12. ГОЁ ХАВТАСТ ХУУРТАЖ БОЛОХГҮЙ, ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ...
Энд олон тайлбарын хэрэггүй биз дээ.
Номын ертөнц бол зөвхөн ганцхан гоё хавтсаар илэрхийлэгддэг ертөнц биш. Номын ертөнц бол утгын гүн, үгсийн яруу, мэдрэмжийн тансагт найрсаж байдаг ертөнц.
.
13. ИХ УНШУУЛ...
Аль болох их...
.
Сүүлийн хэдэн жил хүүхдийн номын ертөнцөд өөрт тохиолдсон зарим зүйлээс санаалж бичлээ. Дутуу дундуур үлдээсэн нь нэлээн бий байх аа.
.
Б.Номинчимэд
.
-
2017 оны 5 сарын 05
Сэтгүүлч, зохиолч Б.Номинчимэдтэй яриа өрнүүлэв. Тэрбээр сүүлийн жилүүдэд ном хэвлэлийн салбарт хийж бүтээсэн зүйлтэй, гэр бүлийн хүнтэйгээ хамтарч дэлхийн хүүхдийн сонгодог зохиолын олон сайхан ном цувралаар гаргасан. Саяхан “Аугаа эрин” хэмээх түүхэн роман бичиж, хэвлүүлсэн нь уншигч, мэргэжилтнүүдийн таашаал, анхаарлыг ихэд татаж байна. Мөн Америкт амьдарч, ажиллаж буй монголчуудтайгаа хэдэн жил болсон. Түүний зэрэгцээ сэтгүүлчийн хувиар Монголын нийгмийн олон асуудлаар санал бодлоо тодорхой илэрхийлж ирсэн билээ.
-
2017 оны 4 сарын 24
Олоон жилийн өмнө (1992 оны намар) Улаан-Үд, Эрхүүгийн чиглэлийн галт тэрэгний купед нэгэн эгчтэй суудал таарсан юм.
Ах бид хоёроос гадна ахын танил бас нэг ах, тэгээд өнөөх тавь дөхөж яваа, яриа хөөрөөтэй, хэн хүнтэй эвлэг харьцдаг тэр эгч бид дөрвүүл. Тэр үед Орос руу тарваганы арьс гаргаж явсан хүмүүс мэднэ дээ. Улаанбаатараас галт тэрэг хөдлөнгүүт хил хүртэл шөнөжин купе дотроо бөндөгнөж, түжигнүүлчихнэ. Онгойлгож болох бүхнийг онгойлгож арьсаа нууна. Таазны адар эрэгдэж, хаалганы хавтас салгаж, шалны хулдаас хүртэл хуулж байсан санагдах юм. Өнөөх эгч өрөөнд байсан 4 гудсыг бүгдийг нь задалж, тарваганы арьсаа сайхан зулаад, цүнхнээсээ өнгө өнгийн утас зүү гаргаж, яг өмнөх оёоны утастай адил утсыг сонгоод шөнөжин оёж билээ. Би ээж, эгчийн хажууд утас зүү хатгаж байхыг нь харж өссөн учир өнөөх эгчид нэг гудсыг нь оёж өгсөн юмдаг.
Үүрээр хилд дөхөж ирлээ. Шөнөжин нойргүй хөдөлмөрлөсөн бид түр амсхийж, цай цүү, хоол унд болоход өнөөх эгч цүнхнээсээ баахан хоол, хиам, боов, цай гаргаж биднийг дайлав. Их үнэтэй архи ч гаргасан санагдана. Тэгээд ”Одоо бүгдээрээ мушгина аа. Гаалийнхныг орж ирэхэд цоглог сэргэлэн сууцгаана шүү” гээд тэр үед их ховор байсан хулдаасан хөзөр гаргаж дэлгэв.
”Гарын уртай мундаг хүү байна. Лав ээж, эгч нар чинь их уран хүн байсан байх. Эгчдээ их тус боллоо. Баярлалаа” хэмээн гудсыг нь оёлцож өгсөн намайг маш ихээр их магтаж, ”Залуу хүн байна, сайн ид” хэмээн өгөрций, хиам хавчуулсан талх надад байн байн сарвайна. Эгчийн гуйснаар миний нарийн шилбийг элдсэн дөрвөн тарваганы арьсаар ороож, мяндсан утсаар бадайрч чинэртэл боож орхисон билээ. Тэгэхэд би тухайн үед залуусын өмсөх дуртай Пирамид гэдэг саран тэмээний зурган логотой өргөн хэлхэгэр жинсэн өмдтэй явав. Бас гэдэс гүзээгүй миний хэвэлд тав зургааг хийгээд, гадуур нь баадагнасан байсан юм.
Монголынхоо гааль дээр зогсох үед цонхны цаана ой хүрч яваа болов уу гэмээр хүүхдээ тэвэрсэн бараг миний үеийн залуухан эх зогсоод, галт тэрэгний цонхнууд руу горьдлого тээсэн өлөн нүдээр харан зогсож байлаа. Өмссөн зүүсэн юм үгүй шахам, даарсандаа шөвгөр хөх эрүү нь чичигнэнэ.
Өнөөх эгч ч түүнийг харангуут цонхоо буулгаад, дуудаж идэж ууж явсан юмаа уутанд хамаж хийгээд өгөв. Өмнө нь надад хэсэг талх, хиам боож өгсөн байсан юм. Бас ”Даарчихлаа, наад хүүхэд чинь...” гээд нөмөрч явсан сайхан ноосон шаль (одоо тийм юм үзэгдэхгүй болж, оросын том ноосон алчуур) -аа аваад өгч байна. 11 сар, тэр жил эрт хүйтэрсэн байсансан.
Тийм өгөөмөр, тусч сайхан сэтгэлтэй эгчид би л хувьдаа маш ихээр талархан баярлаж, тэр эгчид нэгэн шөнийн нойроо үргээн тусалсандаа сэтгэл ханаж суув. Бас бадайран чинэрч буй хөлийнхөө шилбэний өвчинг ч тэвчих тэвчээр маань нэмэгдэх шиг болж билээ. Ах үг хэлэх бүрдээ намайг шоолж, даажигнана.
Эхний гаалийг аятай сайхан өнгөрөөд Оросын гааль дээр ёстой нэг сэгсрүүлсэн дээ. Гаалийн бүдүүн орос авгай орж ирээд өнөөх бидний шөнөжингийн хүч хөдөлмөрийг маань ганц сайхан нурааж, хамаг нуусан арьсыг хуу хамав. Яг л хүн заагаад өгчихсөн мэт дагуул цэргүүддээ одоо тэрийг, энийг онгойлго гээд л бүдүүн чийгийн улаан өт шиг хуруугаараа заана.
Ахын цүнхний давхар оёорт байсан болоод миний хэвлийг халуу шатуулж, шилбийг байж ядуулан буй хэдэн арьс үлдэв. Эгчийг харвал ёстой хий нь гарсан гүзээ шиг шалбайжээ. 100 орчим арьс хураалгасан санагдана.
Оросын гааль өнгөрөөд би өнөөх хэдэн арьсыг нь хөл, хэвлээсээ тайлж өглөө. Эгч ”Баярлалаа” гэж сулхан дуугарч байна. Эгчид тэр хэдээс өөр юм үлдсэнгүй. Миний хувьд түүнийг өрөвдөж байх гэж жигтэйхэн. Би өөрөө таван эгчтэй хүн. Мэнд авч гарсан хэдэн арьснаасаа хэдийг илүүчилчихдэггүй юм байх даа хэмээн ах руугаа сэм сэмхэн хялалзан суулаа. Ах маань харин бүр эсрэгээрээ, тэр эгчийн эмгэнэл харууслыг ер анзаарсан шинжгүй. Би ахыгаа ийм хүйтэн хүн гэдэгт итгэж ядан мэлрэн суув. Гэтэл бүр ихээр мэлрүүлсэн явдал болсон билээ.
”Түй чёрт. Муу өлөгчин. Адгийн муу гуйлгачин” гэсэн дуу гарах нь тэр. Цонхны дэргэд шанаа тулаад сууж байсан өнөөх эгч цааш нь ”Тэгээд хүүхдээ тэврээд гуйлга гуйгаад үхэж хатсан царайлаад явж байхдаа таарсан амьтан” гэж байна.
Тэр эгч хэнийг, юунаас болоод тийнхүү адгийн муухайгаар хараагаад буйн учрыг би огт ойлгосонгүй. Гэтэл хэсэг сууснаа ”Ядарсан муусайн юмнуудад өглөг өгөхөөр буян болдог гэдэг шал худлаа юм байна шүү дээ. Тэр хилийн зурвас гатлахын өмнө цонхны цаана зогсож байсан тэр муу өлөн нүдтэй жингэрт шал дэмий юм өглөө. Хүний хамаг буян хамаад авчих шиг болов” гэх нь тэр. Миний өнөөх сайн сайхнаар төсөөлж, өрөвдөж, хамаг арьсаа хураалгасанд нь өмнөөс нь эмтэрч суусан маань салхинд хийсэх мэт хормын зуурханд арилж, нүд бүрэлзэж, дотор харанхуйлах шиг болж билээ. Хүүхдээ тэвэрсэн тэрхүү гуйлгачин залуухан эхийн дүр төрх нүдний өмнүүр жирэлзэн өнгөрөв. Гэнэтхэн ширээний цаана суугаа тэр эгчээс чоно үзсэн хурга мэт айж жийрхэх сэрэхүй намайг нөмөрч байгааг мэдэрч, дотор муухайран бушуухан гарч 00 руу зүтгэж билээ. Улаан-Үдэд буунгуут хамгийн түрүүнд тэр эгчийн намайг магтан магтан, илж таалан байж боож өгсөн өнөөх хиам талхыг нь хэдий өлсөж байсан ч хогын савруу цэврүүхэн бариад шидсэн юмдаг. Ах намайг анзаараад ”Иймэрхүү жүликүүд хаа сайгүй штээ. Юундаа эмзэглээв?” гэхэд нүүр минь ихэд улайж, ичиж билээ. (жүлик-ямар ч ёсзүйн баримтлах зарчим, үнэт зүйлгүй мунхаг дорд хүмүүс гэсэн утгаар ах маань энэ үгийг хэрэглэх шиг болсон)
Тэр цагаас хойш өглөг буянд их анхааралтай, нэн сэжигтэй хандах болсонсон.
Энэ хугацаанд миний анзаарснаар ӨГЛӨГ БУЯНЫГ хүмүүс гурван хэлбэрээр үйлдээд байх шиг.
- Дээрх эгчийнх шиг зөвхөн өөрийн тусын тулд л өглөг буян үйлддэг. Өөрөөр хэлбэл өөрт эргээд ашиг, хариу тус харж ”өглөг буян” хийж байна. Энэ бол үнэн хэрэгтээ өглөг ч, буян ч биш юм.
- Удаад нь хүн зөвхөн өөрийнхөө давуу байдлыг харуулах, ихэрхэх гэж өглөг, буян өгөх нь бас байна. Бүр өглөг өгч зөвхөн өөртөө л таашаал авдаг хүмүүс ч тааралддаг.
- Ерөөс өгөхийн тулд, буяны тулд өгч буй ӨГЛӨГ БУЯН байна. Чухам жинхэнэ өглөг буян гэдэг бол энэ. Цаад хүнийхээ тусын тулд л гэсэн нинж сэтгэл төрөөгүй бол яагаад ч өглөг буян болж чаддаггүй. Хичнээнийг өгсөн ч ялгалгүй. Чухам өглөгийг Өгөхийн тулд л өргөдөг. Буяныг Буяны тулд л үйлддэг, Сайн үйлийг зөвхөн Сайн үйлийн тулд нь бүтээдэг. Эс тэгвээс хэрхэн Өглөг, Буян, Сайн үйл болох билээ.
Энэ мөн чанар бүр дээр таарсан тохиол явдлуудтай амьдралд учирч явав. Тэр бүхнийг хожмоо амжваас сийрүүлэн бичихийг хичээнэ ээ.
Б.Номинчимэд
-
2017 оны 4 сарын 11
Бат Хаан, Сүбээдэй нар Мажар, Хорватын нэгдсэн их хүчтэй тулсан нь
Нийтэлсэн: 2017-04-11 11:08:26
Байдар, Хайду нар Лигницийн дэргэд II Хенри вангийн цуглуулсан Европын нэгдсэн армийг бут ниргэж бүхий тэр өдөр буюу 4 сарын 9-нд IV Бела ван их цэргээ дагуулан сүрийг бадруулсаар Мохийн талд ирж, Шайо голын этгээдэд монголчууд хориглон бүхийг үзээд гүүрний харалдаа наад дэвсэг дэнж дээр хүрээлэн буудаллажээ. Голын цаана монголчууд байх авч, ойн гүнд чухам хэд хичнээн хүч буйг таамнаж мэдэхэд бэрх. Тэгээд вантан дэнж дээр армийнхаа асар майхныг хаяа хатган шахуу хороолон босгуулж, тойруулан аяны тэргээ холбон хүрээ үүсгэжээ. Ийнхүү тэргээр хүрээ үүсгэж, хамгаалалт хийх нь цэрэг дайны туршлагад түгээмэл бөгөөд XV зуунд Чехт болсон Гүсийн дайны үед сохор Ян Жижка жанжны тариачин цэргүүд ийм хамгаалалтыг хамгийн үр дүнтэй ашигласан байдаг. Галдан Бошигт хаан Улаанбудангийн тулаанд энэ аргыг бас хэрэглэсэн.
Ийм хамгаалалт энэ удаад мажаруудад тус болсонгүй, удахгүй болох шийдсэн тулаанд харин ч гай удсан юм. Учир нь хэт ойрхон шавааруулж шахсанаас хүрээн дотуур цэргүүд чөлөөтэй явах ч боломжгүй болж, өөрийн гараар хөлөө тушсан мэт болсон байна. Үүнийг тэр цагийн түүх бичээч бээр “Вангийн зоогт нядлуулахаар хашаанд хашсан хоньд мэт” гэж ёжлан бичжээ. Голын гүүрийг шилдэг 1000 цэргээр хамгаалуулсан байна.
Мажарын их хүч (багадаа 65 000, ихдээ 100 000. Хэролд Лэмб 100 000 гэсэн бол Жувейни 400 000 гэсэн тоо дурдсан нь эргэлзээтэй) буудаллаж байх үед Бат хаан ойролцоо нэгэн өндөрлөг дээр гараад өвөг Чингис хааныхаа адил бүсээ хүзүүн дээрээ тохож, тэнгэрт бүтэн өдөр, шөнө залбирчээ. Цаг болоход тэр бууж ирээд цэргүүдээ зоригжуулан, золбоо хийморьтой байхыг уриалаад ийн өгүүлжээ. “Дайсан хэдий олон ч мунхаг хүнээр удирдуулсан нь хавчиг хашаа хороонд хашигдсан эзэнгүй хоньд мэт байна. Тэд бидний гараас мултрахгүй”.
Хожим, зургаан зууны дараа яг нэг иймэрхүү үгийг Наполеон Бонапарт Мисирийн эрэгт хэлж зогссон билээ. Тэр цагт Мисир нь түрэг гаралт мамлюкуудын эрхшээл дор хэдэн зууныг элээж байв. Мамлюкууд бол эрсхэн, зоримог, хүч чадалтай баатар эрс. Хоёр мамлюк гурван франц цэрэгтэй халз тулбал эргэлзээгүй хоёр мамлюк нь ялна. Тийм атлаа гурван зуун мамлюк хоёр зуун франц цэрэгт юу ч болохгүй хядуулж орхиод байгааг Наполеон анзаарч хараад “Туулайгаар удирдуулсан арслангийн армийг арслангаар удирдуулсан туулайн арми ялан дийлдэг” гэсэн аксиом хэлсэн нь тулаанд хувийн баатар чадлаас илүү удирдлага, стратеги нэн чухал болохыг хэлсэн хэрэг байлаа.
Шайо голын дэргэд хуарагнасан мажарын шилдэг арми нь туулайгаар удирдуулсан сүрэг хонь байсан бол харин голын нөгөө эрэгт арслангаар удирдуулсан арслан барсийн арми байсанд ялалт, ялагдлын мөн чанар нуугдаж байсан билээ. Энд тооны харьцаа тийм ч чухал биш. Ерөөс монголын эрин үед монголын арми ямагт арслангаар удирдуулсан арслан барсийн арми л байсан билээ.
Эхний өдөр гүүрийг авахын төлөө жижгэвтэр тулалдаан болж өнгөрөв. Монголчууд гүүрийг нэгэн үе дайран чөлөөлөөд мажаруудын талд гарч ирэхэд IV Бела вангийн дүү Хорватын эзэн ван Коломан, их хамба Уголин нар шилдэг баатруудаа аван хүрээнээс гарч гүүр гаталж ирсэн монголчууд руу эрэлхгээр дайран ширүүн тулалдсанд монголчууд ухарч гүүрний нөгөө талд гарчээ. Гүүрээр гарч амжаагүйг нь гол руу шахан усанд живүүлэв. Монголчууд багагүй хохирол амссан байна. Мажар дайчид энэ түр зуурын ялалтдаа хөөр баяр болсоор хүрээ буудалдаа эргэн иржээ. Тэгээд ялалтдаа урамшин, тайвшраад зэр зэвсгээ тайлан хаялж, сэрэмж алдан шөнөжин унтжээ. Монголчуудын хүрээ буудлаас нэг орос оргон ирж, “Монголчууд энэ шөнө голыг гатлан гэнэдүүлэн довтлох гэж байна” гэж сэрэмжлүүлсэн ч тэд монголчуудыг байлдан ялж чадах юм байна гэсэн итгэлдээ бат автаад тоосонгүй.
Монголчууд 10-аас 11-нд шилжих шөнө турш гүүрийг харваж, үе үе дайран бужигнуулжээ. Голын гүүрийг бага хүчээр ийнхүү довтолж анхаарлыг нь сарниулж байх завсар шөнийн харанхуй мананг ашиглан Сүбээдэй баатрын удирдсан анги голыг Гирлнес /Girlnes/ Нахчексийн /Nagy Czeks/ хооронд байх харгиагаар самран гаталж, мажарын хүрээ буудлын баруун бөөрнөөс ирэв. Харин гүүрэн дээр үүрээр долоон ширхэг харвуур авчран босгоод гүүр хамгаалагчдыг том чулуу, модоор нүүлгэсэнд тэсэлгүй гүүрээ хаяад ухарчээ.
Хамгаалалтгүй болсон гүүрээр Бат хааны ангиуд чөлөөтэй гарав. Гүүрнээс ховх цохиулсан цэргүүд хүрээ буудалд гүйлдэн очиж, хашгиран, хуаринг хөл дээр нь босгожээ.
Мажарууд нойрноосоо сэрээд аюул нөмөрснийг харав. Монголчууд тэдний хүрээ буудлыг тал бүрээс нь бүслэн хумиж байлаа. Энэ аюулыг яаралтай тас цохих хэрэгтэй. Коломан ван, Уголин их хамба нар сүм хийдийн хишигтэн болон латин рыцарь эрсээ жигдлэн жагсаагаад хүрээнээс гарч дайран довтолжээ. Тэднийг Бат хааны дүү Шейбан цэргээ авч тосчээ. Мажарууд эхэндээ сүрхий байсанд цэрэгтээ үлгэр үзүүлэхийн тулд Бат хаан хүртэл илдээ сугалан гардан тулаанд орсон гэдэг.
Харамсалтай нь мажарын бусад ихэс ноёд Коломан ван, Уголин их хамба тэргүүтний үлгэрийг дагасангүй, тэднийг хүчинд автан хядагдаж байхад ч хүрээ буудлаасаа харан зогссоор байжээ. Үүнд Их хамба Уголин бухимдан, их дуугаар шийдвэрлэх тулаанд дайран орохыг уриалсан ч хөдөлсөнгүй. Тэгээд Их хамба мажарын бусад ван ноёд, дээдсийг аймхай хулчгар гэж хараахаас өөр зүйл хийж чадсангүй.
Хэдий Их хамба, ван Коломан, бас сүмийн хишиг-тэн дайчид эрэлхгээр тулалдан хоёронтоо дайран орсон ч хүчин мөхөсдөж, бүх цэргээ хядуулаад хамба, вантан хоёр хүндээр шархдан хүрээ буудалдаа амьтай голтой буцаж иржээ.
Их үдийн үед монгол цэрэг мажаруудын хүрээ буудлыг бүрэн бүслэн хааж, хаашаа ч гарцгүй болгон, “зоогонд зориулсан хонь мэт” хашиж авав. Тэгээд тал бүрээс нь суман мөндөр нүүлгэж, гал тавьжээ. Мөн бөмбөр, төмөр бамбай нижигнүүлж их дуун гарган, аймшигтай догшноор тал талаас нь бархиралдах ажээ. Салхин талаас нь тавьсан галд хүрээ буудал нь шатаж эхэлсэнд усгүй хуурай дэнж дээр хориглосон мажарууд галыг яаж ч чадсангүй. Удалгүй угаартаж, түлэгдэж, тэсч ядан хүрээ хориглолтоос дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын ончтой, эрчтэй сум отож байв. Мажарын их цэргийн хүрээ үхтлээ айн сандарсан хөөрхий хүмүүсийн овоолго болон хувирчээ. Тэр цагт аж төрж байсан ламтан Фома энэ үзэгдлийг “чонын шүднээс зайлахыг оролдох хашаанд буй төлөг мэт” хэмээн дүрслэн бичжээ. Ухаан санаагаа бүрэн алдаж, зөвхөн яаж амь аврагдах билээ гэхээс өөрийг бодож сэтгэж чадахаа бүрэн болив.
Зарим түүхчид монголчууд ухаан санааг самууруулж, айдаст автуулах шидтэй утааг, өөрөөр хэлбэл Лигниц, Шайо голын тулаанд биологийн зэвсгийг дэлхийн цэрэг дайны түүхэнд анх удаа хэрэглэсэн гэж үздэг нь ихээхэн эргэлзээтэй юм.
Ер дайн тулааны талбарт цэрэг армийн дунд иймэрхүү бүхнийг хамарсан айдас, гүн шоконд орох нь түгээмэл байдаг ба туршлагатай жанжид үүнийг чадварлаг ашиглаж, ялалтад хялбархан хүрч байсан түүх олон бий. Олон жилийн турш орчлонгийн хязгаар бүрд дайтаж, асар их туршлага хуримтлуулсан монголын цэрэг, жанжид байлдааны энэ айлган сүрдүүлж, эсэргүүцэх чадваргүй болгох аргыг гарамгай эзэмшсэн нь тодорхой. Ялангуяа дэлхийн дайдыг хэдэнтээ хэмжиж, их бага 60 гаруй тулаанд ямагт ялан гарч байсан аугаа их жанжин Сүбээдэй баатрын хувьд энэ нь бүр ойлгомжтой хэрэг билээ.
Тэгээд ч тэр цаг дор хаана ч тэр монголын их цэрэг армийн сүр хүчнээс сүрдэж, бажгидсан айдас бараг монголтой дайтаж байсан бүх оронд, цэрэг армид түгээмэл байсныг түүх бичлэг ч, үйл явдлууд ч нотолдог. Яг арслангийн өмнө очсон туулай мэт, эсвэл чононд ээрэгдсэн хоньд мэт...
Түүхч Ибн-аль-Насир Бага Ази, Ойрхи дорнодод монголчуудаас айх айдас нь тэнгэр бурхнаас айдаг айдсаас ч илүү, зарим тохиолдолд бүр ойлгомжгүй хачин жигтэй байсныг гайхшран бичсэн нь бий.
“Ганц татар цэрэг тосгонд ирвээс гудманд нь нэлээд олон хүн байжээ. Татар цэрэг тэдгээр хүмүүсийг захаас нь эхлэн нэг нэгээр нь алж гарсанд тэр олон хүн огтхон ч эсэргүүцэлгүй, алагдах ээлжээ хүлээн, яг л хонь мэт хүлээн хэвтэнэ. Мөн нэг татар замд таарсан хүнийг бариад авчээ. Тэгээд алах гэтэл сэлэм нь ойр байсангүй тул нөгөө хүнд “Толгойгоо газар наагаад хэвтэж бай. Хаашаа ч явж болохгүй” гэж хэлчихээд түүнийг алах сэлмээ авчрахаар явжээ. Тэр хооронд нөгөө хүн яг хэлснээр нь толгойгоо газар наан хэвтсээр байсан ба татар явж сэлмээ авчраад түүнийг алж гэнэ. Бас нэг хүн өөртөө тохиолдсон түүхийг ийн ярьжээ. Бид 18-уулаа замд явж байтал ганц татар давхиж ирээд “Та нар бие биеэ хүл” хэмээн тушаасанд миний нөхөд хэлсэн ёсоор хийж эхэллээ. Би тэгэхэд нь “Энэ татар ганцаараа байна. Бүгдээрээ хамжиж алчихаад зугтвал яасан юм бэ?” гэвэл “Бид айгаад байна” гэж тэд маань хэлдэг байна шүү. “Энэ чинь одоо та нарыг алах гэж байна. Өрсөөд өөрийг нь алчихвал Аллах тэнгэр биднийг аврах ч юм билүү” гэсэнд тэдний маань хэн нь ч хөдөлж өгсөнгүй. Тэгэхээр нь би түүнийг хутгалж алаад бүгдээрээ зугтаасан билээ гэжээ. Иймэрхүү явдал олон байжээ.”
Арабын түүхч ийм л баримтуудыг бичиж үлдээсэн байна.
Хаана ч тэр, Хятад, Хорезм, Кавказ, Бага Азид хаа сайгүй ийм л байжээ. Ялангуяа дайн тулааны талбар дээр. Хүрсэн газар бүхэндээ хүн хүчний тооноос үл хамааран ямагт ялан дийлж байсан монголчуудыг ялагдашгүй, дийлдэшгүй хүчирхэг ард түмэн юм, тэдэнтэй тулвал зөвхөн ялагдал, үхэл хоёроос өөр сонголт байдаггүй гэсэн айдас, итгэл үнэмшил тухайн үед мажаруудад ч байсан. Орос болон бусад ялагдсан ард түмнүүдийн дүрвэгсдийн тээж ирсэн энэ айдас нь цуу яриагаар хачирлагдан монгол бол хүний хүчнээс хэтийдсэн, хүн дүрстэй араатан гэсэн ойлголт байсан нь харагддаг. Тэгээд ч тулааны талбар дээр монголчуудын байлдан тулалдах арга тактик хэн бүхнийг алмайруулж, онч мэргэн сум нь сандаргаж, арслан барс мэт архиран дайрах нь ухаан санааг нь нэг мөсөн самууруулж байжээ.
Шайо голын дэргэд мажарууд ямаршуухан байдалтай байсныг өнөөх Фома ламтан тэмдэглэлдээ ийн бичжээ. “Тэд сум, жадан борооны эсрэг зэр зэвсгээ барьсангүй, харин нуруундаа зоолгоод их салхинд сэгсрэгдэн шидэгдэх царс модны боргоцой мэт энд тэнд үй олноороо ханаран унаж байв.
... Амь аврагдах бүхий л найдвар мөхөж үхэл нүд бүхний өмнүүр үзэгдэн хүрээгээр хэсүүчлэн байсан бөлгөө”.
Ван, ихэс дээдэс, жанжид нь цэрэг армиа эмхлэн, сөрөг хамгаалалт, давшилтийг зохион байгуулах талаар бодох ч сөгөөгүй болж, туг сүлд, тамга тэмдгээ хүртэл хаяад зөвхөн зугтан бултах гарц хайн тэмцэлдэв. Эр цэргүүдийнх нь илдээ өргөх зориг чадал нь ч барагдаж, сүнс нь зайлаад ирэхийн цагт цэрэг арми биш, чононд дайруулж буй сүрэг хоньд мэт болоод, зөвхөн ийш тийш үймэлдэн давхилдахаас өөр юуг ч үл хийж чадах ажээ. Өөрсдийнх нь зайгүй шавааралдуулж хороолон босгосон асар майхан нь яарч сандрахын цагт хөлд тээг болж, жаахан зайд холбож тойруулсан тэрэг нь үхлийн гогцоо болон хувирчээ. Эмх замбараагаа алдан үймсэн олон мянган цэрэг энэ давчуу зайнд дээр дээрээсээ даран унацгааж, гай дээр гамшиг нэрмэнэ.
Мажаруудыг бүслэлтээс гарахаар амь тавин буйг үзсэн монголчууд Пешт зүгт бүслэлтдээ ялимгүй завсар гаргасанд аврал хэмээн тэр зайгаар мажарууд зүтгэлэн гараад ухаан мадаггүй зугтацгаав. Гэвч тэр аврал биш байжээ. Их талын овтой анчид зээр гөрөөсийг тийнхүү хоморголон туусаар бөөгнүүлснийхээ эцэст нь нэгэн завсар зай гаргаж, түүгээр цувуулан гүйлгэж агнадаг туршлагаа авд орсон зээр мэт үймэх мажаруудад хэрэглэсэн нь тэр байж. Монголчууд тэдний хоёр талаар хэрэн хашиж, хоёр өдрийн турш хөөсөөр 100 гаруй км-т цувуулан намнаж дуусгажээ. Тулаанд мажаруудын 93 хувь нь устсан гэдэг. Энэ бол бүрэн сүйрэл юм. Харин монголчууд 6-8 хувиа алджээ.
Мажарууд зугтах замдаа аврагдах горьдлого тээн, үнэтэй цэнэтэй бүхнээ зам гудаст хаясан боловч хөөгчид түүнийг үл тоон, зөвхөн алж хядахыг эрхэм болгох мэт араас нь алдалгүй дагав. Тэр үед зугтагсад хэрвээ үнэтэй цайтай юмаа ардаа хаялвал хөөгчид түүнийг нь олзлон авахаар саатан, зугтан зайлах боломж бас ч гэж гардаг л байж. Европчуудад энэ бол бараг ёс болсон байжээ. Гэвч монголчуудад энэ ёс үйлчилсэнгүй. Учир нь бүр Чингис хааны үед дайн тулаанд олзны хойноос орсон хэнийг боловч хатуу ширүүн гэсгээхийг Их засаг хуулиар хуульчилсан нь монголын цэрэг бүрийн хэлбэрэлтгүй сахидаг заншил болсон байв.
Дайн тулааны үед олзонд автах явдал нь дайчдыг дайчид биш дээрэмчид, улс төр, үзэл санаа, хүчний давуу байдлын төлөөх тэмцлийг бүлэг дээрэмчдийн уулгалсан дээрмийн дотолгоон болгож, улмаар стратеги зорилтоо биелүүлэх чадваргүй болгодог. Монголчууд тухайн цаг үедээ иймэрхүү зорилгоосоо хазайж, аар саархан олзны хойноос толгойгоо мэдүүлдэг зүйлээс ямагт ангид байж чадсан ба харин бусад улс үндэстний түүхчид монголчуудын дайныг дээрмийн довтолгоон болгон эндүүрэн, эс бөгөөс зориуд мушгин гуйвуулсан нь дийлэнхдээ бий билээ.
Зарим нь монголчуудын илднээс айхдаа хөлгүй намгийг аврал мэт үзэн ухасхийн ороод сорогдон живж байжээ. Пешт ордог зам гудас нүд хальтрам цавчуулсан, харвуулсан, нэвт сүлбүүлсэн цогцсоор дүүрч, цус хаа сайгүй горхи мэт хоржигнон урсана. Саяхан мажаруудын хурц цоглог аялгуу дуурсаж асан уудам нутагт хараахан амь тавиагүй шархдагсдын ёолох, аврал эрэн дуудах дуун хаа сайгүй сонсогдож, цусанд будагдан улаанаар эргэлджээ.
Чин сүжигт мажар түмнийг нь ийнхүү хонь хурга мэт нядалж байхад Ертөнцийн эзний хүү Исүс юу харж, юу бясалган байв? Яагаад тэднийг ийм өршөөлгүй шийтгэнэ билээ? Тэнгэр бурхны ял шийтгэл гүн бөгөөд аугаа байдаг нь үнэн ч энэ явдал тэр хэмжээ хязгаараас хэтэрч байна хэмээн гашуудаж, эмгэнэхдээ Сплитийн ширээт ламтан тэнгэр бурхнаасаа эргэлзэн асуухад хүрсэн байдаг. Ерөөс сүсэгтнүүд, санваартнуудын өмнө ийм асуулт өөрийн өрхгүй урган гарч ирэх бөгөөд хариулт нь ч мөн бэлээхэн байх аж.
Тэгээд Мажар түмний нүгэл хилэнц хэрээс хэтэрсэнээс ийм болов гэсэн гаргалгаа гаргасан нь монголчуудын довтолгооны дараахи Европ дахины сэтгэлзүйн үндсэн төлөв төрхийг илтгэнэ. Бүр өмнө Хүннүгийн хаан Аттилад “Тэнгэрийн ташуур” (Тэнгэрийн бэрээ гэх нь зөв байх. Учир нь сүм хийдэд бурууг гэсгээх зориулалт бүхий тусгай гэсгээл шийтгэлийн хэрэгслийг бэрээ гэдэг байв) гэсэн алдар хайрлаж байх үедээ ч мөн адил Европ дахинд ийм сэтгэлзүйн төлөв бүрэлдсэн байв. Өөрөөр хэлбэл “...бидний нүгэл хилэнцийн гэсгээл болгон ийм ялагдашгүй хэрцгий түрэмгийлэгчдийг бидэнд илгээжээ. Гэсгээл зовлон бусдаас ирэх ч тэр гэсгээл зовлонг үүтгэх шалтгаан бидэнд буй” гэсэн бодол гаргалгаа, итгэл бишрэл юм.
Трансильванийн их хамба, Эстергомын их хамба, Колочийн их хамба, Нитрын их хамба зэрэг их хамбатнууд, хутагтууд тэргүүлсэн сүм хийдийн олон олон хишигтэн цэргүүд, үнэн сүжигт вангууд, ноёд, ихэс дээдэс бүгдээр өршөөлгүй илдний дор амь тавьжээ. Мажар түмэн мянга мянган жилээр энэ түүхийг мартахгүй, үеийн үедээ гашуудан дурсах болов.
***
IV Бела вантан цөөн хамгаалагчдын хамт өтгөн манан ашиглан Тисса мөрөн рүү харайн орж, самарсаар гараад сайн хүлгийн хөлийн хурдаар зугтаж амжжээ. Зугтаж явахдаа вантан өшт дайсан кумануудтай нь хөл толгой холбосныхоо төлөөсийг хатуу төлөх болно гэсэн Бат хааны анхааруулгыг хэрвээ нэхэн санасан аваас хэдийнэ хожимдсон байсан буй за.
Ийнхүү Жувейнийн бичсэнээр “... морьт цэрэг бүр нь ухран зугтана гэдгийг огт үл мэдэх алдарт баатрууд бүхий цэрэг олонтой, зэвсэг сайтайдаа ихэд найдсан, бие тоосон” мажар, серби, хорват, слованийн 65 мянган хүнтэй арми ямар ч эсэргүүцэлгүйгээр хиарав.
Сэтгэл зөөлөн, нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэргүүд хядуулсан тэрхүү тулааны талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимширч байсан гэдэг. Нээрээ ч тэр газар хүн нядалгааны газар мэт харагдсан байх. Тэгэхэд Бат, Сүбээдэй хоёрын удирдсан цэрэгт 35 мянга орчим цэрэг байсан гэсэн тооцоо бий. Хоёр талын хүчний харьцаа харьцангуй хол зөрүүтэй байжээ.
Тэдний энэ ялалт хоёрхон хоногийн өмнө Лигницийн дэргэд болсны нэгэн адил түүхэн дэх дуулиантай томоохон ялалтуудын нэгэн болж, хожим олон түүхч, бичээчдийг дайтан ялах хосгүй ур чадвараараа гайхуулан шагшруулсан билээ. Хурц тодотгол, дүрслэлээр баялаг, уран ёгтоор харьцуулж бичих дуртай Жувейни энэ ялалтыг “Энэ бол монголчуудын аугаа их гавьяа, асар их тулалдаануудын зөвхөн нэг нь л байсан юм” гэж бахархан тэмдэглэсэн байдаг.
.
Б.Номинчимэд ”Эгнэшгүй нөхрийг олов” номоос...
.
Зураг 1:
Бат хаан голын эргээс эсрэг этгээд дэх Мажаруудын чигжиж буусан хуаранг ажиглан зогсоно. Мохийн талд 1241.04.10-ны үүрээр.
.
Зураг 2:
Монгол дайчид Шайо голын гүүрийг дайрч байгааг харуулсан зураг. 1241.04.11-ий өглөө. (Гэхдээ энэ зураг эргэлзээтэй. Гүржийн Кура голын гүүрэн дээрх ч байж магад...)
.
Зураг 3:
Мажар номонд байх Мохийн тал дахь тулалдааны бүдүүвч зураг. 1241.04.11
.
Зураг 4:
Мохийн талд эх орноо хамгаалан амь эрсэдсэн мажар, хорват, сербийн 65 000 цэрэг дайчдын дурсгалд зориулан босгосон дурсгалын цогцолбор.
Мохийн тал. Мажар улс.
-
2017 оны 4 сарын 03
TV ZONE сэтгүүл: Та сайхан хаваржиж байна уу?
- Сайн байна уу? Танай сэтгүүлийн мянга мянган уншигчдад урин сайхан хаврын мэнд хүргэе.
TV ZONE сэтгүүл: Хүүхэд залуус маань үүх түүхээ судалж мэдэх бас нэгэн түүхэн сэдэвт роман уншигчдын гар дээр очиж байгаад Монгол хүнийхээ хувьд баяртай байна. Ном бичиглэх болсон ил хийгээд далд шалтгаан юу байсан бол?
- Баярлалаа. Ил далд шалтгаан юу байх вэ. Их дээдсийнхээ суу алдрыг бахдаж, билэг ухаанд нь биширч явдаг нэгний хувьд Монголын их гүрний үеийн түүхийг бүрэн дүүрэн багтаасан нэг сайхан бүтээл туурвил гараасай л гэж бодож мөрөөдөж явав. Тэгээд хүлээж тэсэлгүй, өөрийгөө гололгүй нэг цуврал эхлүүллээ. “Аугаа эрин” нэрийн дор гарч буй энэ цувралын маань эхний боть нь “Хөх илдний очис”. Сүбээдэй баатар төрдөг 1175 оны үйл явдал голлоно.
- Ер хүн төрөлхтний түүхэнд болсон их үйл явдал бүхний өмнө байгал дэлхий, тэнгэрийн од эрхэс ямар нэгэн шинж тэмдэг өгч, ер бусын үйл явдал болж байсан байдаг. Монголын Их гүрэн үүсэхэд ч, түүнийг бүтээлцсэн их хүмүүсийг төрөхөд ч мөн жир өнгөрсөнгүй. Орооцолдсон, арга зүйгээр тайлахад нэн бэрх учир битүүлэг олон үйл явдал өрнөсөн хэрэг. Түүнийг л энэ ботийн эхний бүлэгт илэрхийлэхийг хичээв. Удаах бүлэгт нь Их гүрэн зардах шинж тэмдэг үзэгдэж эхэлсэн 1260 оны үйл явдалыг өгүүлэв. Харахад үйл явдлууд бүр зуугаад жилээр үсэрчихсэн мэт ч энэ хоёр үйл явдлын шугам нь явсаар холбогдож таарна.
- Ер нь бол өнчин өрөөсөн, өмөг түшиггүй Тэмүчин хэрхэн Дэлхийн Их гүрнийг босгож чадав бэ, ямар зарчим, үзэл санаагаар бусдыг араасаа дагуулж байсан бэ? гэдгийг л илүү тод гаргахыг зорьж байна. Тэр хүчирхэг үзэл санаа, эрхэм дээд зарчим нь өнөөгийн Монголчуудад магад ус агаар мэт хэрэгтэй ч байх. Манайхан ч, гадныхан ч ихэнхдээ айдас, тооны олон, зэр зэвсэг, хүч чадлаар дэлхийг эзэлсэн гэдэг. Энэ бол том төөрөгдөл. Их үзэл санаа, зарчимгүйгээр дэлхийн эзэнт гүрнийг байгуулдаггүй. Мөн олз ашгийн төлөө хийсэн дээрмийн дайн ч биш. Өөр учир шалтгаан бий. Ер зөвхөн бие баялдрын төдий биш оюун санаа, ёс суртхууны асар давуу байж л тэр бүхнийг хийнэ. Тэр бүхнийг л харуулахыг зорьж байна. Мөн Их гүрэн яагаад бутран унав гэдэг шалтгааныг ч бид сайтар анхаарах ёстой.
.
TV ZONE сэтгүүл: Таны арав гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн гэсэн...?
- Ер нь бол насан туршдаа л цуглуулсан амьдралын маань элдэв туршлага, бичин туурвих дадлага, хурааж хуримтлуулсан мэдлэгийн маань л үр дүн тайлан юм. Анхны санаа хаанаас үүдэв гэхээр 2004 оны намар “Хубилайн сүйдсэн флот буюу Шулмын салхи” нэртэй нэг түүхэн найруулал бичсэн. Гэтэл АНУ-ын Сан Францискод байдаг нэг танил маань түүгээр Холливүүдэд кино хийвэл сайхан болох нь, чи зохиолыг нь бичээч гэсэн санал тавьсан. Юм мэдэхгүй хүн тэнэг зоригтой байдаг юм гэнэ билээ. Түүн лүгээ адил кино хийнэ гэж хөөрөөд, Холливүүдийн киноны заавар болох “Кино библи”-ийг өөд уруугүй уншиж, төлөвлөгөө, ноорог ч гаргаж үзсэн. “Оддын жагсаал дунд Сүбээдэй баатар төрсөн нь” нэртэй нэг бүлэг хүртэл бичив. Гэтэл нэг л болж өгдөггүй. Саваагүй нохой саранд хуцаж буй мэт, хэт холын мөрөөдөл мэт санагдаад хойш нь тавьчихсан. Гэвч энэ арав гаруй жилийн хугацаанд огтхон ч мартагдсангүй, сэтгэлийн мухарт цогшиж явсаар, баримт, материал, элдвийн юм үзэж харсаар л байсан. Тэгээд ер тэр санаагаа бичиж дуусгая гэж зүрхлэн, өнгөрөгч оны 10 сарын сүүлчээр суугаад шинэ оны нэг сарын сүүлээр эхний ботийг нь дуусгав. Бичихдээ жаахан яаруу түргэн байсанд учир дутагдалтай зүйлс мэр сэр харагдана. Гэсэн ч өнөөх Их гүрний Их түүхээр жинхэнэ Монгол амьсгалтай кино хийхсэн гэсэн мөрөөдөл минь хэвээр яваа.
.
TV ZONE сэтгүүл: “Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн бичин лугаа” гэдэг. Тэгэхээр та бичгийн хүний хувьд түүхийн ном судар их эргүүлнэ биз?
- Монголчууд бид өөрсдөө түүхээ мэдэхгүй бол бидний өмнөөс хэн нэгэн харь хүмүүс түүхийг маань зохиож өгнө шүү дээ. Зохиож ч байсан, зохиосноо бидэнд тулган хүлээлгэж ч явсан нь нэг бус. Өнөө үргэлжилж л байгаа. Уг нь Монголчууд бид бусдаар түүхээ зохиолгох хэмжээнд хүртлээ ядарсан ард түмэн биш, тийм сул жижиг түүхтэй ч биш. Бид түүхээ зөвхөн судлаад мэдээд зогсохгүй, түүнээ баялаг өв болгох, үндэстнийхээ оюун санааны дахин сэргэлтийн нэг уриа дуудлага болгох учиртай гэж би бодож явдаг. Загалмайтны аян дайны тухай гэхэд хэдэн зуугаар тогтохгүй зохиол бүтээл байдаг юм гэсэн. Гэтэл бидний их түүхийн тухай бидний өөрсдийн бичсэн түүхэн зохиол гэхэд гар хөлийн хорин хуруунд хүрэхгүй шахам байна. Уг нь хэдэн зуун роман бичсэн ч барагдахгүй их түүх бий. Тэр их түүхээрээ дэлхийг дэлдийлгэсэн баатарлаг түүхэн туульсын ч, өв соёлын ч, гүн ухааны ч кино хийгээд хүргэж чадваас мөн ч их хэрэгтэй юмсан. Их түүхтэй Их Монгол үндэстний нэгэн молхи толхи бичгийн хүмүүн болсны хувьд энэ мэтийн зүйлс бодож, чадал хэмжээгээрээ л түүх судар эргүүлэх юм даа.
.
TV ZONE сэтгүүл: Уран сайхан гэдэг нэрийн дор Эх түүхийг илтэд гуйвуулсан кино, ном зохиол ч цөөнгүй бий шүү дээ?
- Аль болох түүхэн үйл явдлынхаа гольдрил дотор нь уран сайханжуулж чадвал сайн юм. Гэхдээ түүхэн баримтуудыг л яс барина гээд байх аваас хэрхэн уран зохиол болж чадах билээ. Түүх бичлэг, их сайндаа түүхэн найруулал л болно. Гол нь түүхэн үйл явдлынхаа шинж чанарыг тод гаргах явдал. Үлгэр жишээ болох сайн түүхэн зохиолууд бишгүй олон. Нобелийн шагналт Х.Синкевичийн “Кью Вадис” байна. Ром хэрхэн мөхөж буй тухай барим тавим бичсэн. Бас Спартакийн бослогын тухай нүдэнд харагдтал бичсэн Жованолийн “Спартак” роман байна. Польшийн Прусс хэмээх зохиолч бол түүхэн уран зохиолын үлгэр загварыг бүтээсэн хүн. Түүний эртний Египедийн түүхийг өгүүлсэн “Фарион” роман нь зөвхөн түүхэн уран зохиол төдийгүй түүх, өв уламжлал, зан үйл, угсаатны зүй, шашин, домог зүйн сэтгэлгээ гэх мэт тэр цаг үеийн бүхий л талын нөр их судалгааны үр дүн байдаг. Тиймээс хэдэн мянганы өмнөх Мисир оронд очоод ирэх мэт сэтгэгдэл төрдөг. Үнэ цэнэ нь түүндээ байна.
TV ZONE сэтгүүл: Манайд ч сайн зохиолууд бий. Ш.Нацагдоржийн “Мандухай сэцэн хатан”, Ж.Пүрэв гуайн түүхэн романууд байна. Ж.Пүрэв гуай бол түүхэн судалгааг маш сайн хийсэн байдаг. Харамсалтай нь монголын түүхийн талаар сүүлийн жилүүдэд гарч буй гадаадын бүтээлүүд, тэр дундаа уран сайхны кинонуудаас бид өөрсдийнхөө түүхийг биш, монгол нэртэй харь хүмүүсийн адал явдлыг л харах болов. Хэдий сайн судалгаа хийх ч гадаадынхан маань Монгол хүний, нүүдэлч иргэншлийн дотоод ертөнцийг хэрхэн гүйцэд харах билээ. Түүхийг гуйвуулах нь их аюултай. Ялангуяа санаатай гуйвуулж, Монголын түүхийг аль нэгэн үндэстний хавсрага, эсвэл аль нэг үндэстний түүхийн гол багана болгох хандлага ч анзаарагдах болсон. Энэ бол хийрхэл солиорол төдий биш, аюул юм.
_
TV ZONE сэтгүүл: “Аугаа эрин” нэрний учир?
- Хүн төрөлхтний дунд дэлхийн хэмжээний эзэнт гүрэн байгуулсан үндэстэн ер нь хоёрхон л юм. Монголчууд болон Англичууд. Эрт цагт Ромын эзэнт гүрэн байлаа. Ромтой тэрсэлдэнэ гэдэг бурхантай тэрсэлдэх мэт төсөөлөгдөж байсан үе бий. Мөн Хүннү, Түрэгийн Оттоман, Их Могул, хожуу үеийн ЗХУ гэх мэт нь томоохон гүрэн улсууд хэдий ч аль аль нь ч Монголын болон Английн эзэнт гүрэнтэй адил дэлхийн энгээр байж чадаагүй. Тухайн цаг үедээ нээгдээд байсан газар нутаг, нөхцөл байдалтай нь харьцуулбаас Монголын эзэнт гүрэн хувь илүү байдаг. Судлаачид XIII-XIV зууныг Монголын эрин үе гэдэг. Үнэхээр ч тийм байв. Хүн төрөлхтний түүхийг бичихэд Монголын түүхгүйгээр бичих боломж огт үгүй. Тийм хүчирхэг нөлөөтэй явжээ, бидний дээдэс. Ямар сайн даа “Ази, Европ, Ойрхи Дорнодод Монголчуудаас зөвшөөрөл аваагүй бол нохой ч хуцаж зүрхэлдэггүй байсан” гэсэн хэл яриа гарч байхав. Нэг бус хоёр гурван зуунаар Монголчууд дэлхийн түүхийг тодорхойлж, хүн төрөлхтний хувь заяаг мэдэн захирч явсан.
- Түркийн “Аугаа зуун” нэртэй зуу гаруй ангитай кино манай нэг Тв-ээр нэлээд гарах шиг болсон. Хөрөнгө хүч хаяж сайн ч хийсэн байна билээ. Үнэхээр ч Түркийн Оттомоны эзэнт гүрний үе бол аугаа зуун байсан. Харин бидний дээдсийн эрин үе бол аугаа зуун төдий биш, харин АУГАА ЭРИН байсан юм шүү. Тэр их эрин үеийн суу алдрыг өчүүхэн ч болов энэ цаг үед, залуу хойчистоо хүргэхсэн гэдэг санаа байна. Тиймээс энэ цуврал романаа АУГАА ЭРИН гэж нэрлэсэн.
.
TV ZONE сэтгүүл: “Хөх илдний эрчис” бол тэргүүн дэвтэр шүү дээ. Тэгэхээр хэдэн боть байх бол?
- Монголын эзэнт гүрэн бий болох урдач нөхцөл бүрдэж байсан 1170-аад он буюу “Монголын Нууц Товчоо”-нд дурдсанчлан
“Одтой тэнгэр орчиж,
Орчлон дэлхий хямарч...” асан цаг үеэс эзэн гүрэн хагарч, задрах үйл явц хяналтгүй болсон 1280-аад он хүртлэх 108 орчим жилийн үйл явдлыг энэ цувралдаа багтаах санаа бий. Эхний “Хөх илдний очис” ботид уг нь 20 орчим жилийн үйл явдлыг дүрсэлнэ гэж санаж байсан ч бичих явцад сунасаар 4-хөн жилийн явдал багтав. Гэтэл цаана нь дахиад 100 гаруй жилийн түүх үлдэж байна. Энэ эрин үеийн түүх гэдэг нь зөвхөн Монголын газар нутаг дээр болсон үйл явдал төдийгөөр хязгаарлагдахгүй шүү дээ. Японоос Мисир буюу Египед, хойшлоод Австри, бүр цаашилбал Испани хүртэл, урагшаа Вьетнам, Ява Сумарта хүртэлх уудам газар нутагт болж буй 100 гаруй жилийн үйл явдал хамрагдах учир олон шашин соёл, улс үндэстний түүх ч бас хавчуулагдаж таарах нь. Учир нь тэр цагийн Монголчуудын түүх бол яах аргагүй дэлхий дахины түүх. Тэгэхээр их сунаж мэдэхээр. Юутай ч дараагийн үйл явдлуудыг нэлээд шахаж бичээд 3-4 ботид багтаана даа. Гэвч бүтээлийн явц, үйл явдлууд, дүр гэдэг заримдаа зохиолчийн санаа, хүсэл бодолд захирагдахгүйгээр өөрийн жам зүйгээр явчихдаг тал ч бий. Тэгэхээр яг төдөн боть болно гэж өнөө хэлэхэд бэрх.
.
TV ZONE сэтгүүл: Эхний ботид хэд хэдэн улс орны их олон дүр гарсан байсан. Дараагийн ботиудад ч мөн адил үргэлжлэх үү?
- Тэгнэ. Энэ ботид нийдээ 200 гаруй хүний нэр орсоноос 130 гаруй нь ямар нэгэн үг хэлж, үйлдэл хийж байгаа. 60 орчим нь түүхэн хүмүүс. Эзэн Чингис хаанаас эхлээд Тоорил хан, Жамух, Таргудай, мөн алс Мисирийн Султан Кутуз, Байбарс, Английн хаан I Эдуард, Армяны хаан Хэтум, Трифолийн хаан Бохимэнд гэх мэт 20 орчим хаан, дээдэс ч гарсан. Цаашдын ботиудад үйл явдал Тэмүчин хийгээд Сүбээдэй баатар нарын шугамаар өрнөхөөс гадна Их гүрнийг босгоход хүчин зүтгэсэн Боорчи, Мухулай нарын олон өрлөгүүд, бодит түүхэн хүмүүс, бас Зүрчидийн Алтан улс, Хятадын Сүн улс, Хар Тангуд, Сартуул, Дорнод Европын үйл явдлууд ч гарах учир тэр зүгийн улс орны олон түүхт хүмүүс ч гарч таарах байх.
.
TV ZONE сэтгүүл: Түүхэн дүрүүдээ тодотгон бичихэд тухайн цаг үеийн өөрийн биеэр мэдрэх мэт тэр догдлол, өөр нэгэн ертөнцөд ороод явчих мэт болдог уу?
- Бичиж буй үйл явдал, дүрдээ хичнээн гүн орж, тод мэдэрч бичнэ тэр хэмжээгээр л зохиолын дүрүүд амьд, үйл явдал нь үнэмшилтэй болдог. Зарим хэсэгт нь баярлан бахдаж, хөөрөн доглож, бас зарим хэсэгт нь харуусан гасалж, уйлж, дуулж байж л бичвээс сайн. Гөлийж байгаад бичсэн зохиол гөлгөр л болно. Судалгаа шинжилгээний ажил шиг болчихвол хэрхэн уран зохиол болох билээ. Жүжигчид дүрдээ ордогтой адил юм.
.
TV ZONE сэтгүүл: Ярилцлагаа өндөрлүүлж уншигчдад хандаж сайхан уриалга хэлэхгүй юу?
- “Түүх гэгч өнгөрсөн рүү харсан зөнч” гэсэн нэг мэргэн үг байдаг. Бид нэгэн цагт сэргэн мандаж байсан аваас дахиад ч сэргэн мандах л болно. Гагцхүү бид тэр сэргэн мандаж асан цаг үеэ сайтар мэдэж, өөрсдийгөө хэн болохоо мэдрэх л чухал. Өчүүхэн дорд боол мэт зөвхөн идэж, хэрэглэх олз ашгийн төлөө үхэлдэн явах аваас бид бүгдээрээ л мөхнө. Харин хүмүүн оршихуйн мөн чанарын төлөө явбаас бид сэргэн мандах болно гэдгийг бидний их дээдсийн түүх нотолдог юм шүү л гэж хэлмээр байна.
.
TV ZONE сэтгүүл: Ухаан тань мэргэн, Үзэг тань хурц байж, Олон сайхан бүтээл туурвилаа уншигчдынхаа ухааны мэлмийд хүргэх ий үйл тань мөнх байг ээ!
Тэр амьдралд, хүмүүст дэндүү ойрхон зохиолч байсан даа... Харин түүний сүүл үеийн бүтээлүүдээс нэлээд цөхөрсөн, жинхэнэ хүмүүс үнэнхээсээ мөхөж байгаа, яг л эртний их баатрууд мөхсөн шиг, эртний их домгийн шидтэнүүд нэг л мэдэхэд зөвхөн домог үлдээгээд л чимээгүй алга болчихсон шиг тэр жинхэнэ хүмүүс алга болж байгаад эмгэнэж, цөхөрсөн өнгө аяс мэдрэгддэг болчихсон байна билээ..
Ярилцсан сэтгүүлч М.Хонгорзул
-
2017 оны 3 сарын 10
Тэр өдрийн наран жир бус хорон хурц байв. Сандруу яваа хөсгийнхөн их үд өнгөрч бүхийд Эль хэмээх багавтар тосгон өнгөрөв. Монголчуудыг энэ нутагт ирэхээс өмнө саран сүлдэт лалынхан нутаглаж байсан уг тосгонд сүүлийн жил гаруйн дотор загалмай шүтлэгтнүүд олноор түрэн ирж суурьших болжээ. Харин өнөө Айн-Жалудын тулааны дуулиан энд хэдийнэ цуурайтан ирээд, загалмай шүтлэгтнүүд зүүн тийш, Дундад их далайн хөвөө зүгт мөн адил урт ноолролдсон цуваа болоод хөвөрчээ. Тосгоны зарим байр, оромжноос утаа уугиж, цагаан шороо пургисан гудамжны нь хаа нэгтээд алуулсан хүн гулдайн унасан нь лалууд болоод загалмайтнуудын хооронд энэ өглөө сүрхий ширүүн мөргөлдөөн болоод өнгөрснийг илтгэнэ. Амьд мултарсан лалууд хар толгойгоо аван алс баруунаа харагдах хавцал хадат уулын зүг зугтацгаагаад, ард үлдсэн загалмайтнууд хамаг эд хогшлыг нь хаман зүүн тийш дүрвэцгээж буй нь тэр байв.
Энэ өглөө Баалбек балгаднаа ч мөн ийм явдал болсон билээ. Баалбекийн загалмайтнууд Трифолийн зүг өглөөн нарны дор их тоос манаруулан хошууран сунжралдан хөврөхөд хотын дүүргийн энд тэндээс хар утаа олгойдон үлдсэнсэн.
Эль тосгон нь Баалбекаас Хомс ордог замын тал өнгөрөөд байх тул хөсгийнхөн өглөөний айдас, сандралаасаа багаахан ангижирч, төдий бас хурц хорон нар хийгээд аль өглөөнөөс хойш тасралтгүй үргэлжилсэн шургуу явдлынх нь алжаал ядрал нэмэгдээд явдал нь ихэд суларч, назгайрсан байв. Ачаа ихийн дээр шавдуухан явчихсан тул хөсөгт хөллөсөн тэмээ, морьд ч сульдан тамирдаад иржээ. Одоо тосгоны урдуур үргэлжилсээр зүүн тийш намсах хадат нурууны нахисаар давчихвал Хомс хотын бараа харж болох хэмээн найдацгаана. Хөсгийн түрүүч уулын бачим хавцал дундуур мушгиран өгссөн чулуут замаар овгонуулан зүтгэж, дараачийн хэсэг тосгоноос уулын бэл өгсөх зам дээр муригнан хөдөлж ядаад, өнөөх мамлюкуудад ч үлдээхгүй хэмээн хамаг юмсаа хаман овоолсон хөсгүүдтэй сүүл хэсэг дөнгөж тосгоны захаар өнгөрч бүхийд араас нь сульдаж цуцсан нэгэн морьтон довтолгон иржээ. Дуулгагүй, зүймэл хэлхээ хуягных нь мөрөвч тас цохиулаад санжчихсан, цавчуулсан мөрөө цус болсон торгоор хальт боосон, хамрынхаа хянганд ч хөндлөн шархтай, уруул нь омголтож, хацарт нь цус наалдан хатсан эр тамирдаж цөхөрсөн хоолойгоор
- Ах дүү нар минь ээ! Аав, ээжүүд минь! Хүүхдүүд минь! Бид үүнээс цааш тэсэж чадсангүй ээ. Лалууд араас ирж явна. Ачаа хөсгөө хаяад уул өөд зугтацгаа!
Хагшаа ёлоос зугтах
Харцгайн бяцхан дэгдээхий мэт,
Харгана бутанд нөмөрдөцгөө!
Хад чулуунд хоргодоцгоо! Ах дүүс минь. Амиа авч үлдэхийг хичээцгээ! хэмээн хашгиран дөрвөн мөчөө савчин морио шамдуулсаар хажуугаар нь өнгөрөв. Саяхан л газар ихэд хороов хэмээн тайвширч, дээр нь халуунд нозоорч явсан хүмүүсийн нүүрээр айдас түгшүүрийн сүүдэр бүрэнхийлэн нөмөрч ирээд, тэрхүү дайчнаас хэн ч, юу ч асууж үл зүрхлэн амаа ангайлган мэлэрсээр үлдэж байлаа.
Өнөөх морьтонд нэг эх саахуутай цэгээ өгсөнд авч нэг балгаснаа буцаан сарвайв. Эх
- Хүү минь, залгил залгил, ханатал залгилж ав гэсэнд
- Сайхан байнам, ижий минь. Гэвч энэ миний амсаж буй сүүлчийн цэгээ болох магад учир ганцхан балга хангалттай. Амьд үлдэх хүмүүст үлдээгтүн гээд хэлээ булталзуулан урууландаа наалдсан цэгээг долоогоод дараагийн цувааны араас цогиулав.
Яг энэ үед тосгоны захаар өнгөрөх замын нэг талаас өндөр хадан мөргүү тулж, нөгөө талаас замд тулган барьсан түүхий шавран ханан хэрмийн дундуур гардаг хэсэг дээр нэг тэрэгний мөөр хугарч унаад, ард нь явсан долоо найман тэрэг хааш ч үгүй гацаж орхив. Арын хөсгийг ахалж явсан Дэгээ аравтан олны дундуур зүтгэсээр ирээд ихэд уурсан, өндгөө дарах тахиа мэт гараа алдлан эд юмсаа тэврээд тэргэн дээр түрүүлгээ харан хэвтсэн янхигар хөх авгайг бархируулсаар ховх татан авч хажуугийн хэрэм рүү чулуудаж орхив. Уурсан хилэгнэсэн Дэгээ тархиараа хэрмийн хана саван сулдайн унасан эхнэрийн дээр өнөөх боодолтой, хайрцагтай эд юмсыг нь овойтол шидлэв. Тэгээд мөөр нь хугарсан тэргийг хөллөгөөнөөс нь салган, хажуугаас нь өргөн өнөөх эхнэрийн дээр хөмөрч зай гаргаад, гацсан хөсгүүдийг өнгөрүүлэхдээ тэргэн дээр нь байсан боодолтой бүхнийг замын хажуу руу чулуудаж гарчээ. Дэгээ аравтанг тийм шийдмэг бүхийд төдий болтол хэнийг ч бараандаа хүргэлгүй явж чадсан Гэнсэнгээ хатан хүртэл яаж ч чадсангүй.
Тэдний даван гарч ирсэн тэртээх гүдгэр нуруун дээгүүр тоос татаж, бүртэлзсэн хар цэгүүд ар араасаа тодрон гарч ирж буй нь лавтай мамлюкууд биз ээ. Хэрвээ тэдний морьд сайн аваас гуравхан мөч* өнгөрсний дараа энд ирцгээнэ. Түүнийг харсан Дэгээ аравтан ташуур исгэрүүлэн морьдыг ороолгож, хөсөгнүүдийг өнгөрүүлэх зууртаа,
- Энэ тосгоноос өнгөрөөд хөллөөнийхөө морьдыг суллан унах нь унаад нөгөөдүүлийнхээ араас давхицгаа! Үлдсэн нь уулын бэл өөд чадлаараа гүйцгээ! Эрэгний мухар, хулганын нүх, хад бутаар ч хамаагүй тарцгаа! Илд, нум барих чадалтай бүхэн миний дэргэд цуглацгаа хэмээн хашгирч байлаа.
***
Хавцлын ам өлгөж нэлээн урагшилж амжсан ч хөллөөний морь, тэмээд нь ихэд сульдаад, овон товон үхэр чулуутай сайраар хөдөлж ядан буй түрүүчийн цувааныханд энэхүү түгшүүрт мэдээ ирэхэд хурц хорон нар, хавцлын бүгчим хоёрт өглөө үүрээр нөмгөн шалдан шахам гарсан хүүхэд багачуудын ам хатаж, настан буурлуудын тархи толгой манарчихсан тун хэцүү явжээ. Тамирдаад, хоолой нь бараг гарахыг байж, дэмий л харц нь хуурай гялалзах тэрхүү элч цувааны дунд явсан Ялвиг ноёнтонтой зэрэгцэн ирээд,
- Ах дүүс минь, аав, ээж нар минь! Харгана бут руу, хад чулуу руу зугтацгаа, амиа авар! Бид үүнээс цааш тэсэж эс чадав.Өршөөгтүн! хэмээн шүдэн завсраараа сийгүүлэн чүү хэлж амжаад мориныхоо буруу хажуу руу гулдайн унав.
Ялвиг болоод түүнтэй хамт явсан Сөнөдийн буурал дайчин эр элчийн толгойг газарт унахаас өмнө тосон авч, хажуугаар нь өнгөрч байсан тэргийг зогсоон дээр нь хэвтүүлэв. Тэгээд зуурсан шүдийг нь хутганы үзүүрээр гөжин жаахан цэгээ цутгавал, хэсэг азнаснаа элч түгшүүрт үгсийг хүргэх газар нь хүргэж чадсан эсэхээ шалгах мэт толгойгоо хүчлэн өндийлгөөд, Ялвиг ноёныг таньж,
- Эцэг минь, нэг ч болов хүнийг амьд мэнд үлдээх арга сүвэгчилж үз. Бушуул. Ёрын муусайн мамлюкууд хэнийг ч үл өршөөж, таарсан бүхнээ хяргаж буй гэв.
- Хэр хол явна гэсэнд,
- Одоо Эль тосгонд дөхөж буй. Тарцгаа, уул хадаар, бут модоор, нуугдацгаа. Илдийг минь дэргэд үлдээгээд намайг энд орхигтун. Үхэхдээ би Хөх тугийн дайчин эр хэрхэн дэр авдгийг* муусайн мамлюкуудад бахтай сайхан үзүүлэмз хэмээн өгүүлэв.
Ялвиг ноёнтон түүний аманд дахиад жаахан цэгээ, бас хүч тэнхээ нэмдэг бор зутан цутган байтал дээш өгссөн хүмүүс гэнэтхэн шуугилдан хашгиралдаад эхэлжээ. Мамлюкууд зам угтан өмнөөс ирж буй нь тэр үү? Сартуулын Ялвиг ноёнтон угийн уран цэмцгэр, бичиг номын эрхэм хэдий ч эрслэх цаг ирэхэд илд ч бас бүжиглүүлж чадах билээ. Тэрбээр илдээ сугалан ойрхон байх хэдэн өвгөн дайчдын хамт элчийг хэвтүүлсэн тэргэн дээр гаран, ард нь ирж явсан хөсгийнхний зарим нь хавцлын энгэр лүү харайлдаж, зарим нь хөсөг тэрэгнийхээ доогуур, хад чулууны хажуугаар бултганан гүйлдэж байтал дээд хошууг нь тойрон омголон хурц морьтнууд давхилдан гарч ирэх нь монголчууд аж.
Хомс балгадад сахин суугч Монгол зуутнуудын нэг Хаш хэмээх эрдүүхэн залуу даргач Ялвиг ноёнтны дэргэд хатируулан ирээд,
- Өвгөн ах нар минь, бэрх хэцүү юм ч болжээ дээ. Ард дахиад цуваа бий юу хэмээв.
- Ард хоёр цуваа бий. Гэвч сүүлчийнх нь одоо амжихгүй болсон болов уу. Учир нь сая араас - гээд тэргэн дээр хэвтсээр буй элчийн зүг дохиж, - элчийн өгүүлэхээр лалууд Эль тосгон луу лавтай орж иржээ... Харин дундын хөсөг энэ хавцлын ам өгсөж буй хэмээн найдна гэв.
- Хомст амжиж очсон ч бид тэнд хүч сул, балгадын хэрмийг удаан тогтооход амаргүй байгаа. Халебаас нэмэлт хүч нааш гарсан нь тодорхой ч тэд үүрээс өмнө амжиж ирэхгүй. Гэвч бид мамлюкуудад энд ч, тэнд ч, балгадад ч, ер хаана ч тэр гацаа үүсгэх л болно.
Яг энэ үед хөндий өгсөн нэгэн морьтон гарч ирсэн нь хөллөөний морь суллаж унасан Хачир хөвүүн аж. Хөвүүний араас төдөлгүй дахиад нэгэн морьтон гарч ирэв. Хаш зуутан,
- Та бүхэн аль болох зүтгээд энэ хөндийн эхэн дээр гарахыг бод. Одоо хөсгийн хэрэг ер үгүй учир орхигтун. Суларсан морьдоо хүүхэд, бүсгүйчүүдэд унуулан явуул. - гээд хавцлын байдлыг тогтоон харав. - Хэрвээ хориг босговол энэ боом тун таарах газар санж. Эрхэм ноёнтон, та энд үлдсэн тэргүүдээ угсарч, хориг шивээ босгогтун. Бид мамлюкуудыг хавцлын аманд тогтоон барьж эс чадваас эргэж энд хоригловол зохино хэмээгээд илдээ дохин, цэргээ дагуулаад хөсөг тэргүүдийг зайчлан хайрга чулуу үсчүүлсээр хавцал уруудан давхилдав.
Лавтай нэгэн зуут орчим цэрэг эрс Хомсоос тосон ирцгээжээ. Амжиж ирсэн Хачир хөвүүний хэлэх нь сүүлийн цувааныхан доод бэлээр тарж гүйцсэн ба түүнийг хавцлын аманд ирж бүхийд Мамлюкууд тосгоны зах руу орж байсан гэв. Хачир хөвүүний араас ирсэн нь Дорнод байжээ. Архи нь хэдийнэ гарсан тэрбээр үнсэн хөх царайтай болчихсон үг хэлгүй дэргэдүүр нь өнгөрөх гэхэд Явлиг ноёнтон цулбуурдан авав. Дорнодын нүд томорч, хамраа сарталзуулснаа,
- Өгөр муу өмхий Сартуул чи юуны учир Хөх монгол надад халдаж зүрхлэв. Тавь чи, наад цулбуур! хэмээгээд мориныхоо жолоог дугтчин, давирч, цулбуураа Ялвиг ноёнтны гараас шувт татах гэж оролдов.
- Буу чи. Ийм цагт зөвхөн өсөх идэр хөвүүд, эсвэл эргэж тулах дайчид л морьд хүлэглэх учиртайг мэдэхгүй юу чи. Чиний наад согтуу толгой хэнд хэрэгтэй болоов хэмээгээд, барьцаа ахиулан, Дорнодын салбагар ханцуйнаас гуд татан унагалаа.
- Монгол ахан дүү нар аа! Энэ муу Сартуул боол монголчууд бидний хоолонд цадаад, одоо надад халддаг болжээ, авраарай! Энэ муу миний морийг булаагаад өөрөө амиа хоохойлон зугтаах гэлээ. Хараарай, үзээрэй, туслаарай! хэмээн бархирч гарсанд, Ялвиг ноён,
- Дуу чи. Би Их төрийн Хөх тугийн өмнө тангараг өргөсөн төрийн түшмэг байна. Чам шиг хайран сайхан Ихсийн нэрийг гутааж, өчүүхэн амиа өмөөрөн бөөцийлөн явсангүй. Ингэхэд хэн нь боол шиг явнам билээ.
Аалзан төдий амиа
Арчилж үл чадах
Арчаагүй өчүүхэн чи юу?
Өндөр төрдөө,
Өргөсөн тангарагтаа
Үнэнч явсаар
Өдий хүрсэн
Өвгөн би юу? хэмээн зандрав.
Дорнод босоод Ялвиг ноёныг заамдан авч,
- Чамай мууг бодвоос би Их Монголын унаган хүү байна. Миний эцэг муусайн Сартуул таануусыг доройтуулж явахад... хэмээн хашгирч гартал Ялвиг ноёны дэргэд явсан дохигор өвгөн Сөнөд дайчин илдээ зугуухан сугалаад, Дорнодын улаан суга руу ялимгүй өргөсхийн дүрчихжээ.
Дорнод Ялвиг ноёныг заамдсан гараа тавьж, суга руу нь яран орж буй илдний ирнээс атгаад, Сөнөд дайчин луу том харан “Та, та чинь... яаж байгаа билээ? Би би....” хэмээн чичигнэн өгүүлсээр эргэлдэн унахад өвгөн Сөнөд дайчин илдээ сугалан, ирийг нь даган урсах хүрэн улаан цуснаас нь цээрлэх мэт хөндийхөн бариад хажуугийн бутны толгойд шувтрах зууртаа,
- Бүү санаа зовни, Ялвиг ноёнтон минь. Энэ мэт өчүүхэн мунхгуудтай үг хэлэлцэн хүний зэрэгт бүү үзэгтүн. Нохойнд нохойн үхэл таарнам. Энэ Дорнодын эцэгтэй би олон аянд хамт явсансан. Эцэг нь эрэмгий сайхан эр ч ийм үр үлдээгээд өнгөрсөн нь нэн гашуун байна. Өнөө эцгийнх нь гүйцээгээгүйг би өмнөөс нь гүйцээв. Энэ мэтийн өтийг ардаа амьд үлдээгээд үхсэнээс аваад үхсэн нь хожмын Их төр, Хөх Монголын минь нэрэнд дэмтэй учир Тэнгэрийн ёс, Их Засаг хууль намайг өршөөнө биз ээ. Цагтаа илд минь олон ч сайн эрсийн цусыг амсаж явсан буй за. Харин ийм адгийн өтөг боолын цусанд илдээ хүргэн бузарлана чинээ санасангүй. Одоо араас ирэх мамлюк дайчидтай нэгэн удаа илдээ зөрүүлж, өчүүхэн өтний цусанд хүрсэн бузрыг нь гаргасугай. Нас минь болов гээд арслангийн зогдор аятай цалин цагаан их үсээ сэгсэрчээ.
Хаш зуутны хэлснээр Ялвиг ноёнтон араас ирсэн арав орчим тэргийг хавцлын боомтой хэсгээр таглан эгнүүлээд, хөллөөг нь мултлан, морьд, тэмээг нь аль идэр бага хүүхэд багачуудад унуулав. Зарим нэгэн залуухан эхийг хүүхдийг нь дүүрүүлэн мордуулжээ. Дорнодоос булааж авсан морин дээрээ Аранзал охины найз өнөөх дэрчгэр хэдэн хөвүүдийн нэг болох Болдтөмөр болон бас нэг охин хоёрыг сундлуулаад “За, хүүхдүүд минь, багачууд минь. Эргэж бүү харагтун. Энэ хөндийн эхээр давж их уст голыг хөндлөн гарна. Түүний цаана гарваас Хомс балгад харагдана. Тэнд хүрсэн хойно дараа чухам хэрхэхийг тэндэхийн даргач ноён та бүхэнд хэлээд өгөмз. За хөвүүд минь. Хожмоо алдартай их баатар болцгоогоорой, Хомсын замд юу болсныг бүү мартацгаагтун” хэмээгээд явуулав.
...
Тайлбар:
Мөч* - Нэг мөч 15 минуттай тэнцэнэ.
Дэр авч үхэх* - Дайчин эрс үхэхдээ ч дайснаа дэрлэж үхэхийг эрхэмлэдэг байж.
Хомс, Баалбек, Халеб* - зэрэг хотууд бол өнөөгийн Сирийн хотууд юм. Жишээ нь Халеб бол өнөө ч дайны гал дүрэлзсээр буй Алепо хот болно.
.
”АУГАА ЭРИН” цувралын ”ХӨХ ИЛДНИЙ ОЧИС” -оос...
-
2017 оны 2 сарын 02
Хитбуха ноёныг энд дөнгөж өргөөлж бүхийд Баалбекийн Шихнэ захирагчаар тохоон томилогдсон Шараф Хамид хэмээх Загалмай шүтлэгт Сири ноёнтон хүүгээ дагуулан ирсэн аж. Хүүгийн гялалзсан ганган хувцас, гоёлоос илүүгээр ташаандаа зүүсэн зааны ясан сийлбэрт хуйтай, дүүлж буй цөлийн ирвэсний дүрсийг тойв дээр нь гаргасан жижигхэн илд нь Аранзал охины хорхойг ихэд хөдөлгөсөнд, илдээ наймаалцахыг хүсжээ. Хүү,
- Шихнэ эцэг минь үүнийг шударга тулаанд олзолж авсан учир наймаалцахгүй гэсэнд,
- Тийм бол хоёул шударга тулаан хийгээд би ялбал чи надад энэ илдээ өгөх үү? гэж охин асуужээ.
Шихна ноёны хүү Аранзалыг дээрээс нь голонгүй хараад,
- Хэрвээ би ялбал чи надад юу өгөх юм? гэж хариу асуув.
Охин өчүүхэн ч эргэлзэлгүй маргад эрдэнэ шигтгэж хийсэн үнэт мөнгөн хэлхээ зүүлтээ хүзүүнээсээ мулт татан үзүүлбэл, Шихнэгийн хүү эргүүлж тойруулан тоомжиргүй харснаа
- Энэ чинь охин хүүхдэд л байвал таарах эд байна гэжээ.
Энэ үгэнд нь Аранзал уурсан дургүйцэж царай нь улайсан ч,
- Хэрвээ чи үүнийг голж байвал дээр нь энийг нэмэе хэмээн алтан цутгамал толио үзүүлбэл эдгээр нь лавтайяа өөрийнх нь зүүж буй жижиг илднээс арав дахин илүү үнэтэйг сайтар мэдэх хүү толгой дохиж,
- Юугаар тулалдах хэрэг вэ? гэв.
- Чиний л чаддагаар. Ингэхэд ирүүлд дуудсан хүн хэзээ зэвсгээ сонгож байлаа хэмээн Аранзал охин бардамхан өгүүлжээ.
- Дам илдээр тэмцэлдэе...
Тэдний яриаг зайнаас харж суусан Шихнэ ноён Шараф Хамид учиргүй сандарсан дүртэйгээр Хитбуха руу мэхэсхийж,
- Эрхэм дээд их ноёнтон Хитбух, энэ хөвүүдийн тэмцээн шударга биш байна. Эн тэнцүүхэн тэмцэлдээн болгохын тулд зэвсгийн сонголтыг танай ач хүүд үлдээвэл ямар вэ? гэсэнд Хитбуха ноёнтон,
- Хүүхдүүд юу таалснаараа л болог. Бид оролцоод хэрэггүй буй за. Гагцхүү хөвүүдийн хэрхэн тэмцэлдэхийг сонирхон үзсү гэсэнд Шихнэ дахин нахисхийгээд, сэтгэл хангалуун суудлаа цэхэлжээ.
Шихнэгийн хүү Аранзалаас даруй хоёр гурав ах, арван гурав орчим настай, төө хол илүү өндөр, бүдүүн хүдэр тул өөртөө нэн итгэлтэй байв. Тэр загалмайтан хүлэгт баатруудын хүүхдүүдтэй хамт Сидонд илдний эрдэмд суралцаж, хоёр гараар барин тулах хүнд дам илдийг сүрхий сайн эзэмшсэн тул түүндээ эрдэж ийнхүү дам илдийг сонгожээ. Мөн энэ жижигхэн дэрчгэр монгол хүү лавтай дам илдийг даан тулалдаж чадахгүй буй за ч гэж тооцоолов.
Өргөөний даамал Есөнхөн ноёны зөвшөөрлөөр хүүхдүүд зэвсгийн сан руу очиж өөрсөддөө таарсан сургуулилтын багавтар хэмжээний, мөлгөр ирт дам илд аваад, зүүн тойргийн ард хулсаар хашаалж зассан тэмцээний талбарт ирэв. Мөн зайлшгүй хэрэгтэй төмөр дуулга духаж, ширэн тохойвч, мөрөвч, элгэвч зүүцгээлээ.
Аранзал охин ихэд гуйсан учир Есөнхөн ноён өөрийн биеэр тэмцээнийг ахлан шүүхээр болж, удаж төдөлгүй гартаа ирүүл тулааны шүүгч барьдаг цагаан болд төмрөн бялуу барьж, үзүүртээ шаргал цацагтай өндөр шовгор малгай өмсөн, од гялалзуулан намирсан усан хөх торгон нөмрөг нөмөрсөөр гарч ирсэнд гурвын зэрэг гуулин бүрээ уртаар улин хангинаж, илдний тэмцээнд бүхнийг урин дуудав.
Хүрээнд байсан хэдэн дайчид, хэрэгт дуртай өргөөний шадруудаас гадна Аранзалын үеийн гурван охин тэмцээнийг үзэхээр хулсан хашааны захаар тойрцгоов. Дэгжин гоёмсог хатгамалт дээл сэлдэлж, босоо богтого малгай духдуулсан гурван охин нэлмэгэр ханцуйндаа гараа нуугаад, жиг жуг хийн нэгсээ тохойгоороо ёврон, өөрсдийг нь үл тоон, хөвүүн мэт хувцаслаад үргэлж хөвүүдтэй л тоглох Аранзалыг шоолонгуй, бас ёжлонгуй харахад, Аранзал хажуугаар нь тэднийг харгана бутны төдийд ч анзаарсан шинжгүй шуугин өнгөрөв. Шихнэ ноёны дагуулууд хулсан хашааны урт нэг талд эгнүүлсэн асарт суудалд ямбалан суугаад, тогосын өдөн дэвүүр хөдөлгөн ядна. Төдөлгүй Хитбух ноён, Элдэрдээ баатар, Шихнэ ноён Шараф Хамид нарын ихэс хүрэлцэн ирж, асарт суудлын голд байрлуулсан өндөр сэнтийд гарахад дараагийн бүрээн дуу хадав.
Сири тод цагаан дээлэн дээрээ бор элгэвч дарж, өндөр оройт араб дуулга өмссөн Шихнэ ноёны хүүг ноёны шадар дайчид тойрон, хувцас хэрэглэлийг нь сайтар шалган, үнэт зөвлөгөөгөө өгч, зарим нь илдний хөдөлгөөн ч үзүүлэн зааварлана.
Харин нөгөө талд найзууд нь болох гүйж харайсаар хөлсөндөө халтартсан арваад насны таван хөвүүн Аранзалыг тойроод нэг нэгнээсээ ам булаалдан зэрэг зэрэг шуугилдахад Аранзал охин ангайтал гайхаж, юу ч үл ойлгосон хэдий ч “Жа жа. Би яг тэгнэ” хэмээн толгой дохино. Тэднийг харсан Хитбух ноён, Элдэрдээ баатар хоёр инээдээ барьж ядан байхад, Шихнэ ноён юуны учир энэ Монгол ноёнтон хараажаар өөрөөс нь том чадалтай хүүхэдтэй багагүй үнэтэй бооцоотой тулах гэж буй ач хөвүүнийхээ тулаанд төдийлөн санаа үл зовон, өчүүхэн ч үл тоож буйд нь гайхан, дотроо элдвийн эргэлзээ хутган суужээ.
Бүрээ дахин огцом тасхийж, хүүхдүүд илдээ барьсаар хоёр талаас гүйлдэн гарч ирээд талбайн голд түрүүнээс хойш хөшөө мэт зогссон Есөнхөн ноёны хоёр талд ирэв. Есөнхөн ноён дуулга, элгэвч, мөрөвч, тохойвчны уяаг шалгаад,
- Зөвхөн дуулга, элгэвч, мөрөвчинд цохино. Дуулга болоод элгэвчинд нийтдээ гурван удаа хүрвэл ялсанд, аа харин нэг удаа тэнцвэр алдтал цохих, эсвэл унагаваас ялсанд тооцно. Мөрөвчинд хоёр цохих нь дуулга болон элгэвчинд нэг цохисны адил. Хамгаалалтгүй хэсэгт хүрвээс шууд ялагдах болно хэмээн халз тулааны дүрмийг танилцуулсанд хүүхдүүд толгой дохиод хойш ухарцгаан зайгаа авав. Нэг талд нь туранхай, чөргөр, халтар нүүртэй хөвүүн мэт хувцаслан, гэзэг үсээ ч нэгээр дарж гөрж сүлжсэн монгол охин, нөгөө талд нь ганган гоёмсог хувцасласан, өрсөлдөгчөөсөө хувь илүү том биетэй мариалаг сири хүү зогсоод бүрээн дуу хүлээн илдээ чанга атган зогсоцгоолоо. Хөндлөнгөөс харсан хэн ч сири хүүд бооцоо тавимаар...
Тасхийх бүрээн дуунаар Аранзал шууд л ухасхийн дайрчээ. Өмнө оролцож байсан тэмцээнд илдээ бариад биесээ анан, нэгнээ тойрон хянуур гишгэн тулалдаж сурсан Сири хүү өрсөлдөгч нь ийнхүү шуудхан шуугин орж ирнэ чинээ огтхон санаагүй тул барьц алдсан хэдий ч тосон цавчив. Гэвч Аранзал цавчилтыг нь илдээрээ ялимгүй хальт цохиж зайлуулаад, дэргэдүүр нь эрчээрээ зөрөн гарахдаа дуулганы бүч эрүүнээс нь мултраад, нүүр рүү нь орж иртэл дэлсэж орхижээ. Хүү тэнцвэр алдан урагш тонголзон хэд гүйгээд тогтов. Цээжнээс нь цус амтагдах шиг болж, дотор нь манараад иржээ.
Цээжээ урагш түрэн цэхлэн суусан Шихнэ ноён суудал дээрээ өндөсхийснээ аяархан эргэж, навтайн агчин суув. Зүүн эгнээнд харж зогссон хэдэн монгол дайчид хүд хүд хөхрөлдөж, харин юу болж өнгөрснийг төдий л үл ойлгосон Шихнэ ноёны бараа бологсод гайхан алмайрцгаав.
Өнөөх хэдэн зүггүй бяцхан халтар хөвүүд хамтран зүтгэгчийнхээ саяны амжилтад ихэд хөөрөн дээр дээр үсрэн уухайлцгааж, “Ялалт, ялалт” хэмээн шуугилдав. Үнэхээр ч ийм хэмжээний цохилтод ялалт өгөхөд ер болохгүй юмгүй. Гэвч Есөнхөн ноён ялалтыг өгсөнгүйд хөвүүдийн шуугиан ялимгүй саарав. Хитбух ноён ер сэтгэл хөдөлсөн шинжгүй хүрлийн бүхийд баруун талд нь шахангуу суусан Элдэрдээ баатар зузаан хуйхтай мулзан толгойгоо илэн, буурал соёо сахлаа сөрвөгнүүлэн, амаа ихэд ангайлгаад “Ха ха” хэмээн хөхөрч байв. Элдэрдээ баатар чухам энэ бяцхан охиныг өвөөгөөс нь ч илүү эрхлүүлэх билээ.
Аранзал эргээд хүү рүү дайрсанд Есөнхөн ноён дохио өгч зогсоогоод Сири хөвүүний дуулганы бүчийг засуулжээ. Аранзалын хоёрдахь дайралтыг уурсаж хорссон Сири хөвүүн тун сүрхий хамгаалаад сөрөг дайрлаа. Сири хөвүүний цохилтын хүч өөрийнхөөс нь хувь илүү байсан тул Аранзал аль болох хаахгүй, бултан зайлж өнгөрүүлнэ. Сири хөвүүн хоёр удаа Аранзалын мөрөвч, нэг удаа элгэвчинд хүрсэн бол, хариуд нь Аранзал илдээ элгэвчинд нь суун тустал чичээд алджээ. Хүү арайтай л унасангүй, гараа сарвалзуулан хойш хэд гишгэж, сүрхий тэнцвэр алдаад зогссонд харж зогссон хөх хөвүүд “Ялалт ялалт” хэмээн дахин үсчин бархиралдав. Есөнхөн ноён ялалтыг Аранзалд аанай л өгсөнгүй. Ийнхүү нэг хувь орчим болсны эцэст, Сири хүү тамирдаж, илэрхий сулраад эхлэв. Яг энэ үеэр Аранзал бүжих мэт дороо эргэлдэн өрсөлдөгчийнхөө илдийг суган доогуураа гаргаад тохойвчоороо элгэвч рүү нь маш хүчтэй дэлссэнд хүү нүдээ бүлтийлгэн, амаа ангалзуулан тонгосхийв. Энэ агшинд дараагийн цохилт ирж, эргэлтэнд хүчтэй савсан илд яг ар дагз руу нь хангинан буухуй дуулга нь мулт үсрэн өнхрөөд, хүү өвдгөөрөө сөхрөн, духаараа газар шаан уналаа.
“Ялалт, ялалт” гэсэн хөөрүү дуу дахиад цангинаад явчихсанд Хитбух ноёнтон тэр хөөрүү хөвүүдийн зүг хөмсгөө зангидан муухай харав. Суудал дээрээ улам агчин, нугаран суусан Шихнэ ноён Хитбух ноёнтны зүг царайчлангуй харж,
- Ертөнц дахиныг дайлан дагуулж буй Их Монголчууд та бүхний хүчин чадал, зориг золбоо аугаа их Антант баатрынхаас ч үлэмж ажгуу. Тийм атал тэмцэлдэн тулах санаа төрсөн мунхаг хөвүүнийхээ өмнөөс түмэндээ хүлцэл өчмү, би. Өршөөн болгооно уу хэмээн сүрдэн түгшин байж өгүүлсэнд Хитбух ноёнтон өдий болтол орилолдсоор буй дүрсгүй хөвүүдээс хараагаан салгаад,
- Эрхэм Шараф Хамид. Таны хүү тун сайн тулалдлаа. Зоригтой хүү байна. Гэхдээ бэлтгэл, дасгал сайтар хийлгэж байх хэрэгтэй шүү гэв. Шихнэ ноёны царай гэрэлтэж ирээд,
- Өгөөмөр их ноёнтон Хитбух. Таны үг чухам үнэн билээ. Миний хөвүүн Хасан зөвхөн амар хялбар, аятай тухтайг эрхэмлэх. Өнөө чухам хэн болохоо, бас хэрхэх ёстойгоо ч сайтар мэдэж ухаарав хэмээн бодож ихэд олзуурхана гэжээ.
Сири хүү духаараа газар шаан унасандаа шаралхаж, ичингүйрэв үү, эсвэл дотор нь балартав уу, унасан хэвээр хэсэг тонгойн байснаа босож ирэхэд царай нь чинэрэн улайгаад, нулимс нь мэлтэлзэн байв. Есөнхөн ноён Аранзалд ялалт заан цагаан болд бялуугаа зүүн талдаа өргөсөнд харж зогссон хэдэн монгол дайчид “Хэрвээ охин хүүхдэд ялагдсанаа мэдвээс энэ Сири хүү ч газраас духаа салгахгүй шинжтэй шартай хүү байна даа” гэлцсээр тарцгаав. Эцгийгээ даган бардамхан ирсэн Шихнэгийн хүү өөрөөс нь хувь илүү жижигхэн Монгол хүүд илт дутуу гашуунаар ялагдаж, гоёмсог илдээ алдаад машид гутарч, баахан гонсгор буцахад Аранзал аргадан түүнд алтан цутгамал толио бэлэглэсэн юм.
Дараахан нь Хитбух ноёнтон Есөнхөн даамлыг зориуд дуудан ирүүлээд “Тэр хэдэн дэрчгэр хөвүүдэд бяцхан ялалтандаа хэт хөөрөн баясах нь чухамхүү жинхэнэ ялалтаа баттай өөрийнх болгоход хамаг том саад болдог, тиймээс тун хурдан ялалтаа алдаж болзошгүй гэдгийг сайтар ойлгуулбаас зохистой” хэмээн онцлон захижээ.
/”Хөх илдний очис” романы Нэгдүгээр дэвтэр. II хэсэг. I бүлгээс /
Б.Номинчимэд
.
Тайлбар:
- Баалбек - Өнөөгийн Ливаны нутагт байх хот. Өнөө ч энэ нэрээрээ буй, их эртний хот болой. Трифол, Дамаскийн завсарт, Ливаны уулсын бэл хормой бараадсан энэхүү хотын ойролцоо Хүлэг хааны тугийн жанжин, Сирийн захирагч Хитбуха ноёнтон өргөөлж байсан гэдэг.
-
2017 оны 1 сарын 31
ҮГИЙН ШИД-ийн тухай хоёр үг...
Үг өөрөө энерги, асар хүчтэй шид үгэнд бий. Манай ард түмэн үгээр хүнийг аварч ч, үхүүлж ч болдог хэмээн хэлцдэг. Монголчуудыг билгэдэлт сэтгэлгээтэй ард түмэн ч гэдэг. ”Амны билгээс Ашдын билэг”, ”Ерөөлөөр болог”, ”Сайхан амны билэгтэй хүү байна” гэх мэтээр ярьж сэтгэнэ. Гэрийн ерөөл, хуримын ерөөл, даахины ерөөл, үрс гаргах, дээж өргөх, тамганы гэх мэт асар олон ерөөл, билгийн зан үйл бий. Аль болох сайн сайхан үг хэлж, сайныг ерөөж, мууг ч гэсэн сайнаар, дутуу дундуурыг ч хагас дүүрэнээр битүү илэрхийлэх нь бий. Муу үг хэлдэг хүн, айлаас ”Хар ам, хэлтэй” хэмээн жийрхдэг. Юм бүхнээс өө харж явдаг хүнийг ”Хорхой нүдтэн” хэмээн бас л аягүйцнэ. Тийм хүмүүсийн үг унасан газарт, хараа туссан орчинд заавал муу энерги үлдэж хоцордог гэдэг. Нэг тод жишээ нь энэ сайтууд дээрх сэтгэгдлийн жишээнүүд юм даа.
Манай ард түмэн сайнаас мууг нь түрүүлж олж харах биш, муугаас сайныг нь ухаж гаргахыг эрхэмлэдэг зарчимтай байж. Шүүмжилж зассан ч харааж элэглэх, буруутган гутаах бус зөвшөөж буюу зөвлөж эелэж засахыг эрхэмлэнэ. Өнөө л харин энэ их бүдгэрч, зарим тохиолдолд эсрэгээрээ эргэчихээд байх шиг.
Үүгээрээ магад бусад үндэстнээс хувь илүү. Өнөөх билгэдэлт сэтгэлгээнийх нь илрэл, үгийн хүчний далд ертөнц буюу энерги, эфирэн орчинд үйлчлэх нөлөө, шид хүчийг нь сайтар танин мэдсэний үр дүн.
Өнөө судлаач эрдэмтэд үгийн эрчмийг нэлээд судалж байх шиг байна. Японы нэг судлаач эрдэмтний туршилт маш сонирхолтой.
Ялангуяа уран бүтээлчдийн үг илүү хүчтэй тусах нь бий. Учир нь үгийн чадлыг, үгийн шидийг хэр эзэмшиж чадаж буйгаар нь уран бүтээлчийн ур чадвар илэрдэг хэмжүүр бий. Дэлхийн томоохон уран бүтээлчид бүгд хүмүүний оюун тархи, зүрх сэтгэлд шаардлагатай газарт нь үгэн сумаар гарцаагүй мэргэн онож чаддаг жинхэнэ үгийн мастерууд байдаг. Уран бүтээлчид үзэгдэл юмсыг зүрхэндээ асар хүчтэй мэдэрч зарим нь хагас солиорлын, эсвэл гүн бясалгалын түвшинд хүргэж байж үгээ шившин тавьдаг учраас тийм хүчтэй байдаг. Тиймээс уран бүтээлчдийг үгээ цэнэж, аль болох муу ёр ёрлосон шүлэг, зохиол туурвихгүй байхыг сануулдаг. Тийн туурвисан уран бүтээлчдийн амьдрал яг түүгээр нь болдог, бичигдээгүй хууль, тайлагдаагүй нууц, хачирхалтай давхцал бий. Нэрсийг нь жагсаавал их олон.
Нобелийн шагналт Б.Пастярнак энэ талаар бүр ”Гэрээслэл” хэмээх шүлэг ч бичсэн.
”Яруу найрагчид аа, үхлээ бүү шүлэгтээ зөгнөөрэй
Яагаад гэвээс чиний үхэл шүлгийн чинь мөрөөр амилж ирнэм” гэсэн маягтай. Би яг үгчилж санахгүй байна.
Дашбалбар багш маань ч мөн шавь нартаа бараг гэрээслэл маягаар ямагт хэлдэг байсан үг нь бий. ”Та нар шүлэг зохиол бичихдээ битгий муу ёрлож байгаарай. Гутруу гундуу үзлийг бүү зарлан тунхаглаж байгаарай. Яг түүгээр чинь болдог юм шүү.” гэдэгсэн. Өөрийнх нь шүлгийн мөрүүд дэндүү гэгэлгэн гэгээлэг. Яг л гол усан намуухан урсах мэт.
Үгийг давтах бүр хүн тэр үгнийхээ эрчимд орж, илүү бясалгаж, гүн мэдэрдэг, өөрийн болгох төдийгүй амьтай мэт болгодог. Тиймээс л ”Худлыг мянгантаа давтвал үнэн болдог” гэдэг буй за. Давтах тусам тэр үг биежиж байдаг байх нь. Манай монголчууд мөн ”Хэлэхээс өмнө бодох, Хийхээс өмнө хэмжих” ч гэлцэнэ. Энэ зүгээр нэг холбоц мөр төдий биш шүү.
Үгийн энэ мэт шидийг дэлхийн бүхий л Шашнууд маш өргөн бас идэвхтэй ашигладаг. Бүх л мөргөл, өргөл, ерөөл, хараалууд шашин бүрд бий. Бөөгийн дуудлага тамлага ч мөн адил.
Тэр дундаа Бурхны шашин энэхүү үгийн эрчим, чадлыг жинхэнэ утгаар нь шавхан ашиглаж чаддаг санагддаг. Тэрхүү Тантрын тарниуд бол чухам бүхэлдээ асар хүчирхэг энергийн урсгал.
Товчхон доо ийм...
Хамгийн олон удаа давтагдсан нэн хүчирхэг энегитэй үгс бол тарни гэдэг. Тэр дундаа маань.
Эх болсон зургаан зүйлийн хамаг амьтан амгалан орштугай. Ум мани бадми хум...
Сэтгэгдэл 0
85798 14134
-
2017 оны 1 сарын 30
УДААХ УРВАЛТ
Гэнэтхэн Юсуф султаны мянгатууд хамгаалж байх учиртай зүүн жигүүрийн наагуур хөмөглөн халхалсан намхан дэнж дээгүүр саран сүлд сэрэлзүүлсэн морьтнууд бүрхэн гарч ирэв. Ар араасаа эцэс төгсгөлгүй цутган хөвөрсөөр буй тэдгээр морьтнуудын манлайд гил хүрэн хүлэгтэй, өндөр мөрөвчтэй давтмал ялтсан хуяг агссан махигар эр илд хуруйлан эргүүлсээр шунган давхих нь лавтай өнөөх бахричуудын тэргүүн Бундуктар аж. Чухам монгол, түрэг цустнууд л тийнхүү илдээ хуруйлах билээ. Түүний ард шар дэвсгэрт арслан сүлд нь тодхон харагдана. Тэгэхээр энэ цутган асгах морьтнууд бол Юсуф султаны хамгаалалт сэтлэн гарч ирсэн цохилтын цомхон анги биш, харин цөс ихт бахричууд голлосон Кутузын баруун жигүүрийн түмт бүтнээр болох нь. Бундуктар өдрийн Яамух Буурын довтолгоонд яйртал цохиулсан Кутузын баруун жигүүрийг аваад арагш хол шидэгдэн, тулааны талбараас гарсан билээ. Гэтэл өнөө гэнэт зүүн жигүүрээр хамгаалалт үгүй хоосон цулгуй газаар ирж буй мэт ийн хормын зуурт давхин гарч ирэх нь юуны учир билээ.
Тулааны талбарыг ажиглан Назарын өндөрлөгт зогссон Хитбух ноёнтон болон түүний нөөцөнд үлдсэн хэдхэн зуутынхан үүнийг үзээд ихэд гайхан цочирдов.
Саран сүлдэтнүүдийг тийн гарч ирэхтэй зэрэгцэн дэнжийн хойт үзүүр нийлэх Голиом уулыг бэллэн мөн хоёр морьтон цувралдан гарч ирлээ. Цогин ядаж буйг нь үзвээс морьд нь ихэд сульджээ. Тийн атал тэдний араас хорь гучин морьтон сүүл даран нэхэн гарч ирэх нь тэр. Нэхэгчдийн морьд хурдан, нэн даруй гүйцэх янзтай. Өнөөх хоёрын түрүүнд яваа нь дуулгагүй халзан толгой гялалзуулан, мориныхоо дэлэнд наалдаад, хүзүүг тэврэн явах агаад нуруунд нь зоогдсон хоёр сум гозолзон үзэгдэв. Шархтайгаа хамгаалан дагах нөгөөгийнх нь дуулганы оройд улаан соновтор зурвас харагдах нь лавтай Хөх тугийн монгол зуутан болов. Дуулгатан гэнэтхэн эргэж сум тавьсанд дөхөж явсан өндөр цагаан чалматай түрэг дайчин эмээлээсээ ховх үсрэн тэртээ хойно чулуудагдав. Чухам аймшигт ац зэвээр аянга мэт тийн харваж чадах нь Юсуф султантай хамт зүүн жигүүрийг хамгаалан байсан тавьт цэргийн ахлаач Хүрэлхү хошууч л билээ.
Хитбух ноётны зүүн талд зогсох Үлэмж мэргэн зүүн гараа дохих төдий Ажираа аравтан тэднийг тосохоор ухасхийлээ. Гэвч тэднийг хүрэхээс өмнө Хүрэлхү хошуучын хүлэг хөл алдан таварцаглан унав. Араас нь нэхэгчид завсар чөлөөгүй сум тавьцгааж байсан тул суманд оногдоо биз ээ. Хүрэлхү таварцаглаж буй мориноосоо жолоо хаян хөл дээрээ гүйлгэн буухад улаан соновторт нуман хөмсөгт болд дуулга нь сайр чулуунд хангинан дуугарсаар тэртээ холд өнхрөв. Тэгээд илдээ сугалаад хоёр гартаа бат атган баруун мөрөн дээрээ бариад, араас нь хошууран ойртож буй бахричуудын өөдөөс бөгтийн гүйлээ. Түрүүчийн морьтон мориныхоо буруу тал руу налан цавчсанд Хүрэлхү ноёнтон гэнэтхэн татсан нумын хөвч мэт гэдэсхийн цавчилт өнгөрөөх зууртаа мориных нь хөлийг нарийн шилбээр нь хянгардаж орхив. Ийн морины хөл хянгардахыг монголчууд тун амь тулсан, гарцаагүй эрс хэцүү үед л хэрэглэх билээ. Залгаж ирсэн хоёр морьтон баруун зүүгээр нь зэрэгцэн орж, түүний араас бас нэгэн урт жад сунган ирэхэд Хүрэлхү ноёнтон баруун талынхаа морьтны цавчилтыг дотроос нь өлж цохин, зүүнээс буух илдний ир дор хаалт тавьж өнгөрөөгөөд тулж ирсэн жадан дээгүүр “жад өнхрүүлөх” мэхээр гарч, жадаа даган бөгтийж явсан лал жадтаны ил гарсан шанаа хүзүү дагуулан эгэм рүү нь илднийхээ тэхий дунд ортол бүлж орхилоо. Тэгээд түүний морины хондлойгоор нуруугаараа эргэн буух завсраа илдээ далайсан нэгэн морьтны улаан суга руу тийрсэнд, лал дайчин илдээ ч буулгаж амжилгүй эвхрэн хийсэж буй нь харагдлаа. Төдөлгүй хорь гучин морьтон Хүрэлхү ноёнтныг нөмрөн авч, илд жад гозолзон, тоос манараад, хэрхэн тэмцэлдэж буй нь үзэгдэхгүй болоод явчихсанд баатар зоригт эрийнхээ бахтай сайхан тулааныг бахархан харж, дуу алдан эмээл дээрээ өндөлзөж байсан өндөрлөгийнхөн нам чимээгүй болж, хэрхэхийг зүрх түгшин хүлээлээ.
Ажираа аравтнаас нэг нь салаад түрүүлж явсан шархтныг тосон цулбуурдан эргэхэд бусад нь шуудхан өнгөрч илдээ хуруйлан шуугин давхилдсанд бөөгнөн бужигнаж буй олон бахри лалууд орилолдон ум хумгүй зугтацгаалаа. Тэгэхүй саях бачим тулааны ор мөр ил гарч, лавтай долоо найман хүн гулдайн үлдээд, Бэсүдийн цоглог хөвүүн Хүрэлхү хошууч хөл дээрээ илдээ атган торойтол зогсож эс харагдсанд өндөрлөгт харан зогсогсод бүгдээр харуусан шүүрс алдаж, гашуудан гашуудан халаглацгаав.
Хитбух ноёнтны нүдэнд Хүрэлхүгийн сэргэлэн цовоо нүд, үргэлжийн хошигнож, ёжтойгоор мушилзан байдаг хүүхдэрхүү царай нь харагдах шиг болсонд зүрхээр нь ширхийтэл хатган, дотор нь харанхуйлав.
- Ай халаг, ай халаг гэж... Хүү минь, Хөх тугийн их цэрэг эр минь. Ай халаг гэж, мянган дайчнаар ч солимгүй сортоо төгс дайчин минь. Яруу алдраа гүйцээж чадсангүй еэ. Даанчиг залуухан чи минь хэмээн гаслан гаслан өгүүлэв.
Хүрэлхү хошууч хорь дөнгөж гарч буй ч Хошууч хэмээх эрхэм алдраа Хүлэг хаанаас өргөгдсөн, аюулт хорон Уулын өвгөний бэрх хэцүү ичээ Аламут цайзын араар хаших өндөр сүрлэг хадат хэрмийн дээрээс гурван залуу дайчны хамт 70 алд аргамж залган буугаад, гэнэтхэн араас нь довтолж сандарган, хадан хаалганых нь оньсыг мулт цохиж чадсан, Багдад балгадыг довтолход баруун дүүрэгт нь хамгаас түрүүнд хүрээд гал тавьж бужигнуулсан авхаалж самбаа, эр зориг төгс, хожмоо хол ойрд алдраа дуурсгах их баатар эр болох нь гарцаагүй элдэвтэй шалмаг идэр залуу баатар билээ.
Энэ зуур тэртээ дор дэнж дээр Бундуктар хүрэн халзан морио эргэцүүлэн, илдээ занган захирамжилж, цэрэг ангиа хоёр хуваан давшуулсанд их хэсэг нь болох нэгэн түмтийг Кутузын зүүн жигүүрийг хумин, төврүү нь сүрэг хонь хашаанд хаших мэт бөөгнүүлэн шахаж буй Байдар ноёны мянгатуудын араас ухасхийлдэв. Харин Бундуктар өөрөө нэгэн мянгат илүү цэрэг дагуулан, Хитбух ноёны хараа их Хөх туг намиран буй Назарын өндөрлөгийн зүүн бэл өөд эргэв.
Хитбух ноёнтон хөмсгөө нумруулан, хөмхийгөө зуугаад, дэргэдээ байсан Начин баатарыг Байдар ноёны араас довтолгон буй бахричуудын түмтийг хажуугаас нь таслан хирчүүлэхээр довтлуулав. Начин баатар илдээ сугалаад “Тэрсүүд муусайн боолуудыг тэнгэрийн хүчээр ниргэсүгэй” хэмээн барим бүдүүн дуугаар бархирч, тэмээн бөмбөр нижигнүүлэн гурван зуутаа аван баруун налуу уруудан пижигнүүлэн тоосруулан буулаа. Тэд мянга мянгаараа довтолгон буй дайсны сүргийн хажуу хавирганаас сүрэг хонинд довтолгох хөх чоно мэт хүзүү сунган, эрээн хавиргат ятуун сүрэгт довтолгох эдлэг шонхор мэт жигүүр хумбин шунган дайрцгаалаа.
***
Нуруундаа сум зоолгосон нүцгэн толгойт эрийн сульдсан морийг хөтөлсөөр Ажираа аравтан цэрэг цогиулан ирэхэд дөрвөн цэрэг явгалан тосож, шархдсан эрийг эвлэн өргөж мориноос нь буулгаад мөрөндөө өргөн Хитбух ноёны өмнө хүргэв. Тэр бол Хонгирадын Элдэрдээ баатар байлаа. Баруун гартаа бат атгасан илднийх нь үзүүр газар зуран чирэгдэнэ. Тэрбээр Юсуф султаны хамт зүүн жигүүрийн цэргийг засалцаж байсан хэрэг. Хитбух энэхүү энэ мулзан толгойт бахим чийрэг эртэй хар багаас ижилсэж, олон ч бахтай сайхан ялалт дагуулсан дайн тулаанд мөр зэрэгцэн явсансан. Хитбух ноён мориноосоо үсрэн бууж, дуу алдан толгойг нь түшин авсанд Элдэрдээ баатар нүдээ нээв.
- Хит...бух, анд минь .... чи .... юу? Үгээ зөөж ядан өгүүлнэ. Хэлэх бүр завжнаас нь нөжирсөн цус бялдан гарч байлаа...
- Элдэрдээ, Анд минь. Даанчиг яавдаа.
Харцнаас чинь
Харьтны илд
Халирч далийгаад
Хальт тусдаг биш үү?
Эрэмгий зоригоос чинь
Эрчлэн ирэх сум
Эмээн халираад
Эвхрэн нугарч
Эгц өмнө чинь унадаг биш үү? Юу болох нь энэ билээ?
- Хитбух, анд минь чи сонс, ... Адгийн муу урвагч ноход л араас хутга шаадаг шүү дээ. Түүнээс Элдэрдээ би өврөөсөө хэрхэн сум зоолгох билээ. Юсуф ... Юсуф муу адгийн шарваач жингэр юм. Түү... нийг султан гэж үүнээс хойш бүү дуудтугай. Урваач, шарваачид зөвхөн муу нохойн нэр, муу нохойн үхэл зохино. Юсуф муу нохой... Бундуктарт урваж, цэргээ аван биднийг эргэж бүчин дайрав. Бэсүдийн Хүрэлхү хөвүүн, Жалайрын Самух өрлөг, бас Жалайрын Бужиндай бид тэр муу нохойн толгойг тасдан, Хөх Тэнгэрийн шүүлэг хийсүгэй хэмээн довтолсон ч тооны олонд бүчүүлж эс чадав. Тэнд байсан Хөх тугийн тавин эрс бүгд эр баатрын ёсоор илдээ тавилгүй цавчилдаж, муу нохдын сүргээс лавтай таван зууг тонилгож, лалын орных нь тамд таатай сайхан илгээлээ. Тэдний яруу алдрыг тэнгэрт ямагт дуурсгаж явах болтугай. Гэвч муу нохос цавчиж үл дуусах бөлгөө. Өнөө Юсуф муу нохойн гөлөг гурван мянган өлөн жингэрээ дагуулаад Бундуктарын ар сүүдэрт очиж хоргодов гээд түр амсхийв.
Хитбух баривгар хуруутай бахим гараараа Элдэрдээ баатарын толигор нүцгэн духыг нь илбэнэ.
- Хитбух, чи сонс. Чам лугаа...., Хитбух хэмээх энэ ертөнцийн нэгэн их баатар эртэй мөр зэрэгцэн, ертөнцийн харанхуйг илдний ирээр ярсаар энэ алс Ливаны наран шингэх хязгаар хүртэл давхилдсандаа Хонгирадын Дүүрэн сэцэний хүү Элдэрдээ би хувь заяа, тэнгэр бурхандаа мянгантаа талархаж явдаг билээ. Түүнээ өнөө чамд амжиж хэлэх гэж ирэв. Сэтгэл минь тэр билээ...
Хоолойг нь нөжирсөн цус бөглөхөд хахаж цацан хэсэг гацав. Тэгээд гүн амьсгаа аваад,
- Хитбух, баатар дайчин анд минь. Өчүүхэн миний сүнс Монголын их тал нутагтаа эргэж төрөөд, эрх таваараа исгэрэн дуулж явах болтугай хэмээн чи намайг ерөөсүгэй. Чи санаж байна уу? Арван гуравтай хөвүүд бид Их Хянганы хяраас Улзын урд ухаа хүртэл мянга мянган хүлэг агтас туугаад их талын нүд алдам уудмыг туулан давхиулж, дарвиж шуугиж явсансан. Эргээд тэндээ уулзацгаая. Эрхэм сайхан анд минь. Сайхан даа, Их тал нутаг минь. Өнөө намар цаг нутагт минь ирж буй. Өвсний толгой нь шарангуйлж, өндөр хөх тэнгэрт нь сэмжин үүлс... гээд үгээ гүйцээж чадсангүй, Айн-Жалудын орог саарал тэнгэрт эх нутгийнхаа сүүн ээдэм шиг сэмжин цагаан үүлсийг эрэх мэт бүргэд хурц нүдээ тэнгэр өөд тас ширтсэн хэвээр Элдэрдээ баатарын амь гарч, нутгаа тэмүүлсэн сүнс нь хүсэн санасан хөх Монголын их талын зүг нисэн одоод, хүчит баатар бие нь хөсөр гулдайн сулрав.
Ээ, хайран мину
Эрийн чинээ эр билээ, чи мину
Эгэм мөрөндөө бядтан билээ
Эртний ихэсийн үлдэл билээ
Ээнэгшин дассан анд мину
Ээ, элэг зүрх мину,
Эрслэх олон дайсан үзээд
Эргэж буцахыг үл мэдэн,
Эрчлэн шуугиж ордог
Элдэрдээ баатар мину
Нулимс мину, анд мину
Нугарч ер эргэдэггүй учир
Нуруу юугаа үл хуягладагсан,
Дуурсан эрчлэх илдтэй учир
Дуулга ер духдуулдаггүйсэн
Хайран хайран анд мину
Харь муу дайсан дунд
Харах нүдээ үл цавчин
Хатгалдан шунгаж ордог
Хатуу зоригт баатар мину,
Ай хайран анд мину,
Араандаа атаатнаа зуун төрсөн
Арслангийн зулзага юмсан, чи мину
Ар газар тоглож өссөн
Ажнай сайн хүлэг юмсан чи мину
Ай, анд мину, намайгаа юунд өнчрүүлэв хэмээн Хитбух ноёнтон Элдэрдээ баатарын зузаан хуйхтай мулзан толгойг элгэндээ тэврээд тэнгэр өөд дуудан дуудан ухилав. Тэгээд “Их Монголын Хөх тугийн дайчин цэрэг эр, Хонгирадын Дүүрэн сэцэний хөвүүн Элдэрдээ баатарын ариун сүнс нь Хөх Монголынхоо их тал нутагт саадгүй түргэн нисэн очтугай” хэмээн ерөөн загалмайлсанд бүчин зогссон олон баатар эрс түрэн нирхийлгэлээ.
Элдэрдээ баатар Тогучар хүргэний түмтэд багтан анхны алс аянд мордоод, Сартуулыг ихэд даралцаж, Тогучарыг буруудсаны хойно Зэв ноётны өмөгт очиж, Мухамед Шагийн зугтаж явахдаа чадлаараа хавчиж асан сүүлнийх нь үзүүрт гал асаалцаж явжээ. Түүнээс Муган, Курын алдар цуутай их тулаануудыг үзэж, хадан цохиот, мөсөн халилт их Кавказыг мориныхоо туруунд үхрийн шир углаж, шилбийг нь хөөврөөр хулдан байж даваад, арагш нь хаврын цасны уруй шиг нүргэлэн бууж, алан, куман тэргүүт зургаан үндэстний их цэргийг бут ниргээд, цаашлан Оросын их вангуудын тоолж үл барам их цэргийг Калк голын хөвөөнөөс Днеприйн дээд хүзүүвч хүртэл цувуулан хяргаж явсансан. Түүнээс нааш энэхүү Айн-Жалуд хэмээх армаг толгодын хөвөөг дагах бяцхан голд иртэл Элдэрдэй баатарын туулсан зам, тулсан дайсныг тоолж үл барнам.
Оросын вангууд, Булгар, Хивчагууд, Хар малгайтнуудын их хүчин Днепр мөрнийг уруудан давшихад мөрний гатлага хамгаалан үлдсэн Харачар мэргэний мянгатад үлдэж, гол хүчнээ алс зувчин ухрах цаг гаргахын тулд Орос, Хивчагийн нийлсэн есөн түмэн цэргийг нь гурав хоног тогтоон бариад, эцэст нь хүчин мөхөсдөж, бүгд тэр мөрний хөвөөнд өчүүхэн ч харамсахгүйгээр ясаа тавьцгаахад чухам долоон голтой догшин зээх мэт гуравхан цэрэг амьд үлдсэний нэг нь Элдэрдээ баатар юм. Тэд амьд тэсэн үлдээд зогсохгүй Эрэмгий Мистиславын цэргийн хүнсийг голд живүүлэн, хамгаалж явсан Оросын алдарт Иполит баатар, Хотян хааны дүү Исмалит нарыг баривчлан гар хөлийг нь хоньчлон дангинатал хүлээд, өвчүүн завины голд шидэж, Днепр мөрөн уруудан хоёр талдаа харвалдан зугтсаар, мэнд мултарч, Зэв ноёндоо ирж нийлсэн, ер элдэв хэцүү бэрх дайн тулаан, аян бүхнээс исгэх шарх ч үгүй гардаг тул хуяг дуулгыг үл тоох баатар нэрийг бардан байж авсан эрэмгий дайчин билээ. Энэ мэт түүний адал явдал, алдар гавьяаг нь тоолж үл барах бөгөөд хожмын өдөр Хөх монголын хөрслөг хөвүүд нь эрхэм сайн баатар эрсийнхээ эрэлхэг сайхан энэ мэт түүхийг үлгэр домог болгон өгүүлэн хэлэлцээд, бахдан баясан суух буй за хэмээмүй.
Ер тэр цагаас эхлэн Хөх тугийн их хүрээн дунд Элдэрдээ баатар хэмээн нэр түгэж эхэлжээ.
***
Ажираан аравтнууд эрэлхэг сэргэлэн сүнс нь хэдийнэ орхин одсон Хүрэлхү хошуучын арвантаа жадлуулж, хоринтоо сийчүүлсэн цогцсыг эгнээ жадан дээр тавьж, мөрлөсөөр хүрч ирэхэд Хитбух ноёнтон тосон очиж, цэлмэг тунгалаг харцаар ширтсээр буй сайхан хар нүдийг нь аниулан, зовхийг нь илээд, духан дээр нь үрээ үнэрлэх мэт хайрлан үнэрлэв. Цэл залуу Хүрэлхү хошуучын уруул завжинд өнөөх уужим ёжтой мушийлт нь тэр хэвээр царцаж үлджээ.
Адтай сэргэлэн дүү минь
Ариун сайхан сүнс чинь
Ар Ононгынхоо хөвөөнд
Ахин төрөх болтугай хэмээн Хитбух ноён мөн ерөөл өргөөд, Элдэрдээ баатарын хамт илдийг нь хоёрт гарт нь бариулан, элгэн дээр нь авхуулаад зэрэгцүүлэн алс Ливаны уулсын баруун үзүүрт агч Назар өндөрлөгийн оройд оршоов.
Энэ зуур Бундуктар цэргээ дахин засаж, Байдар ноёны араас ороон тойрохоор довтолж буй түмтээсээ нэгэн шилдэг мянгатыг салган Начин баатарын гань галзуу түрэлтийг саатуулан зогсоохоор тосуулсанд, хавцал өндөр хөндийн хоёр талаас шуугин орж ирээд мөргөлдөх уруйн их үер мэт хоёр цэрэг хоёр талаас шуугин хашгиралдсаар нижигнүүлэн тулав. Бундуктар өөрөө мянгатаа дагуулан Назар өндөрлөгийн урд бэл өгсүүлэн дөхөж буйг үзсэн Хитбух ноёнтон дэргэдээ үлдсэн хоёрхон зуутныг Үлэмж мэргэнээр манлайлуулан Бундуктарын мянгатын өөдөөс “Өвчүүг нь яртугай. Бид Бундуктарын зүрхийг сугална” хэмээн тосуулав.
Одоо Хитбух ноёнд Хөх тугаа хамгаалан хажууд нь үлдсэн Арсланхүлэгт баатарын тавин турхагаас өөр нөөц үлдсэнгүй, Кутузыг бүрмөсөн нуга дарахын тулд тэр бүх хүчээ шавхаад байсан билээ. Хэрвээ Юсуф султаны мянгатууд энэхүү зүүн жигүүрийг дахиад гурван мөчийн төдий тогтоон барьж чадсансан бол Кутузын гол хүчин болсон хоёр түмтийг Байдар ноёны мянгатууд зүүнээс нь ороон хашиж, Долдохур догшины мянгатуудын илдэн дор шахан оруулж байгаад үйртэл нь цохиж, цайтал нь цавчилж орхих байсансан. Тэгсний ард энэ Бундуктарын бахричууд юу ч болох билээ.
Үлэмж мэргэн үзүүр гарган довтолгох Бундуктарын мянгатын өөдөөс өөдөөс эгцлэн очсоноо давхил дундаа харвасаар зуут зуутаараа хоёр тийш ярагдан бүхийд Хитбух тавин турхагаа аван, өндөр Хөх тугаа жавхлантайгаар намируулсаар голд нь гарсан сиймхийгээр Бундуктарын “Зүрх сугалах”-аар ухасхийн дайран орлоо.
.
/Хэсэглэн авав/
Б.Номинчимэд
Тайлбар:
1. Айн-Жалуд хэмээх нэртэй өнөөгийн Израилийн өмнөд хэсэг, Иерусалимаас төдий холгүй газарт болсон тулаан нь 1260 оны 9 сарын 3-нд болсон юм. Уг тулаанд Монголчууд 10-15 орчим мянга, Мисирийн буюу Египэдийн Киарийн мамлюк тэргүүтэй лалын нэгдсэн хүч 30 гаруй мянган цэрэгтэйгээр тулсан бөгөөд Монголчуудын нэгэн жарны тасралтгүй ялалтын цувраа энд тасарч, 10 мянга гаруй монгол дайчид тэр элсэрхэг нугад ясаа тавьсан байна.
2. Хитбух - Хүлэг хааны тугийн жанжин, Найман овгийн, загалмайн нестор урсгалыг шүтэгч хүн. Сирийн захирагчаар томилогдон, Мисир хүртэл дайлах аянд бэлдэж байсан.
3. Юсуф султан - Сирийн султан, Монголчуудад дагаар орон, цэргээ авч, Хитбух ноёны нэг жигүүр болон Айн-Жалудад очсон ч маш эгзэгтэй мөчид урваж, тулааны хувь заяаг өөрчилөх нэгэн сэжүүр үүтгэсэн..
4. Бундуктар султан - Бибарс султаны нэр. Түрэг, хивчаг угсааны хүн.
5. Кутуз - Киарын анхны мамлюк султаны Айбегийн дотнын хүн байгаад, эзнээ алж төрийн эргэлт хийгээд Султан болсон хүн. Өөрийгөө Сартуулын Хорезм шах Мухамедийн угсааны хүн гэдэг байжээ.
6. Мөч - Монголчууд цагны дөрөвний нэгийг буюу 15 минутыг мөч гэж нэрлэдэг. Гурван мөч гэдэг нь дөчин таван минут болно. Мөн минутыг Хувь, секундыг Хурам гэх.
7. ”Зүрх сугалах” - Монгол цэргийн байлдааны нэгэн тактик.
-
2017 оны 1 сарын 23
“Монголын их баатар морилж ирэв” гэсэн цуугиан эртний их Дамаск балгадын дүүргүүдээр хормын зуурт тархав. Энэ бол IV жарны 54 дэх Цагаан бичин жилийн Хувь сарын шинэдээр, Загалмайтны 1260 оны 8 сарын эхээр, Хижрийн 658 оны Их мацгийн* сар дөнгөж дуусаад байсан үе...
Энэ цуугиан Дамаскийнхнийг загалмайтан, лал, сүфи, зарог дагагсад, онго шүтлэгтэн ялгалгүй, сири, мисир, жүүд, нүб, бухтен, семит, араб, перс, магриб бүгдийг хуу гудамжинд гаргаж, тэрхүү их баатар ирж мэдэх умард хаалга зүгт хошууруулжээ.
- Өвөг минь, та хурдлахгүй бол тэр дөчин жил хүлээсэн ивгээлт Гэгээн Давидийнхаа ач хүүг харж амжихгүй нь байна шүү хэмээн тэрхүү урсгалд яваа нэгэн хөвүүн эргэж хэлэв.
Ард нь өгцөгнөн амьсгаадан яваа, хатсан дал модны навч шиг үрчийсэн хорчгор өвгөн сөөнгө тамирдангуй хоолойгоор,
- Энэрэнгүй их Яхве** тэнгэр минь, миний энэ үдээр шиг хатсан хоёр хөл яаж ч хичээгээд үүнээс илүү гишгэж чадахгүй нь. Чи намайг орхиод түрүүлж үз. Би биш гэхэд ядаж чи түүнийг барааг харвал болно гэж уцаарлангуй өгүүлэв.
- Өвөг минь, би тэр монголыг хараад яанам...
- Тэр чинь монгол биш, бидний ижил зүс царайтай байх учиртай. Тийм үгүйг л сайтар хараад надад хэлээд аль.
- Тэд чинь бидэнтэй огт адилгүй ээ. Хоёр жилийн өмнө ч монголчуудыг энэ хотоор дайрч гарахад та бид харсан. Тэд биднээс огт өөр, харин ч буруу номтон, бузрын муухай мамлюк боолууд шиг юм билээ шүү дээ.
- Тэр хоёр жилийн өмнө ирсэн хүмүүс чинь эдний цэргүүд, гүрж, армян, түрэг, араб бүгд холилдсон эсэн бусын эрээвэр хураавар байв шүү. Одоо бол жинхэнэ их ноён нь ирж буй. Чухам хаад, их ноёдууд нь л жүүд хүн байх ёстой.
- Өвөг минь, тэр юу л бол... Эдний хаан Хүлэгийг гэгээн Константин мөн гэлцсэн биш билүү. Бас түүний хатан Докузыг гэгээн Елена л гэдэг. Нүдээрээ үзсэн Хезека хэлэхдээ тэднийг латинуудтай огт адилгүй, франкуудтай ч, грэгүүдтэй ч адилгүй, харин ч түрэгүүдтэй төстэй юм байна гэсэн шүү дээ...
- Хезека гэж муу худалч эр, түүнийг тэрхүү эрхэм дээдсийг харсанд би итгэхгүй байна. Харсан байлаа гэхэд түүний солир нүдэнд итгэмгүй.
- Өвөг минь, Дахиад дөчин жил хоосон хүлээхийн *** тулд ийн их зүтгээд яанам бэ? Тийм тавилангийн төлөө би энэ монголыг харж бишрэн залбирах биш харин ч нулиммаар байна.
- Эцэг чинь хэрвээ энд явсан бол чамд ингэж аймшиггүйгээр өгүүлэх хувь дутах байсан байх даа. Хөгшин намайг элэг доог хийж яанам гээд өвгөн зогсож, амьсгаагаа дарангаа ач хүүгээ өөр лүүгээ ойрт гэж дохив.
Үжирсэн модон таягнаас эмээсэн хүүг болгоомжтой ойртоход,
- Мунхаг хөвүүн, чи сонс. Би Давид гэгээнийг өөрийн биеэр ирж, хөөрхий жүүд биднийгээ ивээнэ хэмээсэн сургийг энэ хоёр дэлдгэрээрээ сонссоноос хойш дөчхөн жил хүлээсэн. Дөчхөн жил шүү. Харин миний жүүд ард түмэн мянган жил хүлээсэн юм шүү. Цаашид ч дахиад мянган жилээр хүлээж чадна.
- Тэгэж дэмий хүлээгээд яанам? Эздийн ташуур нуруун дээр минь мөн адил буусаар л байх болно. Нар жаргадгаараа жаргаж, нулимс урсдгаараа урссаар л байна. Юу ч өөрчлөхгүй шүү дээ, өвөө минь.
- Таван туйван бин хийгээд түүнээ зах дээр гаргаж нүхтэй хоёр дирхимаар өгнө гэж мугуйдалж зогссоор байтал бусад нь нэг хагасаар өгөөд ар гэртээ хоолтой, маргааш бин хийх гурил, цунхуйтай, бас бутархай зоостой ирэхэд тоос дарж, хатаж муудсан бингээс өөр юмгүй ирээд түүнээ өөрсдөө идэж, маргааш нь бин ч хийх юмгүй үлддэг ээжтэйгээ чи юутай адилхан зөрүүдийн дээр ойрын бодолтой хүү юм даа. Тэгээд ээж чинь маргааш дахиад л талхиулахаар цус сорогч муу Яхив эзнийх рүү гуйланчилж, царайчилж, гуринхалсан жингэр мэт шарваганан очдог байсан. Хэдэн зоос олдонгуут ширвэж оддогт нь Яхив түүнийг тийн буцаад арчаагаа алдан гуйж ирэх бүрд нь хөлсөө улам багасгадаг байв. Ихийг бодож дээгүүр сэвээд, ирэх цаг тулахад адгийн боол болон хамаг үнэтэй бүхнээс гудас болгон шидэж өгөхөд бэлэн эхийнхээ богино бодолтой мунхагийг нь л дуурайх юм даа.
- Та ямагт л үүнийг ярих. Харин таны энэ Жүүдийн их хаан эргэж ирж биднийг ивээнэ гэсэн хоосон итгэлээр өөрийгөө хуурч, нэгэн насыг дэмий өнгөрөөсөн тань ээжийн минь мунхаглалаас өчүүхэн ч дээрдэмгүй санагдах юм.
- Ийм л мунхаг хүү дээ. Жүүд бидний хүчин чадал чухам тэр цөхрөлтгүй хүлээлт, итгэл найдвараа ямар ч үед алдаж байгаагүй их тэвчээр тэсвэрт л байдаг юм шүү дээ. Бурхан биднийг хэзээ ч мартаагүй. Бурхан авралынхаа төлөвлөгөөгөө хамгаас чухалд үздэг хэвээр бий. Өнөөдрийн зовлонгоор тэр биднийг шалгаж, сорьж буйгаас биш шарваж, гээж буй хэрэг огтхон ч биш.
- Яагаад заавал жүүд биднийг шалгаж зовоож буй билээ? Тэд энэ мисирүүдийг яагаад шалгаагүй юм бол? Эсвэл энэ муусайн тэнэмэл бэдунуудыг...?
- Бурхан чухам биднийг л онцгойлон сонгосон учраас тэр шүү дээ.
- Өвөө минь, орой гэдэс минь хоол нэхээд унтуулахгүй зовоож байх үед жүүд биднийг тийн сонгосон бурханд үнэхээр ихээр гомдож, уйлмаар болдог шүү.
- Бурханд гомдож үл болно. Бурхан биднийг сонгосон гэсэн итгэл бидэнд байгаа болохоор бид мөхөөгүй юм. Тийм биш бол бид хэдийнэ байхгүй болохсон. Хеттүүдэд тийм хүлээх тэвчээр зориг дутсанаас л бурхан тэднээс нүүр буруулж, өнөө тэдний голомтон дээр үжир мод ёрдойн үлддэг болоод буй. Чи түүнийг хэзээ нэг ойлгоно доо, мунхаг ач минь. Ингэхэд чиний эх чинь хетт**** байсан гэдгийг чи мэднэ дээ.
Өвөө, ач хоёрыг ийн үгээр толхилцож байх үеэр гэнэтхэн олны урсгал ярагдсаар царгиа сөөнгө дуутай нэгэн зэрэгцэн ирэв. Жүүд өвгөн лугаа адил нэг гартаа үжир модон таяг тулаад, нөгөө гараа урагш нь сунгаж, өвдөг мөчийг нь модоор залгаж хийсэн мэт ойр ойрхон огцом огцом гишгэлэн, эргэн тойрноо өчүүхэн ч үл анзааран тэнгэр өөд чанга чанга аялгуулан хашгичиж яваа тэр хүмүүн бол дахин амилсан Их зөнч Амос***** хэмээгдэх тэнэмэл жүүд өвгөн байв. Үжирч гандсан хэвнэг нөмрөгийн сэг эцэнхий туранхай биедээ хэдэрчээ. Зөнчөөс үймсэн олон хазаж хайрах араатан яваа мэт зай тавин зэнзийрхэх аж. Түүний аялгуулах хэлэх нь энэ мэт...
- Ертөнцийн эзэн тэнгэр эцэг минь ээ, Харж байна уу, Та минь?
Ер бусын энэ гамшгийг би хэрхэн өгүүлэн барах вэ?
Туслаач Та минь?
Загалмайтан ван, баронуудын ухаан самуурч, мунхарч гүйцээд
Заяа тавилангийнхаа модны үндсийг ухахаар зэхэж байнам.
Яанам би,
Атаатантайгаа эвсэж, өштөнтэйгээ дарс тулгаж суугаад
Алт эрдэнэсийн эрэлд гарсан тэд хөөрхий байна,
Амтлах дарс нь гашуун байна.
Дармал алт эрдэнэс хэзээ ч олохгүй ээ, Та минь хэлж хайрла.
Дайчин зориг нь л харин хөсөр ойчих вий. Би харж байна.
Уршигт урвалтын өртөг төлж баршгүй еэ, өр төлөөсийг нь тэд
Уй гуниг, урсах цусаа ч шавхаад төлж дуусахгүй нь ээ...
Ариун шүтлэгт Загалмайт бүхэн энэ нутгаас мөргүй
хөөгдөх нь ээ.
Аяа нэгэн цагт, Сирийн тэнгэр дор бид ариун мөргөлийн
дуу хадааж
Авралт тэнгэртээ үнэн сэтгэлээсээ талархан залбирч,
загалмайлаад
Амтат жимс, тариа будаа юугаа хураан, хөгжилдөн хөөрч,
Амар жарган суулаа, гэвч өнөө тэр бүхэн зүүд байв уу хэмээн
Асгарах нулимсаа арчин байж алс өрнийн эргээс
ширтэж гиюүрэх нь ээ.
Аугаа их гэрэлт минь ээ? Аврагч их эзэн минь ээ?
Аяа, энэ үймсэн олонд юуг би чухам юуг өгүүлэх учиртай вэ?
Ямар гээчийн лай ланчиг вэ? Бузар урвалтийг
Таны нэрээр үйлдэж буйд
Ялгуун их ивээлт тэнгэр минь, Та юунд дуугүй оршино вэ?
Исүс загалмайд тарчилж, жүүд золбин нохой мэт
хөөгдсөнөөс инагш
Ийм мунхаглал энэ нутагт учралгүй мянган оныг элээжээ.
Зөнчийн чихэнд чийртэй царгиа чанга дууг сонссон жүүд өвгөн гэнэтхэн зог тусаж,
- Муу ёр, муу ёр. Цаг үргэлжид ад тэнгэрийн зардас болж явдаг энэ тэнэмэл ёрч л дутаж гэнэ. Үүнийг гаслан дуулахад гамшиг зовлон заавал дохиодог юм хэмээн цөхрөнгүй өгүүлээд түүний яваа зүгийн эсрэг эргэв.
Энэ үед олны шуугиан гэнэтхэн түрхэрэн давалгаалснаа нам чимээгүй болж, оронд нь бөмбөрийн нэгэн хэмийн намуухан атлаа захирангуй дэлдээ сонсогдсон нь умард хаалгаар өнөөх монголын их баатар ноён орж ирсэн хэрэг байлаа. Өвөө, ач хоёр олны дундуур шургалан зүтгэх гэсэн ч өчүүхэн урагш ахиж чадсангүй тул хүүг явуулаад өөрөө нэгэн цувраа баганын захад олны хөл дор сууж үлдэв. Олон үймэн бужигнаж, нааш цааш ханарна. Тэдний дээгүүр элдэв өнгийн туг хиур хааяа намирч үзэгдээд, урт морин жаднууд сэрэлзэнэ.
Хэн нэгэн чанга дуугаар “Ээ, Тэнгэр эцэг минь. Чин сүсэгт ариун гэгээн Хетум ван Таны их алдар мөнхөд бадартугай” хэмээн орилсонд нэлээд хэдэн хүн даган түрэв. Гэтэл өөр нэгэн “Хетум бол манай ариун загалмайг уруу нь харуулж залбирдаг буруу номтон шүү дээ. Ромын их Поп ламтан түүнийг шашнаасаа хөөснийг мэдээгүй хэрэг үү” хэмээн хариу хашгирах дуулдана. Бас “Бохимэнд вангийн алдар бадартугай. Аугаа их баатар тайж Херцлийн алдар бадартугай. Антиохын их хунтайж мөнх насалтугай. Аугаа их Армян Хетум мөнх насалтугай. Үзэсгэлэн гоо Левонт хунтайжын алдар..., Трифолийн гүнтэн...” гэх мэтээр орж ирж буй ихэс дээдсийг нэрлэн ээлж дараалан орилолдовч жүүд өвгөний хүсэн хүлээж асан өнөөх Дэвидийн ач хүүгийн талаар хэн ч хашгирч дуудсангүй. Өвгөн нулимс гүйлэгнэсэн нүдээ цавчилгүй олны дээгүүр ширтэж, хүсэн хүлээсэн нэрээ сонсоно гэдэгт итгэсээр суутал, шуугиан аажмаар хотын төв тийш алсарч, хөл үймээн ч тэр зүгт хуйлран, өвгөний сууж бүхий газарт ихэд шингэрэв.
Ач хүүгээ аахилсаар гүйж ирэхэд тэсэж ядсан өвгөн,
- За хүү минь. Алив, бушуу түргэн хэлж, удтал чилсэн сэтгэлийг минь сэргээгээрэй. Аугаа их Давид хааны үр удам...
- Өвөө минь, аяд. Тэнд тантай адилхан нэг ч хүн алга.
- Тэр ялан дийлэгч их ноён нь ирсэнгүй юу?
- Ирлээ ирлээ. Би бүр Турийн хамгаалах цэргүүдэд ташуурдуулан байж тэр ялан дийлэгч ноёнтны мориных нь омруун доогуур шургах шахан дагаж гүйгээд ирлээ. Тэр хүн чинь түрэг хүнтэй их төстэй хүн байна. Жүүдийн өчүүхэн ч цус алга. Үгүй ядаж хагас жүүд надтай төстэй юм өчүүхэн ч алга.
- Хэн тэр вэ? Чамтай юу гэж төстэй байх юм...
- Хэн байхав дээ. Тэр ялан дийлэгч монголын баатар ноён чинь л байхгүй юу. Түүнд жүүд хүнтэй адилхан зүйл ер хумсын төдий ч алга.
- Мунхаг хөвүүн чи андуураагүй биз. Өөр хүн хараагүй биз.
- Би юунд андуурах билээ. Тэр хүн чинь дэргэдээ хоёр их загалмайт ванг бараа болгоод, морин дээрээ ташаагаа тулж явна билээ. Мориных нь хажууд дагаж гүйсэн намайг хараад бүр инээж байв шүү.
Өвгөн ач хүү өөдөө арга тасран харж байснаа сая үнэнд гүйцэгдсэнээ мэдрэн, хатингар хоёр гараараа шанаан дахь хэдэн буурал хялгасаа үгтээгээд их дуугаар енгэнүүлэн уйлж гарав. Тоосонд дарагдсан үрчлээт хацар дээгүүр нь нулимс зам татуулан урсана. Хүү өвгийнхөө тийн уйлж эхэлсэнд гайхаш тасран харж зогстол өнөөх зөнч таягаа тэчигнүүлэн, дуугаа гэнирүүлсээр дэргэдүүр нь өнгөрөв.
Аз жаргалын умдааг өчүүхэн төдий дусаагаад
Агшин зуур царай юугаа юунд хувилганам бэ?
Тэнгэр эцэг минь ээ?
Үгүйлэшгүй их энэ мунхаглалыг надад үзүүлэхгүй гэхдээ
Үзэх хоёр нүдийг минь та юухнаар нэгтээ бүрхээ юу?
Юуг ч үл харж буйдаа намайг та баясан байна гэж найдсан уу?
Юутай их шаналлаар зүрх минь шатаж, цус минь
буцлан байнам бус уу?
Өнөө би та нарт шатаж буй зүрхнийхээ үгийг хэлж байнам.
Сонсоцгоо
Өш хорсол саруул ухааныг будангуйлж, сайн үйлийг
сарниулнам
Өнө мөнхийн ялалт, өнө мөнхийн ялагдал гэж үгүй ч
Өчүүхэн зуурт ялаад, эрин зуунаар ялагдахын гашууныг
мэдэх үү?
Тийм хувь тавиланг тэнэг мунхаг дээдсийн чинь төлөөнөөс
Тэнгэр нэр өнөө загалмайтан та бултад тохоон оноожээ.
Энэ нутгийн загалмайтан олны цус гол горхи мэт урсаад
Эгшиж хатсан хөрсийг нь хур борооны оронд умдаалах нь ээ.
Эрх хүчээ илтгэн саран тамга Сирийн тэнгэрийг тамгалахад
Эвлэж босгосон ариун сүмдийн гонхос ээлж дараалан нуран унах нь ээ.
Арслан зоригт эрсийн цогцос Акр, Турийн эргээс эхлэн
Алс Византи хүртэл далайн шорвог усанд угаагдах нь ээ.
Ариун мөргөлийн оронд гунигт дууг л зөвхөн гаслан дуулсаар
Ахиад энд хэрээслэх мөргөлийн дуун дуурсах хүртэл
зуун зуун үргэлжлэх нь ээ.
Зөнч сул гараа урагш дохин, сөөнгөтөн хашгирч явснаа цаад талын баганад очиж тулаад, тэмтрэн үзэж буйг харсан хүү,
- Энэ зөнч чинь сохор юм байна шүү дээ хэмээн чанга гэгч хэлэв. Өвгөн жүүд уйлахаа татаж, тоос, нулимсанд халтартсан үрчгэр нүүрээ өргөж,
- Мунхаг хөвүүн, чи сая юу хэлэв гэж гайхан асуув.
- Зөнч сохорчихжээ хэмээн хүү цовоо дуугаар дахин чанга гэгч хашгирчээ.
Өвгөний тоостой буурал сахлыг даган нэгэн дусал нулимс бөмбөрсөөр газар унасанд, пургисан сул цагаан шороо түүнийг агшин зуурт залгиж орхив.
/Хэсэглэн авав/
.
Зарим тайлбар:
Рамадан сар* - Лалын шашинтнуудын их мацгийн сар. Хижрийн тоолол нь сарны тоолол юм. Гэхдээ Монгол тооллын адил илүү сар гарган, Сар, Нарны тооллын тэнцүүлэх нь үгүй учир Хижрийн нэг жил, Загалмайн тооллын нэг жилээс тодорхой хэмжээгээр богино байдаг. Иймд Рамадан сар нь одоогийн нийтийн тооллын яг нэг тодорхой сард тогтож таарах нь үгүй
.
Яхве** - Эртний жүүдүүдийн гол шүтлэг тэнгэр
.
Дөчин жил хоосон хүлээх*** - Загалмайтны ээлжит аян дайн мухардаж, Мисирийн зүүн хаяа Дамиет хотноо загалмайтнууд бүслэгдэн, сандарч байх үе буюу 1220-иод онд Ойрхи Дорнод төдийгүй Европ дахинаа нэгэн их цуурхал таржээ. Дорно зүгээс загалмайн шашинт Давид хэмээх хаадын хаан болсон энгүй хүчирхэг нэгэн хаан их цэргийг дагуулан Лалын ертөнцийг хуйхалсаар ирж буй бөгөөд цэргийн толгойн ангиуд Мосүлээс таван өдөрчийн газарт Месопотамийн хил дээр ирээд байгаа, тэд тун удалгүй Багдадыг дайлж, Халифийн орд өргөөг Католик сүмийн тэргүүний өргөө болгох, наран шингэх оронд загалмайтныг ихэд мандуулан өргөх юм хэмээсэн энэхүү цуурхалд Европчууд ихэд үнэмшин машид баясан хөөрцөглөжээ.
Энэхүү цуурхалд Жүүдүүд юу юунаас ч илүү баярласан гэдэг. Учир нь нэгэн цагт Синайн цөлд сууж, бурханд алтан тугал өргөсөн Жүүдийн салж сарнисан олон овог аймгуудын нэгэн бол тэрхүү Дорно зүгийн загалмайтны нестор шүтлэгт овог аймаг бөгөөд тэр хаадын хаан болсон хүчирхэг Давид нь эртний жүүдийн их хаан Давидийн үр удам, Израилийн вангийн хүү бөгөөд хорвоогоор нэг хэрэн тэнэж яваа жүүд олноо чөлөөлөхөөр үдшийн орноо ирж буй хэмээн жүүд нар барим тавим итгэжээ. Тэгээд зогсохгүй Европ дахинд байсан жүүдүүд зэвсгийн зах зээлд байсан зэр зэвсгийг ихээр худалдан авч, удмын их хаанаа зэвсэглэн дэмжихээр бэлтгэж байсан ч баримт байдаг. Тэр нь илэрснээр европт жүүдүүдийн эсрэг хомроголосон их хядлага ч болж байжээ.
Энэ цуурхалын эзэн болох Давид нь чухам лалын шашны нэгэн хүчирхэг улс болох Хорезмийг дайрч асан Чингис хаан юм. Чухам тэр 1220-иод онд Чингис хааны өрлөг жанжид болох Зэв, Сүбээдэй нар Хорезм шах Мухамедийг гэзэг даран хөөж, Халифийн нутгийн хязгаар, Месопотамийн хил дээр ирж буудаллаад байсан хэрэг. Цуурхалд дурдагдсан Давид хааны өвөг, тухайн үеэс дал гаруй жилийн өмнө сарацинуудыг дайран бут ниргэсэн гэгдэх Иоханнес гэгээнтэн нь Хорезмийн улсыг ихэд дарсан эртний монгол угсаа хэлхээт улс болох Хар Киданы Юли Даши хаан байх магад юм.
.
Хетт**** - Загалмайн тооллын өмнөх II-I мянган жилд Бага Азийн дорнод, төв нутгаар, мөн умард Сири газраар нутаглаж байсан үндэстэн. Мөхөж үгүй болсон.) байсан гэдгийг чи мэднэ дээ.
.
Амос***** - Израиль түмнийг Бурханаас, Бурханы хуулиас нүүр буруулах бүрд Бурхан тэднийг залруулж илгээсэн гэгдэх Исаиа, Иеремиа, Хосеа зэрэг их зөнчдийн нэг. Их эрт цагт амьдарч асан.
-
2017 оны 1 сарын 09
Тэднийг ирэнгүүт нүүдэл хөдлөв. Гангийн униаранд бүүдийж улайсан нар хэдийнэ тонгойжээ. Өглөөхөн тунгалаг цэлмүүн байсансан. Тэмүчин, Хачиун хоёр морьдоо туун түрүүлэн одож, Өэлүн, Сочихэл хоёр эх, Тэмүлүн, Тэмүгэ Отчигон, мөн Хуагчин, Төөдүүл нар хэдэн богоо гилсээр араас нь дагалаа. Чөрхөлсөн хоёр үхэр тэрэгтэй ачаагаа ханцуйгаа бэлхэмжилсэн Бэлгүдэй хөтөлж, Хасар ачааны сүүл барин алхана. Оройдоо Тэргүүн Өндөрийг бэллэн өнгөрч, Гунын шилд гарч амжвал бууя хэмээн Өэлүн боджээ. Шинэ сэргэг буудал саяны гашуун дурсамжийг бага ч болов угаах биз. Тэгээд ч энэ буудалд нэлээд удчихсан байв.
Нүүдэл зугуухан урагшилсаар нар жаргах үед Тэргүүн Өндөрийн бэлд дөхөв. Хяр зоо газрын сэрүүн амьсгал сэнхийж, цээж саруулсгана. Шинэ бэлчээрт тэмүүлсэн мал шуухитналдаж, шинэ буудалд зорьсон багачуудын дуу цолгиун болж буй үед гэнэтхэн муухай бархирах дуун голын хөндий дүүртэл хадаж, бүхнийг цочоов. Тууж явсан морьд чихээ хулмалзуулан үргэж, ямаад сортолзон ийш тийш харж, моддын мөчирт суусан шувууд хүртэл дэрхийн нисэлджээ. Тэмүчин шаргынхаа жолоогоо дугтраад, эргэж харав. Хачиун тэр хоёрын саяхан туулсан торлог дундаас хэдэн ямааны эвэр сэрэлзэн, хойно урд нь орон гүйлдэх багачуудын толгой шоволзоно. Тэдэнд холхон зайтай бараа болон явсан хоёр эх уг чимээг сонссон бололтой, зогсзноод эргэн харж байв. Тэр сандруу бачим хашгираан ард үлдсэн ачааны зүгээс сонсогдсон ба Хасар, Бэлгүдэй хоёрын нэг тийн хашгирсан нь гарцаагүй.
- Хачиун. Морьдоо сайтар хоргоон бай. Хэрвээ сэжигтэй хүн үзэгдвэл даруй хөөн одсугай. Би эргэж юу болсныг үзсү хэмээн дүүдээ хэлээд нумаа гартаа авч, хошууны цаана үлдсэн Хасар, Бэлгүдэй хоёрын зүг яаран давхиулав.
***
“Бэлгүдэй” гэсэн сандрангуй дуунаар эргэж харвал тэдний мөрөөр дөрвөн морьтон довтолгон ирж яваа харагджээ. Бэлгүдэйг дуудаж сэр өгсөн Хасар ачааны ар дээр дарсан нумаа сандрангуй авч байв. Морьтнуудын малгайн оройг үзвэл Тайчууд бололтой тул зүсээ нууж явдаг адуу малын хулгайч, дээрэмчид биш болох. Гэвч Тайчуудаас бэргэн болгоомжлох нь ч зүйн хэрэг. Дэлэн дээрээ бөхийсхийн давхиулах тэдгээр морьтнууд нэлээн шургуу явааг үзвэл яавч жир хэргээр яваа бус. Бэлгүдэй ачаагаа зогсоон, эхний ачаан дээр байх түлээны том балт сүхийг шүүрэн барив.
Арын ачаан дээр үсэрч гараад алангир нумаа хэдийнээ дэлж амжсан Хасар,
- Зогс... Хэрэг зоригоо хэлэгтүн. Дахиад ойртвоос хоолойд чинь сум, хошногод чинь жад зооно шүү... хэмээн хашгирав.
Ачаан дээрх хөвүүний гарт хавчаахай биш алангир нум буйг, тэр бүү хэл хөвүүн алингарыг ханатал нь эвшээлгэчихсэнийг үзсэн морьтнууд эрхгүй жолоо татан зогсосхийв. Ширвээ сахалтай, шивэлгэр гэзэгтэй нэг нь манчуурга сагалдрагалсан гараа өргөж, алгуурхан урагшлах зуураа,
- Хөвүүн бүү яар. Бид ах дүү Тайчууд байна гэсэнд Хасар,
- Тайчууд та нарыг хэр сайн ах дүү болохыг би мэднэ. Ямар хэргээр яваагаа хэл. Эс бол Хасар миний эрхийний эрчийг үзэгтүн гэв.
Үүд хоймрын төдий ойртсон өнөөх эр арав гаруйхан настай Хасарыг өхөөрдөж буй мэт дүр эсгэн,
- Ха ха, хэмээн ихэд хөхрөөд - Есүхэй баатрын үр мөн дөө. Чи хэрэв Хасар юм бол чиний ах Тэмүчин, бас Бэгтэр нар хаана байна?
- Хотун Өрчэн, адууны муу хулгайч чамайг би танив. Есүхэй баатар эцгийг минь тэнгэр болсон хойно чи хүрэн зүсний таван азарга адууг маань хулгуулж одсон биш билүү?
- Хөвүүн өчүүхэн атал ах зах хүмүүстэй адил чацуу мэт аймшиггүй том үгсийг юунд хэлнэм. Эцэггүй хөвүүд, татамгүй урсгал адил гэж үнэн аж. Тэр адуун сүрэг Тайчууд түмнийх болохоос танай эцгийнх байгаагүй юм.
- Битгий худал хэл...
- Хүү минь... Хотун Өрчэн би баатар эцэгтэй чинь хамт байлдаж тулалдаж явсан Тайчуудын ихэс язгуурт нэгэн билээ. Өчүүхэн хөвүүн чамд худал хэлээд би хусмын төдий ч олз үл олохсон. Чамтай би олон үг хэлцэшгүй нь. Ах нар чинь хаана байна?
- Надтай үг хэлцсэний дараа ах нартай минь уулзана даа...
Хотун Өрчэн “Ха ха” хэмээн их дуугаар инээн эмээл дээрээ тогтож ядан буй мэт найган ганхах завсраа морио огцом давирвал сурцтай зэвт морь ухасхийв. Ийм овтой урьд учирч явсангүй Хасар гэнэджээ. Сумаа тавьсан ч Тайчуудын хашир дайчин эр инээх дүртэй гэдэн годон гэх зуураа хэдийнэ онилгооноос нь мултарч амжсан байв. Сум түүний бөгтийсөн нуруун дээгүүр тохой өндөр гарчээ. Хотун Өрчэн Хасарын зогсож буй үхэр тэрэгний баруугаар шурдхийн дайран гарахдаа цээжээ Хасарын эсрэг зүгт хагас эргүүлэн, урт суран оосортой манчуургаараа гарынхаа араар ширвэж орхисонд манчуурганы болцуут толгой саадгаасаа сумаа сугалж байсан Хасарын яг шанаанд тусав. Хасар ачаатай тэрэгний зүүн тал руу гулдайсаар унаж буйг хараад Бэлгүдэй голын хөндийг дүүртэл тийн их дуугаар бархирчээ.
Тэр бархирсан хэвээр урт хусан иштэй түлээний том балт сүхээ далайн ухасхийж, тэрэгний зүүгээр тойрон гарч ирсэн өөр нэгэн тайчууд эрийг яг эмээлийнх нь урд бүүргэн дээгүүр хусан цавчлаа. Тайчууд эр ган тохойвчоороо халхалж амжсан ч илд бус хүнд балт сүхний цохилтод тохойвч төдий хэрхэн тэсэх билээ. Төмөр харшилдахын хажуугаар шууны яс тасхийн хугарч, тайчууд эр орилсоор эмээлээсээ ховхрон унав. Ган тохойвчоор хааж амжсан тулдаа шуугаа тас цохиулах төдий шархдаж үлджээ. Бэлгүдэй хоёрхон дэгдээд Хасарын дэргэд очив. Түрүүлгээ харан гулдайн унасан Хасарын мөрнөөс татан эргүүлвэл хамар, амнаас нь тод хар хүрэн цус бултайж, манчуургадуулсан зүүн шанаанаас нь шингэн ухаа цус годгодон урсаж байлаа.
Бэлгүдэй дахин чоно мэт ухилан орилсноо сүхээ ишнийх нь үзүүрээс бариад толгой дээгүүрээ салхи хуйлартал даллан эргүүлэв. Газар унасан тайчууд эр салганан босоод хараахан тас үсэрчихээгүй тохойвчны төмөртөө торон үлдсэн баруун гараа санжуулсаар, Бэлгүдэйгээс холдохоор цусаа садруулан туйвлан алхана. Нөгөө гурав нь Бэлгүдэйг тойрон давхилдаж, нэг нь эмээлийн бүүрэгнээсээ хар толгойтой бугуйл мултлан задалж, Бэлгүдэйн сүхний эргэлтийг тааруулан шидэхээр анана. Түүнийг анзаарсан Бэлгүдэй бугуйл орхих боломж өгөхгүйн тулд тулж очихоор ухасхийсэнд бугуйлтай эр зайгаа хадгалахаар дөлж холдов. Тэгмэгц Хотун Өрчэн манчуургаа сагалдрагаас нь бариад дүүгүүр мэт хэд эргүүлснээ Бэлгүдэйн араас шидлээ. Бэлгүдэй ч сүхээрээ огцом ширвэн нисэн ирэх манчуургыг хажуу тийш нь хальт үсэргэж амжсан ч нөгөө талаас нь хар толгойт амгалж агаарт гогцооролдон ирээд цээжинд нь бэлхэмжлэн орчихов. Тайчууд эр бахтайяа исгэрээд бугуйлаа дөрөөвчлөн морио ухасхийлгэсэнд Бэлгүдэй гуд татагдан уналаа. Гэвч сүхээ алдсангүй, хуучин оны хөвсөлзсөн хөх өвсөн дээгүүр бөмбөрөн чирэгдэх зуураа сүхээрээ бугуйлыг таслахаар оролдоно. Хотун Өрчэн мориноос буун өвсөн дотор унасан манчуургаа авч, гурав дахь тайчууд эр ч шархадсандаа туслахаар явгалаад байв.
Энэ үеэр Бэлгүдэйг бугуйлдан чирч давхиж явсан эрийн өмнөөс Тэмүчин хошуу тойрон гарч иржээ. Тэр хашгирсан ч үгүй, чив чимээгүй дунд шаргынхаа дэлэнд хацраа наагаад давхил дундаа нумаа татав. Тайчууд эр арагшаа Бэлгүдэйг анхаарч явсан учир Тэмүчинийг эхлээд харсангүй. Хотун Өрчэн сэрэмжлүүлэн хашгирсан ч нэгэнт хоцорсон байлаа. Хоолойгоо нэвт харвуулсан эр гараа сарвалзуулсаар хойш унахад Тэмүчин дөрөөвчиндөө Бэлгүдэйг чирсээр давхих морийг нь цулбуурдан авч тогтоов. Бэлгүдэй эрчиндээ хэд өнхөрснөө босож, цээжнээсээ бугуйлыг мултлан газар шидэж, дээр нь уурсан дэвслэв. Тэгээд тайчууд эрийн моринд үсрэн мордоод, сүхээ дээр өргөн дайчин уухайг хөндий дүүртэл хадаажээ.
Өчүүхэн бяцхан, өнчин дорой хөвүүд хэмээн басамжлан, болгоомжгүй гоомой байж үл болохыг мэдсэн тайчууд шархадсанаа дүүрээд, ачаанаас холдон шалмаг түргэн гол уруудсанд, Тэмүчин, Бэлгүдэй хоёр төдий болтол хөдөлгөөнгүй гулдайн хэвтсээр байх Хасарын зүг ухасхийв. Мориныхоо гүйдэл дунд үсрэн буусан Тэмүчин,
- Хасар, Хасар... дүү минь гэсээр дэргэд нь сөхрөн суугаад захаас нь татан өндийлгөтөл Хасар өөдөөс нь өрөөсөн нүдээ нээн харжээ. Тод хүрэн цус ам, хамраас нь гарсан ч бага, харин шанаа нь хүрэнтэн нөжирч, цус их алджээ. Манчуургадуулсан тал нь овойн, нүдээ хүртэл хөөн хавдаад, нөжирсөн цус өвстэй хамт үсэнд нь ширэлдэн наалдсан байв. Өндийн суусан Хасар хэлээ булталзуулан завжинд нь наалдсан цусыг шилэмдэн долоосноо,
- Миний зүүн нүд хаана уначихав? гэж асуужээ.
- Хаана ч унаагүй..
- Уначих шиг л болсон доо. Яг бургаасны цог шиг урдуур үсрээд л явчихсан. Тэгвэл зүүн нүд маань яагаад харахгүй байгаа юм.
- Хавдартаа харахгүй байгаа хэрэг.
- Тийм үү. Гэхдээ л... Харвахад зүүн нүдний ч хэрэг юу байхав, тийм ээ?
- Чи босож чадах нь уу?
- Чадах байх, гэхдээ ам их хатаж байна.
Бэлгүдэй ачаан дээрх хөнөгтэй цэгээнээс гуулин шанагаар хутган авчирч өгвөл гүд гүд хийтэл залгилснаа,
- Цэл хүйтэн ус уувал сайхнаа гэлээ. Бэлгүдэй шанагаа аваад ойрхон хүржигнэн сонсогдох голруу гүйв.
Тэмүчиний араас Өэлүн, Сочихэл хоёр амьсгаа дээр гүйж ирлээ. Өэлүн Хасарын шархыг үзээд, ачаанд дарсан утаанд шарласан дээврийн эсгийнээс алга дармыг тасчин авч, Тэмүчинд “Шээсээрээ дэвтлээд ир” хэмээн өгөв. Тэгээд дотоод хормойноосоо цуулан, Тэмүчиний шээстэй утаа зуусан шар эсгийг шархан дээр нь тавьж боолоо. Бэлгүдэйн авчирсан шанага усыг шавхан залгилсан хойно Хасарын дотор овоо саруулсжээ. Өэлүн голын эргээр гүйн, таван салааны хэдэн навч, бас нэг уртлаг өвсний хамт авчирч,
- Шүлсээн бүү хая. Өвсний шим нисуун ч бүгдийг нь шим хэмээн Хасарын аманд хийв. Хасарын шарх аминаас хол буйд сая итгэн тайвширсан хойно Өэлүн эх,
- Энэ юун хүмүүс билээ? гэж учрыг лавлав.
- Тайчууд. Адууны хулгайч Хотун Өрчэн байна хэмээн Хасар мэдэн хэлсэнд,
- Хотан Орчаа...ан...? Тэр чинь Тайчууд турхагуудын тэргүүн шүү дээ. Юун адууны хулгайч билээ. Эртэй чадалтай, эрдэмтэй овтой, аюултай дайчин баатар эр. Хөвүүд минь түүний гараас өдий зэрэгтэй үлдсэндээ тэнгэрт талархвал зохино. Адууны муу хулгайч төдий бол түүнээс түм дахин аюулгүй... хэмээн Өэлүнийг хэлж бартал Сочихэл эх,
- Морьтнууд хэмээн хашгирчээ.
Гол өгсөн олон морьтнууд довтолгон ирж явлаа. Лавтай дөч гаруй... Сая довтолсон тайчуудын ар биз. Хотун Өрчэн тэргүүт гурван тайчууд хоёр нумын газар зогсоод тэднийгээ хүлээнэ.
Мөн сая алж алдсан тэд улам олуулаа болон гүйцэн ирэх аваас өчүүхэн төдий өршөөл үгүй. Арын хошуун дээр Хачиун, Тэмүгэ, Тэмүлэн нар гараад ирчихсэн, юу болж буйг сониучирхан дошныхоо аман дээр бөөгнөх мөндөл мэт шомбойн зогсоцгоож байв. Энэ бяцхан мөндлүүдтэй зугтаад хаа хүрэх билээ, дээшээ тэнгэр хол. Зувчин нуугдах газар хаа билээ, доошоо газар хатуу. Өэлүн хөвүүдийнхээ царайг харав. Тэмүчин түгшиж сандарсан, Хасар юу болж буйг огт үл ойлгосон байдалтай бол Бэлгүдэй баатарлан тулахад бэлэн, балт сүхнийхээ барим бүдүүн ишнээс бат чанга атгаж, нүцгэн цээжээ хүржигнүүлэн амьсгаадна.
Голын хойноос орж ирсэн модтой салаа дунд хэрээсээ битүүрэн, хавцал болж, балар харанхуй шугуй дээш үргэлжлэн нүүгэлтэнэ. Хүчгэнэ хулгана мэт тэр шугуй дотор шургаж амжвал сая нэг тайчуудын хатуу савраас мэнд мултарч магад горь Өэлүнд төрөв. Тэмүчин, Бэлгүдэй хоёрыг Хасарын хоёр талаас дэмнэн тэр битүүрэх хавцлын зүг гүй хэмээн зангаад, Сочихэлтэй хамт хоёр морь мордон багачуудын зүг давхив. Тэмүчин нар зүгээр явсангүй, ачаагаа задлан хамаг сумаа хаман хувааж үүрээд хавцлын зүг зүтгэх зуур хоёр эх гурван багыг дүүрэхийг нь дүүрч, сундлахыг нь сундлаад гүйцэн ирлээ. Төөдүүл, Хуагчин хоёр хэдэн богоо хөөн гол өгсөн одов. Гүйцэгдсэн ч Тайчууд тэдний амийг авах нь үгүй. Цөөн хэдэн бог тул авах ч үгүй, тэнгэр эзэнтэй гэгдэх хэдэн шарга агтыг бол тайчууд зүрхэлж эдлэхгүй.
Хавцлын өм өлгөөд балчруудыг Сочихэл эхийн хамт хавцалд улам шурган ор хэмээн дээш зүтгүүлэв. Өэлүн гурван хөвүүнтэй хавцлын аманд үлдэж, Бэлгүдэй тэр хавийн моддыг том багагүй балт сүхээрээ цавчлан, шивээ хаалт босгон завдаж байтал морьтнуудын түрүүч салааны өм өгсөн цогиулан гарч ирлээ. Тэдний магнайд мөнөөх Хотун Өрчэн явна. Энэ удаад тэр тун болгоомжтой болжээ. Ахынхаа усанд дэвтээсэн утаа зуусан шар эсгийгээр бин тавиулж, цэгээ болон ус ханатал залгилж, домч өвс зажилсан Хасар хэдийнэ сэргээд, Бэлгүдэйн босгож буй шивээний нэг зах дээр гарч ташаа тулан гаанайн зогсоно. Саяхан шанаанд нь манчуургаар гайгүй сайн сануулга өгсөн Өрчэнийг хараад түүнд хариу сануулга болгон дуут сумаар харвалаа. Агаарт шүгэлдэн исгэрсээр дуут сум Өрчэний морины яг хөл дор тусав. Газрын дээр буй тул Тайчууд Хасарын өөдөөс харваж үл хүрнэ. Сумаа тавьчихаад Хасар шивээ хуга таталж буй Бэлгүдэй рүү эргэж,
- Сум тавихад зүүн нүдний хэрэг үнэхээр үгүй аж... хэмээн бардамнав.
Шивээний нөгөө зах дээр Тэмүчин зогсоод мөн нумаа дэлжээ. Тайчууд зүрхэлж урагшилсангүй, зууртаа эрэгцэнэ. Арваадхан настай хэдхэн муу балчируудад хоригдсондоо Хотун Өрчэн хараал урсган, манчуургаараа дөрөөгөө цохилон унтуугаа дундалж байв. Төдөлгүй том борлог морьтой нүсэр бүдүүн эр бусад тайчуудаа дагуулан ирэхэд Хотун Өрчэн түүнтэй зөвлөлдөв. Тэр бүдүүн эр бол Тайчуудын тэргүүн Таргудай Хирилтуг аж.
***
Арав гаруй хоногийн өмнө Таргудай Хирилтуг дээр Жүйн Татарын Оргул нулимсаа савируулсаар нуугдаж зугтан иржээ.
Тэдний хотонд үүр шөнөөр үен мэт шалмаг, зээх мэт улайрган, өмхий хүрэн мэт догшин, баавгай мэт бяртай нэгэн гэтэн ирээд хоёр хөвүүн, эхнэрийнх нь хамт хороож, оронг нь шатаачихжээ. Оргул арга заль хэрэглэн арайхийн амь мултарсан гэнэ. Тэр аймшигт алуурчин бол Есүхэйн өнчин хөвүүн Бэгтэр мөнийг гарцаагүй таньжээ. Нарст уулын найран дээр намбайтлаа сууж байгаад буцахад шархадсан ирвэс мэт өш зангидсан тэр хөвүүн Оршун мөрний хөвөө хүртэл сэм дагаж, орон гэрийг нь олж очсон аж.
- Таргудай, чи сонс. Хэрвээ тэр аюулт хөвүүнийг эс хөнөөвөөс өнөө биш ч, маргааш Таргудай чи бидэн хоёрын хоолойг огтолж, хошийг сугалах нь лавтай буй за. Тэр алуурчин Бэгтэр бага хөвүүний минь хоолойг хирчиж байхдаа, дараагийн үнсээр хийсгэх голомт бол Тайчуудын Таргудай булхайнх болно хэмээн чамайг хэлж ядан байв. Таргудай чи хэдий хүчирхэг турхагуудаараа хүрээлэгдсэн ч өшилдөө улайрсан хүмүүнийг хэдий хүртэл хэрхэн хориглож чадах билээ. Одоо насан бага, өчүүхэн хэмээн түүнийг бүү басагтун.
Хорин нас хүрч,
Хотгор дам эргүүлж,
Өлөн цөөвөр мэт нөхөдтэй болж,
Өшилт хороо гүйцэд боловсруулсан цагт Таргудай чи түүнийг хэрхэвч үл хүчирнэ. Эцэг Есүхэйгээсээ гурвантаа чадалтайн дээр хөгшин чоно мэт хашир болгоомжтой аж. Төлгөн насанд нь төвөг багатай дарж эс чадвал тэнгэртэй тэрсэлдэж, газартай гацалдсан идэр насанд нь чи хэрхэн дийлэх.
Гүйцэд эс хийвээс
Гүзээг чинь ярах.
Дутуу дундуур үлдээвээс
Дунд чөмгийг чинь таших... хэмээгээд цамцаа сөхөн одоо ч цус шүүрсээр буй сүвээнийхээ шархыг үзүүлжээ.
Бэгтэрийн занал хорсол дүүрэн зэвүүн хүйтэн харц харагдах мэт болоход Таргудайн зүрх салганан чичирч билээ. Арван гуравтай гэхэд үнэмшимгүй биелэг, турлаг тэр хөвүүний гарынх нь сарвууг хараад зүрхшээж байсансан. Жүрхэний цуут Бүри бөх ч чухам арван гуравтайдаа ийм хүчирхэг сарвуутай байгаагүй биз. Бүри бөх бол ар зоондоо арван эрийн бяртай, атгалт шуундаа соёолон чонын зуулт мэт чадалтай ч арга заль мөхөс, атаа хорсол бага тул аюул бага хүмүүн. Гэтэл тэр Бэгтэр хөвүүн зөвхөн чадал тэнхээтэй төдийгүй заль мэх хэцүү, ухаан санаа гүйцэгдэмгүй, уур хилэн нэн арвин. Амар хялбар хуурагдах нь үгүй, ая эвд орох нь хол тул жинхэнэ аюул өсөн өндийж буй нь нэн тодорхой. Оргулын хэлдгээр өнөө биш ч маргаашийн нэг өдөр чухам тэр хөвүүнтэй өштөний учрах Өлийн давааны оройд тулах нь гарцаагүй.
- Оргул, чи энэ тухай хэнд ч үг бүү алд.
- За, гэхдээ чухам...
- Өнчин Бэгтэр ирж өшил хорслоо тайлан, өрх голомтийг чинь сүйрүүлсэн тухайд... Бэгтэрийг бүү хэл. Хэн нэгэн тэнэмэл, хийсэж ирсэн гай мэт ярьж явагтун. Олон үг хүзүү ороодог. Чи бидний хуучин хэлцээг хэн ч мэдэх ёсгүй. Энэ ганц Бэгтэрийн ч явдал биш биз. Есүхэйн хоёр том хөвүүний нас өнөө лавтай арван гурав хүрч, шүлс нь хэдийнэ шивэрч барагдан буй биз ээ гэжээ.
Таргудай Жүйн Оргулыг нэгэн аравтнаар хамгаалуулан буцаагаад, Есүхэйн өнчид хаагуур нутаглаж буйг тандуулахаар хашир тандуул гурвыг нууцаар ар араас нь илгээсэнд Ононы Гурван өндрийн тавилгана орчимд нутаглаж буйг мэдэж ирэв. Өнчид дангаар аж. Таргудай Хотун Өрчэнийг дуудан,
- Есүхэйн өнчин хөвүүдийн шүлс нь шивэрчихүй, хульхи нь гоожичухуй. Хурган насанд нь нугалан дарж эс чадваас Хотун Өрчэн чиний толгой ч цустаж, голомтийн чинь үнс ч хийсэж мэдэх... Итгэлтэй сайн турхагуудаа сэмээр бэлтгүүл. Хэрвээ тэр олби огтоно мэт Бэгтэр, Тэмүчин нар сэр авч ой шугуйд орж шургаваас олохуйяа бэрх болно гэжээ.
Тэгээд шилдэг сайн тавин турхагаа аян дайнд мордож буй мэт сайтар бэлдүүлээд дагуулан мордсон нь энэ билээ. Гурван Өндөрийн тавилгана орчимд дөхөж ирэхэд алингач нар нь нүүдэл хөсөг гол өгсөн өдөр дунд өнгөрч бүхий үед хөдөлсөн ба өнөөх айхтар Бэгтэр голын хэвийн улхан дээр үхсэн байдалтай буй гэсэн хачирхалтай мэдээтэй иржээ. Хүрч үзвэл Бэгтэр үнэхээр үхсэн байв. Айж мэгдсэн төлөвгүй амгалан тайван завилан сууж байгаад ар өврөөсөө зэрэг харвуулсаныг үзвэл алс холоос адууны хулгайч, атаатан ирж цочоосон нь үгүй мэт. Цогцос нь хэдүй хөрсөн ч нохой, шувуу зэрэмдэглээгүй нь хачин. Түүнийг ийн хөнөөх санаатан болоод чадалтан хэн билээ? Турхагуудаа тал тал тийш мөр шинжүүлэхээр явуулж, Хотун Өрчэнийг нүүдлийн араас мөшгүүлэв.
Тарж одсон турхагууд өөрсдийнхөөсөө өөр сэжигтэй мөр үзсэнгүй, улханаас холгүйхэн торолзгонын бутан дотроос зэвэндээ цустай хугархай сумаас өөр сэжүүр өлгөх эд олсонгүй тул энэ хэрэг лавтайяа Есүхэйн өнчид хоорондын явдал болов, эзэн нь Тэмүчин, Хасар хоёроос өөр хэн байх хэмээн сэтгээд, Өрчэний араас бусад турхагуудаа дагуулан довтолгосон нь тэр аж.
.
.
ГАВД ГАЦАВ
Таргудай Хирилтуг, Хотун Өрчэн хоёр хэрхэхээ хэлцэв.
Есүхэйн өнчин гурван хөвүүний байдал тийм амаргүй... Хасарын харвалт үе мөч нь гүйцсэн өлчир чийрэг турхагынхаас дутах янзгүй эрчтэй аж. Түүний зэвтэй хамт үхэл нисэн ирэх нь мадаггүй. Бэлгүдэйн бядыг, бас улайрган зоригийг сая хөсөг тэрэгний дэргэд Хотун Өрчэн хангалттай үзэв. Энэ бухан бяруу шиг хөвүүний хаана нь тийм их бяр нуугдаа юм бол гэмээр. Давхил дундаа харвасан Тэмүчиний зэв турхаг цэргийнх нь гүрээ хоолойг гарцаагүй онож, нэвт цохихыг ч харсан. Түүнээс илүү гайхаш төрүүлсэн нь Тэмүчин тулаанд гаршсан хэзээний хашир дайчин мэт өчүүхэн ч үг дуу, илүү үйлдэл үгүй байжээ. Хаягдаж гээгдсэн энэ хэдэн өнчдөд хэн тийм нарийн эрдмийг заасан хэрэг билээ. Хонхотан Мэнлиг нааш цааш нэлээдгүй явсан. Гэвч Мэнлиг бол туршлагат дайчин эр биш, ар гэрийн ая эвийг л зохицуулж сурсан төдий. Гэрийн зарц Төөдүүл тийм зүйл заамгүй. Хортой шазруун Өэлүн заагаа юу? Тийм эрдмийг тэр хаанаас, хэзээдээ сураа вэ? Охины өнгөөр гулладаг Олхунуд иргэд хэзээ ч сүрхий дайчид байсангүй шиг билээ.
Өрчэны хувьд тун ч бүтэлгүй болсон саяны хөсөг тэрэгний дэргэдэх тулгаралтад ялж чадсандаа хөвүүд бүр ч эрэм авсан биз. Хүчирхэг турхаг тэдний нэгийг алж, нөгөөг нь мөддөө, магадгүй дахин хэзээ ч илд барихааргүй болгож чадсан байх. Энэ өчүүхэн хөвүүдтэй ийм гарз хохиролтойгоор тулна гэдэг ёстой тэнгэр нь хаясан явдал болно. Хөвүүд ч эрэм авсан нь илэрхий, Бэлгүдэй нүцгэн цээжээ гялалзуулан шивээ шорлож, Хасарын цовоо дуу цангинан, Тэмүчин өмнөө сумаа багц багцаар нь арзайтал босгож буйг үзвэл эцсээ тултал тэмцэлдэх нь... Тэмүчиний дэргэд, шөрөг шивээний ард бас нэгэн хүмүүн нумны эвэр сэрэлзүүлэн нааш цааш болох нь магад Өэлүн биз. Тэр бамбараа харамнах өлөгчин бар шиг архирч чаддагийг Өрчэн мэдэх билээ. Бэгтэр үхсэн нь зол болж, хэрвээ тэр эдэнтэйгээ хамт байсан бол барж дарахад улам бэрх байх байж.
Тэднийг хааш нь ч гаргахгүй энэ хавцал гуунд нь битүүлэн түгжээд гурав хоноход нэг ч сумны гарзгүйгээр эд түрүүчээсээ гуринхлаад унаад өгөх нь тодорхой ч энэ өнчидтэй цаг үрж юу хийх вэ хэмээн тэр хоёр хэлцэв. Тэгээд Хотун Өрчэн урагш давшлан гарч, мончуурга сагалдаргалсан гараа өндөрт өргөөд,
- Хөвүүд та нар сонс... Ахыгаа, Тэмүчин ах аа бидэнд гаргаж өг. Бусад чинь бидэнд өт хорхойны ч хэрэггүй хэмээн хашгирав.
Хөвүүд үл ойлгосон шинжтэй таг чиг байсанд хэсэг харзнаад Таргудай урагшлан гарч Хотун Өрчэнтэй зэрэгцэж байгаад,
- Өэлүн чи сонс... Тэмүчинг бидэнд гаргаж өгвөөс та нарын ганц хялгас төдийг ч үл хөндөнө гэдэгт Таргудай тэргүүн би ам өгч байна хэмээн амьсгаадан бархирав.
Өэлүн шивээний цаанаас цээжээ лавхан цухуйлгаад,
- Таргудай, яагаад чамд Тэмүчин чухал болов?
Өчүүхэн насандаа
Өнчирч бүхийд
Өр лүү нь өшигчиж
Өшилд зуусан биш үү, чи...
Өлбөрч туйлбарахад нь
Үл тоосон биш үү, чи...
Өндөр хишигт суудлыг нь
Өмхий өгзгөөрөө
Өтөглөн бузарлачихаад
Өнөө юунд гэнэт
Өрөвдөн үгүйлэх болов, чи..
- Өэлүн бэргэн ээ... Чамтай би үг сэцлэх гэж ирсэнгүй. Хүндэтгэл үл мэдэх хөвүүнийг чинь жаал сургаж, засаглаж өгсү гэж ирлээ.
- Ачлан тэтгэх
Авга нь атал
Алан идэх
Араатан мэт, чи..
Аль үгэнд чинь итгэх билээ
Өргөн тэтгэх
Өмөг нь атал
Үтэр хэмхлэх
Өлөн буур мэт, чи.. Өнөө чиний үг сургаал хэрэг болно гэж юунд санаа вэ?
- Би танай Тэмүчин хөвүүнийг өчүүхэн балчир насанд нь өштний гараас өөрийн амийг ч үл хайрлан аварч, гэртээ авчраад ачлан тэтгэж, үрээ даага мэт сургаж явсан биш билүү. Тэгэхэд Өэлүн бэргэн чи өлмийд минь уйлан мөргөж, ачийг минь ямагт санаж явна хэмээн ачлалтай үгсийг булгийн усан мэт бургилуулж байсансан. Тэр сэтгэл чинь гантай зуны сайр байгаа юу, гашуун хорыг ундруулдаг болоо юу?.
- Хонхотаны хөвүүдтэй ёсгүй аашилж, ичих нүүрэндээ илэг наахаас буцахгүй болчихоод, гэгээн нарнаас дальдчиж явахдаа Таргудай чи шударгыг сахиж, Хонхотны талд илдээ өргөсөн Есүхэй баатар хан эрд маань нүүр олох арга сэдэж, харийн хүнээр хөвүүнийг минь хулгуулж, харин өөрөө аврагч болон тодорсон башир муухай санааг чинь мэдээгүй гэж найдаа юу? Өнөөдөр хөвүүнд минь чиний үг сургааль өчүүхэн ч хэрэггүй ээ... Хал балгүй холхон явбал тэр харин чиний тус тэр болно.
- Сайныг санадаг цээжийг минь
Самуун үгсээр сийчиж,
Үнэнийг хүсдэг зүрхийг минь
Үгийн муугаар үргэлж шархлуулах юм... Өэлүн бэргэн минь. Өнөө зутруу дорой яваагаа юуны учирт сэтгэнэм.
Хорон муухай санаа чинь
Хоолойг чинь ороож
Хормойг чинь тушиж,
Хошногыг чинь бөглөж байнам биш үү?
- Атаатнаа тулах мэт
Араагаа хүртэл хурцлаад
Агсарган яваа чинь
Арга ядсаных уу?
Цусанд шунасан цурхай мэт
Хотонд гэтсэн чоно мэт
Хурц мэсийг гялалзуулан
Хурдлан довтолж ирсэн чинь
Өчүүхэн бөөсөн хутга гаргах мэт
Өнчин хэдхэн хөвүүдийн араас
Хүчит турхагаа дагуулан
Хөөн гүйцэж ирсэн чинь
Сайныг санадаг цээжний явдал уу?
Үнэнийг хүсдэг зүрхний өчил үү?
Чиний үг хэзээ ямагт башир байдагсан.
Башир муу үгэнд чинь
Балчир хүртэл итгэхгүй ээ...
Таргудай Хирилтугийн дэргэд цаанаас бас нэгэн их биет эр ирснийг харсан Өэлүн,
- Аучу баатар. Таныг бас ийн яваад гайхаж баршгүй.
Боулихай муу хүмүүнд
Бодлогогүй юунд зүтгэнэм.
Есүхэй баатар, Аучу баатар хоёр
Ер нэг булны хоёр эргэцэгсэн..
Хар Татарыг хамтран дайлж,
Харь Алтаныг хиартал дарж,
Хашгирах дуунаараа нэгнээн цуурайлж,
Хангинах илдээрээ дэмнэлцэж явсансан.
Хэмхчүүлж унасан нэгэн тэнхлэгээ
Хэмхлэгч бул чулуу юугаар нь орлуулан
Хэм алдсан догонцоог дарах
Хэтэрхий ухааныг та хаанаас олоо вэ?
Өлжиг гархит илдээ
Үжир мунаар сольжээ.
Салхин зүсэгч Харцгайтан
Сарьсан багваахайтай нөхөцжээ...
Баатар идтний явдлыг
Барлаг боолынхоор арилжаад
Бахтай сайхныг үзэв үү, та?
Баясах цэнгэлийг олов уу та? хэмээн мөн дуудан донгодов. Аучу баатар омголон морио эргэцүүлэн баргар царайлан хариу үл өгөв.
Мөн Хотун Өрчэнд хандаж,
- Өрчэн, чи хэзээд уяаны нохой мэт явсан, өнөө ч хэвээр шив. Нохойд нохойны л үг таарна. Жов... хэмээн зандарсанд, Хотун Өрчэн доогтой хүйтнээр инээгээд,
Зуур замаас
Зувчиж ирсэн
Зуйгуул өлөгчинг
Зууж хаздаг л нохой доо, би хэмээн хариу барьжээ.
Яриа энэ байдлаар үргэлжилбэл эвгүйдэж мэдэх болсон тул Таргудай Хирилтуг яаран өлгөж аваад,
- За яахав. Өнөөдөр Тэмүчин хөвүүн чинь булай муухай хэрэг хийжээ.
Хавиргаа хазлах
Хавлан барс,
Дэгдээхийгээ хэмлэх
Дэлт муу ангир болсон биш үү.
Тэмүчин хүү чинь төрсөн ах Бэгтэрийгээ юуны учир алж хороов. Тэр ялыг түүнээс асуух нь тэнгэрийн ёс биш үү? гэв.
- Таргудай чи хэдийнээс тэнгэрийн ёс мэддэг болоо вэ? Бэгтэрийн эндсэн нь өнөөдрийн бага үдийнх атал хэдийд нь чи сонсчихоод хоёр өдөрчийн газраас салхи мэт хүрээд ирэв? Ганц үгний ард гарцаагүй баригдах худлаар тэнгэрийн ёсыг урин дуудна гэж чи юунд бодов. Хамаг Монголын хаан сууринийг гэгээн өдрөөр ч зүүдэлж явдгийг чинь дэргэдийнхэн чинь бүү хэл дэлхийн амьтад даяараа мэднэ. Хомхой чиний холын хүсэлд Есүхэй баатарын хөвүүд уул мэт тээглэж, ус гол мэт хөндөлдөх учирт шүдээ хүртэл зэвсэглээд шүлсээ савируулж яваа биш үү? Тэнгэр чиний санааг таалахгүй ээ.
Таргудай хэлэх үггүй мэт болоод, уурссандаа амьсгаа нь хурдан огцом болж, халуунд мэнчийсэн чилдгэр хүрэн царай нь улам чинэрэн улайгаад ирэв.
- Адуу толгойлсон гүү,
Айл толгойлсон авгай хоёрт хаая хүүе, хаа чуу хүртээлгүй гэдэг үнэн аж... Хорон үгт Өэлүн ээ, сонс чи. Чи хичнээн хашгичсан ч бид Тэмүчинг барихдаа л барина. Та нар наад хавцал гуундаа өөрсдөө шургаж орсон нь чухам бидний хүслийг бүтээхийн тулд аж. Гурван өдрийн дараа хөвүүдийн чинь балчираас эхлээд харангадаж унах үеэр Өэлүн чамайг хорон муу үгээрээ хөвүүдээ ундаалж чадах эсэхийг тэнсэн үзсүгэй. Тэр цагт тэнгэр чухам хэний талд буйг чамаас би асуумз...
Таргудайн үг үнэн байлаа. Яаран бачимдсандаа тэд өөрсдийгөө гуунд шааж, хавханд хавчуулж өгчээ. Энд хэр удаан тэсэх билээ. Маргааш орой гэхэд багачуудын түрүүч туйвалж эхэлнэ. Гантай зуны наран гашуун тохуутайяа жаргаж байв. Хөвүүд балчируудынх нь харангадан унаж буй сүүдэр нүдэнд нь харагдах мэт болоход Өэлүний өр зүрх урагдах шиг болжээ. Тэр саяын Таргудай нартай хэлцсэн үгээ ихэд гэмшин эрэгцүүлэв. Тэдний булхай явдлыг мянгантаа дуудан донгодовч тэр өчүүхэн төдий гэмших нь оргүй, ухааран хүлцэхийн завсар сий ч үгүй байв.
Буруу, дутуу ойлгож, мунгинан төөрч яваа хүмүүнд үгээр ухуулан, үнэнээр сэнхрүүлж болох ч угийн санаа буруу, төрөлхийн ёсгүй хүмүүнтэй ийн ил шулуун хэдэрлэн, үнэнийг тулган хүлцүүлэх гэж улайрган зүтгэх нь юуг ч үл өөрчлөх аж. Тэр төдийгүй атаа хорслыг нь бадрааж, уур омгийг нь дэврээж, зам мөртөө байсан өчүүхэн довыг өндөр байцат уул болгож ч мэдэх. Ээжийнхээ арга барагдан зогсож буй өрөвдөлт төрхийг үзээд Тэмүчин,
- Ганц миний төлөө бүгд эрсдэмгүй. Таргудай үнэхээр надаас бусдад үсний төдий ч үл хүрнэ гэдэг үгэндээ хүрэх бол энд дэмий хорголж суугаад яанам. Энд байваас гурван өдрийн дараа Таргудайн бахыг хангаж, баярыг хөөргөхөөс өөрцгүй биш үү гэв.
- Тэгээд яана гэж, үр минь. Харсаар байж чамайг харьтанд өгөөд явуулах гэж үү? Үзсээр байж чамайгаа өштөнд өрлүүлэх гэж үү? Үзсээр үрэгдүүлсэн минь одоо хангалттай. Үхэвч үрс та нартайгаа хамт байсугай...
Өэлүн нулимстайгаа хутган байж энэ үгийг хэлэв.
Эхийнх нь санаа дэндүү тодхон, тосон ирэх гашуун үхлийг хамтдаа угтахаар шийдсэн аж. Ингэж хулгана зурам мэт бултан зугтаж, бөжин туулай мэт бөлтөлзөн чичирч явсаар ханав. Өштнийхөө бахыг хангаад яанам, өршөөл эрэн сөгдсөнөөс үхвэл үхсэн шиг үхэе. Хачиун, Тэмүгэ, Тэмүлүн... Арван нас ч хүрээгүй ангарай хэдэн үрс л хэцүү. Гэвч хожмын өдрийн туулж үл гэтлэх доромжлол, боолчлолын зовлонг нь энэ өдрөөр эцэслэсүгэй.
Харин Тэмүчингийн цээжинд эхийн сэтгэлд тунарсан зовлонгийн хар нөжийг ганц биеэр үүрэн гарах хүслэн улам бадарчээ. Бэлгүдэйн босгож буй хороолж шивээний баруун хярын хадан дээр морьтойгоо мацан гарч чадвал цааш үргэлжлэх бяцхан хянга хамар даган тэртээ ард униаран дунд сүглийх Тэргүүн Өндөр өөд зулбан зугтаж болмоор... Найман шарга агтан дундаа дунд нарийн шарга нь уулын даваанд ухалзан зүтгэлэхдээ урамтайсан. Аюулт муу Тайчуудыг араасаа хууран дагуулсаар Тэргүүн Өндөрийн шугуйд хүрч чадвал хоргодон нуугдах газар бишгүй бий. Түрүү намар Бэгтэрийн хамт энд гахайн мөр даган ангуучилж ирсэн учир зам жим, битүү гогцоог нь бас гадарлах.
Тэгээд шийдэмгийгээр нарийн шаргаа хөтлөн Бэлгүдэйн битүүлэн шивээлж буйн баруугаар тулах хадны хэд нугаларсан үе өөд зүтгэв. Өэлүн хүүгийнхээ чухам юу сэтгэснийг үл ойлгон, гайхан харж байв. Бэлгүдэйгээр морины араас дэмнүүлж, Хасараар хадан үе дээрээс дэлнээс нь үгтээлгэн чангаасаар, нарийн шарга нь ч чухам юуны тулд тэрх хэцүү хадан үеэр зайн гарах болсноо мэдсэн мэт хүзүүгээ гүрдэлзүүлэн зүтгэсээр гарч чадав. Хадан дээр гарсан хойно мориндоо мордоод, төдий болтол тэдний үйлдлийг гайхан харсаар зогссон тайчуудын хор шарыг дуудан нумаараа даллан хашгираад хянга хамар барин Тэргүүн Өндөр өөд цогиулав.
/Хэсэглэн авав/
Б.Номинчимэд
-
2017 оны 1 сарын 03
-Хасар, Хасар... Чи хараач. Нааш ир, наашаа... Цагаан сугус... хэмээн Тэмүчин баярласандаа тэсгэлгүй хашгирав.
-
2017 оны 1 сарын 02
Утаа хүчрэгдэхээ байсны үндсэн НЭГ шалтгаан бол нийслэлд маань хүн амын хэт бөөгнөрөл бий болж, ачаалал хэрээс хэтэрсэн үзэгдэл. Үүний гайгаар УТАА төдий биш, ЗАМЫН ТҮГЖРЭЛ, ХӨРСНИЙ БОХИРДОЛ, ЦАХИЛГААН, ЦЭВЭР УС болон ДУЛААНЫ хүрэлцээгүй байдал, АЖИЛГҮЙДЭЛ гэх мэт олон сөрөг дагавар бий. Угаас энэ Дөрвөн уулын дундах зай маань хязгаартай, хоёр саяас хол илүү хүн суурьших боломж багатай.
-
2016 оны 12 сарын 23
- ”Мянгуужингийн үлгэр” уншвал Мянгуужин л болдог юм байгаа биз дээ. Ийм дэмий худал зохиол нэртэй юмыг хэвлэчихээд хүүхдэд зарж мөнгө олдгоо боль!!! Мэдээлэлжсэн, баримтжсан, илүү их рационалжсан технократ цаг үед амьдарч байгаагаа сана. Хий хоосон уран сэтгэмжийн зохиолыг хүүхдэд уншуулах ямар хэрэгтэй юм, ирээдүйг нь хорлох болно.
Өчигдөр нэг иймэрхүү байдалтай загнуулав. Тулсан үед дэмий л ”Би ямар архи, тамхи зарж байгаа биш” гэснээс өөр үг хэлж чадсангүй. Жаахан амьсгаа аваад хариу хэлэе гэтэл сонсоогүй учир үүгээр уламжильяа.
Юуны өмнө энэхүү ад үзэгдсэн ”Мянгуужингийн үлгэр”-ийн тухай товч дурдая.
Нэг нөхөр морьтойгоо намагт зоогдчихов. Ямар ч аврал байхгүй улам бүр шигдэнэ. Эргэн тойронд түүнд туслах хэн ч байсангүй. Байгаа гэвээс зөвхөн түүнийг алах дайсан л бий. Гэхдээ тэр маш хялбархан намгаас гарч чадсан байна. Яаж гээч... Үснээсээ дээш нь татаад л морьтойгоо намгаас гарчихаж байгаа юм.
Мөн нэг удаа их бууны суман дээр мордоод дайсны дээгүүр нисэж, тагнуулын мэдээ цуглуулаад буцахдаа өөрсөд рүү нь буудсан дайсны их бууны суман дээр сэлгэж мордоод хүрээд ирнэ.
Яах аргагүй намайг загнадаг хүний зөв гэхээр байгаа биз. Үснээсээ татахаар хэрхэн яаж намгаас гарах вэ дээ. Одоо үүнийг уншиж буй Та өөрийнхөө үснээс дээш нь үгтээгээд үз. Та суудлаасаа хөндийрөөд, таазанд тулах нь уу, үгүй юу? Хэтрүүлэн хүчилж байж хэдэн хялгасаа сугалчихав. Ёстой дэмий явдал болно.
Ерөөс байж боломгүй, хэнд ч ойлгомжтой дэндүү хэтрүүлсэн, худал яриа байгаа биз. Энэ бол Барон Мянгуужингийн яриа. Яах аргагүй ”Мянгуужингийн хөгтэй явдал” зохиолд иймэрхүү л юм гарна. Гэтэл энэ дэндүү худал хуурмагаар дүүрсэн зохиолыг дэлхий дахинаа хүүхдийн хошин шог зохиолын шилдэг бүтээлүүдийн нэгэнд гарцаагүй тооцдог.
ЯАГААД ГЭЭЧ...
Уран сэтгэлгээ, цагаахан хошигнол хоёр гайхалтай сайхан сүлэлдэн хосолсон учир.
Тэгвэл уран сэтгэлгээ юунд хэрэгтэй вэ? гэсэн асуулт гарна. Хүн төрөлхтнийг Хүн төрөлхтөн болгосон гол хүчин зүйл чинь чухам энэ уран сэтгэлгээ юм шүү дээ. Энэ уран сэтгэлгээ үгүйгээр хүн төрөлхтний хөгжил энэ түвшинд ирэх ямар ч боломжгүй. Чулуун зэвсгийн үед ч, өнөөдөр ч яг адилхан үүрэгтэй. Гал олоод, түүнээ ашиглаж сурахад, чулуугаар зэр зэвсэг хийхэд, ертөнцийн үзэгдэл бүхнийг төсөөлөн сэтгэж, үлгэр домог, элдэвийн үзэл ухаан гаргасан нь чухам уран сэтгэмжид суурилсан байдаг. Өнөөдөр ч Шинжлэхүй ухааны алив нээлт, техник технологийн ололтууд чухам энэ уран сэтгэмжийн үр хөврөл нь шүү дээ. Толгойтой үснээсээ үгтээгээд намгаас гарч болно гэдэгт яг таг итгэхдээ биш, харин ингэж урнаар сэтгэж, төсөөлж чаддаг чадвар нь хүн төрөлхтөнд гайхамшгийг бүтээх боломжийг өгсөн хэрэг. Байгаа зүйлийг яг байгаагаар нь хардаг, хүлээж авдаг, ойлгодог, хариу үзүүлдэг бол хүн төрөлхтөн аль хэдийнэ неандартальчуудын араас мөхөх байсан гэдгийг би биш эрдэмтэд судлаачид нь хэлж, нотолж байгаа.
Үе үеийн их нээлт ололтууд чухам уран сэтгэмжийн үрээр бий болж, тэр бүү хэл хатуу чанд логик, гаргалгааг нэхдэг математик хүртэл чухам уран сэтгэмжин дээр суурилж байдаг юм.
Өчигдрийн Кеплерийн түгээмэл ертөнцийн таталцлын хууль ч, өнөөдрийн майкрософтийн ололт ч, нано технологи ч мөн адил. Худал гэвэл Билл Гейтсийн хэр уншигч байсныг сонирхоод үзчихээрэй. Энд нэг ялимгүй зүйлийг анзаараарай. Өмнөх өгүүлбэрт ”Өчигдрийн Кеплер” гэж бичсэнийг. Уг нь Кеплер бол юун өчигдрийн хүн бэ, аль дундад зууны хүн шүү дээ. Юмыг шууд ойлгодог хүнд бол Кеплер өчигдөр буюу нэг өдрийн өмнө тэр хуулиа нээсэн гэж ойлгох нь. Тийм л ядмаг, бас мухар, хязгаарлагдмал, хэт баригдмал. Харин ”Өчигдрийн Кеплер” гэдгийг өгүүлбэр дотор нь харвал өнгөрсөн аль нэг цаг дээр гэж шууд ойлгогдоно. Үүнийг ойлгоход чухам өнөөх уран сэтгэмж чинь хэрэг болдог. Уран сэтгэлгээ хөгжсөнөөр, тухайлбал намагт шигдчихээд үснээсээ үгтээгээд гарчихаж болох тухай төсөөлснөөр сэтгэлгээ маш уян хатан болж, төсөөлөн бодох чадвар хөгжинө гэсэн үг. Тэр хэмжээгээр сониуч байдал нэмэгддэг юм. Мэдээж хэрэг энэ Мянгуужингийн үгэнд шууд итгэж буй бол тэр жинхэнэ ямар ч авралгүй тэнэглэлийн шинж. Тэгэхээр таны хүүхэд ”Мянгуужингийн үлгэр” уншаад Мянгуужин болохгүй, харин уран сэтгэх чадвар хөгжиж, сэтгэлгээ уян хатан болж, сониуч зан төлөв бэхжинэ. Тэр хэмжээгээр олж, нээж, танин мэддэг. Юу ч сонирхдоггүй нь нэг бол бүхнийг нээчихсэн, амьдралыг туулж, гэтэлчихсэн нэвтэрхий ухаантаны шинж, эсвэл оюуны хомсдолтой тэнэгийн илрэл байдаг.
Энэ уран сэтгэмж дээр цагаахан хошигнолын нэмчихээр юу болох вэ? Хүний оюун ухааны чадамжийн хамгийн яруу тод илрэл нь хошигнол байдаг юм шүү дээ. Наад захын хошигнол ойлгодоггүй, наад захын уран сэтгэмжгүй хүн бол роботоос өөрцгүй. Тийм хүний хажууд амьдрах гээд үзээрэй, хичнээн уйтгартай, хичээн бачуу, хичнээн харанхуй...
Ингэхэд үхэр бууны суман дээр суугаад нисэж болно хэмээн төсөөлөх нь уран сэтгэмжийг өдөөж өгч буй хэрэг, бас хошигнол ч байна.
Харамсалтай нь уран зохиолоос мөнгө тоолоод авчихтай адилхан шууд ашиг хардаг сэтгэлгээ бол яах аргагүй оюуны хомсдол л юм даа. Өөрөөр илэрхийлэх боломж алга. Юун мэдээлэлжсэн, баримтжсан, илүү их рационалжсан технократ орчин үеийн хүн бэ? Балар эртний неандарталь хүн гуай л гэе.
Дашрамд далимдуулаад Мянгуужингийн тухай товч танилцуульяа.
Ингэж санаанд багтамгүйгээр худал түүх зохиож ярьдаг хүнийг Мянгуужин, тийм худал түүхийг ”Мянгуужингийн үлгэр” гэдэг. Манай бичгийн утга зохиолд төдийгүй аман ярианд ч ийнхүү зүйрлэх хэлц үг хүртэл бий болжээ. Уг нь энэхүү нэр германы Манхаузен (Munchausen) хэмээх үг бөгөөд манай ахмад орчуулагчид Мянгуужин хэмээн монголчилж, өөриймшүүлсний үр дүн... Мянгуужин бол сайхан залдгаараа Далан худалч Бэлэн Сэнгээ л гэсэн үг. Далан худалч маань илүү ч уран хошин байж магад.
Мянгуужин нь бодит хүн юм. Түүнийг Отто Фон Манхаузен гэдэг байжээ. Барон буюу өндөр язгуур угсаатай тэрбээр XVIII зууны дундуур Германд амьдарч, Орост цэргийн алба хааж, Түркүүдтэй байлдаж, адал явдал дүүрэн амьдрал туулсан бөгөөд нутагтаа эргэж ирснээс нь хойш түүний адал явдлын талаар хошин үлгэрүүд гарч эхэлжээ. Гэхдээ эдгээр үлгэрийг өөрөө бичдэг ч байсан байж магадгүй юм. (Энэ тохиолдолд уран сэтгэмжгүй нэгэн бол Отто Фон Манхаузеныг үнэхээр балай худалч хүн юм аа, ийм юм бичиж байдаг гэж харна. Харин уран сэтгэмжтэй нэгэнд бол тэрбээр нэн их хөгжилтэй, наргианч гайхалтай ховорхон оюун сэтгэлгээтэй хүн харагдана). Юутай ч тэр үед амьдарч байсан Германы зохиолч Р. Э. Распэ (1736-1794) эдгээр адал сонин түүхүүдийг эмхэтгэн, баяжуулж “Барон Мянгуужингийн бодол санаанаасаа ургуулсан түүх” нэртэйгээр хэвлүүлсэн нь тун хурдан амжилтад хүрчээ. Энэ ном XVIII зууны хоёрдугаар хагасын Германы утга зохиолыг хөгжүүлэхэд үлэмжхэн хувь нэмэр оруулсан төдийгүй дэлхийн хошин шог зохиолын шилдэг бүтээл болсон байна.
Энэ ном нь ЭРДЭНЭСИЙН САН цувралын 19-р боть болж, дэлхийн бусад хошин шог зохиолтой хамт хэвлэгдэв.
Энэ ботид орсон хошин шог зохиолууд
- МЯНГУУЖИНГИЙН АДАЛ ЯВДАЛ
- МОЛЛАГИЙН ХӨГТЭЙ ЯВДАЛ
- СЭЦЭН БИЙРБАЛ, ИХ АКБАР ХОЁР
- ТИЛЬ ОЙЛЕНШПИГЕЛИЙН ДОМОГ
- КИМ СОН ДАЛИЙН ЯВДАЛ
- ТҮШМЭЛ ЖАМБААГИЙН ХӨГТЭЙ ЯВДАЛ
- БЯЦХАН ШУЛАМ