
2006 онд УИХ Ашигт малтмалын тухай хууль баталсан. Үүний дагуу 2007 онд УИХ-аас стратегийн 15 ордыг төрийн мэдэлд авах тухай тогтоол гаргасан нь биелээгүй, үүнд Засгийн газар хариуцлагагүй хандсан гэж ажлын хэсгийнхэн дүгнэжээ. Л.Гүндалай гишүүний хэлж байгаагаар анх УИХ 6000 гаруй ордыг стратегийн ордод оруулна гэж байсан ч тэр нь 63, дараа нь 40, одоо 15 болчихоод байгаа аж. Эдгээрээс Оюутолгой ганцаараа эдийн засгийн эргэлтэнд орох гэрээ хийгдчихсэн байгаа. Гэсэн ч тус ордын лицензийг эзэмшдэг Р.Фрийдланд Монголын ордыг Канадын “Рио Тинто” компанид зарчихсан байгааг Д.Ганхуяг гишүүн сануулсан юм.
УИХ-ын Тамгын газраас зарим гишүүдийн хүсэлтээр Оюутолгойн орд монголчуудад хэр ашигтай талаар судалгаа хийжээ. Энэ судалгаагаар монголчуудад ямар ч ашиггүй гэсэн дүгнэлт гарсан байна. Харин ч Монголын Засгийн газар 2 тэрбум ам.долларын адагдалд орох болоод байгаа аж. Үүний хариуцлагыг АН-ын гишүүд Засгийн газар, ерөнхий сайд хариуцах ёстой гэв. Өмнө нь УИХ-ын есөн гишүүн Оюутолгойн гэрээг цуцлах эсвэл өөрчлөх ёстой гэж ерөнхий сайд С.Батболдыг огцруулах санал гаргаж байсан билээ.