
-Н.Энхбаярыг баривчилж байгаа дуудлага анх дуудлага хаанаас ирсэн юм бэ?
-Дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 20.00 цагийн үед ЦЕГ-ийн шуурхай удирдлагын төвийн 102-т иргэнээс дуудлага ирсэн байгаа. Тус иргэн “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Удирдлагын академийн хойно байрлах Мянганы сорил сангийн хашаанд МАХН-ын дарга Н.Энхбаярыг гэртээ ороход нь буугаар зэвсэглэсэн хэдэн залуус машиных нь цонхыг хагалаад байна” гэж өгсөн байгаа. Дуудлагын дагуу хөдөлгөөнт эргүүл, Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид газар дээр нь очиж ажилласан. Манай алба хаагчдыг очиход АТГ-ын ажилчид шүүхийн шийдвэрийн дагуу Н.Энхбаярыг ажиллахаар ирсэн гэдгээ хэлсэн. Гэтэл тэнд байсан 40 орчим иргэд болон Н.Энхбаярын хамгаалагчид эсэргүүцсэн. Мөн галт зэвсэг хэрэглэсэн асуудал яригдаж, машины цонх хагарсан байдалтай байсан. Тиймээс тэнд очсон Хан-Уул дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүнээс АТГ-ын алба хаагчийн буунг хураан авч, тус ажилтанг тусгаарлаж, цагдаагийн машинд оруулах арга хэмжээ авсан.
-Цагдаагийн биед халдсан асуудал гарсан уу?
-Цагдаагийн алба хаагчдын биед халдсан асуудал нэлээн гарсан. Тухайлбал, хоёр цагдаагийн алба хаагчийн толгойг хагалсан байгаа. Мөн БНН-ын дарга Б.Жаргалсайхан цагдаагийн алба хаагчийн эрх чөлөөнд халдсан. Тиймээс уг асуудлыг үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг