
Өнгөрсөн долдугаар сард дэлхийн зах зээл дээр хүнсний бүтээгдэхүүний үнэ эрс нэмэгдсэн талаар НҮБ-ын Хүнс болон хөдөө аж ахуйн байгууллагаас мэдээлжээ. Судалгаагаар ийм төрлийн бүтээгдэхүүний үнэ хөөрөгдөх болсон гол шалтгаан нь үер, ган гачиг нүүрлэснээс үүдэлтэй гэнэ. Тодруулбал, Бразилид бороо орж, Австралид ган гачиг болсон нь хүнсний үнэ өсчээ.
НҮБ-ын онцолсноор үнийн өсөлт зарим улс оронд эмх замбараагүй байдал үүсэх нөхцөлийг бүрдүүлж байна. Дэлхийн зах зээлд үр тарианы үнэ ойролцоогоор 17 хувиар, элсэн чихрийн үнэ 12 хувиар өсөөд байгаа. АНУ-ын хувьд хэт халуун байгаа нь эрдэнэ шишийн ургацад нөлөөлж байгаа гэнэ. Тиймээс өнгөрсөн долдугаар сард эрдэнэ шишийн үнэ 33 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тэгвэл цагаан будаа, сүү болон сүүн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа аж. Харин махны үнэ 1.7 хувиар буурчээ. Баруун болон төв Африкийн зарим оронд мөн хүнсний үнэ өссөнөөс 18 сая хүн үүнд өртсөн аж.
Э. Индра