
Монголчуудын тэнгэрлэг уул хэмээн тахин шүтдэг Отгонтэнгэр уулын бэлд Ш.Сайхансамбуу олон тэрбумын үнэтэй алтан бурхан бүтээлгэж эхэлжээ. Өмнө нь БОАЖ-ын сайд асан У.Барсболд Отгонтэнгэр уулын бэлд Богд Очирваань бурханы дүрийг бүтээж, нэр алдраа мандуулж байв. Харин Ш.Сайхансамбуу эрхэм чухам ямар бурхан бүтээлгэж буй нь тун нууцлагдмал байгаа аж. Тэрбээр Очирваань бурханы дээхэн талд тусгай хамгаалалттай бүсэд хоёр гэр бариулын урчуудыг цуглуулжээ. Гэхдээ жуулчид болон гадны хүмүүсийг гэрт ойртуулахгүй байгаа гэж нутгийнхан, түүгээр дайрсан аянчид ярьж байна. Учир нь шинэ бурханы хэлбэр, хэмжээ, хэчнээн кг алт орсон гэдгийг тас нууж, ямар нэртэй бурхан бүтээж байгааг ч чандлан нууцалж байгаа аж. Мөн хэзээ хийж дуусах нь ч тодорхойгүй байгаа гэнэ.
Сүүлийн үед Монголын баян бизнесмэнүүд ийнхүү бурхан бүтээлгэж эхэлсэн нь цаагуураа бас нэгэн өрсөлдөөн юм. ЗТБХБ-ын сайд асан, одоо дахин үйлдвэрлэлийн сайд болох гэж буй Х.Баттулга гэхэд л Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Өгөөмөрийн аманд Богд хаан уулын энгэрт Өндөр гэгээн Занбазарын бүтээсэн Майдар бурханыг 554 метр өндөртэйгээр бүтээж байна. Майдар бурханы ард дэлхийн хамгийн өндөр 108 метр цагаан гантигаар Гаадангийн суварга босгож Гиннесийн амжилт эвдэхээр төлөвлөж байгаа юм. Энэ төсөлд тэрбээр олон тэрбумыг зарцуулсан ч жуулчдыг татах арга хэмээн сэтгэл өег байгаа билээ. Харин Ш.Сайхансамбуу завханчууддаа буян болно гэж бодсон уу, дараагийн сонгуульд өрсөлдөх нэр хүндээ өсгөхөөр ийнхүү мөнгө хаяж байна уу гэдэг нь тодорхойгүй байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)