
Хонконгийн цагдаа нар энэ сарын 11-нд “Триада” хэмээх тусгай ажиллагаа явуулж 90 хүнийг баривчилжээ. Тэдгээр хүмүүсийг зохион байгуулалттай гэмт хэрэгт сэжиглэж байгаа гэнэ. Саатуулагсад 14-73 насны хүмүүс байсан байна. Тэдний 16 нь эмэгтэй байсан бөгөөд бүгд Хонконгийн иргэд байжээ. Тусгайгийнхан хууль бусаар казино ажиллуулж, хар тамхины бизнес эрхэлж байсныг илрүүлсэн байна. Гэмт этгээдэд нэгжлэг явуулах үед хар тамхи, их хэмжээний бэлэн мөнгө, брэнд шошготой хуурамч дарс зэргийг илрүүлсэн аж. Дашрамд дурдахад Хонконгийн цагдаа нар өнгөрсөн долдугаар сард мөн ийм ажиллагаа явуулж 130 хүнийг баривчилж байсан юм. Хууль сахиулагчид дээрх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхээс татгалзжээ. Зарим хэвлэлд мэдээлснээр тэд өөрсдийн хүнээ гэмт хэргийн бүлгийнхэн дунд шургуулсан гэж сэжиглэж байгаа гэнэ.