“KHAAN QUEST” олон улсын сургуулийн хүрээнд жил бүр олон улсын цэргийн эмч нарын баг эмнэлгийн хүмүүнлэгийн ажиллагаа явуулдаг. Өмнө нь хөдөө орон нутагт зохион байгуулдаг байсан бол өнгөрсөн жил Хан уул дүүрэгт, энэ жил Чингэлтэй дүүргийн 9, 10 дугаар хорооны иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Биднийг зорин очиход 200 орчим хүн үзүүлэхээр дугаарлаж, багагүй ачаалалтай байв. Харин өмнөх өдөр 400 гаруй хүнд үзлэг хийсэн гэж эмч сувилагч нар ярьж байв. Энэ үеэр зарим иргэдтэй уулзахад гадны болоод госпиталын чадалтай сайн эмч нар ирсэн гэж дуулаад биеэ үзүүлэхээр өглөө ирээд дугаарлаж байна. Гадны оронд битгий хэл монголынхоо томоохон эмнэлгүүдэд үзүүлж бараг чаддаггүй бидэнд ховор олдох боломж юм. Гэхдээ ачаалал маш их байгаа учраас нэлээд хүлээх хэрэг гарч байна гэцгээж байв.

Түүнчлэн үзлэгийн явцад илэрсэн архаг хууч өвчтэй хүмүүсийг өрхийнх нь эмнэлэгт бүртгүүлэх, III, IV дүгээр шатны эмнэлгийн тусламж авах шаардлагатай хүмүүсийг дүүргийн эмнэлэгтэй нь холбож өгөх, мөн тус хорооны нутаг дэвсгэрт амьдардаг хэрнээ хөдөө орон нутгаас шилжиж ирсэн зэрэг шалтгааны улмаас ямар нэгэн бүртгэлд хамрагдаагүй иргэдийг нутаг дэвсгэрийнх нь бүртгэлд хамруулахад туслах зэрэг шинэлэг ажлууд явуулахаар төлөвлөснөөрөө энэ жилийн эмнэлгийн тусламж үйлчилгээ онцлогтой болж байна.

Б.Золбоо