Оросын Буриадын Соёлын яамны дэргэдэх мэдээллийн төвөөс Буриад-Монгол интернэт радио “Буряад ФМ”-ийг шинэ buryad.fm сайт дээр албан ёсоор нээлээ. Сайт дээр буриад, монгол, тува ардын дуунуудыг сонсож болохоос гадна хөгжмийн бүхий л төрөл жанраар туурвисан дуучид, хөгжмийн зохиолчдын бүтээлийг толилуулжээ. Төслийн удирдагч Жанна Дымчиковагийн хэлсэнээр уг сайтыг, Буриад хэлийг сурталчилж хөгжүүлэх улсын хөтөлбөрийн 99 мянган рублийн санхүүжилтээр бүтээсэн байна.
Оросын Буриадын Соёлын яамны дэргэдэх мэдээллийн төвөөс Буриад-Монгол интернэт радио “Буряад ФМ”-ийг шинэ buryad.fm сайт дээр албан ёсоор нээлээ. Сайт дээр буриад, монгол, тува ардын дуунуудыг сонсож болохоос гадна хөгжмийн бүхий л төрөл жанраар туурвисан дуучид, хөгжмийн зохиолчдын бүтээлийг толилуулжээ. Төслийн удирдагч Жанна Дымчиковагийн хэлсэнээр уг сайтыг, Буриад хэлийг сурталчилж хөгжүүлэх улсын хөтөлбөрийн 99 мянган рублийн санхүүжилтээр бүтээсэн байна. БНБуриад улсын Мэдээллийн технологи, мониторингийн төвийн дэмжлэгтэйгээр байгуулж тус газрын хостинг дээр байрлуулсан энэ сайтад өнөөдрийн байдлаар 329 дуучин, хамтлагийн 1193 дуу, 1085 дууны үгийг байрлуулаад байгаа ажээ. Энэхүү интернэт-радио нь бүрэн хэмжээний радио станц байгуулахаар зорьж буй ажлын нэг шат бөгөөд Буриадын Соёлын яамны мэдээллийн төв, радиогийн долгион ажиллуулах эрхийн тендерт хоёр удаа оролцсон ч авч чадаагүй байгаа юм. Одоогоор дэлхий дээрх буриад хэлний цорын радио нэвтрүүлэг, “Бурятия” улсын телевиз радиогийн компанийн радиогоор өдөрт хэдхэн цагаар цацагдаж байгаа ажээ.
Интернэт радиогийн нээлтийг өнөөдөр Буриадад өндөрлөж буй буриад хэлний долоо хоногийн арга хэмжээтэй давхцуулжээ. Энэ долоо хоногийн арга хэмжээний үеэр номын үзэсгэлэн, зохиолч уншигчдын уулзалт, зохион бичлэг, уран уншлагын уралдаан зохиогдож буриад хэлтэн олон зуун хүн оролцсон байна. Энэ бүх арга хэмжээг Буриад хэлийг сурталчилж хөгжүүлэх улсын хөтөлбөрийн хөрөнгөөр санхүүжүүлжээ. Энэ хөтөлбөр нь 1992 оноос хойш тус БНУ-ын албан ёсны хоёр дахь хэл болсон буриад хэлийг хадгалах асуудалд анхаарал хандуулах зорилготой юм. Хөтөлбөрийн хөрөнгөөр буриад хэлний багш нарыг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, сургалтын материал, сурах бичгээр хангахаас гадна цахим болон цаасан хэвлэлд буриад хэлний хэрэглээг дэлгэрүүлэх, буриад хэл дээрх сайт, блогуудыг дэмжих ажлуудыг санхүүжүүлдэг байна. 2014 он хүртэл хэрэгжих энэ хөтөлбөрийн нийт санхүүжилт нь 39 сая рубль юм.
Оросын Буриадад ерөнхий боловсролын дунд сургуулиудын 80%-д нь буриад хэлний хичээл ордог бөгөөд 409 сургуулийн 64.8 мянган сурагч эх хэлээ үзэж байна.