Улаанбаатар хотын хойд зүгт Зүүнхараагийн хорих ангиараа алдартай нэгэн суурин бий. Сэлэнгэ аймгийн Мандал сум буюу Зүүнхараа хот нь 7000 гаруй өрхийн 52 мянга гаруй иргэнтэй. Монгол Улсын иргэн төлж төрсөн эдгээр иргэд Их хурлын нэгэн бодлогогүй гишүүнээс болж бүгдээрээ “хулгайч” гэх нэр зүүх дээрээ тулчихав. Учрыг тодруулбаас, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Зүүнхараагийн хулгайч нар сонгуульд гарчихвал яах юм бэ” гэх утгатай үгийг амнаасаа унагасан байх юм.
Эрхэм гишүүний хувьд Сонгинохайрхан дүүргээс Их хуралд сонгогдсон. Энэ утгаараа сонгиночууд л надад хамаатай гэдэг өнцгөөс дээрх үгийг хэлсэн гэж харагдахаар.
Эл үгийн араас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат нэхэл дагал болж, “Амны алдаа гаргалаа. Ингэж болохгүй. Уучлалт гуй” гэж шаардахад “Би тэгж хэлээгүй” гэж чуулганы танхимд гүрийв.
Өнөө цагийн улстөрчид худлаа хэлж, гүрийхдээ нүүр нь ч улайхаа больсон. Үүнийг нь түүний эл гүрийлт баталчих шиг болов. Тиймээс л Х.Нямбаатар гишүүн үнэхээр тэгж хэлсэн бол Зүүнхараачуудаас цаашлаад монголчуудаас уучлалт гуйх ёстой.
Харин Д.Эрдэнэбат гишүүн түүний хэлээгүй үгийн араас хөөцөлдсөн бол түүнийг гүтгэсэн болж таарна.
Угтаа бол Их хурлын гишүүн нь хууль батлах эрх бүхий институцид ард түмний төлөөлөл болж суудаг хүн. Хэрвээ Д.Эрдэнэбат гишүүний хэлсэн үнэн бол ард түмний төлөөлөл болсон хүн ард түмний хүүхдүүдээ хулгай, хулгайч бишээр нь ялгаварлах нь өөрөө хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдэл мөнөөс мөн. Тиймээс УИХ-ын Ёс зүйн дэд хороо эл асуудлыг тодруулж, үнэн худлыг дэнслэх учиртай биз ээ.
Г.Маргад
Сэтгэгдэл (2)