Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянан хэлэлцэхээр товлосон. Харин Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий нэг гишүүн хуралдаанд оролцохоос татгалзан гарсан тул Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг түр хойшлуулсан байна.
Уг асуудлаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө. Тэрбээр "Д.Үүрцайх, О.Мөнхсайхан тэргүүтэй хуульч болоод иргэд ҮХЦ-д гомдол гаргасан билээ. Тэд "Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцэж байх үед байр сууриа илэрхийлж, тус хууль Төрийн мэдээлэл дээр баталгаажиж, гарсны маргааш нь буюу нэгдүгээр сарын 18-ны өдөр ҮХЦ-д гомдол гаргаж байсан.
Гэтэл гурван сарын хугацаанд бидний гомдлыг хэлэлцсэнгүй. Бага суудлын хуралдаан гэгчээр асуудлыг гацааж, хаан, хэрэгсэхгүй болгох гэж нэлээд үзсэн. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд хоёр ч удаа очсон. Өнөөдөр юу болж байна гээд иртэл дахиад л хуралдсангүй. Цэц бүрэлдэхүүнээ томилж чадахгүй, Цэцийн нэг гишүүн нь оролцох боломжгүй гэсэн учир хурлалдааныг хойшлуулчихлаа. Цэцийн бүрэлдэхүүнээ хэлээч, яг ямар хүн хойшлуулав гэж асуухаар ямар ч мэдээлэл өгсөнгүй.
Харин Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч гэх хүнд бүх мэдээллийг нь нээлттэй өгсөн байна. Энэ нь хэр ёс зүйтэй үйлдэл вэ. Бид уг нь өглөөнөөс хойш хүлээж суугаад анхных нь эх сурвалжаас мэдээллээ авах гэсэн боловч, Цэцийн нууц гээд өгөөгүй.
Ер нь Үндсэн хуулийн Цэц өнөөдөр нөлөөнд автаад хурлаа ч хийж чадахгүй болчихож. Шулуухан хэлэхэд ҮХЦ-д Монгол Улсын Ерөнхийлөгч арай дэндүү нөлөөлж байна. Дарга, эрх мэдэлтнүүд нь бүхнийг шийддэг оронд байх юм уу, эсвэл хуулийн дагуу амьдардаг төрт улс байх юм уу гэдэгт эцсийн цэг тавихгүй бол болохгүй болжээ. Энэ асуудлыг анхнаасаа олны нийтийн анхаарлын төвд оруулахын тулд ҮХЦ-д хандсан нь маш зөв зүйтэй үйлдэл болжээ гэж харж байна. Энэ бүхнээс ҮХЦ яаж ажилладаг нь ард түмэнд ил боллоо.
Хоёрдугаарт, Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийнхөө эрх мэдлийг хамгаалахын тулд Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлж болдгийг бүх утгаар нь харууллаа.
ҮХЦ-ийн гадна өчигдөр иргэд жагсаал цуглаан хийгээд байх шиг байсан. Гэтэл өнөөдөр алга. Угаасаа хурал хойшлох нь тодорхой гэдгийг мэдэж байсан учир тэд ирсэнгүй гэх хардлагыг төрүүлж байна.
Ерөнхийлөгч тангараг өргөсөн атлаа түүнээ давж алхаад байна. Үндсэн хуулийн дээр зөвхөн хөх тэнгэр байдаг. Түүнийг хамгаалагч нь ҮХЦ гэдэг. Гэтэл өнөөдөр энэ газар Үндсэн хуулиа ч хамгаалж чадахгүй ичгэвтэр байдалд орж байна. Тиймээс бид тултал нь явна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсад ардчилал ялах ёстой юм уу, хуулийн засаглал ялах ёстой юм уу. Эсвэл хувь хүний засаглал ялах ёстой юү гэдэгт цэг тавих ёстой. Бид ардчиллаа хамгаалахын тулд ямар ч дарга, эрх мэдэлтэй, мөнгөтэй байсан хамаагүй бид тэмцэх болно.
Б.Баатар
Сэтгэгдэл (59)