БСШУЯ, АТГ, ЦЕГ, МХЕГ хамтран боловсролын бичиг баримт хуурамчаар бүрдүүлэн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад шалгалт хийжээ. АТГ-ын шалгалтын талаар Олон нийттэй харилцах албаны ажилтан Ц.Эрдэнэцэцэгээс тодрууллаа.
-Хуурамч диплом ашиглан төрийн албанд орсон хэчнээн хэрэг илрэв?
-Их дээд сургууль төгссөн хэмээн хуурамч диплом ашиглан, төрийн албанд орж ажилласан албан тушаалтнуудад холбогдох таван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, зургаан гомдол мэдээллийг шийдвэрлэсэн байгаа.
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн хэргүүдийн талаар?
-Тухайлбал, Нийслэлийн авто замын газрын дарга байсан Д.Бат-Эрдэнэ. Жинхэнэ нэр нь Д.Батмөнх. Тэрбээр ХААИС, СЭЗДС-ийг төгссөн гэх хуурамч диплом ашиглан төрийн албанд орсон болохыг тогтоосон. Тэгээд Төрийн албаны зөвлөлд мэдэгдэл хүргүүлж, хуурамч гэрчилгээг хүчингүй болгуулж, ажлаас нь чөлөөлсөн юм. Түүнчлэн хуурамч диплом хууль бусаар олж авсан, ашигласан үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн, яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай прокурорын газарт шилжүүлээд байна. Мөн тус газрын ахлах инженер Б.Баянмөнх Политехникийн дээд сургуулийг авто механикчийн мэргэжлээр төгссөн хэмээн хуурамч диплом ашиглаж байсныг илрүүлж хэргийг ЧД-ийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасагт шилжүүлээд байна.
-Шүүхээр шийдвэрлэсэн тохиолдол байна уу?
-Шүүхээр шийдвэрлэсэн нэг хэрэг бий.
-Тодруулбал?
-Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Б.Даваанямын хэрэг байна. Тэрбээр “Монгол наадам” дээд сургуулийн бакалаврын дипломыг тухайн үед тус сургуулийн албаны дарга байсан Л.Бямбаахүүгээс 500 мянган төгрөгөөр авсан байдаг. Түүний энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Харин Хан-Уул дүүргийн шүүхээс Л.Бямбаахүүд торгуулийн ял оноож, Б.Даваанямыг өршөөлийн хуульд хамруулсан байна лээ.
-Энэ төрлийн хэрэгт холбогдсон өөр өндөр албан тушаалтан байна уу?
-Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ч.Сайханбаярт холбогдох хэрэг байна. Мөн л хуурамч диплом ашигласан, хуурамчаар үйлдсэн, хууль бусаар олж авсан байдаг. Гэхдээ эдгээр үйлдэлд нь эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах санал гаргаж, материалыг нь Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байгаа.
-Гомдол мэдээлэл хэр ирэв?
-Их дээд сургуулийн удирдлагууд авлига аван, суралцаж төгсөөгүй хүмүүст боловсролын бичиг баримт олгосон эсэхийг шалгуулах төрийн байгууллагын 55 ажилтанд холбогдох хэргийг шалгасан. Тэгээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хяналтын прокурорын шийдвэрээр харъяаллын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлж, хариуг МХЕГ-т мэдэгдсэн.
-Тухайлбал?
-Архангай аймгийн Хөгжимт драмын театрын дарга Т.Мөнхбүрэнг дээд мэргэжил эзэмшсэн эсэхийг шалгуулах гомдол ирсэн. Гомдлын дагуу шалгахад, хуурамч диплом ашиглан театрын даргаар томилогдож, улмаар улсын зардлаар Удирдлагын академид суралцсан болохыг тогтоосон. Тиймээс тус аймгийн Засаг даргын захирамжаар түүнийг ажлаас нь чөлөөлж, улсын зардлаар суралцсан төлбөрийг нөхөн төлүүлсэн байгаа. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн.
Б.Золбоо