Мансуурах донтнуудыг нийтээр нь нам дарж байсан социализмын үеийн үнэн түүх
Өсвөр насны хүүхдүүд ахуйн хий зэрэг хортой бодис хэрэглэн мансуурах явдал сүүлийн үед ихэссэн тухай цагдаагийн албан ёсны мэдээг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд олонтаа уламжлав. Ийм маягаар мансуурсан хүүхэд амиа алдсан явдал ч гарчээ. Ердөө өчигдөрийн мэдээгээр гэхэд л эмнэлгийн ажилтнууд мансуурагчдад, хүчтэй үйлчилгээ бүхий сэтгэцэд нөлөөлдөг тариа борлуулж байсан нь илэрсэн байна. Мөн 20 настай охиныг хөнөөж шатаасан 16 настай хүүхэд цавуу үнэрлэж мансуурдаг байсан нь тодорхой болов. Энэхүү хорт зуршил хуучин нийгмийн үед ч нийслэлийн нэгэн дүүрэгт дэгдэлт маягаар гарч байсан бөгөөд уг явдлын гэрч манайд хандсан юм. Тухайн үед болсон явдлын талаар түүний дэлгэрэнгүй яриаг сийрүүлж байна.
1980-аад оны дундуур би тэр үеийн Ажилчины районы (одоогийн Хан-Уул дүүрэг) 15 дугаар сургуулийн дунд ангид сурч байлаа. Монголын хөнгөн үйлдвэрийн цөм хэсэг төвлөрсөн, түүнийгээ дагаад үйлдвэрийн ажилчид олон мянгаараа оршин суудаг тул ийм нэр өгсөн байх. Одоогийн АПУ компанийн хойт талын уулзвараас Цагаан хаалга хүртэлх хэсгийг албан бусаар Комбинат гэж нэрлэдэг, одоо ч тэр нэр нь хэвээрээ байна. 1987 онд болов уу, манай сургууль, байрны хүүхдүүдийн дунд “цавуу үнэрлэх” гэдэг нэг шинэ үг гарч ирэв. Сонсоод байхнээ атаман голдуу хүүхдүүд тэрүүхэн хүрээндээ гутлын цагаан цавууг нийлж үнэрлэдэг, нууц ч юм шиг нэг тийм онцгой содон ажил байдаг гэнэ. Мань мэтийн жир нөхдөд ч нэг их хүртээлгүй эд бололтой. Цавуу нь ч элбэг л дээ, Комбинатын айл болгонд шахуу байдаг, “молоко” шиг өтгөн цагаан, айхтар хурц үнэртэй, гутлын ул энэ тэр жигтэйхэн сайн наадаг цавуу юм. Хуучин социалист орнуудын нэгнээс л орж ирдэг байсан байх. Яв явсаар тэр айхтар ажил нь атамануудын л хийдэг нарийн үйл биш, нийт дундад маань бололцоотой зүйл болоод ирэв. Ойр дотнын найзууд маань ч үнэрлэж үзсэнээ, сайхан байснаа бахдан ярьж нэг нэгнээсээ цавуу сураглах, өгч авалцах маягтай. Хүүхэд болсон хойно би ч сониучирхаж, бас хүнээс дутчихгүй санаа агуулаа байлгүй, нэг өдөр сургуулиас харихдаа ангийнхаа хүүхдээс пенициллиний шилтэй цавуу олж ирэв. Тэгээд гэрээ сайхан цэвэрлэж тухлаад ганцаараа үзэв ээ. Гутлын цавууны савыг сайн таглаж байхгүй бол дээрээсээ өрөмтөөд амархан хатдаг, миний олсон цавуу тэгсэн байсан тул хатсан хэсгийг нь шүдэнзний модоор цоолж сайтар хутгаад, улс амьтны зааж өгсөн ёсоор цээжээ дүүртэл хэд сайн үнэрлэж авав. Тэрхэн зуур хөл хөнгөрч, толгой эргээд сайхан ч болж байх шиг. Одоо бодоход мансуурч байсан нь тэр аж. Орой болтол дүйнгэ юм шиг сонин царайлж суугаад аав ээжийг ажлаас ирэхэд хэвдээ орох гэж хэрэндээ зүдрэв. Сүүл рүүгээ толгой өвдөж үхэхээ шахдаг юм байна. Архи уусны тээр хойно шартах гэж нэг ажил байдаг, тэр л юм даа. Үеийн хүүхдүүдийн шинэ зугаа ямар учиртайг ингэж мэдэж авав. Үүнээс хойш дахин нэлээд хэдэн удаа хүртсэн ч, шимтэж сүйд болсон ч үгүй, яваандаа дэмийхэн эд шиг санагдсан, дээр нь ном зом уншиж өөрийн гэсэн илүү таатай “мансуурах” ажилтай байсных ч биз.
Нэг мэдэхэд Комбинатад цавуу үнэрлэдэггүй хүүхэд байхгүйтэй адил болсон байлаа. Хүүхдүүдийн өдөр тутмын зайлшгүй хийдэг ажил нь яалт ч үгүй цавуу үнэрлэх болж хувирав. Хичээл тараад ёс юм шиг хэд хэдээрээ нийлж энд тэндэхийн подвал, чердаканд тухалж авдаг болов. Сүүлдээ айл айлд байдаг цавуу ховордож, байгаа нэгнээсээ мөнгөөр худалдан авч байв. Цавуу төлбөрийн хэрэгсэл болж, хэрэгцээтэй зүйлээ хоорондоо наймаалцахдаа мөнгийг цавуугаар орлуулах нь ердийн зүйл болов. Нэгэн цагт монголчууд мөнгийг шар цайгаар орлуулдаг байсан шиг. Цавуу өөрийн гэсэн үндсэн хэмжих нэгжтэй болж тэр үед Болгараас орж ирдэг байсан хүүхдийн сокны (жимсний нухаш буюу пюре) шилээр нэг цавууг нэг нэгж гэж үзэж байв. Цавуу ховордсон тул “үйлдвэрээс” нь авдаг боллоо. Тухайн үед гутлын үйлдвэрийн 100 дугаар цех гэж байсан, импортоор орж ирсэн үйлдвэрийн зориулалттай цавууг тэндээс зориулалтаар нь хуваарилдаг байсан юм. Айрагны сав гэж манайхны хэлдэг байсан том том цэнхэр поошигоор дүүрэн цавуу хураачихсан байдаг байж билээ. Одоогийн “Алдар” биеийн тамирын дээд сургууль тэгэхэд биеийн тамир спортын “Хөдөлмөр” нийгэмлэг гэж байв. Нийгэмлэг, өнөө 100 дугаар цехтэй залгаа, дундуураа модон хашаатай бөгөөд банзных нь хадаасыг нэг талаар нь сугалж гаднаас мэдэгдэхгүй хаалга маягийн юм болгочихсон байдагсан. Түүгээр орж цехийн эгч нарт шал угааж өгөх зэргээр зарагдаад, авч орсон бидондоо цавуу дүүргэж аваад гарна. Тэр бидоноос сокны шилэнд юүлсэн цавуу ийш тийшээ тарж одно доо. Тухайн үед эв эзгүй, хог новш дүүрэн, нохой муурны оромж болж байсан байрны подвалууд өдрийн цагт цавуучдаар дүүрдэг, нэг хэсэг нь гарахад нөгөө хэсэг нь амдаж хүлээж байгаад зөрж орох нь байв. Зуны цагт бол Дунд, Туул голын эргийн бургасаар зээглэнэ. Хичээлийн цагаар сургууль дээр цавуу үнэртэхэд гайхах юмгүй боллоо. Арын ширээнд багшаас нуугдан сууж үнэрлээд тэр чигээрээ “тасарч” хоцорсон явдал цөөнгүй гарав. Сургуулийн нойлын өрөө гэж хүнд баригддаггүй газар байна. Бие засна гэж хичээл дундуур гараад нойл дотор түгжиж үнэрлэнэ. Эмэгтэй хүүхдүүд ч цавуу үнэрлэх, хөвгүүдийн адилаар хичээлийн цүнхэндээ сокны шилтэй цавуу авч явах нь цөөнгүй байлаа. Үсээ дүн өвлөөр хусуулчихсан, эсвэл өм цөм хайчлаад хаячихсан хүүхдүүд дайралдах болсон нь: гэртээ байхдаа аав ээжээсээ нууж орондоо, эсвэл ямар нэг байдлаар үнэрлэж ухаанаа алдсан хойно нь цавуу толгойтой үсэн дээр нь асгарч хатаад салгаж авахын аргагүй болсоноос тэр юм. Үс толгойгоо төдийгүй хувцас хунар, нүүр амаа ч ийм байдлаар сүйдэлж хаясан хүүхдүүд олон таарч байв. Комбинатын байр болгоноос “шилдэг сайн” цавуучин тодорч, хорхойд хоргүй явсан зарим нэг хүүхэд цавуунд донтож огцом догшрон атамануудын эгнээнд шилжив. Цавуу үнэрлэх явдал ийнхүү Комбинатад нэг ёсны тахал болж хувирсан юм. Тахал гэхээр одоо сонссон хүмүүс сүржигнэж байна гэж бодож болох юм, нүдээр үзээгүй болохоор арга ч үгүй. “Үнэхээр тийм байсан юм шүү” хэмээн одоо гэрчлэх, худлаа хэлэхээргүй болтлоо олонд хүндлэгдсэн өнөө цагийн нэр хүнд бүхий хүмүүс тэгэхэд Комбинатад байсан нь яамай. Ажилчины районоос гарсан Монголын ганц сүпер од, дуучин Т.Ариунаагийнх яг тэр тахлын үед унаган Комбинатынхаа угсармал “гурав”-т байв. “Хит”-ийн гэгддэг Д.Давааням хойд талынх нь 48 дугаар байранд байсан, ялангуяа мань эр энэ тухай мэдэхийн цаагуур мэднэ. Д.Даваанямын цонхоор хажуу 15 дугаар байрных нь нэг айл тодхон үзэгддэг байсан нь одоогийн улсын харцага Г.Элбэгийнх юм. Сайхь хоёр цавуу үнэртэхийн сайхан муухай юундаа байдгийг мэдэж, мэдэрч л явсан хоёр. Тэндээс зүүн тийш 15 дугаар сургуулийн урдуур чигээрээ 200-гаад метр явбал таван давхар саарал угсармал байшин бий нь 10 дугаар байр бөгөөд тэнд Ховдоос шилжиж ирээд “Белаз” хоч авсан Даваагийн Батбаяр хэмээх хүү аав ээж, дүү нарын хамт аж төрж суув. “Белаз” хүү яг тэр ид үед тахлын голомт шахуу болсон 15 дугаар сургуульд сурч, хот орны элдэв сайн мууг биеэр амсаж эдэлж явсан нь нүдэнд харагдана. Тэдгээр сайн муу үйлийн нэг нь цавуу үнэртэх ажил байсан бөгөөд мань эр угаас олонтой нэг их нийлэхгүй, ганцаараа голдуу явахдаа хааяа сүүмийчихсэн тааралддаг байсан нь, “ажил” амжуулсан нь тэр. “Белаз” одоо УИХ-д суугаа, Кёкүшюүзан нэрээр нь монголчууд илүү сайн мэднэ дээ, авгай нь дуучин.
Сургуулийн ханын самбар дээр “Наймын “бэ”-гийн Намдаг цавуу үнэртдэг” гэж бичих нь “муу сурдаг” гэснээс өөрцгүй, байдаг л зүйл болж аав ээж нь хүүхдээ “Цавуу үнэрлэхээ боль” гэж загнахдаа алгадаж авахаас хэтрэхгүй зэрэг нь энэ муухай тахалтай дээр дооргүй эвлэрч, цаагуураа бууж өгсөнөөс өөрцгүй зүйл байлаа. Гэвч нэг л өдөр бүх юм орвонгоороо эргэв. Социалист төр тахалд бууж өгсөнгүй, харин ч дайн зарлажээ. Районы цагдан сэргийлэх хэлтсийн ажилтнууд нэг л өглөө сургуулиуд дээр десантаараа буув. Урьдаас бэлтгэсэн бололтой судалгааны дагуу цавуу үнэртдэг хүүхдүүдийн дунд баривчилгаа шахуу юм явуулав. Ажилчны районы сэргийлэхэд Биби гэж сонин нэртэй, хүүхдийн байцаагч казах эмэгтэй офицер байсан, тэр хүн ерөнхийд нь удирдаж байсан санагдана. Мөн ч олон хүүхэд сэргийлэх дээр очиж байцаагдан хулхи нь бууж ирсэн дээ. Ухуулга сурталчилгааны кампанит ажил тун далайцтай өрнөж “Цавуу үнэртвэл алуулах юм байна” гэсэн бодол хэдхэн өдрийн дотор Комбинатын хүүхдүүдийн толгойд бат нот суусан юм. Донтнуудад цавуу очдог үйлдвэрийн болон бусад суваг бүрмөсөн хаагдаж, голомтууд нь хатуу хяналтад орлоо. Холбогдох албан тушаалтнууд нь арай л дээлээ нөмөрчихөлгүй толгой мэнд салав. Манай сургуулийн голдуу 30-аад хүүхдийг Шархадны нэг тасагт тусад нь өрөө гаргаж хэдэн долоо хоногийн хугацаагаар албадан хэвтүүллээ. Донтон гэдгээрээ Комбинатдаа нэг ёсны од болж “зиндаа дээшлэн” галзуурч байсан нэр бүхий хэдэн хүүхдийг Дарьтын колонид өчиггүй илгээв. Мансуурагчдыг жигшсэн ухуулгын баримтат кино тусгайлан бүтээж (Зохиолыг нь Жаргалын Барамсай бичсэн байсан санагдана, андуурч байж ч болох юм) тэр үеийн “19-ийн үйлчилгээний төв” гэдгийн “Хөдөлмөр” кинотеатрт анги ангиар нь аваачин үзүүлж байлаа. Эцэг эхчүүдийг ч мөн албан газраар нь дамжуулан сэнхрүүлсэн нь мэдээж. Ингээд ердөө сар гаруйхны дотор Комбинатад туйлж байсан хар тахал ор мөргүй дарагдсан юм. Үзээгүй хүн өнөөдөр төдийлөн итгэхгүй ч, үнэхээр болсон энэ явдал муу юм газар авч ч болдог, түүнийг хайр найргүй дарж ч болдог гэдгийг харуулсан юм даа.
Б.Амгалан