

Цагаан сарын үеэр Ерөнхий сайд байсан С.Батболд сайн малчин, тариаланчдыг шагнахдаа нэг айхтар гоё амлалт өгчээ. Тэдгээр сайчуулыг дулаарч, зун болохоор бүгдийг нь гадаадад аялуулж, далай үзүүлнэ хэмээн амласан юм. Гадаад харилцааны сайд байсан Г.Занданшатар ч бас сайн малчид, тариаланчдад тэмдэгийг нь өгөхдөө “цагаан хундан хонь” гэдэг шиг л “гадаадад амарч, галуу шувууны мах идээрэй” хэмээн баярлуулж явжээ. Гэтэл одоо хүртэл таг чиг. Цагаан сарын дараагаас далай үзэх гэсэн малчид, тариаланчид өнгөтэй өөдтэй юмаа бэлдэж эхэлсэн ч сүүлдээ гадаад явах байтугай нөгөө сайхан амлаад байсан сайд нь ч хэл сураггүй болжээ. Г.Занданшатар эхэндээ “удахгүй явуулна” гэдэг байсан ч энэ үг нь замхарсаар аль хэдийн есөн сар болоод байна. Ядаж байхад шинэ Засгийн газар гарсан болохоор хэнд хандахаа мэдэхгүй битүүхэндээ чих тавин сууж байгаа гэнэ.
Мөн ЗГХЭГ-ын сайд байсан Ч.Хүрэлбаатар ч эдгээр иргэдийг эрүүл мэндийн нэгдсэн үзлэгт үнэ төлбөргүй хамруулна гэж бардам амлаж байсан. Гэтэл энэ амлалт мөн л өмнөх Засгийн газартай хамт алга болчихжээ. Малчид, тариаланчдыг чухам хэзээ, хэрхэн гадаадад аялуулах талаар шинэ Засгийн газрын гишүүд ч ам нээхгүй байгаа гэнэ. Хааяа сураглах гэхээр зарим нь энэ талаар сонсоогүй гэх маягийн хариулт хэлж байгаа аж. Гэсэн ч хэдэн мал, тариа ногоо,төр засгийнхаа буянаар хилийн дээс алхаж үзнэ гэж баярласан хөгшчүүл голдуу сайчуул хүлээсээр л байгаа юм.
Сонгууль дөхөхөөр ам мэдэн амладаг хэрнээ сонгогдсон хойноо таг чиг болдог гишүүд шинэ дээлээ бэлдээд хүлээж байгааг мартсан бололтой. Тиймээс зун, хавар намрын есөн сар хүлээсэн малчид Засгийн газрыг амласнаа биелүүл гэж хэл ам хийж эхлэхээр болжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)