Октябрийн хувьсгалын ойд зориулав
Өмнөговийн Цогтцэцийн харъяат Б.Цахиур хувь заяагаа сонгожээ. Нас дөч гарсан энэ хүн саяхныг болтол гоонь эрийн амьдрал туулж, аль тааралдсан ажил хийж байсан юм. Монголын умард элсэн говь унтаж байгаад сэрсэн мэт уул уурхайн төслүүд хэрэгжиж эхлэхэд жолооч эрийн амьдрал ч хөдөлгөөнд оржээ. “Дөчин насанд амьдрал эхэлдэг юм байна” хэлэх дуртай болсон Б.Цахиурын унаган нутаг бум бужигнаж, түм түчигнэсэн газар болоход ханиа олж авч, үрийн зулай үнэрлэжээ. Р.Чойномын шүлэг, “Гучин наймтай аав” дууны эзэн шиг энэ хүн “Энержи Ресурс”-тэй гэрээгээр ажилладаг компаниудын нэгд тээврийн тэрэгний жолоо мушгидаг юм.
Монголын MCS групп шууд ба шууд бусаар 20 мянган ажлын байр буй болгосны нэг жишээгээр нийтлэлээ эхлүүлж байна. Монгол хүнд итгэж болно, монголчууд бүтээж чадна гэдгийн амьд жишээ, үр дүнг нь өөрийнхөө хөлс хүчээр хүртэгсдийн нэг нь л энэ жолооч. MCS Coca Cola үйлдвэрийн ажилчин залуу, “Ухаа Худаг”-ийн 250 тоннын даацтай, Орос, Хятад, Азид өөр байхгүй, аварга том “Катерпиллар” автосамосвалын жолооч 12 бүсгүй, “Сентрал тауэр”-ын худалдагч охин, “Гоёо”-гийн ээрэгч эмэгтэй, “Юнител”-ийн инженер, IPTV-ийн программист гэх зэрэг Монгол Улсын иргэдээс энэ хөдөлмөрийн арми бүрддэг юм. MCS группын хорь шахам компанид 7600 хүн тогтмол ажиллаж байна.Шууд бусаар буй болгосон ажлын байрыг нь нэмбэл 20 мянган хүнтэй арми. Нэг ам бүл дөрвөн гишүүнтэй гэж тооцвол хөгшин хөвөө, хүүхэд нялх нийлсэн 80 мянган хүний амьдрал, хувь заяа MCS-ээс хамаарч байна.Томоохон аймаг Архангайн хүн амтай тэнцэнэ. Монгол Улсын 1070 иргэн MCS группын компаниудад шинээр буй болсон орон тоон дээр өнгөрсөн онд ажилд оржээ. Жилд дунджаар 1000 ажлын байр нээгддэг юм. Энэ намар, есдүгээр сарын 24-нд нээгдсэн “Ухаа Худаг” дулааны цахилгаан станцад 200 хүн ажиллаж байна. Барьж байгуулахад нь наян монгол компани 1500 хүний хүчээр оролцсон юм.Нийслэлийнхээ төвд дэлхийн брэнд зардаг дэлгүүртэй, ресторан уушийн газартай,бас тоон технологийн кабель телевиз, интернэттэй, Кола, Тайгер, “монгол ноолуураар дэлхийг гоёх” үйлдвэртэй байж улсын нүүр царай болно. Монгол Улс нүүрсээ түүхийгээр нь шороо манарган зөөх биш баяжуулж боловсруулан, үнэ цэнэ, өртөг ашиг нэмж, эдийн засгаа тэлдэг, засмал зам, цахилгаан станц барьж байгуулж, дэд бүтцээ хөгжүүлдэг орон байг л дээ. Монголчууд ч бас бүтээн байгуулж, үйлдвэрлэж, борлуулж, үйлчилж чаддагийн нүдэнд харагдаж, гарт баригдах нотолгоо бүрийн цаана хүмүүсийн амьдрал ахуй, амжилт ололт бий.
MCS 2010 онд зуун тэрбум төгрөгийн татвар төлсөн нь 21 аймгийн төсөвтэй тэнцэж байна. Хувийн хэвшлийг төлсөн татварынхаа хэмжээгээр 2005 оноос хойш тэргүүлсэн хэвээр байгаа юм. Бизнесийн шинэ санаа бодитой ажил болохоор баялгийг бүтээж, тэндээс нь татвар цугларна. Татварын мөнгөөр эмч, цагдаа, багш нарын цалин тавина, ахмадын тэтгэвэр, өвчтөний тэтгэмж, албан газар, сургууль, цэцэрлэгийн дулааны мөнгө олгоно. Иргэний хөдөлгөөн нэртэй, хувийн жагсаалын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид биш хэл амаа билүүдэгсэд, сонгууль дөхөх тусам эх орончийн дүрд хувирагсдыг эдийн засгийн эрх чөлөөг боомилох пролетарийн хувьсгалын дуу хоолой цухалзуулж байна гэж томруулаад яах вэ. Зүгээр л жолооч Н.Цахиурын хүүхдийн талхны мөнгийг булаах санаа гэж нэрлэж болно. “Гоёо”-гийн ээрэгч бүсгүй, “Катерпиллар”-ын жолооч эмэгтэйн цалинг хэн өгөх вэ? гэж асуусан нь дээр. Жирийн ажилчин, эгэл инженерийн хүүхдийнх нь сүүтэй будааг хэн өгөх юм бэ? Энэ группт тогтмол ажиллаж байгаа 7600 хүн, нийтдээ ажлын байраар хангагдсан 20 мянган иргэний авдаг цалинг, төлдөг татварыг нь, тэтгэмж авсан оюутны тоог, эрчим хүчээр хангагдсан сумын төвийн гэрлийг оронд нь хэн өгөх вэ? Хэрүүл санхүүжүүлж байгаа жижиг намын нярав, ноён Баабарын бичсэнчлэн “улс төрийн хогийн сав”-наас ажлын байр, авдаг цалин гарах уу? Татварт төлсөн 100 тэрбумыг баялаг бүтээж өгдөг болохоос улс төрийн хэрүүлийн 15 хувиар цалин, тэтгэвэр олгодоггүй. MCS зөвхөн Ж.Оджаргалынх уу? Бугуйндаа алтан цаггүй, морь уядаггүй, давсаг дүүрэн алтан тольтой бүс зүүдэггүй, тоосгоноос том хөөрөг ч барьдаггүй, торгон дээлийн хормой өшиглөдөггүй, танихгүй хүнд бол ердийн л нэг даруу залуу Ж.Оджаргал биедээ наалаа наалаа гээд юу шалих вэ. Эцэг, эхээс өнчирч хоцрон, эмээ дээрээ өсч хүн болсон энэ залуу өдий зэрэгтэй яваа нь бахархал уу, хорсол уу?
Коммунизмын үзэл суртлын олон жилийн халдварын үр урхаг Монголын нийгмийн тархины хаа нэгтэй булдруу үлдээсэн байж болно. Яг үүн дээр ажил хэрэг биш ам хэл үйлдэгсэд тоглодог юм. Хувийн өмч хөрөнгийг устга, хураа, эзэл гэж уриалж байна. Хөдөлмөр хийхгүйгээр амьдар гэж үг хэлээгүй ч үйлдлээрээ үзүүлж байна. Элдэв халамж хайр зарлан, гол зогоох боорцогны гурилын мөнгө олгосны үр дагавар нь ажил хийхгүйгээр амьдрах гажиг сонирхлыг дархлаажуулж байгаа билээ. Аль ч нийгэмд ажил хөдөлмөр эрхэлж, хийж бүтээж амьдардаг. Хөдөлмөрийг хөрөнгө, мөнгөөр үнэлдэг нь ардчилсан зах зээлийн нийгэм. Паалантай төмрөөр энгэр цоолж, цаасан малгай өмсгөн онгироодог нь зөвхөн улс, нийтийн өмчтэй социалист нийгэм. Малыг хүчээр нийгэмчилж, хоттой хониноосоо амаржсан эхнэртээ хар шөл уулгах болохоор нэгдлийн даргын цохолт авах хэрэгтэй болдог социалист нийгэмд таван хошуу сүргийн тоо 25 саяас хэтэрч үзээгүй. Хашаа хороог нь, бух хуцыг нь, үүлдэр угсааг нь, худаг усыг нь, өвс хадланг нь улсаас даагаад өөрийн юм биш болохоор өсч үржээгүй. Харин өнөөдөр Хэнтийн мянгат малчин туслах авах гэхээр “Барлаг хийхгүй” гэж голоод хүн олдохгүй байгаа тухай ярьж байна. Эрдэнэт, Ховдод үдийн халуун хоолтой, өдрийн 15 мянгын цалин өгнө гэхэд барилгын ажилчин олдож өгдөггүй. Ялангуяа хөдөөд хоёрын хооронд малтай байснаас сумын төв бараадсан шигээ хишиг, тэтгэмжээ авчихаад, түүгээрээ боорцог хайрч идчихээд, хааяа нэг шил юм хүртчихээд суух нь хавьгүй жаргалтай гэж үздэг залуучууд олширч байгаа нь аюул юм.
Америкт 9 дүгээр сарын дундаас эхэлсэн “Уолл стритийг эзэл” хэмээх банк санхүү, хөрөнгө оруулалт, үнэт цаасны сүүпэр томчуудын эсрэг хөдөлгөөн Монголд салбарлах бодит шалтгаан байхгүй. Монголд JP Morgan, Merryll Lynch, Morgan Stanley, UBS шиг хөрөнгө оруулалтын том банк, корпораци төрж бойжоогүй байна. Товчхондоо, Монгол хангалттай хөрөнгөжиж, мөнгө цуглуулсан орон биш. Зөвхөн үнэт цаасны бирж дээр тоглож баялаг бүтээлгүй, хүүний хүүгээр шулдаг том банкуудыг шүүмжилж буй хөдөлгөөн. Улаанбаатарт “Уолл стрийт” гэдэг гудамж байхгүй.Үйлдвэрлэгч, үйлчилгээ, худалдааны компанийн эсрэг хөдөлгөөн ч биш юм. Зүгээр л Америкт болж байгаа бүхэнд моод Монголоор дуусдаг гэхчлэн хандах нь шууд хэлбэл тархи угаалт, өөрийн онцлогийг үл тоосон хэрэг.Коммунизмыг сэргээх уриа дуудлага тоглосон шинжгүй гарсаар байна. Өөрсдөө хийж бүтээхээсээ илүү зөвлөлт нөхөд-хот, хороолол, цахилгаан станц, зам, эмнэлэг, сургууль, аж үйлдвэрийн комплекс, хятадууд-Энхтайваны гүүр, болгарууд-нэхий дээлний, чехүүд-гутлын үйлдвэр, унгарууд-Биокомбинат барьж өгсөн, харин бид социализмыг бүтээн байгуулж байна гэсэн онигоо байсан юм. “Тавантолгойг төрд 100 хувь” гэж оноо цуглуулахыг хүсэгчид одоо энэ нь ч хүчгүй сул санагдаад байгаа хэрэг. Удахгүй “Тавантолгойг төрд 200 хувь, бүр 300 хувь” гэж орилон, гоё амлалт, популизмын инфляцийг хөөрөгдөнө. Монгол компаниуд голоод гарсан BHP-гээс лицензийг нь авч хадгалж байсандаа монгол төрдөө 96 хувийг нь буцааж өгсөн. Дөрвөн хувийн талбай, 6 хувийн нөөц монгол хувийн компаниудад үлдсэнээр Н.Цахиур ажилтай, авдаг цалинтай болсон. УхааХудаг цахилгаан станцыг төр барьсан бол гурав дахин их мөнгөөр, тав дахин илүү хугацаа хэрэгтэй болно. Тэгээд дээр нь шахааны эрэг боолт, нойлын цаас, барааны саван бас авч байх ёстой, ерөнхий захирлыг нь эрх баригч нам, дэдийг нь хамтрагч нь томилно, фракцийн харъяаллыг заавал тооцож тохируулна. Авах, гээхийн ухаан гэж яриад биелдэггүй уламжлалт ойлголт бий.
Тэгвэл хувьсгалаас хувьд очсоноороо дөнгөж сэргэж өндийж байгаа, хөгжлийн эхний үе шатаа туулан босч ирж буй үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбар, “АПУ”, “МахИмпекс”, “Баянгол”, “Говь”, “Гоёо”, “Худалдаа хөгжлийн банк”, “Атар-Өргөө”-г буцаан хурааж, 20 жилийн дараа улсын талх авах оочерт зогсох болно. Хамгийн гол нь ажлынх нь бүтээмж их байвал ахиу цалинждаг, гадаад түншүүдээс нь туршлага,технологи, менежментээс ньсурч боловсордог, эрхэм зүйлс, хамт олноороо бахархдаг, MCS-ийн 7600 ажилтан ажиллагсад шиг хөдөлмөрийн армийн хүүхдийнх нь сүүтэй будаа, талхны мөнгийг булаах хэрэгтэй болно. Монголд коммунизмын халдвар ялангуяа тархи оюунаас бүрэн салаагүй байна. Улаан хувьсгалч Дорж гуай нар, уйланхай Галсанг онгироож уулгаж идүүлж байгаад нийгмийн баялгийн 80 хувийг бүтээгч хувийн хэвшлийнхэн лүү шүлс үсэргэнэ. Сонгууль дөхөх тусам Монголд ямар их хайртай байснаа зарласаар байх болно. Ам хэлнээс илүү ажил, амжилтаар нь үнэлдэг цаг өнөөдрийнх. Асуудал MCS-дээ байгаа юм биш. Сонгож авсан нийгэм, зах зээлийн эдийн засаг, Үндсэн хуулинд заасан эрх чөлөө, чөлөөт худалдаа, үйлдвэрлэл, иргэн бүрийн жам ёсны, заяамал эрхийг хамгаалах тухайд өрнөж байна. Өглөө бүр Тангуд улс бийг сануулж бай гэдэг. Коммунизмын тархины булдрууг эмчилж байхгүй бол сэдрэхдээ амархан.
Д.Болортоль