
Уг бүтээлд Монголын домог, тахилгат уулс болох Бурхан халдун, Отгонтэнгэр, Ээж хайрхан, Баруун, Зүүн Богд, Гурван мандал, Алтан овоо, Шилийн богд, Матад хан, Зотол хан зэрэг 60 гаруй алдарт хайрханаар аялсан замын тэмдэглэл багтжээ. Мөн уул болгоны домгийг хүүрнэж, сангийн судрыг нь хамтатгахын зэрэгцээ уулсын дотор буй хадны зураг, хиргэсүүр булш, хүн чулуу, буган чулуу зэрэг эртний Монголын түүх соёлын гайхамшигт дурсгалуудыг одоо байгаа байдлаар нь зураглан бичиж, 700 шахам өнгөт зураг оруулжээ.
Зохиолч эл бүтээлээ “Нар шүтэж, уул сурвалжилсан бядан явагчийн бядуухан тэмдэглэл” хэмээн тодотгож, номыг туурвисан шалтгаанаа тахилга, домогт уулсынхаа эрднийг ухаж, сүйдэлж байгаад эмзэглэн, хиргэсүүр бунхыг малтан төнхөж, хадны зургийг эрээчин сараачиж, бичээсийг хусан арилгаж, хөшөө чулууг хугалж эвдэлж байгаад харуусан, хил давуулан худалдсан тохиол гарсанд бухимдаж, эдгээрийн ерөндөг болгож бичлээ. Хойч үеийнхэн маань 2010-аад онд уул ус маань ийм байжээ, түүх соёлын дурсгал нь иймэрхүү байжээ гэдгийг мэдэж аваасай гэсэн сэтгэлээр бичсэн хэмээжээ.
Сэтгэгдэл (1)