
Яг энэ үед хүний оюун санааны ядаргааг аван хайлах ид шидийн гайхамшгийг мэдрүүлж, сэтгэл санааг сэргээх монголын үндэсний хөгжмийн ая аялгууны нэгдэл болсон хөгжмийн шинэ бүтээл төрлөө.
Энэ бол “BRO’S records”-ын шинэ уран бүтээл “Ертөнц” цомог юм. Цомгийн нээлт өнөөдөр 11 цагт “Blue sky” төвийн гурван давхарт боллоо.
“Ертөнц” цомгийн талаар
“Ертөнц” цомог бол байгалийн хөгжим юм. Монголын эртний хөгжмийн зэмсгийн ая аялууг шинэ цагийн ethno electronic, chillout, world music, new age зэрэг урсгалаар эгшиглүүлж байгалийн дуу чимээтэй хоршуулан “Ертөнц” нэрээр бидэнд хүргэжээ. Уг цомог нь Монголын түүх соёлын биет ба биет бус өв соёл, ардын хөгжмүүдийг судалсан судалгаанд тулгуурлан зохион найруулж, бичлэгийг нь хийсэн гэдгээрээ өвөрмөц, онцлогтой бүтээл юм. Монгол ардын хобис, товшуур, хэц, хэл хуур, ятга, морин хуур зэрэг хөгжмийг сэргээн хөгжимдөж эгшиглүүлж тус цомогт оруулсан нь ч бас сонин. Монголын язгуур хөгжмийн гайхамшигт бүтээлийг энэ цагт сэргээж олны хүртээл болгох, цаашлаад дэлхий дахинд үндэсний урлагаа таниулахад энэхүү цомгийг бүтээсний гол зорилго оршиж байгаа юм.
Жаахан дэлгэрүүлэхэд
Хөгжмийн зохиолч тус цомгоо бүтээхдээ урлаг соёл, түүх, хөгжим судлаач, билиг зүйч, монгол хэл судлаач, сэтгэл судлаач бүр шувуу судлаач нарын зөвлөгөөг авсан байна.
“Ертөнц” цомог нь бүхэлдээ өвөрмөц бөгөөд энэ цагт гарсан сонгомол бүтээлч байж болох юм.
Цомогт багтсан Ертөнц, Нар, Ус, Салхи, Тал, Хавар, Уулс, Онгод, Тэнгэр, Хурай Хурай Хурай зэрэг 10 бүтээл нь цөм тэнгэр огторгуй, газар дэлхий, цаг хугацаа, нүүдэлчдийн ахуй амьдрал, бөөгийн зан үйл, уламжлалт өв соёлыг авиа чимээ аялгуу хөгжмөөр илэрхийлсэн байна.

Хөгжим сонирхогч, урлагийнханы сонирхолыг татаад байсан уг цомог нь itunes, xbox music, amazon.com, iHeart radio, muve music, google play, simpy, media.net зэрэг 16 цахим сүлжээнд хэдийнээ борлуулагдаад эхэлсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард “BRO’S records”-ын уран бүтээлчид “Ертөнц” цомгоо танилцуулах тоглолтыг хийсэн билээ. Цаашлаад цомгийн танилцуулгын ажил ч үргэлжлэн хийгдэх юм.
Цомог 20000 төгрөгийн үнэтэйгээр СD-ний дэлгүүрүүдээр борлуулагдах юм байна. Зохиогчийн эрхийг оюуны өмчийн байгууллагаар баталгаажуулсан бөгөөд цаашид оюуны хулгай гаргахгүй байх тал анхаарч ажиллахаа Брос рекордсынхон хэлсэн юм.
Өнөөдөр болсон цомгийн танилцуулгын нээлтэд хөгжмийн зохиолч Г.Онон, продюсер М.Болд, Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн тэргүүтэй урлаг соёлынхон оролцсон юм. Тэдний сэтгэгдлийг сонирхоё.

- Таниас хэр их цаг хугацаа шаардаж байж бүтсэн бүтээл вэ?
- Цомгоо 2009 оноос хойш хийж эхэлсэн. Анх бид товшуур хөгжмийг сонсоод энэ цомогтоо язгуур хөгжмүүдийн аяыг оруулж хийе гэсэн санааг гаргасан. Тэгээд явцын дунд хобис гэдэг хөгжмийг олж илрүүлсэн. Тэгээд хэц, хэл хуур гэсэн Mонголынхоо язгуур хөгжмүүдээс ашиглаж хийж байсан. “Ертөнц” гэдэг нь цомгийн үндсэн том санаа нь байгаа юм. Ерөнхийдөө орчин цагт хүн төрөлхтөн байгаль дэлхийтэйгээ зохисгүй харьцаж байгаагаас болоод усны хомсдолд орж байна. Эх дэлхийгээ хайрлаж яваарай гэсэн санааг гаргахыг хичээсэн.
- Орчин үеийн хөгжмийн урсгалуудтай үндэсний хөгжмийг хоршуулахад бэрхшээлтэй тал байсан уу?
- Бэрхшээл байгаагүй. Монгол хөгжмийн гол онцлог нь давталд гэдэг зүйл байдаг. Хоорондоо их сайхан зохицож өгсөн.
- Оюуны өмчөө хамгаалах тал дээр хэр сайн ажилласан бэ?
- Оюуны өмчөөр маш сайн хамгаалагдаж байгаа. Монголд оюуны өмчийн үнэгүйдэл гэдэг зүйл маш их бий. Үүний эсрэг бид тэмцэнэ. Мөн цомгоо дэлхийн түвшинд гаргах л зорилготой байгаа.

- Соёлын өвийг хадгалж хамгаалахад ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бүтээл боллоо гэж бодож байна. Та санал нэг байна уу?
- Ирээдүйд мартагдах гэж буй өв соёлыг сэргээж өгье Монголынхоо урлагийг дэлхий дахинд гаргая. Тэгснээрээр монгол хүн болж төрснийхөө бахархах сэтгэлийг бий болгоё гэдэг үүднээс олон эрдэмтэн мэргэдтэй хамтарч хийсэн.
- “Ертөнц” цомгийг хийхэд том төсөл хэрэгжсэн байх. Цаашид цомгийн үйл ажиллаагтай холбоотой ямар ажил явагдах вэ?
- “Ертөнц” цомгийн тоглолтыг ирэх зун хийнэ. Тэр тоглолтын дараа намар бүх хамтлаг дуучдыг хамарсан тоглолтыг УБ паласт хийнэ.
- Тус цомгонд техникийн шинэ дэвшилтэд зүйлийг ашигласан уу?
- Цомгийг хийж эхлэхээс эхлээд дуустал нь бүх ажлыг монгол хүмүүс хийсэн. Монгол хүн найруулсан, зохиосон бүтээсэн. Энэ цомог цэвэр монголчуудын бүтээл. 21-р зуун бол мэдээллийн зуун. Монголчууд бид өөрсдийгөө оюунлаг гэж хэлдэг. Цомогт багтсан бүтээлүүдийн гол онцлог нь хүний сэтгэл санаанд амар амгаланг бий болгож оюуны тайвширлыг өгдөг. Манай ардын хөгжмүүдийн эгшиг аялгууны онцлог хэмнэлийг бүрэн дүүрэн гаргаж өгсөн. "Ертөнц" цомгийг бүх монголчууддаа хүргэх зорилготой.
Т.Хулан