

-Одоогоор хэчнээн эмэгтэй хүчинд автсан тухай тоо баримт байдаг уу?
-Сүүлийн гурван жил 700 гаруй хүчингийн хэрэг гарсан гэсэн мэдээлэл байгаа. Гэхдээ үүний цаана бас дахин 700 хэрэг ч байж мэднэ. Харин эдгээр хэргүүд ямар нөхцөл байдал, хэдээс хэдэн насны охид эмэгтэйчүүд хүчингийн гэмт хэргийн бай болсон мөн тус хэргүүдийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар мэдээлэл байхгүй байна. Иймээс бид хамгийн эхэнд цагдаа нар болон хууль хяналтын байгууллуудыг энэ хэрэгт анхаарал хандуулж, мэдээллийг илүү дэлгэрэнгүйгээр гаргаж өгөхийг хүсч байна. Маш олон хэргүүд байгаа ч эмэгтэйчүүд, охидын хүчингийн гэмт хэрэгт нийгмээрээ анхаарлаа хандуулъя. Гарч байгаа нөхцөл байдлыг таслан зогсоохын төлөө олон нийтийн хүчин чармайлтыг дээшлүүлж, гэмт хэрэгтнүүдтэй тэмцье.
- Тэгэхээр эмэгтэйчүүдийн хүчингийн хэрэг хэтэрхий хаагдмал байгаа учир энэ хэрэг илүү их гараад байна гэсэн үг үү?
-Сүүлийн үед гарч байгаа хэргүүдээс хүчингийн хэрэг, тэр тундаа бага насны хүүхэд хүчирхийлэх явдал ихэссэн. МУ-ын ҮХ, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиуд гээд л эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрхийн тухай хуулиуд байдаг. Гэтэл хуулиудын хэрэгжилт нь хэр байгаа юм. Мөн цагдаагийн байгууллага, хүчирхийллийн эсрэг байгууллагууд олон байдаг. Гэтэл ажлаа хийж байгаа, энэ бүхнээс урьдчилан сэргийлж байгаа юм алга. Наад зах нь байр орон сууц, орц подволийн аюулгүй байдал, гудамжны гэрэлтүүлэг маш муу байдаг.
-Сүүлийн гурван жил 700 гаруй хүчингийн хэрэг гарсан гэдгээс илүү нарийвчлалтай тоо баримт байна уу?.
-Хамгийн гол нь бид өөрсдөө судлах гэхээр хүчингийн хэргийг ил гаргах нь ховор. Цаад хүмүүс нь нэр төрөө бодож ил гаргахгүй байхыг хүснэ. Гэтэл Цагдаагийн байгууллага болохоор яг л ийм тоо баримт өгч байгаа юм. Бүүр нарийвчилсан мэдээлэл өгдөггүй. Энэ нь бидний эгдүүцлийг маш их хүргэж байна. Ер нь хүчингийн хэрэг дотроо олон. Насанд хүрээгүй, бага насны гээд. Мөн тэр хэргийг шийдвэрлэсэн байдал, хэрэг гарсан нөхцөл зэргийг Цагдаагийн байгууллага Монголын ард түмэнд ил тод мэдээлэх ёстой гэж үзэж байна.
-Сүүлийн үед гарч байгаа хүчингийн хэргүүд зочид буудалд гараад байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?
-Амар хялбараар, юм хийхгүйгээр мөнгө олох, мөнгө хүүлэх хэлбэр бол хувийн зочид буудал байна. Эдгээр зочид буудлуудын аюулгүй байдал, үйлчлүүлэгчдийг хянах соёл манайд бүрэн төлөвшөөгүй. Энэ бүхэн бусармаг байдал, биеэ үнэлэх, залуучуудад ёс суртахууны буруу хэвшил олгох нөхцөл байдал болж байгаа. Тиймээс хувийн хэвшлийн талаар ажилладаг мэргэжлийн байгууллага, ялангуяа зочид буудлуудын холбоо, хянатын байгууллагууд эдгээр газруудад өндөр шаардлага тавьж, эрүүл ахуй болон нийгмийн ёс суртахууны талаас нь хяналт тавих хэрэгтэй.
-Хамгийн сүүлд Сэлэнгэ аймагт нэг эмэгтэй хоёр өдрийн турш долоон залууд хүчиндүүлсэн хэрэг гарсан. Энэ талаар та бүхэн ямар мэдээлэлтэй байна. Тодорхой албан тушаалтантай уулзаж хэргийг асууж тодруулсан уу?
-Үүнийг бид тодруулахын тулд Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлтэй холбогдсон. Гэтэл мөрдөн байцаалтын шатандаа яваа учир нарийн мэдээлэл өгөхгүй гэсэн. Гэхдээ энэ асуудал дээр яригдаж, сэтгэл зовоож байгаа нэг зүйл бол тухайн эмэгтэй өөрөө зочид буудлуудаар явсан, өөрийнх нь үйл явдалтай холбоотой учир уг хэрэгт өрөөсгөл өнцгөөс хандаж болохгүй гэсэн зүйл орон нутгаас бидэнд мэдэгдээд байгаа.
-Тэгэхээр Сэлэнгэ аймагт хүчиндүүлсэн эмэгтэйгээс өөрөөс нь энэ хэрэг болсон гэсэн үг үү?
-Эмэгтэй хүний өөрийнх нь аливаа үйлдэл, амьдралын хэв маяг, үзэл бодол нь хүчингийн гэмт хэргийг зөвтгөх ямар нэг шалтгаан болох учиргүй. Өөрөөр хэлбэл аймшигт бүлэг хэрэг, сэтгэл санаа болон бие махбодид онц хэмжээний гэмтэл учруулсан ийм гэмт хэргийг ямар нэг байдлаар хаацайлах, эмэгтэй хүнийг буруутгах зэрэг гутамшигт зүйл байж болохгүй. Өөрөөр хэлбэл, өнөөгийн ардчилсан, хүний эрхийг дээдэлсэн, эрэгтэй эмэгтэйчүүдийн тэгш эрхийг тунхагласан энэ нийгэмд байж болохгүй үзэгдэл юм. Энэ хэрэг орон нутагт ч бай, төвд ч бай хэрхэн яаж шийдвэрлэгдэж байгаа талаар Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага учир бид тууштай ажиллана.
-Эмэгтэйчүүд өөрсдөө дурандаа буудалд орчихоод дараа нь санаатайгаар хүчиндүүлсэн гэж гомдол гаргах нь ихсээд байх шиг?
-Яагаад Монгол оронд хүчингийн хэрэг өсч, өргөжөөд байна. Үүний цаад учир шалтгаан, нөхцөл нь юу юм бэ? гэх асуултыг төр засгийнханд тавиад байна. Ямар учраас охид бүсгүйчүүд маань амьдрах аргаа олохын тулд, эсвэл мөнгө олохын төлөө биеэ үнэлэх, эсвэл янз бүрийн хүчингийн бай болох нөхцөл байдал бүрдэв. Энэ бол өргөн хүрээнд авч үзэх ёстой зүйл. Нийгмээсээ шалтгаалах зүйл ч их байна. Өөрсдөөс нь болж хүчин гарч байна гэж тухайн хэргийг хаацайлахаасаа илүү өнөөх эмэгтэйчүүдийг ямар учраас ийм зүйл хийх болов гэдгийг тодруулах л чухал байх.
-Охид бүсгүйчүүддээ хандаж юу хэлж, захимаар байна?
- Охид бүсгүйчүүд маань өөрсдөө амьдралын зөв итгэл үнэмшил, төлөвшилтэй болох мөн эсрэг хүйстний хүнтэй харьцах, бэлгийн харилцааны соёл зэрэг зан үйлд суралцах хэрэгтэй.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (46)