Монгол үндэсний урлагийн нэгэн өвөрмөц төрөл болох лимбэний битүү амьсгааг ЮНЕСКО устах аюулд ороод буй соёлын бодит бус өвийн жагсаалтад оруулснаа өнгөрсөн долоо хоногт зарласан билээ. Энэ удаа Монголоос гадна хэд хэдэн орны соёлын долоон өвийг энэ жагсаалтад оруулсан юм. Тэдгээрийг сонирхуулахад,
Naqqali театрын урлаг (Иран) - Олон зуун жилийн түүхтэй драмын жүжгийн төрөл. Жүжигт шүлэг, үргэлжилсэн үгийн зохиол уншихын хамтаар дохио зангаа нэлээд ашигладаг.
Lenj завь онгоц барих арга (Иран) – Персийн булангийн оршин суугчид далайн аялал, загас агнуур, сувд олборлохдоо ашиглах модон онгоцыг хийдэг гар арга.
Yaokwa эртний зан үйл (Бразил) – Амазонк мөрний ойд суудаг Nawe омгийнхны бороогүй улиралд онгод тэнгэрийг аргадаж өдөр бүр үйлддэг ёс.
Saman бүжиг (Индонез) – Баяр ёслолын үеэр Gayo омгийн эрчүүд, хөвгүүдийн хамтаар хийдэг бүжиг. Суугаагаар хийдэг энэ бүжиг нь овог отог хоорондын эв нэгдлийг бататгах бэлгэдэлтэй.
Koredugaw зан үйл (Мали) – Өсвөр насны хүүхдийг эрийн цээнд хүрсэнийг тэмдэглэж үйлддэг зан үйлийн нууц ёс. Баяр болгоноор үйлддэг бөгөөд хүүхдүүдээс инээд наргиантай байхыг шаарддаг.
T’heydinn туульс (Мавритани) – Мавританийн эмир, султануудын гавъяат үйлсийг магтан дуулдаг Hassaniya овгийн хэлээрх шүлэглэсэн туульс. Босоо ятга гэх мэт чавхдаст хөгжимтэй хайлдаг. Эцгээс хүүд дамжин өвлөгддөг.
Xoan дуулал (Вьетнам) – Вьетнамын Фу Тхо мужид билгийн тооллын эхний хоёр сард ариун газар олноор нийлэн өдөр бүр дуулна.