МУИС уул уурхайн “Оюу толгой” төслийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанитай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд боловсролоор дамжуулан хувь нэмрээ оруулах зорилготой юм. Ингэснээр хоёр тал хамтран байгаль орчныг хамгаалах чиглэлээр олон нийтэд зориулсан танин мэдэхүйн хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна нийгэм эдийн засгийн бодлогын судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэх аж. Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд “Рио Тинто” компани нь дэлхийд нэр хүндтэй экспертүүдийг урьж илтгэл лекц зохион байгуулах ажилд туслалцаа үзүүлэх замаар их сургуулийн эрдэмтэн, судлаачид, багшлах боловсон хүчний мэдлэг чадавхийг дээшлүүлэхэд дэмжиж ажиллах юм. Харин МУИС нь тус компаний менежментийн багийнханд урт болон богино хугацааны сургалт зохион байгуулж ажиллах юм байна..
Мөн талуудын хамтын ажиллагааны хүрээнд дээд боловсрол болон мэргэжлийн сургалтын төвүүдийг хөгжүүлэх хэд хэдэн төсөл хөтөлбөр хэрэгжих юм. Үүнд зориулж ирэх 5 жилийн хугцаанд “Рио Тинто Холдинг” компаниас ойролцоогоор 110 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа аж.
Б.Хуяг