Нийслэлийн Баянгол дүүргийн I хорооны 49 дүгээр байранд ээж, хүү хоёр гэртээ гадны нөлөөтэй эсэх нь мэдэгдэхгүй амиа алдсан хэрэг энэ сарын 14-ний шөнө гарсан. Тухайн үед “Хүн гэртээ хорлогдсон байна” гэсэн дуудлага 20.40 цагийн үед цагдаагийн байгууллагад иргэдээс ирсэн байдаг. Энэ хэргийг Нийслэлийн цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсээс томилогдсон ажлын хэсэг шөнөжин ажиллаж хэргийн газарт үзлэг хийсэн. Харин өнөөдрийн байдлаар эл хэргийг УМБГ-т шалгаж байна. Цагдаагийнхныг хэргийн газарт үзлэг хийхэд өндөр настай Б цээж хэвлийн тус газраа хутганы 10 гаруй, хоолойдоо нэг шархтай амиа алдсан байжээ. Харин талийгаачийн хүү нь хэвлийдээ болон хоолойдоо хутганы тус бүр нэг шархтай байсан. Хэрэг гарсан байранд 79 настай, эмэгтэй Б өргөмөл хүү 39 настай Г-ын хамт амьдардаг байсан хэмээн хөршүүд нь ярьж буй. Өргөмөл хүү Г нь ШУТИС-д багшилдаг байсан бөгөөд сэтгэцийн өвчтэй Шархадны эмнэлэгт хяналтад байсан байна. Ээж, хүү хоёрын хэрэгт гадны нөлөөлөл байхгүй хэмээн хүүг нь сэжиглэж байгаа ч хэрэг одоогоор тодорхой болоогүй байгаа юм байна.
Б.Чимэг