Кувэйтийн төрийн тэргүүн, шэйх Сабах аль-Ахмад ас-Сабах Засгийн газрын шуурхай хуралдаанаас гарсан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлтийг өнөөдөр хүлээн авлаа. Кувэйтийн нийслэлийн төв талбайд болсон олон нийтийн эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ерөнхий сайд, шэйх Насер Мухаммад аль-Ахмад ас-Сабахыг авлига авсан хэмээн буруутгаж огцрохыг шаардсан нь ийнхүү биеллээ олов.
Эсэргүүцлийн жагсаалд либералуудаас авахуулаад исламистууд хүртэл янз бүрийн улс төрийн хүчин, мөн оюутнууд, орон нутгийн овог отгийн нэгдлүүд оролцсон юм. Тус улсын Мэдээллийн сайд Саад аль-Ажми энэ арга хэмжээг Кувэйтийн түүхэн дэхь хамгийн том жагсаал гэсэн билээ. Жагсаалд 10 мянга гаруй хүн оролцсон нь цөөн хүнтэй энэ улсын хувьд асар том тоо юм.
Жагсагчид ерөнхий сайдыг төсвийн хөрөнгөнөөс олон сая долларыг гадаад дахь хувийн дансандаа шилжүүлсэн хэмээн буруутгасан билээ. Мөн түүнийг парламентын 15 гишүүнд 350 сая долларын авлига өгсөн гэж тэд үзсэн юм. Шэйх Насер Мухаммад аль-Ахмад ас-Сабах өөрийгөө буруугүй хэмээн хэд хэдэн удаа мэдэгдэж, Засгийн газарт итгэл үзүүлэх асуудлаар парламентад гурван удаа санал хураахад гурвууланд нь эерэг дүн авч байсан боловч түүний бурууг нотлох баримт шинээр гарч ирсээр байсан тул цаашид мэлзэх аргагүй болсон байна. Кувэйт нь дэлхийн хамгийн баян орны нэг бөгөөд нэг хүнд ноогдох ДНБ нь 48 мянган доллар юм.