Монголд Санхүүгийн тагнуулын алба гэдэг байгууллага бий болоод таван жил болжээ. Албаны таван жилийн ойг тохиолдуулан өнөөдөр гаргасан мэндчилгээгээрээ Монголбанкны санхүүгийн мэдээллийн албаны дарга Б.Төмөрбат үүнийг Монголын олон нийтэд анх удаа мэдэгдэв. Мөнгө угаах болон терроризм санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус алба өнгөрсөн хугацаанд банкны салбарыг хамран ажилласан гэнэ. Цаашид банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо, үнэт цаасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудыг хамран ажиллахаар төлөвлөжээ. Тус албаны ажлын гол зорилго нь улсын банк, санхүүгийн системд гэмт хэргийн гаралтай бохир мөнгө нэвтрэх боломжийг олгохгүй байх юм. Ингэснээр гадаадын санхүүгийн байгууллагуудын итгэлийг хүлээсэн санхүүгийн системтэй болох аж. Тэдний ажил үүрэг нь “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль”-ийн хүрээнд явагддаг гэдгийг Б.Төмөрбат онцолжээ. Тус алба нь 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл 16 банкнаас 1 115 887 ширхэг бэлэн мөнгөний гүйлгээний тайлан хүлээн авсан бол мөн найман банкнаас 152 ширхэг сэжигтэй гүйлгээний тайлан авч хуулийн байгууллагад 56 гүйлгээний мэдээллийг шалгуулахаар шилжүүлсэн байна.
Б.Ганбилэг