Өвлийн хүйтэн жихүүн жавар хацар хорсгоно. Машины нөмөр бараадан зогсох иргэд хурдан л автобусанд сууж дулаацахыг хүсэмжлэхийн сацуу “Хэд хэдээрээ эгнэж зогсчихоод яагаад хөдлөхгүй байна вэ” хэмээн бухимдаж буй харагдана. Автобус хүлээн зогсож буй иргэдийн зарим нь 20 орчим минут, нэг хэсэг нь дөнгөж ирж байгаа аж.
Иргэдийн хэлж байгаагаар “Шар хадны эцсийн буудлаас төв замын чиглэлд үйлчилгээнд явдаг автобус ингэж хүлээлгэх нь их байдаг. ТҮЦ-ний гадаа очоод 20, 30 минут шахам цай уугаад суучихдаг юм байна лээ. Ойролцоох дэлгүүрт ороод зогсоё гэхэд энэ хооронд автобус ирээд явчихвал дахиад л хүлээх болно. Тиймээс буудал дээр хүлээхээс өөр аргагүй байдаг” гэв.
Удалгүй автобус ирж зорчигчдоо суулгав. Удаан зогсож даарч, бухимдсан иргэд “Гадаа хүйтэн байхад яагаад удаан хүлээлгэдэг юм бэ. Бусад чиглэлийн автобус хоёр, гурав удаа эргэж байхад танай чиглэлийн автобус хэтэрхий удаан хүлээлгэх юм. Яагаад ийм хүнд сурталтай байдаг юм бэ” гэхэд жолооч хариу дуугарсангүй. Өөр автобусны жолооч бололтой иргэдэд учирлаж хэлэх гэтэл “Битгий юм хэл ээ. Угаасаа ойлгохгүй” гэв.
Шар хадны эцийн буудлаас төв замын чиглэлд явдаг хэчнээн автобус байдаг, автобус хоорондын гаралтын зай яагаад ийм байгаа талаар жолоочоос асуухад “Ажлын цагаар өглөөд 19 автобус үйлчилгээнд гардаг. Үүнээс өдөр нь долоон автобус цонхолдог. Цонхолсон тээврийн хэрэгсэл нь 18.00 цагаас буцаад хөдөлгөөнд гардаг. Ингэж цонхолдог шалтгаан нь нийтийн тээврийн гаралтыг хотын захиргаанаас алдаатай төсөв баталсантай холбоотой гэсэн. Тиймээс энэ жил ингэж хөдөлгөөнд гарч байгаа. Мөн түгжрэл дунд цөөн тооны автобус явахаар хоорондын зай нь холдоно шүү дээ. Ирэх жил сонгуультай учраас бүх автобус баазуудын төсвийг танаж, мөнгө босгож байгаа гэсэн. Улсын л бодлого энэ шүү дээ” гэв.
Улаанбаатар хотод өдөрт дунджаар 600-650 мянга орчим иргэн нийтийн тээврийн үйлчилгээ авдаг гэсэн судалгаа байдаг. Эдгээр иргэдэд 93 чиглэлд 800 тээврийн хэрэгсэл үйлчилдэг юм байна. Уг нь автобус хоорондын 8-10 минут болсон гэж ярьдаг ч замын ачаалал болон энэ мэт асуудлаас болж хүлээлт их үүсгэх болжээ.
С.Цэцэгмаа: Ирэх сараас эхлэн ачаалалтай 30 чиглэлийн автобусын тоог нэмэгдүүлнэ
Ингээд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас зарим зүйлийг тодруулснаа хүргэе.
-Нийтийн тээврийн гаралтын тоо багасч, иргэдэд хүлээлт их үүсгэж байна гэсэн гомдол их байна. Энэ талаар ямар зохицуулалт хийдэг вэ?
-Хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан нийтийн тээврийн гаралтын тоог ирэх арванхоёрдугаар сарын 1-ээс эхлэн нэмэгдүүлнэ. Ачаалал ихтэй үед автобусны тоог нэмэгдүүлж, ачаалал буурсан өдрийн цагуудад тоог бууруулдаг юм. Орой ажлын цаг тарах үеэр өдөр зогссон автобус үйлчилгээнд гардаг гэсэн үг.
-Автобус их хүлээгдэж байгаа шалтгааныг жолоочид төсөвтэй холбон тайлбарлаж байна. Энэ үнэн юм уу?
-Ер нь бол батлагдсан төсөвтөө баригдаж бид үйл ажиллагаагаа явуулдаг. Удахгүй ес эхлэх учраас төсөв багатай ч гэсэн нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, цонхоо багасгах чиг барьж байна.
-Ирэх сараас нийтийн тээврийн хэрэгслийг нэмэгдүүлнэ гэж байна. Аль аль чиглэлд, хэдэн автобус үйлчилгээнд гаргах юм бэ?
-Ачаалал ихтэй 30 орчим чиглэлд нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн түгжлэрийг бууруулах Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан сургуулийн автобус төсөл хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр замын ачаалалд эерэгээр нөлөөлж байна. Сургуулийн автобусаар 3000 орчим хүүхэд тээвэрлэх тооцоо гарч байсан бол одоогийн байдлаар 5000 гаруй хүүхдийг тээвэрлэж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь сургуулийн автобусын эрэлт хэрэгцээ өндөр байгааг харуулж байгаа юм. Мөн 5000 хүүхдийг хичээл сургуульд нь 2500 автомашин хөдөлгөөнд оролцдог байсан нь мөн буурсан гэсэн үг. Замын ачаалал буурснаар нийтийн тээврийн үйлчилгээ, хүлээлтийн байдал багасна гэсэн үг.
-Ирэх онд хэчнээн нийтийн тээвэр ашиглалтаас гарах вэ?
-Нийтийн тээврийн зорчигч тээврийн үйлчилгээний 5012:2011 стандарт гэж байдаг. Стандартын дагуу үйлдвэрлэгдсэнээс хойш 12 жил ашиглагдсан автобусыг үйлчилгээнд ашиглахгүй байх ёстой гэсний дагуу жил бүр 12 жилийн насжилттай автобуснууд хасагддаг юм. Энэ оны хувьд 203 автобус хасагдана. Мөн ийм хэмжээний автобус нөхөн хангалтаар орж ирж байгаа. Тухайлбал, МОН-30 хоёр шинэ цахилгаан автобус Засгийн газраас хүлээлгэж өгсөн. Түүнчлэн "Автобус-3 нэгтгэл" компанид нэг шинэ цахилгаан автобусаар парк шинэчлэлт хийсэн. Бусад компаниудад 50 автобусаар нөхөн хангалт хийсэн. Энэ нь БНСУ-д ашиглагдаж байсан автобус гэсэн үг.
-Жолооч нар эцсийн буудал дээр очоод 20, 30 минутаар хүлээлгэдэг гэдэг асуудлыг иргэдээс ярьж байна. Энэ тал дээр ямар хяналт, шалгалт хийдэг юм бэ?
-Жолооч нар удаан зогсолт хийх, автобусаа хаяж явах зэрэг зөрчил гардаг. Үүнд автотээврийн 23 улсын байцаагч 900 автобусанд хяналт, шалгалт хийж ажилладаг. Гэхдээ байцаагч нарын тоо хаанаа ч хүрдэггүй асуудал бий. Тиймээс бүх зөрчлүүдийг 100 илрүүлж, хангуулж ажиллаж чадахгүй байгаа ч гэсэн илэрсэн тохиолдолд арга хэмжээг нь тухай бүрт нь тооцоод явдаг. Мөн тухайн автобусыг цаг, минутаар нь мэдээлэл ирүүлсэн тохиолдолд автотээврийн байцаагч хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллах боломжтой.
Б.Лхам