Өнөөдөр 2018 оны гуравдугаар сарын 1. Яг 97 жилийн өмнөх энэ л өдөр буюу 1921 оны 3 дугаар сарын 1-3-нд Хүрээ ба Консулын дэнжийн хоёр бүлгэмийн хамтран байгуулсан Монгол Ардын намын зөвлөлгөөнөөр удирдах байгууллага Төв хороог сонгон, мөрийн хөтөлбөр “Монгол Ардын намаас түмэнд тунхаглан зарлах бичиг”-ийг баталснаар өнөөдрийн МАН, болон МАХН-ууд улстөрийн намын шинжийг бүрнээ олсон гэдэг. МАХН үүсэн байгуулагдсанаар монголчууд “Нараа дагавал даарахгүй, нам бараадвал алзахгүй” гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон түүхтэй. Далан жил “энхрий хайрт” МАХН-аа хошууран дагаж, уриа лоозонг нь хоолойгоо цахирттал хашхиралдаж явсан түүхийн дамшиглал 28 жилийн өмнө замхран алга болж, “Нам бараадсанаас наймаа хийсэн нь өлзийтэй” хэмээгээд Монголчууд их багагүй хэсэг л пижигнэлдсэн түүхтэй.
Тэгж байтал хэрэг бишдэж “Шуудайд хийсэн үхрийн эвэр” шиг баахан нам, лам нар гарч ирээд монголчуудыг дахиад л салаа замын уулзварт аваачаад хаячихсан билээ. Тэгээд яах вэ дээ. Эрүү өвдөг нь нийлж, ухаан санаа нь орон гаран болсон чавганц нар шиг олон намыг даган гэлдэрцгээсээр өнөөдрийн шаргал өглөөтэй золгоод байгаа минь энэ. Өнгөрсөн 28 жилд нараа даган нүүдэллэсэн ард түмний олонх нь зарим үед осгож үхчих шахаж, өвлийг Улаанбаатарын утаанд мансуурч зутруухан амьдарсаар өнөөдөртэй золгоод байгаа бол нам дамжин наймаалцсан тоотой хэдэн улстөрчид нь Монголд багтахгүй болтлоо баяжин хөлжиж, хагартлаа таргалцгааж, эхнээсээ дэлбэ үсрээд эхэлсэн. За энэ ч дүүрсэн хэрэг.
Өнөөдөр чинь “Эх орончдын өдөр” гэж байгаа. Ер нь ингэхэд эх орон хаанаас эхэлдэг юм бол. Зөвлөлтийн үеийн “Илд бамбай” хэмээх тагнуулч офицерийн тухай нэг сайхан кино байдаг. Тэр киноны дууг сонсохоор эх орон чухам хаанаас эхэлдэг нь нүдэнд харагдах шиг л болдог. Харин манай улстөрч, эрх мэдэлтнүүдийн ихэнхийнх нь хувьд эх орон нь их л өөр зүйлээс эхэлдэг бололтойг өчигдөрхөн болсон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг улсын мэдэлд авсан нь хууль зөрчөөгүй хэмээх шийдвэрийг уншиж зогсоо Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын үйлдлээс ард иргэд дахин сайтар ойлгож авсан нь тодорхой.
Жил бүрийн шинэ жилээр “Эх оронч төрийн түшээ” энэ тэр гэсэн баахан цол, өргөмжлөлд даруулдаг өнөө хэдэн нөхөр өнөөдөр Чингис хаан, Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөнгөө амаа цууртал “Эх орныхоо төлөө” гэж хашхиралдаж таарна. Тэдний дундаас Монгол төрийн нууц бичиг баримтыг хоёр хөршийн тагнуулын албанд зарсан, бүхэл бүтэн аймгийг газар нутаг, хүн ардтай нь гурав дахь орны хөрөнгөтнүүдэд хэдэн үеэрээ идээд барахгүй ногоон мөнгөөр зарсан лай ланчгаа эдэлж, эх орон нэгтнүүддээ “Урвагч”-аараа дуудуулан Монголдоо ирэх нүүргүй болчихоод гадаадад толгой хоргодож яваа “эх оронч” ч байж л байгаа.
Өнөөдөр гэм зэмгүй малилзаад явцгааж байгаа ч Монголчуудыг хэдэн үеэр нь тэжээх асар их нөөцтэй Оюу толгой, Таван толгойг хуйвалдаад зарчихсан байж ч магадгүй “эх оронч” таахалзтал алхаж л яваа. Зарим нэг нь “Дээлээ толгой дээгүүрээ нөмрөх”-өөсөө урьтаад тив алгасаж, далай даваад зугатчихсан гэж байгаа. Маргааш, нөгөөдөргүй зугатах санаатай, эд хөрөнгөө ийш тийш нь бултуулан шилжүүлж, өдөр шөнөгүй нүгэлт хэргүүдээ цайруулах гэж дээр дооргүй амь тэмцэн гүйлдэж байгаа цагаан захтай “эх оронч”-д цаагуур чинь чухам дүүрэн байгаа. Одоо тун удахгүй Морин цагт МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй МАН-ын удирдлага дарга нар Д.Сүхбаатар, эзэн Чингисийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлж таарна. Тэгтэл тэдэнтэй зэрэгцээд шахуу МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд дарга С.Ганбаатар, Ц.Оюунбаатар, Б.Тулга, Н.Удвал гээд дагуулуудаа удирдан мөн л Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж “Энэ чинь манай намын баяр шүү” хэмээн үзэлцэж гарах нь тодорхой. Мэдээж өнөөдөр МАН-ынхан ч МАХН-ынхан ч энд тэнд дайллага цайллага, идээлэг будаалаг болж нам үүсэн байгуулагдсан баяраа тэмдэглэцгээж таарна. Харин Д.Сүхбаатар жанжнаа аль нь өмчлөх эсэх нь тодорхойгүй. Ийм л хуурамч инээмсэглэл тодруулсан баг зүүж, нүгэлт царайгаа Монголчуудаас нуусан улстөрчид бужигналдах хачин жигтэй баярын өдөр билээ, өнөөдөр. За даа “Эх орончдын өдөр”-ийн тухайд бол нэг иймэрхүү.
Д.Түвшин
Сэтгэгдэл (22)