Баримт 1
П.Орхон нь Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1993 оны арванхоёрдугаар сарын 25-нд буюу Зул сарын баярын өдрөөр төржээ. Тэрбээр энэ жил 32 настай.
Баримт 2
Тэрбээр нэгдүгээр ангидаа шатрын дугуйланд хичээллэж, оюуны спортоор гараагаа эхэлж байжээ. Сүүлд хотод шилжиж ирэхдээ тэшүүрийн спортоор хичээллэж байж.
Баримт 3
П.Орхон Олимп, дэлхийн аваргууд олноороо төрөн гарсан 79 дүгээр сургуулийн төгсөгч.
Баримт 4
Түүний төгссөн 79 дүгээр сургуулиас Олимпын аварга Э.Бадар-Ууган, олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нар төрөн гарчээ.
Баримт 5
Дэлхийн аварга С.Цэрэнчимэдтэй нэг ангийн найзууд.
Баримт 6
Тэрбээр 14 настайгаасаа хойш чөлөөт бөхөөр хичээллэжээ. Түүний анхны багш нь "Алдар" спорт хорооны дасгалжуулагч Цэрэнбаатарын Хосбаяр.
Баримт 7
Түүнийг нагац ах нь хоёр хүүхдийнхээ хамт “Алдар” спорт хорооны тамирчин Ц.Хосбаярт аваачиж өгснөөр чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн байна.
Баримт 8
П.Орхон энэ талаараа “Манай ах, нагац ахын хоёр хүүхэд тэр үед чөлөөт бөхөөр барилддаг, медаль хүртээд л байсан. Төрсөн ах минь 2006 онд Лу.Энхбаяр багшийн нэрэмжит тэмцээнээр хөлөө хугалаад спортоо орхисон болохоор чөлөөт бөх надад ойрхон байлаа. Нэгдүгээр ангид байхад ангийн багш Солонгоо бөхөөр барилдаарай, чи бяртай шүү гээд захидаг байсан. Намайг ийм амжилтад хүрэхэд их баярласан даа багш минь” хэмээн дурсчээ.
Баримт 9
Энэ талаар түүний ээж Б.Пүрэвдулам “Миний аав цэргийн начин цолны болзол хангасан бөх байсан ч цолыг нь албан ёсоор олгоогүй юм билээ. Тухайн үед дайны ч жил байсан гэдэг. Харин дүү маань аймгийн начин цолтой хүн байсан. Тэгэхээр охин маань удмаа дагасан байх” хэмээжээ.
Баримт 10
П.Орхон багш нарыхаа тухай ийнхүү хуучилжээ. “Хоёр багш минь бид нарыг хүүхэд шигээ л эрхлүүлнэ. Халаасанд байгаа мөнгөөрөө шавь нартаа хоол авч өгснийхөө дараа Цогоо багш “Өө хүүхдэдээ орой чихэр авч орох мөнгөгүй болчихлоо” гээд л амаа барина. Ц.Хосбаяр, Ц.Цогтбаяр багшийн онцлог гэвэл өглөөнөөс орой хүртэл хэдэн зуун хүүхэдтэй ажилладаг. Тэр олон хүүхдийг нэгийг нь ч илүү, дутуу үздэггүй. Чадах бүхнээ бүгдэд нь заадаг. Тэр дундаас өөрийгөө дайчилж чадсан нь хурдан гарч ирдэг байх. Мэдээж тэр олон хүүхдийн дунд амжилт нь ахихгүй хүүхэд гарч ирнэ. Хамгийн гоё нь хоёр багш минь хэзээ ч муу яваа шавь нарыгаа орхидоггүй. Тийм ч болохоор барилдаад амжилт гаргаагүй ч шавь нар амьдрал дээр дандаа сайн сайхан зөв явдаг" гэв.
Баримт 11
Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт С.Цэрэнчимэд тэр хоёр 2008 оноос хойш “Алдар” спорт хороонд чөлөөт бөхөөр хүсэл мөрөөдлөө нэгтгэснээр үй зайгүй найзууд болжээ. Олимпийн жил эхлэхтэй зэрэгцэн С.Цэрэнчимэд 60кг-аас жин хасч, П.Орхон жин өгсч 58кг-д өрсөлдөх болсноор найзууд дэвжээнд өрсөлдөгчид болсон байна. 2016 оны УАШТ-ий эхний тойрогт П.Орхон, С.Цэрэнчимэд нар эхний тойрогтоо учраа таарсан. Чимэдээгийн хувьд техник ур чадвар бусдаас илүү учраас хамгийн хүнд барилдаан байсан гэдэг.
Баримт 12
П.Орхоны нагац ахын охин Цолмонгийн өмсгөл, просункийг Орхоо, Чимэдээ хоёр олон жил ээлжилж гуйж өмсчээ. Тэд 2013 оноос л өөрийн гэсэн өмсгөлтэй болсон байна.
Баримт 13
2012 оны залуучуудын ДАШТ-д С.Цэрэнчимэд, П.Орхон хоёр хамтдаа явсан ч медальд хүрээгүй. Медалиас мултарсан орой нь Ц.Цогтбаяр багш П.Орхонг сургуулиасаа жилийн чөлөө авчих. Та хоёрыг багш нь нэг сайн бэлдье гэжээ. ШУТИС-ийн КТMС-ын нийгмийн ажилтны ангид суралцдаг тэрээр чөлөө авч нэг жилийг зөвхөн бэлтгэлдээ зориулжээ. Жилийн дараа хөдөлмөрөө үнэлүүлж С.Цэрэнчимэд залуучуудын дэлхийн аварга болж П.Орхон хүрэл медаль хүртсэн түүхтэй.
Баримт 14
П.Орхоны хувьд залуучуудын шигшээ багт харьяалагддаг байжээ. Ц.Хосбаяр багш нь гурван жил насанд хүрэгчдийн шигшээ багт оруулах гээд хөөцөлдөөд бараагүй байна. Учир нь холбооныхон нь тархи толгойны өвчтэй гээд аваагүй аж.
Баримт 15
Тэрбээр 2016 онд олимпын гурав, дэлхийн арван удаагийн аварга Японы алдарт бөх Каори Ичог Иван Ярыгины нэрэмжит тэмцээний алтан медалийн төлөөх барилдаанд 10:0-ээр ялж байв. Япон бүсгүй 2003 оноос хойш ялагдал гэгчийг "мартаад" байсан босоо аварга билээ.
Баримт 16
Манай аавыг Пүрэвдорж, ээжийг минь Пүрэвдулам гэдэг. Ах дүү долуулаа. Өнөөдрийг хүртэл амжилтын минь ард гэр бүлийнхэн минь байж дэмжсээр ирсэн. Манай ээж тамирчдын судалгааг их нарийн хийнэ, алдаан дээр минь ажиллаж зөвлөгөө өгдөг болчихсон. Гадагшаа тэмцээн уралдаанд явахад мөнгө төгрөг зохицуулна, хүүтэй мөнгө зээлээд ч хамаагүй намайг тэмцээнд явуулсаар ирсэн
Баримт 17
Казахстан улсын Астана хотын “Даулет” спортын цогцолборт Олимпын эрх олгох сонгомол болон чөлөөт бөхийн тэмцээн болоход П.Орхон 58 кг-д олимпын эрх авчирсан юм. Энэ болзол нь чөлөөтийн найм дахь, манай тамирчдын 16 дахь эрх байлаа.
Баримт 18
К.Ичог ялснаас хойш монголчуудын төдийгүй дэлхий нийтийн анхааралд өртөж чадсан П.Орхон харамсалтай нь, Риогийн олимпод санасандаа хүрч чадаагүй. Тэрбээр ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт ОХУ-ын тамирчин Валерия Кобловад ялагдаж, шагналт долдугаар байр эзэлсэн юм.
Баримт 19
Дэлхийн аварга болсны дараа түүний ээж Б.Пүрэвдулам “Охин маань Дэлхийн аварга болоод ирнэ ээ гээд л явсан. Сорилго тэмцээний үеэр Монголынхоо ард түмэнд “Дэлхийн аварга болж та бүхнээ баярлуулна аа” гээд амлачихсан. Тэр амлалтаа өнгөрсөн шөнө биелүүлж чадлаа” гэжээ.
Баримт 20
Манай улсаас чөлөөт бөхөөр дэлхийн аварга болсон бөх ховор. Дэлхийн хошой аварга З.Ойдов, С.Батцэцэг, дэлхийн аварга Х.Баянмөнх, С.Цэрэнчимэд гээд нийт зургаан алтан медалийг дөрвөн хүн л эзэмшдэг байсан бол одоо Монголоос дэлхийн аварга тодорсон долоо дахь алт, тав дахь тамирчин нь П.Орхон болов.
Баримт 21
П.Орхоны хувьд 2017 онд дараалсан есөн тэмцээнд түрүүлж, замналынхаа хамаг л оргил амжилтууддаа тэр жил хүрсэн билээ. Тэрбээр тухайн жилд насанд хүрэгчдийн УАШТ-ээс эхлэн оюутны УАШТ, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гран При”, “Монголиа Опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гран При, цэргийн ДАШТ, насанд хүрэгчдийн ДАШТ-ээс гээд дараалсан найман алтан медалийг атгасан юм.
Баримт 22
П.Орхоноос 2018 оны Азийн наадмын үеэр авсан шинжилгээгээр допинг илэрсэн тул дөрвөн жилээр барилдах эрхээ хасуулсан билээ. Улмаар 2022 оны есдүгээр сарын 16-ны өдрөөр түүний торгуулийн хугацаа дуусгавар болсон тул эргэн дэвжээнд зодоглох боломжтой болсон юм. Гэхдээ энэ зуурт П.Орхон Токиогийн олимпыг өнжихөд хүрсэн.
Баримт 23
Түүний хувьд, допингийн торгуулиа дуусгаад зодоглосон эхний тэмцээнүүддээ урьдынхаараа шилдэг барилдаанаа толилуулсан юм. Тухайлахад, дөрвөн жилийг дэвжээнээс хол өнгөрүүлээд өрсөлдсөн анхны тэмцээн болох МУГТ Ц.Цогтбаярын нэрэмжит тэмцээний финалд дэлхийн АШТ-ий хүрэл медальт Э.Даваачимэгийг ялж, түрүүлсэн.
Баримт 24
Харин 2025 оны ДАШТ-ээс тэрбээр хүрэл медаль хүртлээ.