
Өнөөдөр дэлхийн улс орнуудын иргэдийг хог хаягдал, бохирдлыг бууруулах, хүрээлэн буй орчноо цэвэрлэх үйлсэд нэгтгэдэг “World Cleanup Day” буюу “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна.
Энэхүү дэлхийн хэмжээний хөдөлгөөн нь иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил, их, дээд сургуулийн оюутан залуусыг нэгтгэн, орчны бохирдлыг бууруулах, хог хаягдлын талаарх зөв дадал хэвшлийг бий болгох зорилготой.
Монгол Улс энэ өдрийг зургаа дахь жилдээ тэмдэглэж, бүх нийтийн их цэвэрлэгээг орон даяар зохион байгуулж байна.
“World Cleanup Day” хөдөлгөөн 2018 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2024 оноос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор албан ёсны олон улсын өдөр болсон юм.
Манай улсад сүүлийн таван жилийн хугацаанд “CleanUP Mongolia” ТББ-ын залуус энэхүү хөдөлгөөнийг манлайлан зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулан орон даяар хэрэгжүүлж иржээ.
Энэ жилийн “Эх дэлхийн цэвэрлэгээ”-ний нээлт өнөөдөр 09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн талбайд боллоо. 2026 оны их цэвэрлэгээг 21 аймаг болон Улаанбаатар хотын 45 цэгт нэгэн зэрэг зохион байгуулах бөгөөд улсын хэмжээнд 16,500 гаруй иргэн оролцохоор бүртгүүлээд байна.
Харин нийслэлд 12,000 гаруй хүн нэгдэж, Туул, Сэлбэ, Дунд голын ай сав газар болон бусад тогтсон байршлуудад цэвэрлэгээ хийх юм. Мөн энэ удаагийн “Эх дэлхийн цэвэрлэгээ”-нд төр, хувийн хэвшлийн 70 гаруй байгууллага оролцохоор бүртгүүлжээ.
Зохион байгуулагчдын зүгээс иргэдийг зөвхөн нэг өдрийн цэвэрлэгээнд оролцохоос гадна хог хаягдлаа ангилан ялгах, хогийг ил задгай хаяхгүй байх, хүрээлэн буй орчноо цэвэр байлгах зөв дадлыг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэхийг уриалж байна.




















































