
The MongolZ баг БНХАУ-ын Бээжин хотод болж буй "IEM Beijing 2026" тэмцээнд дараалан гурван ялалт байгуулж, хэсгээ тэргүүлэн плей-оффын хагас шигшээд шууд шалгарлаа.
Тэд арваннэгдүгээр сарын 2-нд Legacy багийг 2:1-ээр, арваннэгдүгээр сарын 3-нд HEROIC багийг 2:0-ээр тус тус буулган авсан юм. Харин өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 4-нд дэлхийн чансааны нэгдүгээрт бичигдэж буй Бразилын FURIA багтай учраа таарч, 2:1-ээр ялалт байгуулжээ.
FURIA багтай хийсэн тоглолтод эхний мап болох Inferno-д 10:13-аар хожигдсон ч дараагийн Cache мапд 13:8, Dust2 мапд 13:11-ээр ялалт байгуулж, цувралыг өөрсдийн талд эргүүлсэн байна. Ингэснээр The MongolZ баг тэмцээний хэсгийн тоглолтуудаа амжилттай дуусгаж, хагас шигшээд өрсөлдөх эрхээ авлаа. Тэд арваннэгдүгээр сарын 7-нд PARIVISION болон Natus Vincere багуудын тоглолтын ялагчтай учраа таарна. IEM Beijing 2026 тэмцээн арваннэгдүгээр сарын 2-8-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нийт 1.25 сая ам.долларын шагналын сантай.
Л.Баяр

















































