ЭШЛЭЛ 1
Шүүх засаглал нь нийгэмд шударга ёс тогтоох, түүнийг бэхжүүлэх нэн чухал институц төдийгүй хууль тогтоох, гүйцэтгэх засаглалтай эн чацуу, харилцан тэнцвэртэй ажиллах учиртай ардчилсан засаглалын нэгэн чухал тулгуур билээ.
ЭШЛЭЛ 2
Өнгөрсөн хугацаанд шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг хангах зорилгоор Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулан, улмаар 2021 онд Шүүхийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэхүү шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл хэрэг олон сорилт, бэрхшээлийг даван гарч, эдүгээ зохих үр дүнд хүрээд байгааг та бүхэн мэдэж байгаа.
ЭШЛЭЛ 3
Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл явцыг анхааралтай ажиглаж, бодлогын түвшинд ямагт дэмжсээр ирсэн. Аливаа шинэтгэл бол зориг гарган хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулах урт хугацааны үйл явц байх учиртай.
ЭШЛЭЛ 4
Цаашид шинээр сонгогдох Ерөнхий зөвлөлийн гишүүд шүүхийн шинэтгэлийн үйл явц, бодлогын залгамж чанар, ололт амжилтыг үргэлжлүүлж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн байна.
ЭШЛЭЛ 5
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Шүүхийн Ерөнхий зөвлөл шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, шүүхийн эдийн засгийн баталгааг сайжруулах, цахим шилжилтийг гүнзгийрүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд багагүй үр дүнд хүрч, шүүхийн шинэтгэлийг зохих түвшинд урагшлуулж ажилласан гэж үзэж байна.
ЭШЛЭЛ 6
Монгол Улсын Үндсэн хуульд шүүх үйл ажиллагаагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана хэмээн заасан.
ЭШЛЭЛ 7
Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн бодлогын хүрээнд өнгөрсөн дөрвөн жилд шүүгчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, шүүгчийн цалин хөлсийг олон улсын жишигт хүргэх чиглэлд бодитой ажлууд хийгдсэн.
ЭШЛЭЛ 8
Нийт шүүгчийн анхдугаар чуулганд оролцох үеэрээ төрийн тэргүүний дэвшүүлж байсан санаачилга биеллээ олж, шүүхийн дээд байгууллага болох Улсын Дээд шүүх шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна. Энэ нь манай улсын шүүхийн байгууллагын түүхэнд анх удаа тохиож буй түүхэн үйл явдал юм.
ЭШЛЭЛ 9
Шүүхийг зориулалтын байртай болгох асуудал бол Үндсэн хуульд заасан иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хангах нэгэн чухал алхам юм. Цаашид ч шүүх эрх мэдлийн байгууллагыг бэхжүүлэх, түүний хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд төрийн тэргүүн бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах болно.
ЭШЛЭЛ 10
Хууль зүйн салбар дахь цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлд шүүх эрх мэдлийн бүхий л байгууллагууд нэгдмэл бодлогоор харилцан уялдаатай хамтран ажиллах шаардлагатай байна.
ЭШЛЭЛ 11
Шүүхийн шинэтгэлийн бас нэг чухал ажил бол шүүн таслах ажлын төрлөөр дагнасан шүүх байгуулах болон тойргийн зарчмаар ажиллах шүүхийг шинээр байгуулах явдал байсан билээ. Тэгвэл энэ хүрээнд Гэр бүл, хүүхдийн хэргээр дагнасан шүүх байгуулахаар шийдвэрлэсэн нь улсын үндэс болсон айл өрх, монгол хүний хөгжлийн асуудалд төр онцгой анхаарч байгаагийн илэрхийлэл юм.
ЭШЛЭЛ 12
Дагнасан шүүхийг байгуулахад цаг хугацаанд шахагдан яарах бус ул суурьтай судалгаа хийж, бэлтгэлээ сайтар хангаж, эрх зүйн орчныг бүрдүүлж, туршлагатай шүүгч нарын дундаас шүүгчийг шилж олох замаар шүүх бүрэлдэхүүнийг бүрдүүлэх нь нэн чухал юм.
ЭШЛЭЛ 13
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Улсын Дээд шүүхээс хэргийг хяналтын журмаар шийдвэрлэхдээ гагцхүү хуульд заасан үндэслэл бүхий гомдлыг хүлээн авдаг болсноор Анхан болон Давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээ, ач холбогдол үлэмж нэмэгдсэн хэмээн эрдэмтэн, судлаачид дүгнэж байна.
ЭШЛЭЛ 14
Хэрэг маргааны тоон үзүүлэлт, хэргийн төрөл, шинж байдалтай уялдуулан шүүгчийн орон тоог уян хатан зохицуулах асуудлыг эрх зүйн болон зохион байгуулалтын хүрээнд шийдвэрлэж, шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах асуудлыг судлан үзэж, шаардлагатай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй.
ЭШЛЭЛ 15
Дээрх шүүхийн шинэтгэлийг улам бүр гүнзгийрүүлэхэд Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, нэгдмэл зорилго нэн чухал юм.
ЭШЛЭЛ 16
Шүүгч Та бүхэн Монгол Улсын нэрийн өмнөөс шийдвэр гаргадаг Монгол төрийн шударга ёсны гуйвшгүй ган бат багана билээ.Иргэд, олон нийтийн зүгээс шүүх эрх мэдлээс ямагт хүсэн хүлээж, шаарддаг зүйл бол шударга ёс, ёс зүй, сахилга, хариуцлага юм.
ЭШЛЭЛ 17
Өндөр ёс зүйтэй, мэргэжлийн ур чадвартай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид шүүгч л хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэж чадна.
ЭШЛЭЛ 18
Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хуулиудаар Шүүхийн сахилгын хорооны чиг үүргийг тодорхойлж, шүүгчид сахилга, хариуцлагыг бие даан тооцож чаддаг болсон нь шүүхийн шинэтгэлийн салшгүй нэг хэсэг юм.
ЭШЛЭЛ 19
Шүүгчид хариуцлага тооцдог механизм хуулийн хүрээнд, үр дүнтэй ажиллаж байж сая шүүх засаглал өөрөө өөрийгөө цэвэршүүлж, ёс зүйгүй, гэмт хэрэг үйлдсэн нэгнээсээ салж чадна.
ЭШЛЭЛ 20
Шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй байх нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд чухал үр нөлөөтэй бөгөөд та бүхний анхаарах бас нэг чухал зүйл бол шүүхийн нээлттэй, ил тод, түргэн шуурхай байдал юм.
ЭШЛЭЛ 21
Олны анхаарал татсан, нийгмийг цочроосон хэргийн талаар бодит мэдээллийг хуулийн хүрээнд шуурхай өгч, иргэдийн эргэлзээг богино хугацаанд тайлж байх хэрэгтэй.
ЭШЛЭЛ 22
Шүүх хавтаст хэрэгтэй биш, хүнтэй ажилладаг гэдгийг санаж, шүүх эрх мэдлийн ажлын үр дүнг хэмжих гол хэмжүүр бол шүүхийн шийдвэрийн үндэслэл, түүнийг зөв тайлбарлан хүргэх юм гэдгийг ямагт санаж ажиллах учиртай.
ЭШЛЭЛ 23
Сүүлийн жилүүдэд манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, бүхий л салбарт бодит үр дүнд хүрч байна. Үүний нэгэн нотолгоо нь шүүгчид та бүхний эгнээнээс дэлхийн хэрэг явдлыг дэнслэх анхны шүүгч төрөн гарсан явдал юм.
ЭШЛЭЛ 24
Шүүгч хүн өөрийн мэдлэг, ур чадварыг ямагт дээшлүүлж, нийгэмд шинээр үүсэж буй харилцааг соргогоор хүлээн авч, хууль дээдлэн, хуульд нийцүүлэн шийдвэрлэдэг байх шаардлагатай.















































Сэтгэгдэл (20)