УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Прокурорын байгуулллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Тэрбээр уг хуулийн төслөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарт танилцуулж санал дүгнэлтийг нь аваад байгаа аж. Уг хуулийн төслийг энэ долоо хоногтоо багтаан УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ.
Энэ талаар Н.Алтанхуяг өөрийн фэйсбүүк хуудастаа,
“Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалд Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус аргаар авахыг завдсан аливаа оролдлоготой шийдвэртэй тэмцэнэ, Хүний эрх, эрх чөлөөг хангах үндэсний тогтолцоог бэхжүүлж, энэ чиглэлд институц хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийг байгууллагын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангана гэж заасан байдаг. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг 2014 оны 1-р сард татан буулгаснаар нэг байгууллагад хэтэрхий их эрх мэдэл төвлөрч, нийгэмд хүний эрхийг зөрчих, прокурор, шүүгчдийн бие даасан байдалд нөлөөлөх явдал газар авлаа. Үүнийг засаж залруулах зорилгоор прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг буцааж байгуулах хуулийн төслийг 5 сарын 8-нд санаачилж холбогдох байгууллагуудаас санал авлаа. Энэ долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлнэ” хэмээн бичжээ. Түүнийг энэхүү хуулийн төслийн боловсруулсантай нь холбогдуулан АТГ-ын ажилтнууд Н.Алтанхуягийн хувийн эзэмшлийн “Хаан жимс” амралтын газрын Улаанбаатарт байрлах оффист дайрч орсон тухай мэдээлэл хэвлэлээр цацагдаад байгаа юм.
Эх сурвалж: time.mn
Сэтгэгдэл (6)