Нилээдгүй хугацаанд харьд байсан миний бие эх нутагт саяхан болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийг жендэрийн квот талаас нь учиргүй ажиглав.Энэхүү хоёр гадаад үг нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн төрийн эрх барих байгууллага дахь төлөөллийн хуульчлагдсан тоо хэмжээ гэдгийг олон нийт хэдийнээ мэдэх болжээ.Энэ бол дэвшил. Харин амьдрал дээр биелэх нь Монголын нийгэмд тааруухан хэвээр байгаа нь харуусмаар.
Судлаачдын тогтоосноор аль ч улсын парламентад эмэгтэйчүүд 30-40 хувийг эзэлж байх ёстой байдаг. Энэ нь тухайн парламентын гаргах аливаа шийдвэрийн шинж чанарыг тодорхойлж, улс төрийн соёлыг бүхэлд нь өөрчилдөгөөрөө давуутай. Гэтэл Монголын саяын сонгуулиар "архаг" улс төрч Б.Оюунхорол тэргүүтэй 13 эмэгтэй парламентад 20 хувь хүрэхтэй үгүйтэй суудал эзлэв. Улсын нийт хүн амын 51,7 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүдийн хувьд энэ хувь хангалтгүй.
Одоо бид шинэ засгаа бүрдүүлнэ.Энд тэнд нисч яваа болжморуудын түгээж буй мэдээллээс харахад шинэ засагт эмэгтэй хүний үнэр алга.Төрийн гурван өндөрлөгийн албыг бол энэ зуунд ярихын хэрэггүй бололтой.Үүний дараа яамдын сайд,төрийн нарийн,газар хэлтсийн дарга, агентлагийн захирал гэх мэт эрх мэдэл бүхий албууд цуврана. Тэр болгонд эрчүүдийн нэгэн адил эмэгтэйчүүд санаа хаях эрхтэй. Гэвч яг одоогийн амьдрал дээр бас л үнэрлүүлэх төдийгөөр орхих төлөвтэй.
Төрд зүтгэх эмэгтэй тийм ховор зэвэр байна гэж үү.Тэд мэдлэг ухаанаар эрчүүдээс тэгтлээ их дутаад байна гэж үү.Ийм олон олон асуултыг эрх баригч намын удирдагаас дахин дахин асуумаар.Өндөр албаа хүлээн авсаны дараа манай нэгэн том улс төрч "би эмэгтэй хүнтэй ажиллахгүй" гээд хамтран зүтгэж явсан бүсгүй анд дүүг маань төрхөмд нь буцаасан бэлээхэн жишээ би мэднэ.
Энэ мөчид Монголын ардчилалд тод од болж нэгэн цагт гялалзаж явсан Москвагийн Олон Улсын Харилцааны Дээд Сургуулийн анд экс гишүүн Х.Хулан,Гадаад Харилцааны экс сайд Н.Туяа нарыгаа хүндэтгэнэм. Мэргэшсэн улс төрчид үе үехэн хол "цөлөгдөөд" байгаа Б.Дэлгэрмаа, Т.Ганди нар ч тэдний нэгэн адил. Ер нь улс төрд зайлшгүй байх ёстой эмэгтэйчүүдийн нэрсийг энэ мэтээр хөврүүлж болно.
Өдгөө Монголд шинэ цагийн чадварлаг бүсгүйчүүд төрөн гарч ирж байгааг сэтгүүлчийн хувьд бахархан харж байна.Саяхан АНУ дахь Монгол Телевизийнхээ нэвтрүүлэгт МУИС-ийн дэд профессор,эдийн засгийн ухааны доктор С.Даваасүрэнг урьж, ярилцлага хийлээ. Түүнийг би Америкт доктор хамгаалж байхын мэднэ.Эдийн засгийн сэдвээр хэвлэлд энгийн үгээр илэрхийлсэн ярилцлага өгч,цуврал нийтлэл бичээд байгааг нь хэсэг ажиж уншиж байв. Ямар сайхан мэдлэг ухаантай бүсгүй вэ гэж биширсэн. Би улсын эдийн засгийн байдал,өр зээл, ядуурал гээд л нийт 23 асуултанд хариулт авсан. Даваасүрэн доктор бодит байдлыг тоо баримттайгаар хурц тод хариулна билээ.Ярилцлагынхаа дараа миний бие иймэрхүү мэргэшсэн сайн эдийн засагчид төрд гараасай билээ гэж сэтгүүлчийнхээ хувьд үнэлэн бичихэд маш олон хүн санаа нэгдэн сэтгэгдлээрээ урам өгсөн юм. Энэ бол сүүлийн үед эрчээ аваад байгаа Нүүр ном буюу Facebook дэх хувийн эрх чөлөөт индэрт маань болсон үйл явц. С. Даваасүрэн МАН-ын дарга М.Энхболдын Эдийн засгийн бодлогын орон тооны зөвлөх. Сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулахад доктор бүсгүйн оюун ухаан зонхилсон байх.Сэтгүүлчийн хувьд би түүнийг ахиц дэвшилтийн орон зайгаар мэдрэн харж байгаа боловч тэр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэнгүй. Эрдэмтэд эд хөрөнгийг голлодоггүй болохоор "мөнгөний сонгуульд" тэнцээгүй байж мэднэ.Одоо харин гүйцэтгэх засаглалд яах бол... Багш хүн болохоороо боловсролын салбарыг түвэггүй аваад явахаас өгсүүлээд түүнд бусдаас давуу хийж бүтээх олон чанар байгааг энэ далимд өгүүлсүй.
Төрийн эрхийг барих гэж байгаа МАН угтаа хүний нөөцөөр арвин байх ёстой. Тус намын халуун тогоонд ид буцалж яваа нарийн бичгийн дарга Х.Булгантуяа гэгч бүсгүйг эчнээ мэднэ. Эмэгтэй хүн гээд гологдчихгүй бол Америкийн дэлхийд нэр хүндтэй сургуульд мастер хийсэн залуухан тэр хүмүүн дээш нилээн явах нигууртайсан. Энэ мэт олон сайхан бүсгүйчүүдээ хөхүүлэн дэмжмээр байна.
Миний бие 1995 онд Бээжин хотод болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн 4-р Бага хурал,Засгийн газрын бус байгууллагуудын чуулга уулзалтаас эхлээд эдүгээ цагийн Дэлхийн эмэгтэйчүүдийн дээд чуулганыг Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны дэмжлэгтэйгээр Малайзын Куала Лумпур, Францын Парис, Бразилийн Сан Паулогоос нэвтрүүлж дамжуулсанаараа сэтгэлийн баяртай байдаг.
Өнөөдөр дэлхий дахинд квотын системээр зорилгоо биелүүлж амжилтанд хүрсэн хэд хэдэн орон бий. Скандинавын орнуудад (Швед, Финлянд, Исланд, Норвеги, Дани) эмэгтэйчүүд парламентад 30-56,3 хувийг эзэлдэг. Европын бусад оронд (Андорра, Нидерланд, Бельги, Испани Герман, Серби, Словени, Беларусь, Македони), мөн Латин Америкийн зарим оронд (Куба, Никарагуа, Коста-Рика, Аргентин, Эквадор, Гайана), Африкийн хэд хэдэн оронд (Руанда, Сейшелийн арлууд, Сенегал, ӨАБНУ, Мозамбик, Ангол, Танзани, Уганда, Непал, Бурунд) эмэгтэйчүүд парламентын шийдвэрт нөлөөлөх хэмжээнд ажилладаг. Энэ нь тухайн нийгмийн анхдагч нөхцөл байдлаас гадна эмэгтэйчүүдийн хөдөлгөөн, эмэгтэйчүүдийн намын хичээл зүтгэлийн үр шим юм. Голдуу зүүний чиглэлийн хүчийг төлөөлсөн эмэгтэйчүүдийн нам сонгогчдынхоо тоог олшруулж дэмжлэгийг нь авахын тулд жендерийн мэдрэмжтэй мөрийн хөтөлбөр дэвшүүлжээ. Улмаар жендерийн тэгш эрхийн тухай үзлийг тээгч, эмэгтэйчүүдийн улс төрийн тэмцлийн үлгэр дууриалал болсон эмэгтэйчүүдийн намын бүлгүүд бий болжээ.
Энэ бүхнийг манай төр засаг,намуудын удирдлагууд сонсож амжихгүй яваа гэдэгт итгэмээргүй.Хэтрүүлэн мунхаглахад мэдэхийг хүсэхгүй,мэдсэн ч биелүүлэхийг хүсэхгүй байгаа болов уу.Эмэгтэйчүүдээр жинхэнэ мэргэшиж,бүхий л амьдралаа зориулан яваа Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Ж.Эрдэнэчимэгтэй квотын талаар санал солилцоход, "аль ч улс төрийн хүчний эрэгтэй лидерүүд эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүндэтгэн үзэхгүй байгаа учраас 30 хувийн квотоо сонгуулийн өмнө 20 хувь болгож хуулиа өөрчилсөн явдал.Шившигтэй ухралт! " гэсэн юм. Нээрээ л шившигтэй ухралт. Тэрбээр цааш нь, "эмэгтэйчүүд өөрсдөө улс төрийн шийдвэр гаргах эрхийнхээ төлөө тууштай тэмцдэггүй. Энэ нь Монголын улс төрд эрс шинэчлэл хийгдэхгүй,нийгэмд сэтгэлгээний өөрчлөлт гарахгүй байгаагийн үндсэн илэрхийлэл,бас шалтгаан юм" гэв.
Хэзээнээсээ бэлэн жишээ туршлага дууриах дуртай бидэн эмэгтэйчүүдийн квотын асуудлаараа гадагш дахин нэг харахад илүүдэхгүй.Миний сайн мэдэх АНУ-д эмэгтэйчүүд улс төрийн хувьд үсрэнгүй хөгжиж, сүүлийн 10 жилийн хугацаанд Конгресс дахь эмэгтэйчүүдийн тоо 2,5 дахин, Сенатад 4,5 дахин өсчээ. Социологийн судалгаанаас харахад Америкчууд эмэгтэй хүн ерөнхийлөгч болсон тохиолдолд хүлээж авахад бэлэн байна. 1960-аад онд эмэгтэй хүн ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдвөл нийт хүн амын 40 хувь нь түүнд саналаа өгөхөд бэлэн гэсэн бол энэ тоо өнөөдөр 75 хувьд хүрчээ.
Эмэгтэйчүүдээ тун доогуур үздэг хэмээн бидний ихэнхийн ойлгосоор ирсэн лалын орнуудын нэг болох Пакистаны парламентын гишүүдийн 22,5 хувь эмэгтэйчүүд. Саяхныг хүртэл Пакистаны улс төрийн бүтцэд эмэгтэйчүүд дөнгөж 5 хувийг эзэлж байв. Эрх баригчид жендерийн тэгш эрхийн талаар хойрго ажиллаж байсан тул идэвхтэн эмэгтэйчүүд өөрсдийн хүчээр төрийн бүтцийн нэгэн хэсэг болж түүнийгээ өөрсдийн талд ашиглахаар шийджээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах бүлэг, эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллагууд ядуу эмэгтэйчүүдийн төлөөлөлтэй хамтран ажиллаж нам, төрийн байгууллагуудад эмэгтэйчүүдийг лоббидож эхэлжээ.
Ер нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байгаа орнуудад авлига буурсан, шударга ёсон эрс өргөжсөн гэсэн судалгаа байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд нь хүн амын тал хувийг бүрдүүлдэг манай улсад эмэгтэйчүүдийн төлөөлөл шийдвэр гаргах түвшинд цөөн, хүчгүй байна гэдэг олон зүйлийг бид алдаж байна гэсэн үг. Эмэгтэйчүүд өөрийн мөн чанараараа нийгмийн хамгааллын асуудалд илүү анхаардаг. Юутай ч ойрын өдрүүдэд шийдвэр гаргах түвшинд болж өнгөрөх улс төрийн үйл явц,тэр тусмаа эрх баригч нам-МАН-ын жендэрийн мэдрэмжийг харцгаая.
Ц.Сарантуяа
Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүн,Олон улсын сэтгүүлч
Сэтгэгдэл (17)